Хатан зоригт эмэгтэйчүүддээ амжилт хүсье
Арван эрчүүдийн нэрс дунд ганц нэг, долоо найм, дөрөв таван эрчүүдийн дунд цор ганц эмэгтэйн нэр л намын жагсаалт дунд бичигдсэн байгаа. Сонгогчид маань тэр олон нэр дунд байгаа ганц эмэгтэйнхээ нэрийг заавал олж дугуйлах учиртай юм шүү. Түүнээс нэр дэвшигчдийн 40 хувь эмэгтэй байлаа гэдэг нь 40 хувь нь төлөөлөл болж байгаа гэсэн хэрэг биш учраас сонгогчид маань ухаантайхан, учиртайхан сонголтоо хийх нь чухал.
УИХ-ын сонгуулийн нээлт албан ёсоор эхлээд явж байна. Энэ удаагийн сонгууль түүхэндээ хамгийн олон эмэгтэйтэй буюу нэр дэвшигчдийн 38.8 хувь нь эмэгтэйчүүд нэр дэвшсэн үйл явдал боллоо. Нэр дэвшигчдийн бараг 40 хувь гэдэг урьд өмнөхтэй харьцуулбал том амжилт. Гэхдээ энэ нь парламентын гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг биш л дээ. Зүй нь хүн амын тал хувь эмэгтэйчүүд бол парламент дахь төлөөлөл тийм байж л зөв бодлого гарах учиртай.
Халаагаа өгч буй парламентын 76 гишүүний 83 хувь нь эрэгтэй, 17 нь эмэгтэй гэхээр 6 гишүүн тутмын 1 нь эмэгтэй байсан. Уг нь байна аа, эмэгтэйчүүд хүн амын 50 илүү хувийг, улс төрийн намын гишүүдийн 60 орчим хувийг, цаашлаад сонгуульд саналаа өгдөг сонгогчдын олонх нь, сонгуулийн кампанит ажлын голыг нь нугалдаг улс төрийн идэвхтэй хүйс. Харин сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй бөгөөд тэд гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, намын хамт олноос, намын даргаас, сонгогчдоос зөвшөөрөл авахаас гадна санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг.
Энэ байдлыг халахын тулд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг жилийн өмнө шинэчилсэн. Сонгуулиар нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, жагсаалтыг 1:1 хүйсийн дарааллаар байршуулахыг хуульчилсан. Мөн Улс төрийн намын тухай хуульд сонгуулийн хуульд заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн нэр дэвшигч тутам нэг удаа суудлын мөнгө олгохоор хуульчилсан.
Олон нийтийн шаардлага, иргэний нийгмийн байгууллагуудын шахалт, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн үр дүнд УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 518 эмэгтэй нэр дэвшээд байна.
Өнгөрсөн түүхийг харахад 2004 онд нэр дэвшигчийн 16.3 хувь нь, 2008 онд 18.5 хувь, 2012 онд 32 хувь, 2016 онд 26 хувь, 2020 онд 25 хувь нь эмэгтэй байсан. Нийт нэр дэвшигчдийн шүү дээ. Харин энэ удаад бараг 40 хувь руу ороод ирлээ. Жаахан задлаад харахад, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 улс төрийн нам, 2 эвсэл, бие даагчид нийт 1336 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Эдгээр нэр дэвшигчдээс 13 тойрогт 966 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 333 (35 хувь) нь, жагсаалтад 370 нэр дэвшигчийн 185 (50 хувь) нь нийт 518 (38.8 хувь) нь эмэгтэй байна. Бие даагчгүйгээр харахад нам, эвслийн нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй. Өнгөрсөн жил хуульд квотыг оруулахаар хэлэлцэж байх үед 40 хувь дэмжигдээд байдаг, гишүүн эрчүүд “Эмэгтэйчүүд бэлэн биш”, “Тэр эмэгтэйчүүд чинь хаана байна?” гэж чичирсээр байгаад 30 хувь руу унагасан ч нийгмийн захиалга нь ийм учраас намууд ийнхүү энэ хувьд хүргэн нэр дэвшүүлжээ. Эндээс харахад “Эмэгтэйчүүд сонгогдох эрхээ эдлэхийг хүсэж байна. Тэд бэлэн” гэдгээ харууллаа.
ХҮН намын 122 нэр дэвшигчийн 57 нь буюу 47 хувь эмэгтэй байгаа нь хамгийн олон эмэгтэй нэр дэвшүүлсэн гэсэн үг. Мөн ИОНН-ын 57 нэр дэвшигчийн 34 буюу 60 хувь нь эмэгтэй байгаа нь нийт нэр дэвшигчдэд эзлэх хувиараа хамгийн олон эмэгтэйг нэр дэвшүүлсэн гэсэн үг.
Төвийн бүсийн 5-р тойрогт нэр дэвшиж байгаа 119 нэр дэвшигчийн 45 буюу 38 хувь нь эмэгтэй байгаа бол Говийн бүсийн 7-р тойрогт нэр дэвшиж байгаа 78 нэр дэвшигчийн 33 буюу 42 хувь нь эмэгтэй байна.
Хамгийн цөөн эмэгтэй нэр дэвшигчтэй тойрог нь 3-р тойрог буюу Баян-Өлгий юм. Энд өрсөлдөж байгаа 23 нэр дэвшигчийн 4 нь буюу 17 хувь нь эмэгтэй байна. Өмнө Баян-Өлгий аймагт 1996, 2000, 2004 онуудад ердөө ганц, ганц эмэгтэй л нэр дэвшиж байсан, бусад таван сонгуульд эмэгтэй нэр дэвшигч огт дэвшиж байгаагүйтэй харьцуулахад маш том дэвшил гэсэн үг л дээ. Угаасаа сүүлийн жилүүдэд казах бүсгүйчүүд маань улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцдог болсон нь өнөө жилийн дэвшлээс харагдаж байна.
Одоо сонгууль дөнгөж эхлээд явж байна. Энэ хэдэн эмэгтэй маань сонгуульд нэр дэвших эрх олж авахын төлөө, авчхаад томоос том тойргийн санхүүгийн дарамтыг давж гарахын төлөө зөндөө л зүйл туулж байна. Бас сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн их муулуулж, ачааны хүндийг нь үүрдэг улс.
Арван эрчүүдийн нэрс дунд ганц нэг, долоо найм, дөрөв таван эрчүүдийн дунд цор ганц эмэгтэйн нэр л намын жагсаалт дунд бичигдсэн байгаа. Сонгогчид маань тэр олон нэр дунд байгаа ганц эмэгтэйнхээ нэрийг заавал олж дугуйлах учиртай юм шүү. Түүнээс нэр дэвшигчдийн 40 хувь эмэгтэй байлаа гэдэг нь 40 хувь нь төлөөлөл болж байгаа гэсэн хэрэг биш учраас сонгогчид маань ухаантайхан, учиртайхан сонголтоо хийх нь чухал.
Нөгөө талаас өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 518 эмэгтэй бүгд ялагчид. Тэдний тойрогтоо ялах, ялагдахаас илүүтэй Монгол Улсад тэгш төлөөллийг хангах манлайллыг нээж, “шилэн тааз”-ыг хагалахад оруулж буй хувь нэмэр тань илүү үнэ цэнтэй. Түүхэнд оруулж буй хувь нэмэрт тань талархъя.
Хатан зоригт эмэгтэйчүүддээ амжилт хүсье.