Системтэйгээ нурсан систем

Монгол Улсын Шадар сайд Ж.Пүрэвдорж, “Эрдэнэт” УБҮ-ийн захирал Ш.Отгонбилэг нарыг 1992 онд ДЦС 4-ийн ажлыг сайжруулах Засгийн газрын тусгай төлөөлөгчөөр томилжээ. Ж.Пүрэвдорж Зөвлөлтөд төгссөн цахилгааны инженер, Шадар сайд учир энэ комисст багтах нь зүй. Харин улсын төсвийг дангаар шахуу бүрдүүлж ирсэн “Эрдэнэ” УБҮ-ийн үйл ажиллагаа доголдож Монгол Улсын орлого тасрахдаа тулсан учир Ш.Отгонбилэгийг ч бас комисст багтаасан хэрэг.

Монголын эрчим хүчний гол ачааг үүрдэг ДЦС4-ийн инженер-техникийн ажилтны 30 гаруй хувь нь Зөвлөлтийн мэргэжилтэн байлаа. Үндсэн техник тоноглолын ашиглалтыг тэд нар гардан хийж, бид зөвлөлтийн мэргэжилтнүүдийг “ах” хэмээн хүндэлж явсан. Гэтэл “1989 оны 10 дугаар сард “БНМАУ-д ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүд” хэмээх зөвлөлгөөнөөр техник туслалцааны байгууллагын орос мэргэжилтнийг 50 хувиар хасах ...зэрэг асуудлыг ярьсан. Мөн Монгол дахь ахуй хангамж, амьдралаа чамлаж зөвлөлт мэргэжилтнүүд гомдол гаргасан нь Зөвлөлтийн мэргэжилтнийг буцаах шалтаг” болсон гэж Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү дүгнэжээ. Ингээд монголчууд өөрсдөө гардан эрчим хүчний системээ удирдах болсон юм. Эндээс эхлээд “Чадах чадахгүйгээс гадна сахилга дэг журам, зохион байгуулалт алдагдаж, туршлагажаагүйгээс шалтгаалаад олон алдаа гаргасан. Тоноглолоо эвдэх, байн байн зогсоох зэргээр горим алддаг болсон” гэж ДЦС 4-өөс ажлын гараагаа эхэлж, захирлын албыг нь 16 жил хашсан Ц.Баярбаатар дурслаа. Зөвлөлт тарсан учир өмнө нь түүний бүрэлдэхүүн улсуудаас нийлүүлдэг байсан сэлбэг хэрэгслийн олдоц ч мууджээ. Ингээд зургаан турбин, найман зуухтай ДЦС 4-ийн хоёр зуух, нэг турбогенератороор чүү ай гал залгуулж байлаа.

Социализмын материал техникийн бааз байгуулах төслийн хүрээнд бий болгосон Монголын эрчим хүчний систем социалист систем нуран унахад ийн доголдож, суралцаж дадлагжихаас гадна арга барил, хандлагаа эгнэгт өөрчлөх шаардлага тавигдсан юм.

Эхлэл

Хоёр Герман улс нэгдсэний дараа, 1992 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо Монгол Улс, ХБНГУ-уудын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж “Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээрээр урьдын БНАГУ, БНМАУ-ууд хамтран ажиллаж ирсэн салбаруудыг эргэн харахын сацуу цаашид ямар ямар чиглэлээр түншлэхээ тодорхойлсон байдаг. Тэдгээрийн дотор эрчим хүчийг багтаахад тухайн үеийн Түлш, эрчим хүч геологи уул уурхайн яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга байсан Ц.Сүхбаатарын хичээл зүтгэл чамгүй шингэжээ. БНАГУ-ын Дрезден хотын их сургуульд эрчим хүчний инженерийн боловсрол эзэмшсэн Ц.Сүхбаатар салбарт нь Германы тус дэм хэрэгтэйг ойлгуулж, бас нотолж чадсан хэрэг.

Ингээд 1993-1995 онд Дархан ДЦС-д 15.6 сая дойч маркийн хөнгөлөлттэй зээлээр анхны хөрөнгө оруулалтыг хийв. Дархан ДЦС-ын тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх монгол инженерүүд “Үнс, шлагтаа дарагдаад зуух хоорондуур нь явах ч аргагүй. Тийм болохоор засвараа хийж чаддаггүй байсан” гэж байна. Дээрх хөрөнгө оруулалтаар дөрвөн зуухыг иж бүрэн засварлаж, нэг турбинд горимын өөрчлөлт хийж, дулаанжуулалтын шугамын өргөтгөл, найман зуухыг компьютерийн хяналтын системд шилжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнчилэн 1998-2002 онд Чойбалсан ДЦС-д ХБНГУ-ын Сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлээр хоёр шаттай засвар, шинэчлэл хийгдсэн юм. Ц.Баярбаатар “Өнөөдөр Чойбалсангийн станц явж л байна, тэр ажлыг хийснээс хойш сэхэж ирсэн” гэдэг бодолтой явдаг аж. 

...Эрдэм өвөрлөж ирсэн

Орон нутгийн хоёр ДЦС-д хөнгөлөлттэй зээлээр засвар, шинэчлэл хийсэн Германы тал “Зөвхөн ДЦС-д хөрөнгө оруулалт хийлээ гээд найдвартай ажиллагаа сайжрахгүй. Хүнийг нь чадавхжуулах ёстой” гэснээр “Эрчим хүчний ажилтнуудын сургалтын төсөл” эхэлснийг Ц.Сүхбаатар тод санаж байна. 1998-2006 онд хэрэгжсэн төсөлд ойролцоогоор нийт 7 сая евро зарцуулжээ. Үүний 500 мянган еврогоор хоёр лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм. Өмнө ярьсанчлан Монголын эрчим хүчний системийн аваар, зогсолтын дийлэнх нь зөвхөн хүний хүчин зүйлээс буюу салбарын ажилтнуудын чадвартай шууд холбоотой байсан учир чадавхжуулах сургалт хамгаас чухал байлаа. Сургалтын төслийн удирдагчийг үүргийг тухайн үеийн Эрчим хүчний удирдах газрын Ажиллах хүчний удирдлагын хэлтсийн дарга А.Тлейханд тохоож, зөвлөхөөр нь Хелмүт Хелбигийг томилон ирүүлжээ. 

Энэ төслөөр ажилтнуудыг ажлын байранд нь сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэхэд шаардлагатай онолын өндөр мэдлэгтэй, туршлага бүхий инженер багш нарыгбэлтгэх, сургалт явуулахад шаардлагатай шинэ материаллаг баазтай болох, ДЦС-уудын техник, технолгитой нарийн уялдуулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах үндсэн гурван ажил хийгдсэн. Төслийн хугацаанд Монголын зургаан ДЦС-ын нийт 26 ажилтныг инженер-багшаар бэлтгэжээ. Тэр үед “Бидэнд хамгийн хүндрэлтэй зүйл гагнуур. Халах гадаргуу хагарна, цоорно. Маш өндөр чадвартай, категори өндөртэй гагнуурчин хэрэгтэй байдаг. Тийм гагнуурчин бэлтгэж чаддаггүй, багаж хэрэгсэл ч олдоггүй байсан” гэж Ц.Баярбаатар яриад “Тэгэхэд плазмын гагнууртай лаборатори байгуулж, манай залуусыг сурган өндөр категорийн гагнуурчдыг бэлтгэж эхэлсэн” хэмээн хуучлав. Харин Төслийн зөвлөх Хелмүт Хелбиг “Төвийн эрчим хүчний системд холбогдсон ДЦС-уудад гардаг аваар осол төсөл эхлэхэд жилд (1998 он) 700 шахам байсан бол 2006 он гэхэд 20 болж буурсан. Хувь хүнээс хамааралтай осол чадавхжуулах сургалт эхлүүлсэн 10 жилийн дотор тэгтэй тэнцүү болсон” гэжээ.

Үүнээс гадна Германы эрчим хүчний салбарынхан боловсон хүчнээ бэлтгэдэг Хамбургийн эрчим хүчний сургалтын төвд Монголын эрчим хүчний инженер, техникийн ажилтнуудыг тогтмол сургаж ирсэн. “Жилд 20 хүн хоёр сарын хугацаатай явна. Хамтын ажиллагаатай учраас төлбөрийн 30, байрны 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Ийм таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлж байсан”-ыг Ц.Баярбаатар онцоллоо. 1930-аад онд Германд суралцсан зохиолч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ” хэмээх шүлгийн мөр бий. “Эрчим хүчний ажилтнуудын сургалтын төсөл”-өөр ирсэн багш нар эрдэм өвөрлөн ирсэн, Германд суралцсан Монголын эрчим хүчний ажилтнууд ч ихийг сураад харьжээ. Дашрамд сонирхуулахад 1930-аад онд Герман, Францад монгол залуусыг сургасан Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааны хүү Э.Агваандорж бол манай эрчим хүчний ууган инженер билээ.

Бодлого өөрчлөгдөв

Тухайн үед ХБНГУ “Манай эрчим хүч, хууль эрх зүй, ХАА, байгаль орчин зэрэг олон салбарт ажиллаж байсан. Тэгээд Германы Засгийн газар Монголтой нэг л чиглэлээр ажиллана гэдэг асуудал тавьсан юм. Үүний дагуу Холбооны эдийн засгийн яамны Жулия Вернер нарын мэргэжилтнүүд ирж судалгаа хийсэн” хэмээн Ц.Сүхбаатар ярилаа. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 29-нд хоёр талын байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т үндэслэн ENEV буюу “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийг шат дараатай хэрэгжүүлсэн юм.

Тэр үес буюу 2008 онд Дэлхийн банкнаас гаргасан “Монголын эрчим хүчний хөгжил ба Өмнөговийн хөгжил” тайланг харвал “Төвийн эрчим хүчний системийн өөрийн хэрэглээ 16.5 хувь, дамжуулах ба түгээх шугамын алдагдал 17.4 хувь” байжээ. Нэмэрт нь манай эрчим хүчний хуучирч хоцрогдсон систем хүн ам, уул уурхайн өсөлтөө дагаад жилд найм орчим хувиар нэмэгдэж буй өсөлтийг хангаж чадахаа больсон. Оюу Толгойн уурхайг эс тооцоход ОХУ-аас жилд 300 сая орчим кВт.ц цахилгаан импортоор авдаг. Үүнээс гадна орон нутгийн нийтийн халаалт буюу дулаан хангамжийн асуудал улам хүндэрсэн. Ийм нөхцөлд GIZ “Эрчим хүчний системийн үр ашиг”-ийг нэн тэргүүнд авч үзжээ. Ийнхүү ENEV төслүүдээ 2007 оноос эхлүүлэн 2018 оныг дуустал хэрэгжүүлж, нийт 15 674 000 еврогийн буцалтгүй тусламж үзүүлээд байна.

ENEV 1: 2007-2010 он

Ц.Баярбаатарын ярьсанчлан “Германы бодлого нь эрчим хүчний хэмнэлт, үр ашиг” юм. Яаж алдагдлыг бууруулах вэ, яаж үр ашгийг нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс тэр үеийн судалгаан дээрээ үндэслээд Монголын эрчим хүчний судалгааны байгууллага, эрчим хүчний системийн чадамжийг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлэх зорилт тавьсан юм. Ингээд ДЦС 4-ийн 6 турбины конденсаторын хоолойг ажиллагааны явцад зүлгэж, өнгөлөх нүхтэрсэн бөмбөлгөөр цэвэрлэгээ хийх автомат систем суурилуулсан. Үүний дүнд вакуум барилт нь 2-5 хувиар дээшилж, жилд 21.1 мянган тн жишмэл түлш хэмнэснээр ялгардаг нүүрсхүчлийн хий 73 мянган тонноор буурчээ. Мөн ДЦС 4-ийн тэжээлийн усны насосны хөдөлгүүрийг хувьсах зарцуулалтын горимд шилжүүлснээр 10-30 хувийн эрчим хүчний хэмнэлт гарсан байна. Түүнээс гадна Дархан ДЦС-ын БКЗ 75-39Ф маркын III зууханд Европын стандартаар өрлөг дулаалга хийсэн. Үүний дүнд тус зуухны гадаргуугийн дулаан алдалт хоёр дахин буурчээ. 

Хөтөлбөрийн хүрээнд цахилгаан шугам сүлжээний компаниудын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, чадамжийг нь сайжруулах зөвлөгөө мөн өгсөн. Үүний тулд нэгдүгээрт, нийт 42 128 еврогоор шаардлагатай хэмжих хэрэгслүүдийг худалдан авч хэмжилт хийж, зөвлөмж боловсруулжээ. Ингэснээр салбарын яам, агентлаг ба Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ (ТБЦДС) ТӨХК бодит суурь мэдээлэлтэй болсон. Энэ мэдээллүүдийг цаашдаа бусад судалгаатай харьцуулан ашиглах боломж нээгдсэн байна. Хоёрдугаарт, ТБЦДС ТӨХК-ийн Эрдэнэт-Хархорин, Дархан-Сэлэнгэ салбаруудад хэмжилт хийхэд бодит алдагдал 20 хувь гарчээ. Энэ судалгаан дээр үндсэлэн цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлох боломж гарч ирсэн байна. Гуравдугаарт, “Эрдэнэт”, “Булган” 110 кВт-ын дэд станцыг шинэчлэх тоноглолын жагсаалт, үнийн судалгааг ч гаргажээ. Энэ ТЭЗҮ-г үндэслэн зээл тусламж авах, хөрөнгө оруулалт хийх ажлыг шууд эхлүүлж болно. Мэдээж судалгаан дээр үндэслэн системийн найдвартай ажиллагаа дээшлүүлж, алдагдлаа бууруулах дам үр ашигтай юм.

Хөтөлбөр ёсоор эрчим хүчний бодлогын хүрээнд ч дорвитой ажлууд гүйцэтгэсэн. Эрчим хүчний газрын ажлын хэсэгтэй хамтран судалгаа хийсний дүнд бэлтгэсэн зөвлөмж нь Монгол Улс Эрчим хүчний системийн Реле хамгаалалт автоматикийн нэгдсэн стандарттай болох суурь болж өгчээ. Мөн эрчим хүчний норм стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд Европын холбоонд мөрддөг Дэд станцын стандарт нормыг Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан байна. 

Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин хамгаас чухал. Монгол Улс эрчим хүчнийхээ үр ашгийг дээшлүүлье гэвэл холбогдох хуулиа боловсронгуй болгох шаардлагатай. Энэ хүрээнд “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын гишүүн А.Тлейханы ахалсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэн ажилласнаар, хуулийг батлуулжээ. Энэ өөрчлөлтөөр “Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулах”-аар болсон байдаг. Хамгийн гол нь хууль агуулгаараа эрчим хүчний салбар зах зээлд шилжих үе шатны хөрс суурь болж чадахуйц болсон гэж салбарын мэргэжилтнүүд нь үнэлсэн юм. 

ENEV 2: 2010-2014

Энэ төсөл эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгод хэрэглэгчийг татан оруулснаараа онцлог юм. “Эрчим хүчийг хэмнэе” хэмээн уриалж, хана туурган болгон дээрээ лоозон бичсэнээр хэмнэдэггүйг бид социализмын туршлагаараа мэднэ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглэгчиддээ хандан “Хэрэглээгээ багасгаач” гэж гуйвал утгагүй сонстож таарна. Түүний оронд “Та эрчим хүчнийхээ алдагдлыг бууруулбал ашиг тань нэмэгдэнэ” гэдгийг ойлгуулахыг хэрэгтэй. GIZ төслийн зөвлөх А.Каупп “Хууль баталж хэрэгжүүлэхэд санхүүгийн зардал гарахгүй. Эрчим хүч хэмнэлтийн хуулийг би “Энэ бол танд илүү ашиг авчрах цорын ганц хууль гэж хэлнэ” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолжээ. Энэ үүднээс тус төсөл Эрчим хүч хэмнэлтийн хуулийн төсөл боловсруулах ажлыг хэсгийг дэмжиж, шаардлагатай мэдээллээр ханган ажиллажээ. Цахилгаан их хэрэглэхээсээ илүү үр ашигтай хэрэглээ рүү явж буй энэ цагийн агуулгад нийцсэн дээрх хууль хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэгчид ч хэрэгтэй. Цахилгааныхаа үйлдвэрлэлийг нэмье гэхийн оронд хэрэглээгээ үр ашигтай болговол хүрээлэн буй орчинд ч тустай билээ. Хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганаар баталсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөж байна. Хуульд эрчим хүчийг сайн дурын үндсэн дээр хэмнэх, албадлагын буюу үүрэг ногдуулах байдлаар эрчим хүчийг хэмнэхээр тусгагдсан. 

Ганц хууль баталснаар зорилго биелэхгүй. Тиймээс эрчим үйлдвэрлэгчийн үр ашгийг дээшлүүлэх тодорхой санал гаргасан. Үүнд Чойалсан ДЦС-ын тоноглолын элэгдэл хорогдол, насжилтын судалгаа; Дархан ДЦС-ын зуухны удирдлагын програмчлалд туслалцаа үзүүлж, дээрх хоёр станцын үр ашгийг тодорхойлох програм хангамжийн ажлыг хийжээ. Харин цахилгаан хэрэглээний ачааллыг зохицуулах менежментийг сайжруулахын тулд хэрэглэгчдийн хэрэглээний суурь судалгаа хийснээр хэрэглэгч тус бүрээр нь эрчим хүч хэмнэх нөөц бололцоог тоймлон тодорхойлсон байна. Түүнээс гадна хэрэглэгчийн хоногийн ачааллын график гаргаж, хэрэглээний ачааллын модель боловсруулах судалгаа хийжээ.

Тоноглолын гэмтэл илрүүлэх VarioCam хэт ягаан туяаны багажийг IRBIS3 програм хамнагмжийн хамт худалдан авч дүрс шинжилгээ хийх арга аргачлалыг нь таниулсан гарын авлага боловсруулжээ. Ингээд хэт ягаан туяагаар дүрс оношлогоо хийх онол, практик хосолсон сургалт явуулсан байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК дээрх багаж, програм хангамжийг үнэгүй хүлээн авснаасаа хойш 139 тооны нийт 2.7 тэрбум төгрөгийн гэмтлийг урьдчилан илрүүлж, 1.2 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрджээ. 

ENEV 3: 2014-2016

Энэ төсөл бүхэлдээ эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлснээр төр болон иргэний хөрөнгө хэмнэгдэж, нэмэгдэхийг батлан харуулсан. Ингэснээр аль ч төвшний хэрэглэгчид эрчим хүч хэмнэх сэдэл төрүүлж, идэвх чармайлтыг нэмэгдүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Завхан, Ховд аймагт хэрэгжүүлсэн дулаан техникийн засвар шинэчлэлд Швейцарийн хөгжлийн агентлаг нэг санхүүжүүлэгчээр оролцож, “Сайн засаглал”-аа хөгжүүлсэн. Нөгөө санхүүжүүлэгчээр орон нутаг болон “Орон нутгийг хөгжүүлэх сан”-г татан оролцуулснаар шийдвэр гаргахад нутгийн иргэдийн оролцоог дэмжсэн нь бас нэг онцлог. Мөн төслийн туслан гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулахдаа орон нутгийн компаниудад давуу эрх олгосон нь хөдөөгийн компаниудыг чадавхжуулахад хувь нэмрээ оруулсан билээ. 

Дээрх хоёр аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийт 16 барилгад бүрэн дулаалга хийснээр барилгуудын дулааны алдагдал 50-60 хувиар бурчээ. Энэ ажлаар дамжуулан эрчим хүчний үр ашиг, барилгын стандартыг мөрдөхийн ач холбогдлыг хөдөөгийн иргэд, төрийн байгууллагуудаар зогсохгүй барилгын салбарын ажилтнуудад шинэ ойлголт өгсөн байна. 

Түүнээс гадна Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Эрчим хүчний аудит хийх журам, Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагыг боловсрулсан. Мөн эдгээрийг магадлан итгэмжлэх журмыг гаргасан байна. Түүнчилэн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд эрчим хүчний менежер, аудиторын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлжээ. Өдгөө зургаан компанийн 64 эрчим хүчний аудитор ажил үүргээ гүйцэтгэж байна. Мөн Эрчим хүч хэмнэлтийн хуулиар үүрэг хүлээх томоохон хэрэглэгчдийг бүртгэж, судалгааг нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүлээлгэн өгчээ.

Энд үйлдвэрлэгч талын эрчим хүчний үр ашгийг орхигдуулаагүй бөгөөд IPSEpro програм хамгамжаар загвар төсөл хэрэгжүүлсэн юм.

ENEV+

Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотод болсон. Энэ уулзалтаар төслийг хоёр жилээр сунгаж 3 сая еврогийн буцалтгүй тусламжийг  дахин олгохоор талууд тохирсон юм. Үүний дагуу төслийн буцалтгүй тусламж олгох гэрээг 2017 оны 06 дугаар сард байгуулсан байна. Төслийн зорилго нь эдийн засаг, экологийн хувьд тогтвортой эрчим хүчний хангамж. Эрчим хүч хэмнэлтийн хуулиар үүрэг хүлээсэн 10 байгууллагын хэмнэлтийг тус тус 10 хувь хүргэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо 12 компанитай гэрээ хийж 2018 оны дүнгээр зөвхөн эрчим хүчний байгууллагууд 40 сая кВт.цаг цахилгаан хэмнэсэн тооцоо гарсан гэж тус хорооны дарга А.Тлейхан ярив. 

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны салбар хариуцсан хэлтэс нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх шинэ журмуудыг боловсруулж байна. Түүнээс гадна хэрэглээнд суурилсан эрчим хүчний үнэ тариф нэвтрүүлэх зорилгоор холбогдох шийдвэр гаргах байгууллагуудын бодлого, саналд нийцэх баримт, төлөвлөгөө боловсрулж танилцуулна. Энэ бүхний эцэст Монголын эрчим хүчний систем зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж бүтээгдэхүүний үнэ бодитой тогтоно. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр бодитой үнээр харилцдаг болсон цагт хэрэглэгч эрчим хүчний үр ашигтай хэрэглээг эрхэмлэх нь гарцаагүй. Үйлдвэрлэгч ч чанартай анхаарахаас өөр аргагүй болно. Тэр цагт Монгол Улс дэлхийн агаар мандалд хаядаг нүүрсхүчлийн хий үлэмж багасах юм. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бол өдөр ирэх тусам хүн төрөлхтнийг дааж ядан буй ногоон гаригийнхаа нурууг тэнийлгэх ухаалаг дадал юм.