Монголын сонин сайхан

-фельетон-
         
Чи намайг нутгийн сонин сайхнаас сорчлон бичээд түр ч болохноо сэтгэл тэнийлгэж өгөөч гэж шаардах юм. Уг нь чамдаа бичмээр байна. Бичих гэхээр Монголын сонин сайхан, харьд хараар зүдэрч яваа чиний сэтгэлийг бүр хямрааж орхино гэж бодохоос бичимгүй. Эсрэг тэсрэг ашиг сонирхолтой олон янзын хэвлэл мэдээлэл дэндүү баримжаагүй, бие биеэ үгүйсгэсэн мэдээ цацдаг тул хүмүүсийн толгой эргээд тэдэнд итгэхээ больжээ. Арай голтой буудаад байдаг нь цуурхал тул би чамдаа Монголоор тэнүүчилж буй цуурхлаас заримыг дурдъя. Нутгаа санасан чамд цуурхал нь сонгуулийн өмнөх сонин хэвлэлээс арай гэгээлэг тусах байх. Арай голч аналитик мэдээ цуурхал л болоод байна.

Монголыг ганцхан авилга муухай харагдуулж байна гээд авилгатай дайн зарлав. Тэгтэл ашгүй авилгын хоёр загалмайлсан эцэг гэгчид яс булаацалдсан ноход шиг бие биеийн авилгыг онгичиж, ингэснээрээ авилгын эсрэг тавьсан ард түмний урхинд аяндаа ороод ирдэг байгаа, нөгөө муу хоёр чинь. Нэгийг нь баривчлаад шоронд хорьж дөнгөсөн боловч нөгөөг нь нутгийн нь прокурор “ямар ч өөгүй тунгалаг хүн” гээд сулалчихав. Эндээс ч сонгуулийн өмнөх мунадар үүслээ дээ. Авилгын эсрэг зарласан нөгөө сүржин дайн жалгын үзэлтэй нутгийн прокурорын өмнө өчүүхэн хиншүү ч гаргалгүй бөхчихөв. Гэхдээ хоосонгүй. Нэгийг нь хорьчихсон. Авлгачдын нэгээс ч болохноо салгаж өгсөн нь яамай гээд зарим нь залбирч суухад, зарим нь өршөөгдсөн нөгөө авилгач сөргөлддөг сүрхий авилгачаасаа салж завшаад, бурхангүй газрын бумба шиг галзуурна гэж цуурч эхлэв. Нэг авилгачийг нөгөө авилгач ялсанд орвол, авилгачдыг орвонгоор нь ялбал өгөөжөө өгөх гэнэ. Хэн ялбал ашиг гарах вэ гэвэл, авилгач авилгачаа ялаад улсад ямар ч ашиг дусахгүй гэж цуурхал ятгаж байна. Гагцхүү авилгын хөлд гишгэгдсэн ядуус ялбал үр дүн нь эх орны хөгжилд нялзана гэх цуурхал өдгөө эх оронд чинь ноёлж байна, найз минь. Ерөнхийлөгчийн зарласан авилгын эсрэг дайн бол, нэг авилгачийг нөгөөгөөр цохдуулах модон зодоон биш гэнэ. Авилгын эсрэг дайныг ариун дайн болгоё гэвэл эх орон минь нэг ч авилгачгүй үлдэх туйлын зорилготой гэж цуурхалчид амаа урж идчих гэж байна. Үнэн байх. Цуурхалчид тэгж цуураад буй болохоос ямар улс төрчид, тэдний мэдээлэл тэгээгүй юм чинь. Авилгыг устгах нэрийдлээр төр засгийн эрх булаацалдан хоорондоо дайтаж буй болохоос, жинхэнэ ялах ёстой, үр өгөөжийг нь жинхэнэ хүртэх учиртай хохирогч-ядуус тэмцлийн гадна шидэгдээд, жагсах ч эрхгүй, уйлах ч эрхгүй, чаддаг нь дэмий цуурч сууна гэдгийг чамд дуулгая. “Нэг мөлжигчийг нөгөө мөлжигчөөр солив” гэх шиг юм болж, Монголыг муухай харагдуулдаг авилга нэг авилгачаас нөгөөд шилжсээр, бидний насыг барах цартай. Авилгыг ард түмэн арилгасан тэр л цагт жинхэнэ хөгжил ирнэ гэж цуурч буйд итгэх л үлдэж дээ, найз минь.    



Өөр сонин сайхан юу байдаг билээ? Аа тийм, хянах камер гэж хулгай луйвар илрүүлдэг нэг сайхан “гар” гараад байна. Замын цагдаа зодож хүнд бэртээсэн улсын харцага Намсрайжавт шүүх гурван сарын албадан хөдөлмөр өгсөн юм. Гэвч улсын харцага группэд байдаг өвчтэй бөх тул хүн жанчиж дөнгөнө үү гэхээс, ажил хийх чадваргүй харцага гэх үндэслэлээр тэнэсэн болгосон сурагтай. Төрийн цагдааг зодож буй нь камерт тод бичигдэж, телевизээр цацагдсан тул хөдлөхгүй баримт болж, ХЗДХ-ийн сайд нутгийнхаа бөхийг хуулин дээгүүр харайлган цэвэр сугалж чадсангүй. Гудамжны хөдөлгөөн хяндаг камер, дийлдэж үзээгүй дураараа дургидаг сайдыг хүртэл дөнгөсөн нь том дэвшил болов гэж олон нийт олзуурхан цуурч байна. 

Чамд дуулгах арай гэгээлэг сонин гэвэл Украйн улсын гурван залуу хуурамч картаар Улаанбаатарын АТМ-аас асар их мөнгө хулгайлаад чихдүүлэв. Манай цагдаа нар овоо доо гэж чи баярлаж байна уу? Би ч бас баярлаж байв. Гэтэл гагцхүү цагдаа нарын сайных бус гадаадаас авчирч тавьсан нөгөө АТМ нь гурван хянах самбартай агаад нэг самбар нь хэчнээн мөнгө хулгайлж буйг дамжуулдаг, хоёр дахь самбар мөнгө авч буй этгээдийн зүс царайг дурайтал үзүүлдэг, гурав дахь самбар мөнгө авч буй хулгайчийн эргэн тойрныг харуулдаг юм гэнэ. Тэгэхээр манай цагдаа нарын ур чадвар гэхээс илүү, ухаантай аппаратын хянах бичлэг сайшаагдаад байна. Гэхдээ цагдаа нар минь ч бас дажгүй ажилласан байгаа биз. Украйны залуус баахан хуурамч карт үйлдээд түүгээрээ залилж болох тэнэгийн тэнэг улс хаана байна гээд мэргэлсэн нь, (бодвол манай төлөгч нар шоо хаялгүй автоматаар сонголтоо хийсэн байлгүй) дэлхийн хамгийн дүнхүү улсаар Монгол тодорсон болтой. Энэ мэдээ чиний хувьд жаахан тиймхэн санагдаад эх орондоо буцаж ирмээргүй байгаа биз? Монголын сүүлийн үеийн сонин сайхны зах зухаас дурдвал ийм л байна даа.

Жич: чи минь харьд хараар толгой хорогдож явснаас сонгуулийн өмнө эх орондоо хүрээд ирээч. Сонгуульд нэрээ дэвшүүлбэл чамд дор хаяхад намын жагсаалтын 28-д бичигдэх боломж олдоно гэдгийг би баттай амлаж чадах байна. 28-д бичигдсэн нэр дэвшигчээ нам нь сонгуулийн дараа хөсөр хаяхгүй нь лав. Аль нэг төсвийн байгууллагад шидэж л таарна. За баяртай. Чамайгаа хүлээх болно. Түргэн ирэхгүй бол 28-д бичүүлэхээр зүсэн бүрийн амьтад тэмүүлж байна гэдэг шүү.

2012-05-31