-Ертөнцийг өөрчлөхгүй юм бол ерөөсөө хүн байгаад яах юм?

Зурагтын мэдээ дан эмнэлэг, өвчтөн, хавьтал, шинээр батлагдсан тохиолдoл, эмийн сан, амны хаалт, халдвар хамгаалал, ядарсан зүдэрсэн, цөхрөлөө барсан иргэд, тэднийг зохицуулж байгаа хэдэн цагдаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон төдөн жолооч л гэнэ, хориог зөрчсөн төчнөөн согтууг эрүүлжүүллээ л гэнэ, жорлонд унасан согтууг аварлаа л гэнэ. Гэгээтэй мэдээ нь төдөн ор дэлгэн тавихад бэлэн л гэнэ, тийм тийм эмийн нөөцтэй л гэнэ, вакциныг тэсэн ядан хүлээлээ л гэнэ. Эсвэл дан сэрэмжлүүлэг. Тэгчив ингэчив, эндчихэв, төөрчихөв, осгочихов, хальтирчихав, халдварлачихав. Зүйрлэвээс өвчин салдаггүй, сул дорой биетэй, халамж шаардсан, эрxээpээ хатсан зоргоороо нэг нөхөр. Энэ улсад чинь ингэхэд хийдэг бүтээдэг хүн, салбар гэж байна уу? Юу хийцгээж, юу хийж амь зогооцгоодог улс вэ?

Монголчууд бид 30 жил ардчилал гэж хөнөглөөд адаг сүүлд нь ямар их сул дорой, үхээнц, хэврэг улс үндэстэн болж хувирав (бий болгочихов уу?) гэдгийг Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хэдэн өдөр ёстой нэг голд ортол харуулав. Миний бичдэг байнгын сэдэв: Дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсээр байгаад ямар үр дүнд хүрснээ улс төрчид минь, Төр-Засаг минь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хэдэн өдөр ёстой нэг олж харав уу? Чухам үүнийгээ улс төрчид Та нар минь хүлээн зөвшөөрч байна уу гэдэгт л асуудал үлдлээ шүү! Толгой эдийн засагчиддаа бас энэ асуултыг тавьчихья! Ам хамхихгүй мэдэмхийрэхийг чинь ард түмэн харж ханалаа, эдийн засагчид аа!

Үндсэн асуудалдаа оръё. Төр нь хүн ардынхаа амьдралд хэрхэн гүн, нэвт, гэхдээ зөв оролцож чаддагийн сонгодог жишээ. Сул дорой, үхээнц, хэврэг үндэстэн байсныг хатуу чанга, цэх, эрүүл, зөв үндэстэн болгож болдогийн сонгодог жишээ!

Дэд гарчигт өгүүлсэн энэ афоризм бол Сингапурын Ли Куан Югийн амнаас байнга цухалздаг онч үгс нь байлаа. Сэтгэл сэргээсэн, тархи руу өрөмдсөн, зүрхэнд хүрсэн хурц, хоржоонтой үгс хэмээн афоризмыг нь төсөөлж болно. 

Улс төрч хүн байгаа ертөнцөө өөрчлөхөөр ирсэн, заяагдсан гэдэг тайлбарыг тэрээр их хэлдэг байв. Тэгэхдээ ертөнцийг өөрчилнө гэдгээ 1) Өөрсдөө дэг журмыг дээдлэх хэрэгтэй; 2) Бүтээмжийг дээшлүүлэх ёстой гэж үздэг байв.

Бүтээмжийн тухай бүхэл бүтэл үзэл баримтлалыг тэрээр сингапур хүн нэг бүрийн оюун тархинд хадагдтал нь суулгаж өгчээ. Насанд хүрэгсэд, хүүхэд гэж ялгасангүй. Ажилчдын өвөр хоорондын, ажилчин болон ахлах ажилтнуудын хоорондын харилцан ажиллагааг сайжруулах, илүү сайн тоног төхөөрөмж ашиглан юмыг түргэн, хямд, гологдол багатай хийх үзэл санааг тэрхүү бүтээмж гэдэгтээ хамруулан ойлгоно. Энэ бүхнээ хүн бүрт төлөвшүүлэхээр зүтгэнэ. Хөдөлмөрийн хандлага, боловсрол, мэдлэг, чадвар, басажиллагсдынхаа хамгийн сайн чанаруудыг илрүүлэн удирдаж чаддаг сайн менежмент хэмээн тэр бүтээмжээ томъёолжээ. 

Би хэн бэ гэдгээ ямагт таниулж явахыг тэрээр сингапур хүн бүрээс шаардах нь холгүй байв. Хүн бүр дараагийн үеийнхэндээ өөрийгөө таниулах эрхтэй ба өртэй. Үүгээр зогсохгүй хүн өөрөө өөрийгөө зөв таних ёстой. Боловсролтой хүмүүсийн нийгмийн оролцоо адил бус байгааг залруулах ёстой.

“Боловсролтой хүмүүсийн нийгмийн оролцоо” гэдгийг чухам хашилтад аван Сингапурын төр засаг ажиллаж иржээ. Ерөнхий боловсрол хүн бүрт ажил эрхлэх тэгш боломж олгодог. Ажиллах бүх хугацаанд нь адил тэгш боломжоор хангадаг хэмээн тэд үздэг. Тийм бодлого нэвтрүүлсэн нь маш зөв зүйтэй, хөгжлийн зам нээсэн шийдвэр байсан төдийгүй энэ нь ирээдүй рүү чиглэсэн, хоцрогдсон үзлийг арилгах арга зам мөн хэмээн тэрээр зүтгэж байв. 

Хүн бүрт боловсрол олгох нь хамгийн зөв шийдэл ба ажил эрхлэх тэгш боломж олгох нь нь ч зөв алхам. Харин эмэгтэйчүүдийг эх байх хугацаанд нь ажиллуулах ёсгүй. Үүнийг зөвшөөрч болохгүй, эсэргүүцнэ. Харин ч зарим нэг буцалтгүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэлдэг байв. Хүн амын өсөлтийг хэвийн хэмжээнд авчрахын тулд өнөөдөр цаашдын бодлогоо тодорхойлох ёстой. Одоогийн түвшинд хүрэхийн тулд маш хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зориг зүрх гаргаж, 20 жилийн турш зөв замаар явахын тулд, цаашдаа урагшлан хөгжихийн тулд маш хүнд боловч үр ашигтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэмээн ярих бөлгөө.

Ли ноёнтон Засгийн газарт олон жил удирдах ажил эрхлэхдээ нэг зүйлийг мэдэж авчээ. Хэрэв асуудал руу дайрахгүй бол, асуудал өөрөө шийдэгдэнэ гэж хүлээх юм бол, эсвэл байдал бүр муудчихаагүй байна гэж бодох л юм бол чи өөрөө асуудалд орно гэдгийг Ли Куан Ю ой тойндоо хүртэл ойлгож авсан аж. 

Алгуурлах, санаа амрах, амжилтандаа сагахыг тэрээр үзэж чаддаггүй нэгэн байв. “Шинэчлэл өөрчлөлтүүд саад бэрхшээлгүй шулуун замаар явсан гэж хэлбэл шударга бус болно. Тийм байгаагүй” хэмээн тэрээр өчөөд ямар бэрхшээл байсныг нуулгүй ярьдаг. Намынх нь удирдлагын хүрээнд хөгжлийн хурдац, арга замын талаар санал зөрөлдөөн зөндөө гарч байжээ. Харин мань хүн бүх арга замыг оролдож туршихыг илүүд үздэг учраас бусад намууд, олон нийтийн хөдөлгөөн, идэвхтнүүдийг хувь нэмрээ оруулахыг санал болгож байв. 

Тэгээд ч тэр өөрөө, түүний нөхөд хөгжил саарахгүй нээ гэдэгтээ итгэж урагшаа том алхжээ. Тэдэнд ямар хугацаа өгөгдсөнийг хэн ч мэдэхгүй учир тэд маш түргэн хугацаанд арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан ба хэдийгээр ахмад туршлагатай хүмүүсээр удирдуулсан хэвээр байсан ч буруу зам руу халтирах вий гэхээс ихээхэн болгоомжилж ажилладаг байв. 

  • Миний хувьд унтаж байх 2-3 цагийн хугацаанд утас хангинахаас илүү айдас түгшүүр төрүүлдэг зүйл гэж байхгүй. Нэг сэрээд сэтгэл түгшсэн бол тэр шөнөдөө буцаад унтаж чаддаггүй. Маргааш нь өдөржингөө таагүй өнгөрдөг. Зөв шийдлийг олох бүх боломжуудыг тунгаан бодох цаг хугацаа маш хомс. Ийм байдлаар лажиллаж байна. Дөнгөж унтаж эхэлтэл 2 цаг хагасын дараа сэрээхэд мэдээж хэн ч дургүй. Хүч чадлаа үргүй зарж байгаа хэрэг. Тухайн үед нь хариултыг түргэн олоход бэрх. Энэ бол гамшиг. 

Ли Куан Югийн үнэн өчил энэ байна. Ажилдаа хэт улайраад ирэхийн цагт тэрээр иргэдийнхээ хувийн амьдралд оролцож байна хэмээн шүүмжлүүлнэ. Хариулт нь тун товч ба оновчтой. “Хэрэв би үүнийг хийгээгүй бол та нар өнөөдөр энд байхгүй байсан. Дөрвөн өөр хэлээр ярьдаг, харилцан ажиллах чадваргүй бол сингапурчууд энэ шинэ хотод амьдарч, сайн хөрш байх арга замд суралцахгүй байх байсан шүү” гэх нь тэр. 

Нэг удаа Бямба гарагт баяр цэнгүүн тэмдэглэж хүмүүсийн сэтгэл нэн өндөр байжээ. Тэрээр индэрт гараад үг хэлж байна. “Энэ бүхэн яаж бүтсэн хэрэг вэ?” гэсэн асуулт тавиад хариулжээ. “1959 оноос хойш 27 жилийн дараа баярын мэндчилгээг англиар уншихад цэнгэлдэх хүрээлэнд ирсэн бүх хүн анх удаа ойлгож байна. Тэд нэгэн дуугаар хариулж байна. Тэд хамтдаа дуулсан. Ойлгож байна уу? Бид хамтдаа дуулж чадаж байна” хэмээн хариулжээ.

Үнэндээ ч сингапурчууд өөр өөр дууг янз бүрийн хэлээр дуулдаг байсан ба тэрхүү ялгаа зөрүүгээ халж өөрчилж чадсан нь л гол ололт юмсанж. Тэд үүнийгээ маш болгоомжтой, алгуурхан өөрчлөх ёстой байсан ч ямар нэг албадлагагүйгээр 27 жилийн дотор ажил хэргийн ганц хэлтэй болж чаджээ. Тэр 27 жил гэдэг нь удаан санагдаж болох юм. Гэвч сингапурчууд үүндээ өчүүхэн ч харамсдаггүй. Тэд үүнийг хийгээгүй бол эдийн засгийн амжилтад хүрч чадахгүй байсан хэмээн өнөөдөр бахархан ярьж байна.

Ли Куан Ю өөрөө бүх хүнээ англи хэлтэн болгож, айл өрх бүрт яаж амьдрах, яаж ажиллахыг нь зааж сургаж байна гэдэг бол төсөөлшгүй үзэгдэл мэт. Өөрөө хожим зөвтгөж байна.

  • Хэрэв бид хувийн жижиг сажиг зүйлд оролцоогүй бол, таны хөрш хэн бэ, та яаж амьдарч байна вэ,ямар дуу чимээ гаргаад байна, хаана яаж шүлсээ хаяж байна, ямар хэлээр ярьж байна вэ гэх зэрэгт чинь оролцоогүй бол, тэгээд үр ашигтай арга хэмжээ аваагүй бол бид өнөөдөр ийм өндөр хөгжилд хүрэх байсан гэж үү? 

Ахуйн соёл ба нийгмийн суурь өөрчлөлтүүдийн үр дүнд тэд өнөөгийн өндөр түвшинд хүрч чаджээ. Цаашаа энэ шилжилтээ хэрхэн авч явах вэ, хэнд залгамжлуулах вэ гэдэг нь Ли ноёнтны сэтгэлийг зовоодог байв.

Энэ бол зөвхөн удирдлагын асуудал биш. Удирдах бол амархан. Харин хоёр дахь үеийнхэнд удирдах боломжийг олгох хэрэгтэй. Энэ л хамгийн хүнд. Энэ бол маш нарийн эмзэг асуудал. Хэрвээ тэд буруу замаар явчихбал Ли өөрөө хариуцлага хүлээх болно хэмээн өчдөг байв.

  • Хэрэв залуус бөмбөг алдах юм бол би хаалгач нь байх ёстой. Сөрөг хүчнийг бий болгох нь миний ажил биш.Харин миний ажил бол сөрөг хүчин орших боломжийг бүрдүүлэх явдал. Бид хаана ч байдаг тоглоомын дүрмийг баримтална. Мөнгө санхүүг үрэн таран хийвэл тогтолцоо үгүй болно. Мөнгө хөрөнгөгүй бол бид тогтолцоо байжоршин тогтнож чадахгүй. Энэ бол хүсүүштэй зүйл биш гэжээ. 

Шилжилтийн үе гэдгээ тэрээр сонгогчдын ухамсар гэдэгтэй шууд холбочихно. Сонгогчдын ухамсар дээшилсэн байх шаардлагатай. Худалдаа, өдөр тутмын хангамж өөрөө бий болоогүй гэдгийг хүмүүс ойлгож байгаа. Маш их зүйлийг бүтээж, сөрөн зогсож байж энэ түвшинд хүрсэн гэдгийг санал өгөгч хүн нэг бүрт ойлгуулах гэж махрах нь Ли ноёнтны бас нэг парадокс юм. 

Хэрэв тэгж тэмцээгүйсэн бол тэгш бус, үргэлж сөргөлдөж мөргөлдсөн, яс үндэс, хэл шашин ялгаатай хэсэг бүлэг хүмүүсийг яаж нэгтгэх байсан юм бол гэдэг асуултыг тэрээр байнга тавьдаг. Ийм хуваагдал одоо ч арилаагүй байгааа. Ялгаа багассан боловч илүү ихийг хийх хэрэгтэй гэж тэрээр сануулдаг. Ийм эрээвэр хураавар нийгмийг нэгтгэжуялдаа холбоо, нэгдэл нягтралтай нийгмийг буй болгох, тэгснээрээ төгс үйл ажиллагаатай нийгэм болох, үүний тулд Өмнөд Солонгос, Тайвань, эсвэл Хонконгтой 100 хувь эн зэрэгцэх ёстой гэж зүтгэдэг байв. 

  • Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол нүдээ алгаараа дараад юу ч харахыг хүсэхгүй байгаатай адил. Чухам үүнийг хүлээн зөвшөөрөх нь бүтээн байгуулсан зүйлээ улам сайжруулах эхлэл, бас ухаарал юм гэж тэрээр сургажээ. 

Дээр бичсэнийг шууд татаж аваад Монголтойгоо харьцуулахад яадаг юм. Туулсан хугацаа нь хэлээд өгчихөж байгаа юм биш үү? “30:27” гээд. Бид 30 жил шилжиж байна, тэд 27 жил шилжжээ. Бид шилжилт хийж эхлээд 30 жил жирийлгэчихсэн байгааг тэдний 27 жилтэй харьцуулаад үз л дээ. 

Манай улс хүнд байна. Цар тахал хаяанд биш, гэр дотор ороод ирлээ. Гэлээ гээд эмзэг энхрийгээ дуудаад суумааргүй байна. Яг өнөөдөр цар тахлын үеийн “Улсаа хамгаалъя, улам ихээр хичээцгээе!!!” гэсэн уриа агаарт цацагдан үүлэн дунд алга боллоо. Түүний оронд “Дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг бэлнээр тараая!” гэх уриа арай бодитой үлдлээ. Ийм сул дорой, амь тавих гэж байгаа түг түмэн хүнд эх орноо хамгаалах, хичээцгээе гэх уриа тулгаад ямар нэмэр байна вэ? Цар тахлын үедэдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээг бараг 10 сар яриад шийдэл байдаггүй, явж явж баахан мөнгө л нэхнэ. Дур зоргоор нь хаячихтай зэрэг хувхайртлаа ядуураад модоо барьчихсан энэ олон түмнээс эдийн засгийн нэмэх, хасах байтугай, ердийн наад захын ямар ч үзүүлэлт нэхээд нэмэргүй! Tэг зогсолт хийгээд байх улсын эдийн засаг нь байна уу?




Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!