ЖОЛООНЫ СУРГУУЛЬ БА СОГТУУ ЖОЛООЧ

-Цагдаа харагдахгүй газарт хууль бас харагдахгүй 

Монгол дүрэм

Саяхны нэг шөнө 577 жолооч согтуугаар машин барьж яваад журамлагджээ. Бид, аймшигтай гэмт хэргүүд, осол гарах дөхсөн байна гэж сэрдхийхээсээ илүү тэдний аз хийморьгүйг гайхсан даа. Өвөр хоорондоо “Өдрөө олж ууж дээ”, “Азгүй тахиа юм аа, өөр замаар явсан бол ингэхгүй” гэлцсэн байгаа. 

    Бидний төсөөллөөр бол согтуу жолоо барих нь халамцуу морь унахаас хэцүүгүй. Нарийн яривал морь ухаантай амьтан, согтуу эзнээ бараг л халамжилж яваад хүргэдэг гэхэд болох. Ийм учраас нүүдэлчдэд олон зуун жил согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодож болоод ирсэн хэнэггүйтэл байгаа. 

    Угаасаа ч хууль номоороо бол согтуугаар машин жолоодох нь гэмт хэрэг биш, зөрчил юм байна. Хэрэг хийж болохгүй. Зөрчил бол яахав дээ. Цонхон доор шөнөжингөө дуулаад унтуулахгүй бол зөрчил, найран дээр агсам тавих аваас зөрчил. Ухаангүй болтлоо уугаад машин унаад гарах бас адилхан зөрчил.

Хэл нь ороолдсон жолооч тээврийн цагдаад агсамнана.

-Сүртэйш дээ. Би ямар хэрэг хэрэг хийчихээ юу? Энэ чинь зүгээр л зөрчил мэдэв үү. Явуулчихаач намайг. Алив манай “ах” чамтай утсаар ярина гэж байна...

   Тиймээ, энэ бол зөрчил. Гэмт хэрэг биш. Шударга хууль цаазын юлд цавчлаа гэхэд эрхийг нь хэдэн сар хасаад л өнгөрнө. Эрхээ хасуулчихаад хохирох уу, гайгүй хэвтэнэ. Согтуугаар жолооны ард суух нь байдаг л зөрчил. Уламжлалаас үзвэл зөрчил гаргасан этгээдийг сайн загнаад, дахиж ингэж болохгүйг сануулаад явуулдаг. Ийм болоод л жолооны үнэмлэхгүйгээр согтуу машин барьж яваад хүн мөргөхөөр огт байхгүй “жолооны эрх”-ийг нь гурван жилээр хасч шийтгэх жишээний. 

   Зүйрлэх юм олдохгүй, шоолох өнцөг ч бодогдохгүй тийм гашуун тохуурхал юм даа. Хэрвээ, загасны нисэх эрхийг хасна гэвэл дөхөж очих боловч нисдэг загас бас байна. Хэрвээ, эр хүний жирэмслэх боломжийг хаасан аятай гэхээр эрчүүд аль хэдийнээс хүүхэд тээгээд эхэлсэн. Хорвоогийн бүх юм боломжтой. Харин жолооны эрхгүй хүний жолооны эрхийг хасахыг бол үнэхээр юутай ч зүйрлэх боломжгүй. (Ер нь бол эрхгүй этгээд эрүүлээрээ жолоо баривал баривчилдаг болтой юм билээ. Харин энд эрхгүй этгээд, согтуугаар жолоо бариад хэрхэн шийтгэгдсэн тухайд л яриад байна л даа)

   Шийтгэл хөнгөндөө биш, ял завшсандаа ч биш. Тухайн этгээдийг гэм буруугүйд тооцлоо гэхэд шүүх, цаазын практикт байдаг л зүйл. Харин тэгж шийдсэн нь хууль цаазын тохуурхал гэлтэй. Эсвэл шүүгчийн зүгээс санаатай хийсэн алхам байх. Дээрээс нөлөөлсөн этгээдээс хариугаа авах, хуулиас давсан хүчирхэг хамгаалалтай сэжигтнийг хорлох гэж зориуд тэгсэн, хэрэг явдлыг мартуулахгүй үлдээх гэсэн үйлдэл байх боломжтой. Тийм бол браво! 

     Гэвч нийгмийн ялзрал гээч юм бүхий л салаа мөчиртөө үсэрхийлдэг, тэр дунд ариунаараа үлдсэн салбар байх боломж бараг “тэг”-тэй тэнцүү гэдэг. Авилгыг төрийн раак гэдэг нь ийм учиртай. Тэгэхээр, шүүх ганцаараа ариунаараа торойгоод хоцроно гэж байхгүй л дээ. 

     Нөгөө талаасаа согтуугаар машин барих байтугаа шал умаахан амьтан танхимдаа орж ирээд төр жолоодохыг цэнхэр дэлгэцээр үе үе харж байна. Хэн нь хэнийгээ гэх вэ, айн?  Байдал нэг иймэрхүү. Дараагийн нэг шөнө 577 биш 5077 согтуу жолооч журамлагдлаа ч онцын өөрчлөлт гарахгүй. Нөгөө “нас бол тоо юм” энээ тэрэг гэдэг шиг, нийгэмд нэмэргүй статистик л хэвээрээ үлдэнэ. 

   Цагдаа нь согтуу жолооч бариад л хууль нь буцааж тавиад л, айн? Яг л Төвдөд нэг марзан гэмээр буяны үйл байсан шиг юм. Яадаг гэхээр, ингэдэг гэнэ. Ариун дагшин оронд очсон мөргөлчид “хулганыг чөлөөлөх”, “адгуус амьтанд эрх чөлөө хайрлах” буян хийдэг. Хэсэг хүмүүс тэр хавийн хулганыг тор тавьж барих. Түүнийг нь харсан мөргөлчид мөнгө төлж хулганыг чөлөөлнө. Чөлөөлсөн хулганыг дахиад л урхи тор нь хүлээнэ. Орчлонгийн хүрд гэлээ гэдэг шиг буян, хууран мэхлэлт, арилжааны тойрог. Гэснээс,өнөөгийн БНХАУ-ын Төвдийн автономид ийм балай юм байхаа болио байлгүй. За энэ ч яахав, гол юмандаа оръё.

    Манай “Согтуу зам”-ын нөхцөл байдалд олон нийт түгшихгүй биш, түгшиж байна аа. Хүний амь хохироод байхаар арга ч үгүй. Даанч бидний ойлголт, харах өнцөг хуучнаараа. Архи уусан үедээ тээврийн хэрэгслэл жолооодохыг хээр хөдөө согтуугаар морь унах төдийд боддог тэр л хэмжээндээ.

    Нүүдэлчдэд ял шийтгэлийн гуравхан хувилбар байсан юм. Тэр нь жанчих, цаазаар авах, эсвэл өршөөх. Шорон байгуулж, ял эдлүүлэх боломж байсангүй. Та нар мэднэ дээ, “Нууц товчоо”-нд Тэмүжинг яллахын өмнө түр саатуулах газар ч олдохгүй. Айл айл хэсүүлэн хорьдог. 

    Харин, орчин үед зодож шийтгэх хориотой. Иймээс, бидний тархи толгойд цаазаар авах, тавьж явуулах хоёр нь үлдэнэ. Гэтэл цаазын ялгүй гээд тунхагласан байдаг. Одоо тавьж явуулах л үлдэж байгаа биз дээ? Нүүдэлчдийн хуулийн сэтгэлгээний логик нь “Цаазла! Цаазлахгүй бол тавьж явуул” мөн үү ? Харамсалтай нь, согтуу жолоо барьсан хүнийг цаазлаад байж болохгүй. Эцэст нь “тавиад явуул” л үлдэх шив.

    Энэ уламжлалаараа хүн амины хэрэгтнүүдийг ч их тавьж явуулж байна. Бас хууль цааз оршин байгааг харуулахын тулд цаазын ялыг сэргээхийг ч их шаардаж байна даа.

    Олонхийн дэмжлэг авсан өөр нэг өнцөг байгаа нь жолооны сургуулийг чанаржуулах, тэнд суралцах хугацааг нэмэх замаар согтуудаа жолоо барихыг багасгаж болно гэж үзэгсэд. Хамгийн хөөрөгдөлтэй, хамгийн буруу, бас хамгийн их дэмжлэг авч мэдэх хувилбар ч энэ байх. 

   Жолооны курсийг бараг л 4-5 жилийн хөтөлбөртэй их дээд сургууль болгох юм байх. Тэнд олон жил сурсан Монгол хүн маш ёс суртахуунжаад, уусан үедээ жолоо барихын хор холбогдлыг ясандаа хүртэл ойлгоод, дипломын ажлаа “Архи бол жолоочийн дайсан” сэдвээр хамгаалаад гарах бололтой. Нөгөө талаараа, жолооны үнэмлэхийг авахын аргагүй хэцүү зүйл болгоод хаячихвал тэрийгээ гамнаад архи уухгүй юм байна л даа. 

    Үнэндээ бол, жолооны курсын хугацааг нэмээд нэмэргүй. Машин жолоодож сурах нь орчин үеийн хүний наад захын чадвар. Дроны ертөнц үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед машин байтугаа “агаараас хүнд нисдэг аппарат” жолоодох нь өдөр тутмын хэрэгцээ болоод байна. Цаана чинь бага оврын онгоц, автожирийн курсууд хичээллэж буй. Та төлбөрөө төлөөд агаарын хөдөлгөөний дүрэмд суралцаж, хашаандаа багтдаг “онгоц” аваад нисээд байж болно.

    Учир иймд, жолооны эрх авах сургалт нь маш хялбар, хэн ч, хэзээч, бас хаанаас ч суралцах боломжтой байхаас өөр замгүй. 

   Өнгөрсөн жил, Их хурал дээр Ц.Цэрэнпунцаг гишүүн их зөв юм ярьсан. Даанч тэрний ярих, миний барилдах хоёр дүндээ дүн болохоор ерөөсөө ойлгогдоогүй. Хүмүүс “Бөх байж юм яриад байхдаа яадаг юм бэ” гэх маягаар шоолоод өнгөрсөн. Уг нь цаадахь чинь барилдахаа больж сургууль номд ороод шал өөр болсон. Бизнес, гүн ухаан сонирхдог, сонирхохоор барахгүй зах зухаас нь, заримдаа зах байтугаа гол дунд руу нь хүртэл шаггүй ойлгодог болчихсон юм нэгэн билээ. Даанч хар нялхаасаа санаа оноогоо ам хэлээрээ биш булчингаараа илэрхийлэх “зэвсгийн эрдэм” сурчихсны зовлон юм даа. Тэр бөх хэний хэн бэ...гэнэ ээ. Халуураад явчихлаа. Тэр бөх юу гэсэн гэхээр, Америкт гэрийн ажилтай авгайчуул хүртэл машин өөрөө барьж сураад, дуртай үедээ шалгуулаад, тэнцсэн тохиолдолд үнэмлэх авдаг тухай, манайд ингэвэл зохих тухай ярьсан.

    Харамсалтай нь нөгөө тал дийлээд, жолооны үнэмлэх бол дээд боловсрол маягтай болж хуулчьлагдсан санагдана. Машин барих нь нанотехнологи, биотехнологи, эсийн түвшинд үйлчлэх энэ тэртэй л дүйцэх эрдэм гэдэг тал нь түвэггүй ялсан. Гэснээс, нэг нөхөр надад “нанотехнологиор хийсэн, эсийн түвшинд үйлчилдэг” сүлжээний эм зарах гэж шахаад. Түүнээс “нанотехнологи гэж яг яаж хийдэг технологи байна вэ” гэтэл мань хүн мухардаад “их л нарийн технологи” гэхээс цаашгүй болж билээ. Асуудлыг хөнгөвчлөх үүднээс “Та тэгвэл нанометр гэж дуулсан уу” гэвэл доошоо харснаа, цүнхээ уудалж энэ тэр. Мань хүнд нанометрийн хуваарьтай шугам байвал баримжаа авах санаа байсан шиг байгаа юм. Сантиметрийн хуваарьтай шугам бол цүнхэнд харагдсаан, харагдсан. Хожим нэг таарахад тэрбээр “Метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хуваариар л хэмжих тийм нарийвчлэлтай технологиор хийсэн ...” гээд нөгөө эмээ сурталчилж суусан. Сүлжээнд автагсад ч машид биширсэн байдалтай. Юмыг мэдэх ийм амархан болсон цаг. Түүнчлэн машин барьж сурах, замын дүрмийг ойлгох түүнээс ч хялбар. 

   Машин бол нэгэн зүйл унаа “морь”. Бүх хүн морь унаж сурч болно. Нарийн яривал морь унаж сурах нь машин жолоодохоос хэцүү. Эмнэг машин, үргэж бусгадаг машин, булгиж хаядаг машин гэж үгүй. Тэд номхон дөлгөөн, эзнийхээ аясаар л явна. Тооромсог гишгэвэл зогсоно, хааз нэмбэл давхина. Тэрнээс биш, морь шиг гэнэт ухасхийн авч давхих, живэрсэн үедээ тонгочих эсвэл санаандгүй зогтусч урд бүүрэг давуулахын аюул үгүй. Дуулгавартай байдал нь эргээд сул тал нь болдог учраас л жолоочийн үнэмлэх, нас яригдана. Морьтой согтуу хүнд саад тааралдвал унаа нь өөрөө санаачлаад зогсоно, эсвэл тойрно. Харин машин эзнээсээ хэт хараат учраас жолоодогч этгээд насанд хүрсэн, эрхийн үнэмлэх авсан байх нигууртай, бас дүрэмтэй.

   Морь унах ч дүрэмгүй юм биш. Зөв талаас нь мордох, зүүн хөлөө эхэлж дөрөөлөх, сүр сар хийсэн, эсвэл хийсч дэрвэсэн хувцас өмсөхгүй байх гээд. 

   Жолооны сургуульд заалгадаг “Замын хөдөлгөөний дүрэм” ч дээд боловсрол огт биш. Дүрмийн ихэнхийг “зөвхөн явган зорчих” эрхтэйгээ байгаа томчуулаас эхлээд хүүхдүүд ч мэддэг. Ногоон гэрлээр зам хөндлөн гарах, алаг тахины судал шиг цагаан-хар шугам ямар учиртайгаас эхлээд хөдөлгөөний урсгалыг нийтээрээ ойлгодог. Гарцгүй газраас зам хөндлөн гарагсад ч аль талаас нь машин ирэхийг мэддэг.

   Хотод 60км/цаг, харин хотын гаднах замд 80 км/ цаг хүртэл хурдалж болохыг ойлгохын тулд заавал курст сурах хэрэггүй. (Мэдэж хэрэггүй гээгүй шүү, хөөш)

   Согтуугаар машин жолоодож болохгүйг ойлгохын тулд дээд сургуульд сурах хэрэггүй байтугаа, мэдэж авахын тулд мөнгө төлөх хайран. Тийм л жирийн үнэн. Жишээлэхэд, хүн алж болохгүй, зодож болохгүй, хулгай хийх буруу гэдгийг мэдэхийн тулд нийтээрээ сургууль курс хийгээд явдаггүй л биз дээ?

   Манайд гардаг ихэнх зөрчил сургалтаас чанараас, дүрэм мэдэхгүйгээс болдоггүй. Харин ёс суртахуунгүй, хууль дүрмийг эс хэрэгсэх хандлагаас үүдэлтэй. Дүрэм мэдэхгүй учраас улаан гэрлээр уулзвар нэвтэрч, урсгалаар сөрж, хурд хэтрүүлж, шөнө зөрөхдөө гэрлээ шилжүүлэхгүй дальдчуулж байгаа юм биш. Энэ бүхнийг мэдэхийн цаагуур мэдэх атлаа, хууль дүрмийг эс хэрэгсэж байгаа л юм. Энэхүү хууль дүрмийг эс хэрэгсэх, “цагдаа харагдахгүй газарт хууль бас харагдахгүй” байгааг л өөрчлөх хэрэгтэй байна.

  Энэ үзэгдэл нь жолооны сургалтын чанартай бараг хамаагүй. Ер нь монгол хүнийг суртахуунжуулахад ямар дээд сургууль балчирдана даа. Та нар энэ авилга хулгайн асуудалд ороолдсон их гарын луйварчдын намтрыг харчихаарай. Бүгдээрээ дээд боловсролтой, зарим нь бүр эрдмийн зэрэгтэй ч байгаа даа, ер нь бол. 

  Иймээс жолооны сургалтыг илүү хялбарчлах, хугацааг харин ч богиносгох хэрэгтэй байгаа юм. Тэр ч байтугаа бие дааж суралцаад шалгуулах, дүрмийн шалгалтыг онлайнаар өгөх боломжийг ч нээх хэрэгтэй. Нээгдэх цагаа хүлээж байгаа “Дроны нисгэгч-жолооч”-ийн курсууд бол харин танхимын сургалтаар явах байх. Учир нь, хүн газрын амьтан болохоор тэнгэрт зорчиход илүү нарийн эрдэм хэрэгтэй.

    Нөгөөтэйгүүр, жолооны сургууль бол хүн хүмүүжүүлэх газар биш. Тэнд жолоодлогын хэрэгслэлтай танилцаж, түүнийг ашиглах дадалтай л болдог. Жолооны сургууль Монгол хүнийг ёс суртахуунжилдаг, хэнэггүй занг нь засдаг, сайн хүн болгодог газар бас биш. Хэрэв тэгэх гэж байгаа бол ямарч мэргэжил эзэмшүүлэлгүйгээр зүгээр л хууль дүрмийг хүндэлдэг сайн хүн болгодог дээд сургууль байгуулууштай. Хэрэгцээ нь байвч боломж нь үгүй юм даа, тийм ээ? Сониноос, ХХ зууны БНМАУ-д Засан сайжруулах (мэдээж хүнийг) Газар гэж байсан нь одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар юм аа. 

    Харин жолооны үнэмлэхтэй болох амархан, түүнээ алдах нь бүр амархан болохоос эхлээд согтуугаар жолоодох нь бусдын амь насанд заналхийлсэн гэх утгаар харах нь байдлыг өөрчилнө. Хэрвээ, ухаангүй согтуу этгээд магазин дүүрэн сумтай АК бариад гудамжинд гараад ирвэл манайхан мөн ч сүртэй юм болно. Дээрх сэдэв уг нь үүнтэй агаар нэг л дээ.


04.Х.2023