Карма жил
“Бүх амьтад тэгш эрхтэй воловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй!”
Цөвүүн цаг гэдэг бидний үйлийн үр...
Гадаад дотоодын зурхайчид дуу нэгтэй гахай жил “ард иргэдэд халтай” хэмээн муу амлаж байна. Жилийн жилд л гаднын “шар сайт”-ууд болоод Монголын хэвлэлүүд ирэх оны зурхай таамгийг иймэрхүү аястай дэлгэдэг ч, энэ жил арай л хурц байгаа нь илт анзаарагдана.
“БҮХ АМЬТАД ТЭГШ ЭРХТЭЙ ВОЛОВЧ ЗАРИМ АМЬТАД БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ!” Жорж Оруэл “Амьтны ферм”
Цөвүүн цагийн зөгнөл
XVI зуунд Францад амьдарч асан Мишель де Нострдам буюу Нострадамус эм зүйч, алхимич хүн байсан ч ирээдүйг зөгнөн бичсэн ёгт шүлгээрээ илүү алдаршсан билээ. Хүн төрөлхтний ирээдүйг ёгт утгаар багтаан бичсэн судрыг эрдэмтэн мэргэд жил бүр тайлж, тухайн жилд ямар үйл явдал болохыг тольддог болоод удаж буй. Гитлерийн ялагдлыг зөгнөснөөрөө алдартай Болгарын иргэн Вангелия Пандева Гуштерова буюу Вангагийн зөгнөлүүд ч мөн сонирхолтой.
Эхлээд Нострадамусын зөгнөлийг Британийн алдартай зөн билэгч Крейг Хамильтоны тайлснаар харъя.
Түүний зөгнөснөөр 2019 он хүн төрөлхтний хувьд айдас хүйдсээр дүүрэн хар үйл явдлууд олон гарах таагүй жил байх гэнэ.
Францад гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдал, мөргөлдөөнд хүргэж, улмаар цус асгаруулсан дайн дэгдэж Европыг хамарна гэсэн байна. Алан хядагч бүлэглэл, хэт даврагчдын шууд оролцоотойгоор дэгдэх энэ дайн 2025 онд эс зогсвол 27 жил үргэлжлэх магадлалтай гэнэ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуульд дахин өрсөлдөхийг эрмэлзэх ч энэ нь олны дургүйцлийг ихээр төрүүлж, амь насанд халдах оролдлого гарна гэжээ. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх яриа хэлэлцээрүүд нь олон улсын харилцаанд ахиц дэвшил авчирна гэж тайлжээ.
Ойрхи Дорнодод уламжлал ёсоор тайван бус байх ч Францаас эхлэх дайны хэмжээнд хүрэхгүй гэнэ. Энэ оны хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Брекситийн асуудлаар К.Хамильтон судраас ямар нэг зөгнөл олж чадаагүй аж.
Вангагийн хувьд манай гаригийн бас нэгэн халуун цэг болсон Украины талаар зөгнөжээ. 2019 он украинчуудын хувьд дайн самуун үргэлжилсэн, цус нулимсаар дүүрэн байх бөгөөд иргэд үгүйрэн хоосорч, идэх хоол, өмсөх хувцас, гэрэл цахилгаангүй болтлоо доройтох гэнэ. Энэ байдал таван жил үргэлжилсний эцэст төрийн эрхэнд шударга хүмүүс гарч ирснээр Украины хувь заяанд дахин нар тусна гэж Ванга зөгнөжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эрүүл мэндийн хувьд асар дордож, дотор муухайрах, чих шуугих өвчнөөр шаналах бөгөөд тархиндаа гэмтэл авсны улмаас сонсголгүй болох магадлалтай гэсэн байх юм.
Шинжлэх ухааны тал дээр хоёр зөнчийн зөгнөл ерөнхийдөө мөргөж буй. Тэд 2019 онд эрүүл мэндийн салбарт асар том үсрэлт хийж, эмчилгээгүй байсан зарим өвчнийг бүрмөсөн эмчилдэг болно, амьтдын харилцааны хэлийг ойлгосноор амьтантай харилцаж чаддаг болно гэх мэтээр зөгнөжээ.
Цөвүүн цагийн араншин
Гадаадын зөнчид цөвүүн цагийн өнгийг заажээ. Дотоодын зурхайчид ч сүйдтэй амны билэгтэй зөгнөл айлдсангүй. Сүүлийн жилүүдэд жилийн тодотгол улам л сонсворгүй, сөрөг утга агуулах болсоор дасал болжээ. “Муу нүүрт” хэмээх бичин жил, “унжлагат” хэмээх нохой жил, энэ удаа “урвуулагч” хэмээх гахай жил гарч байна. Ёстой цөвүүн цагийн араншин гэдэг нь энэ байх. Цөвүүн цаг учраас л манай мөнх бусыг бясалгасан эрдэмт лам нар жилийн тодотголыг ийнхүү сэтгэлд цөвтэй оноож буй биз.
Гандантэгчэнлин хийдийнхний тайлбарласнаар бол “тухайн жилтэнд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа жилийг “Урвасан жил” гэдэг гэнэ. Тэдний зурлагын эхний өгүүлбэрт “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх аюултай тул сэрэмжтэй байхыг анхаарвал зохилтой гэжээ.
Жил бүр гаргадаг “Шороон үхэр”-ийн дүрслэлийг лам нар тайлж уншаад ийн айлдаж байна.
Үхэр нь: шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ шарвасан.
Үхэр хариулаач нь: цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.
“Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Хур элбэг, хүйтэн бөгөөд бадган өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Их хүмүүн амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна. Мал адгууст муу.
Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Цогтбаатарын лавшруулан айлдсаныг үзье: “Өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) сайн, залууст (дунд суудалтан) дунд, нялхаст (түмэн олон) муу ажээ. Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших...”
Мөндөр, цас, бороо ч яахав лам нарын зөгнөлтэй зөгнөлгүй байгалийн хуулиар ордгоороо л орно. Харин энд байгаа “ерөнхийдөө хямралтай”, “энгийн ардад айх мэгдэх явдал гарна” гэсэн үгс анхаарал татаж буй юм. “Төрийн хууль цааз чангарна”, “ард иргэдийн амьдрал улам доройтох”, “хулгай дээрэм элбэгших” гэсэн үгс ч М.Билэгт гишүүний онож цэцэлсэн лугаа “айдастай байгаа” юм.
Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба Ж.Гончигсүрэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Цогтбаатар, Очирваань дуганы тэргүүн, ловон лам Ч.Эрдэнэбаатар, Бурхан шашинтны шинэ төв, Их хүрээ хийдийн тэргүүн, хамба лам З.Санждорж, Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш лам Д.Тайвансайхан, Жанчивдэгчинлин хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэл гээд томоохон мяндагтай лам нарын амнаас гарч буй үгс дээрх зурлагаас нэг их холдохгүй, давтагдсан маягтай байна. Эдгээр лам, мэргэд улс орныхоо мууд дуртайдаа л ингэж хар амлав гэж. Төвд судлаач Г.Ням-Очирын мэтгэхээр “Энэ бол сануулга” аж. Дээр доргүй үйлээ хичээхгүй бол цагийн араншин цөвүүн байгааг л сануулж буй хэрэг гэх нь илүү прагматик тайлбар байж болох.
Цөвүүн цагийн нүүрс
Нэг үе монголчууд бидний амьдрал нэг л тооноос хамааралтай байлаа. Тэр нь Лондонгийн бирж дээрх зэсийн үнэ. Харин өдгөө Хятадын хил дээрх нүүрсний үнэ л улс орны амьдралыг тодорхойлох гол тоо болжээ. Сангийн яам 2019 оны төсвийг гаргахдаа ч нүүрсийг гол тулах цэг болгон авч үзсэн. Нэг тонн нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцоолж, хар алтны орлогыг түүхэн дээд хэмжээнд хүргэх тооцоо хийсэн. Уул уурхайгаас олох орлого гурван их наяд төгрөгт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий. Энэ бол Улсын төсвийн гуравны нэг юм. Үүний тэн хагас нь 42 сая тонн нүүрс экспортлосноор орж ирнэ гэж тооцсон.
Харин Дэлхийн банкны тооцоо тун ёозгүйхэн ирээдүйг бидэнд сануулж буй.
Нүүрсний үнэ 2018 оныг дуустал бага зэргийн өсөлттэй 85 ам.доллартай байх ч 2019 оны дунд үер ханш унаж 75 ам.доллар болох ба энэ хэвээр үнэ унасаар 2030 он гэхэд нэг тонн тутам нь 60 ам.доллар болж буурах тооцоог тэд гаргасан. Монголбанк ч ялгаагүй зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ 2019 онд буурах, газрын тосны үнэ нэмэгдэхээр байгаагаас шалтгаалан худалдааны нөхцөл муудах эрсдэлтэй гэж үзсэн. 10 жил өсөлттэй байсан коксжих нүүрсний зах зээл энэ жилээс эхлэн агшиж эхлэх прогноз ч байна. Засгийн газрын тооцоолол Дэлхийн банкны төсөөлөлтэй бараг шүргэж байгаа нь л сэтгэл амарч болох ганц шалтгаан байв.
Гэтэл үүн дээр нэрмээд өмнөд хөршийн гаргасан шийдвэр эдийн засагчдын санааг зовоож эхлээд байна. Хятад улс “Агаарын бохирдлыг бууруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөө”-гөө шинэчилсэн. Төлөвлөгөөний дагуу хятадууд эрчим хүчний бүтцээ өөрчилж, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар болж металлургийн үйлдвэрлэлээ ойрын хугацаанд үе шаттайгаар багасгах, дотоодын нүүрс олборлогчдоо дэмжих хос бодлого хэрэгжүүлэх болсон нь зөвхөн Монголыг ч сандаргаагүй байна. Энэ шийдвэрийн гор ч эхнээсээ ажиглагдаж, нүүрсний экспортын хурд бараг гурав дахин буурчихаад байна. Ийнхүү бид өөдрөг төсөөлөл бүхий төсөвтөө тодотгол хийхээс аргагүй нөхцөлд тулж ч мэдэхээр байна. Энэ бол улс төрийн урвуулагчдаас илүү нийгмийг урвуулж мэдэх хүчин зүйл юм.
Эдийн засагч
Л.Наранбаатар
Хятадын талаас гаргасан коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоо огцом бууруулж, царцаах шийдвэр хамгийн багадаа ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай. “Засгийн газрын мэдээ” сонин
Цөвүүн цагийн төр
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байснаас харьцангуй сайн байгаа ч төсвийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулахад анхаарах хэрэгтэй байгаа талаар сар шинийн өмнөхөн болсон “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” хэлэлцүүлгийн үеэр судлаач Н.Дорждарь хөндөн ярьж билээ. Харамсалтай нь яг энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх карьерийнхаа хамгийн популист мэдэгдлүүдийн нэгийг хийж байв.
Ерөнхий сайдын өгүүлэх нь,
“Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил юм. Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж 720 тэрбум олсон. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр”.
ОУВС-гийн тойлолго, хараа хяналт дор эмчилгээ хийлгэж буй эдийн засагт энэхүү популист алхам нэрмээс болох нь мэдээж. АН-ын 21 мянга, 4 жил гүрдийж байж дарсан Сү.Батболдын алдарт 350 сая долларын тараалтаас ялгаагүй л популист шийдвэр. Монголын төр хаширсангүй. Аргагүй л цөвүүн цагийн төр юм.
Цөвүүн цагийн иргэд
Гахай жилийн аман дээр бас нэгэн ёозгүй үйл явдал болсон нь гахайн мялзан өвчин. Эрдэнэт хотод гарсан гахайн мялзан өвчний улмаас устгал явуулсан. Гэтэл хэсэг иргэд голомтноос хэсэг гахайн толгой тасдан авч хиамны цехэд зарсан хэрэг гарчээ. Амьдрахын тулд л энэ шүү дээ хэмээн тайлбарлаж зогсоо нь мэдээж. Бидний байгаа байдал, барьж байгаа ухамсар хаана хаанаа нэг иймэрхүү. Цөвүүн цагийн л хүний явдал ийм байдаг байх.
Төвд судлаач Г.Ням-Очирын мэтгэх нь,
“Муухай жил гэж байхгүй, муу хүн байна. Цагийг муу гэвч, хүний мууг яаж ч засах аргагүй” гэх. Тийм ч биз, үгүй ч биз. Эцэст нь тэгээд “Цөвүүн цаг гэдэг бидний үйлийн үр”
гэж бодогдох. Нүүрсний үнэ унаж, төсвийн бланс алдагдах нь уул уурхайн хамаг баялгаа архины мөнгө болгон цусалж, үйлдвэрлэлийн хөгжлөө хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлсний үйлийн үр, “энгийн ардад айх мэгдэх явдал гарна” гэх ба “ард иргэдийн амьдрал улам доройтох” цагийн ханш тодорч буй нь иргэдээ бус сандал ширээ, хувийн эд баялгаа тойглохоо сайн мэддэг төрийг сонгон байгуулсны үйлийн үр юм.
Одоо тэгээд сэтгэлзүйн бэлтгэлтэй байцгаая даа. “Урвуулагч”, “гахай” бас “карма” жил айсуй. “Карма” гэдэг нь халаас биш үйлийн үр юм.
Нийтлэлч Я.Баяраа
Үндэстний Тойм (394, 395)
Зочин
...