Бид гурав Женевээсээ шууд Ромыг зорин Alitalia агаарын компанийн онгоцоор нисэв. Үүлэрхэг, зүсэр бороотой, зэврүүн өдөр бид Ромыг зорилоо. Онгоцны цонхоор ийм тэнгэр харагдаж байлаа.


Цаг хагас нисээд Леонардо да Винчийн нэрэмжит аэрпортод газардлаа. Тэр нь Ромоосоо зайтай  Фьюмичино гэх дагуул хотод нь байрлах аж.  Тэндээс 11 евро төлөөд галт тэргээр Ромыг зорилоо. Гучин минут хэртэй яваад төв вокзал Термини гэдэгт хүрлээ. Эхнэр бид хоёр Италид оюутан сургах тэтгэлгийг анхлан хөөцөлдөж, нэлээд хэдэн оюутан илгээчихээд байсных, тэднийхээ урилгаар очиж яваа нь тэр юм.


Ромын төв дэх Венецийн талбайгаас (Piazza Venezia) бидний аялал эхлэв. Энэ хотод манай Сүхбаатарын талбайрхуу тусгай том талбай байхгүй гэж ойлголоо. Ерөөсөө л олон замын уулзвар, байршил нь хотынхоо төвд, түүхэн үйл явдал өрнөж байсан, эргэн тойрон түүхэн барилгуудтай учраас яалт ч үгүй төв талбай гэж тооцогдож иржээ. Бичгийн машины хэлбэртэй дун цагаан ордны (“Macchina da Scrivere”) өмнөх “Эх орны шүтээн” (“Altaredella Patria”) хэмээх хөшөөний хүндэт харуул миний хүүгийн цаана харагдаж байна. Энэ бол нэр нь үл мэдэгдэх дайчдад зориулсан хөшөөний суурь хэсэг.


Капитолын довцог (Capitoline Hill) дээр барьсан нөгөө лут цагаан байшин (“Macchina da Scrivere”) энд бүхлээрээ харагдаж байна. Гэм нь наад жигүүр нь засвартай байж таарав. Италийн парламент энд байрладаг хэмээн олон хүн эндүүрч, бид ч бас тэгж бодоод очсон чинь биш болж таарлаа. Италичууд энэ байшин, тэр хөшөө дурсгалыг нийлүүлээд ердөө л “Витториано” гэж нэрлэх юм. Энэ сүрлэг ордныг эртний Ромын уран барилгын ур хийцээр 1885-1911 онд бараг 30-аад жил барьж дуусгасан, гол нь тэр цаана голд харагдаж буй морьтон баатрын хөшөөг чимж, ард нь босгосон юм байна. Тэр морьтны дор тусгай танхимд нэр үл мэдэгдэх дайчдад зориулсан мөнхийн гал асч байдаг гэв. Витториано дотор цэрэг-эх оронч агуулгатай хоёр музей байх ажээ.


Нөгөө морьтны хөшөө бороотойд очиход ингэж харагдлаа. Энэ бол 12 метр өндөртэй хүрэл хөшөө, нэгдсэн Италийн анхны Эзэн хаан, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч, эх орноо нэгтгэгч Витториано (Il Vittoriano) хаанд зориулж босгосон хөшөө. “Хоёрдугаар Виктор-Эммануэл” гэсэн нэрээр  1861 онд хаан ширээнд залраад 1877 онд таалал төгсөж, дараа нь хөшөө дурсгалаа босгуулан шүтэгджээ. Энэ хөшөөний тэндээс Венецийн талбай бүхэлдээ харагдаж байлаа.


Миний цаана Венецийн ордон харагдаж байна. Энэ бол их түүхтэй ордон юм. Кардинал Пьетро Барбо буюу Ромын Пап Павелын зарлигаар (лүндэнгээр?) 1455 онд энэ байшинг барьж, Венецээс Ромд томилсон Элчин сайдын яам нь энд байрлаж байсан аж. Венецийг Австри эзэлж байх үед энэ байшин Австрийн мэдэлд очиж, бүр 1916 он хүртэл тэдний Засгийн газрын мэдлийн байр байсан ба хожим Муссолинийн фашист Засгийн газар энд байрлаж байжээ. Одоо бол Венецийн ордны музей энд байрлаж, жуулчдыг татан дуудсан чухал газар болжээ. Хоёр ч музей байх шиг. Муссолинийн эдэлж хэрэглэж байсан тасалгаа, түүний засал чимэглэл, дизайн ур хийцтэй танилцаж болно. Энэ ордны чанх өмнө, талбайн нөгөө талд Сан Марко сүм гэх эртний дурсгалт барилга байна. Ромын Пап Маркийн үед баригдсан ажээ.


Итали орны нэрийн хуудас болдог нэгэн сүрлэг барилга (байгууламж) энд бид гурвын цаана харагдаж байна. Бас л бороотой байж таарлаа. Колизей (латин хэлний Сolosseus буюу аугаа сүрлэг гэсэн үг) хэмээх амфитеатр. Цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэхгүйгээр, элдэв үзүүлбэр үзүүлдэг хамгийн том тавцан, тайз гэж түүхнээ бичигдэж үлджээ. Эртний Ромын Флавиев династын үед 72-80 онд барьсан бүлэг цогцолборын нэг болох энэ дугуй театрыг Эзэн хаан Веспасиан жүүд нарыг (одоогийн Израиль) бүрмөсөн дарсныхаа ялалтыг тэмдэглэж босгосон, түүний халааг авсан Тит хаан барьж дуусгасан.  Гладиаторуудын цусан тулааны тухай кино, ном зохиол бишгүй байдаг ч энд элдэв араатантай тулалдах, тэр ч бүү хэл олзны эмэгтэй боолчуудыг зэрлэг бух, илжиг, азаргаар хүчиндүүлэх үзүүлбэр үзүүлдэг байсан тухай бичсэн нь бас бий. Амфитеатрын гадуурхи их тойрог нь 1 км 878 метр, доторхи тавцангийн тойрог нь 1.5 км, тавцангийн урт нь 85.75 метр, өргөн нь 53.62 метр, хананы өндөр 48-50  метр, 50 мянган үзэгч нэг дор цуглах суудалтай гэж танилцуулга дээр нь байна лээ.


Колизейгээс Венецийн талбай орох зам дагуу ийм олон сүрлэг дурсгалууд нэг цогц болоод замын хажуугаар үргэлжиллээ. Нийлүүлээд Ромын Форум (Forum Romanum)  гэж нэрлэх ба тэр цаана хэдэн багана, арк, барилгын туурь харагдаж байна. Энэ газар нь тухайн цагтаа  Ромын эзэнт гүрний төв талбай байсан бололтой. Эхлээд энд нийтийн зах ажиллаж байснаа захын төвлөрлийг дагаж комиция (ардын хурлын талбай) үүсч, тэндээсээ томроод курия болсон гэж түүхэнд бичжээ. Курия гэдэг нь Эртний Ромын Сенатын хурлын ордон, түүний эргэн тойрныг нэрлэсэн нэр томъёо.


Манай хоёрын цаана Колизейн дэргэд харагдаж байгаа арк бол онц гойд юм биш, анзаарахгүй бол нүдэнд тусахгүй. Гэвч аугаа түүхт дурсгал гэнээ. Тит хааны арк хэмээн түүхнээ үлдсэн, түүний дүү залгамжлагч Домициан хаан 81 онд ахдаа зориулан босгожээ. Жүүд нарыг даран сөнөөсний (жүүдийн төр улсыг устгасан, тэр нь явсаар 1948 он хүргэсэн) ялалтад зориулж босгосон арк. Ялалтаа ингэж тэмдэглэж байсныг бодоход эртний еврей нар Ромын хувьд барж идэхгүй хоол байсан бололтой.


Бид Италийн нутаг дэвсгэрээс гараад Итали доторхи өөр нэг жижиг улс руу очлоо. Тэр нь Ватикан. Piazza San Pietro гэхэд дэвэн дэлхийгээрээ бараг ойлгох болсон цаг  даа. Ариун Петрийн талбай буюу Сан Пьетро. 1656-1667 онд барьж дуусгасан бүхэл бүтэн цогцолбор. Дэлхийн католик шашны төв, гол сүм нь энд байна. Basilica di San Pietro гэж нэрлэгдсэн Ватиканы хамгийн том барилга энд харагдаж байна.


Миний хүүгийн цаана нөгөө Basilica di San Pietro гэх сүм бүхлээрээ харагдаж байна. Энэ сүмийн балкон дээрээс Ромын Пап айлдвараа олон хэлээр хэлдэг дээ. Хагас дугуй хэлбэртэй цогцолборын голын барилга нь бололтой. Тэр сүмийн оройн шовгор хэсэгт Юлий Цезарийн шарилыг хадгалж байдаг хэмээн ромын иргэд дундад зууны үед итгэдэг сүсэглэдэг байж. Энэ хотын хамгийн ариун нандин шүтээн, цорын  ганц өндөр барилга нь тухайн цагтаа энэ байсан юм болов уу. Тэр сүмийн өмнө буй өндөр харандаан багана, орой дээр нь буй загалмайн хэрээс байна. Тэр чулуун баганыг эртний Египетээс Ромын Эзэн хаан Калигул авчруулж, хожим дундад зууны үед орой дээрхи хэрээсийг урласан аж. Эртний Египетээс ганц ч бус олон багана авчирснаас хэлбэрээ хадгалаад олон зууныг элээгээд өнөө хүргэсэн цорын ганц нь энэ хэмээн бичсэн байх юм.


Сан Пьетро талбайд би бичлэг хийж байна. Зүсэр бороотой нь нэг тиймхэн байлаа. Дараалаад гурван өдөр бороо цутгачихсан, гэвч буудалдаа хэвтээд байлтай биш, бид аялаад л байлаа. Ром дахь хамгийн том талбайн голд би зогсч байна. Гэхдээ энэ бол Ватиканы эзэмшил газар юм. 1930-аад онд Муссолини энэ талбайгаас Венецийн талбай хүртэл өргөн чөлөө нээж, үндэсний эв нэгдэл, эвлэрлийг бэлгэдэж Эвлэрлийн гудамж (Via della Conciliazione) гэж тухайн үедээ нэрлэж байжээ.


Итали орны нэрийн хуудас болдог бас нэгэн сүрлэг байгууламж бид гурвын цаана харагдаж байна. Нарлаг өдөр байж таарлаа. Энэ бол усан оргилуур, бас хиймэл хүрхрээ. Кино ном зохиол дээр бишгүй нэг таардаг даа. Ром хотын хамгийн том фонтан -  “Фонтан Треви” (италиар Fontana di Trevi),  Поли талбайг (Palazzo Poli) чимж байгаа сүрлэг байгууламж. 1732-1762 барьсан, 30 жилийн хөдөлмөр орсныг бодохул үнэхээр сүрлэг бүтээн байгуулалт юм. Тэгээд бас тийм дээр үед ямар шийдлээр, ямар технологиор усны ундаргыг бий болгов оо?


Тэр сүрлэг ордон дотроос ус ундраад наашаа олон хөшөө дурсгалын завсараар урсаж, доошоо усан санг дүүргэж байгаа бололтой. Хөшөөнүүд дотор морьд ч байх шиг. Залуухан бүсгүй Ромын цэрэгт усны ундарга хаана байгааг зааж буй хөшөө (Acqua-ус, Vergine-бүсгүй) байна. Ер нь учрыг нь олно гэвэл олон цаг саатан байж ойлгох байх. Зочид гийчэд усан сан руу зоос мөнгийг ихээр хаясан байх ба зоос хаямагцаа хүслээ  хэлдэг, наминчилдаг зуршилтай, тэгээд уснаас нь хутган авч уух аж. Бид ч гэдсээ цүрийтлээ ус залгиллаа.  Рашаан л гэсэн үг юм. Амьдралыг тэтгэгч усыг шүтэн биширсэн, эх дэлхийгээ хайрлахыг бэлгэдсэн үнэхээр сэтгэл хөдлөм хөшөө дурсгал энэ байлаа.


Ромын цагдаа нар. Нөгөө цагаан мөрөвч бүхий сүрлэг хувцастай цагдаа хайсаар эцэст нь энэ гурав л хүүд маань тааралддаг юм. Мафитай тулалддаг цагдаа нарыг бид италийн киноноос бишгүй нэг харсан даа. Усан бороотой өвлийн хүйтэн байж таараад тэд өвлийн формоо өмсчихөөд байгаа нь энэ гэнэ.


Зүсэр бороо зогсож нар мандсан дулаахан өдөр бид дахиад л Венецийн талбай орлоо. Хэд ч очсон уйдна гэж ер байхгүй. Бичгийн машины хэлбэртэй дун цагаан ордон, Витториано хааны хөшөө маягтай гоё харагдаж байгаа биз?


Дахиад ФонтанТревийг харуулъя. Ер нь Поли талбай бол жуулчид төвлөрсөн, бэлэг дурсгалын дэлгүүр дүүрсэн Ромын гол газар юм гэж ойлгогдлоо. Тэр олон хэлээр буй танилцуулга цомгийг аваад аялахад л Ром бол тун хялбар дөт хот юм, төөрөх будилах асуудал ер алга. Тэгээд ч миний үзүүлж буй түүх дурсгалын энэ олон газрууд нь төв вокзалаасаа холгүй, хотынхоо төвд,  бараг нэг дор төвлөрсөн (СанПьетроарай зайтай) ажээ.


Хоёр давхар автобус хөлөглөөд бид аялаж байна. Хэрэв аяллаар очвол энэ маршрутыг сонгох хэрэгтэй. Явган таваргаад, эсвэл метро такси гэх хэрэг алга. Ердөө 16 еврогоор 24 цагийн тийз вокзал дээрээс авчихна. Тэр 24 цагтаа Ромын түүх дурсгалт 11 газраар (дээрхи бүх газрууд орно) зогсож саатаж, бууж сууж аялж болно.


Бороо зүсэрч, завсарт нь нар гийсэн өвлийн богино өдрүүд бүхий Ром хотыг орхин бид гурав Alitalia онгоцоороо Каир руугаа нислээ. Каир-Женев-Лондон-Женев-Ромын маршрутаар гэр бүлээрээ гурван ч улсаар дамжин аялаж, өвлийн богино амралтаа тун сайхан өнгөрүүлээд ийнхүү буцлаа.