Г.Эрдэнэбат хуульд итгэсэн ч шүүхэд хууль үйлчилсэнгүй
Өмнө нь С.Баярцогтын хэрэг дээр шүүх бас ингэж ажилласан. Жар, далан жилийн дараа хүн төрөлхтөн өөрийх нь үйлдсэн цуст хядлагын түүхийг жигшин уншина гэж Сталин өөрөө мэдсэн бол түүх ч гэсэн арай өөрөөр эргэх байсан биз. Даанч цаг хугацааны машинд суухгүй л бол мэдэх боломжгүй юм.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр УДШ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцжээ. Шүүхээс Б.Хурцад нэг жил зургаан сар, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оногдуулсан байна.
Хэрэг нээсэн түүх ба шүүхийн эхний шийдвэр
Сануулахад, С.Зоригийн хэргийг яллагдагчдыг “эрүүдэн шүүсэн” гэх энэ хэрэг анх 2019 оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, Төв аймгийн хорих ангид явуулсан “гүйцэтгэх ажиллагаа”-ны камерийн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлснээр эхэлсэн билээ. С.Зоригийн хэргийн холбогдогч нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн байна гэх энэ мэдэгдэл явсаар уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор, ТЕГ-ын дарга, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулын мөрдөгчдийн “хүзүүг ороосон” байдаг.
2020 долдугаар сарын 22-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг 2020 оны Эрүүгийн хуулийн 133.1 “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн”, 251.1 ”Эрүү шүүлт тулгасан” гэм буруутайд тооцож, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт 3 жил, Ж.Мөнхгал, С.Баярт, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт 1-3 жил жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Мөн хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.
Гэвч прокурор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, УДШ-д гомдол гаргаснаар Дээд шүүх энэ хэргийг уг хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн юм байна.
Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх тухай Х.Нямбаатар нарын Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэц дээр маргаан үүсээд явж байгаа нөхцөлд УДШ-ийн сүүлд гаргасан шийдвэр гэнэтийн зүйл болов.
Гэвч үнэн хэрэгтээ гэнэтийн зүйл байгаагүй болохыг УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө “Улаан бал” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
40 хуудас хавтаст хэрэг, 80 хуудас яллах дүгнэлт хэрхэн бий болов?
Г.Эрдэнэбат прокурорын хувьд түүнийг 2020 оны тавдугаар сарын 27-нд анх мөрдөн байцаалтад дуудаж, яллагдагчаар татсан тогтоол үзүүлэн мэдүүлэг авсан юм байна. Тэр үед нь “Хэрвээ намайг энэ хэрэгт яллагдагчаар татаж байгаа бол тухайн үед миний гаргасан тогтоол, гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлүүдийг аваад ир. Би ямар зөвшөөрөл олгосон, миний эрх хэмжээ хаана дууссан, зөвшөөрөл олгоогүй ямар ямар ажиллагаа явагдсаныг нэг бүрчлэн олж тогтоо. Тэгэхгүйгээр хэргийн материал чинь дутуу байна” гэж хэлээд тагнуул болон прокурорын байгууллагаас шаардлагатай материалуулыг татаж авч шалгуулах хүсэлтийг мөрдөн байцаагчдаа гаргажээ. Гэвч тухайн үед тийм ажиллагаа огт хийгдээгүй гэдгийг прокурор асан хэлэв.
Анхны мэдүүлэг авснаас долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 5-нд дуудаж, гарын үсэг зуруулаад хэргийг шууд прокурорт шилжүүлсэн, Зургадугаар сарын 8-нд прокурор яллах дүгнэлтийг нь танилцуулсан. Өмнө мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтээ дахин тавьсан авч "Яллах дүгнэлт үйлдсэн учраас таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй" гэж хэлээд 10-нд дахиж засварласан яллах дүгнэлтийг танилцуулаад 12-нд шүүхэд шилжүүлсэн. Ийм л зүйл болсон юм байна. Мөрдөн байцаагчийн шилжүүлсэн 40 хуудас хавтаст хэрэгтэй танилцаад 80 хуудас яллах дүгнэлт бичихэд прокурорт тавхан хоногийн /дундаа хоёр хоногийн амралтын өдөртэй/ хугацаа орсон гэсэн үг. Өөр тохиолдолд, жирийн үед бол ийм хэмжээний хавтаст хэрэгтэй танилцаж, мөн тэр хэмжээний яллах дүгнэлт бичихийн тулд прокурорт дор хаяж нэг сарын хугацаа шаардагдлагтай тухай прокурор асан хэлсэн байна лээ.
Товчхондоо хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, яллах ажиллагаа маш хурдан хугацаанд хийгдэж дууссан гэсэн үг. Магадгүй энэ нь тохиолдлоор “маш өндөр түвшинд хийгдсэн” мэргэжлийн ажиллагаа байж болох ч тохиолдлын биш байсныг нотлох өөр нэг баримт сүүлд гарч ирсэн билээ.
Тодруулбал, саяхан олон нийтэд ил болсон ҮАБЗ-ийн гэрээт ажилтан гэгдээд байгаа нэг хуульчийн компьютерээс олдсон “Б.Баасанцогтын Шүүхийн сүлжээний ТӨЛӨВЛӨГӨӨ” гэх материал. Тэнд “Б.Хурц нарт холбогдох хэрэг” гэх гарчигтай схем дотор “Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 8. Шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, эсхүл шүүхийн харьяаллыг өөрчлөх. Эрүүдэн шүүсэн нөхцөл тогтоогдвол С.Зоригийн хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож дахин сэргээх” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа энэ хэргийг гаргаж тавьсан болон мөрдөн шалгасан, шүүхээр шийдвэрлэсэн нөхцөл байдал нь бүгд урьдчилан зурагдсан төлөвлөгөөний дагуу явжээ гэсэн үг. Төв аймагт болсон шүүх ажиллагааны гадаа Улаанбаатараас хүмүүс зөөж, зохион байгуулалттайгаар жагсаал цуглаан хийсэн, шүүгчдийг “Хонгилын шүүгч нар” хэмээн цоллож, хэргийн холбогдогч нарт ял өгөхийг тулган шаардаж байсан энэ тэр ч мөн адил. Тэгээд шүүхээс хүчээр ял өгүүлсэн. "Хүчээр" гэсний учрыг хожим өгүүлэх болно.
Сонирхолтой нь, Ц.Нямдорж сайдын задалсан бичлэгт гарсан, хорих байранд гаднаас хүн оруулсан, хэргийн сэжигтнүүдийг дарамтлуулсан, түүнд оролцсон ШШГ байгууллага буюу хорих ангийн ажилтнууд, хорихын дарга нараас нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. Шүүх хуралд бүгд гэрчээр оролцсон байдаг юм.
Уг нь бол хорих ангид хүний эрх зөрчигдсөн буюу одоо яригдаад байгаа эрүүдэн шүүлт, эсвэл хууль зөрчсөн ямарваа үйл ажиллагаа гаргахгүй байх үүрэг нь тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг. Гэтэл тэдгээр нөхөд бүгд “Бид мэдэхгүй, энэ хүмүүс ингэ гэсэн учраас бид хийсэн” гээд мөрөө хавчаад гэрчээр суусан. Тэр тусмаа тэднийг тэг ингэ гэсэн өгсөн зааварчилгаа, бичгээр өгсөн тушаал, шийдвэр огт байхгүй байхад байхгүй тушаалыг сайн дураараа биелүүлсэн байдаг. Хууль бус гэдгийг нь мэдсээр байж хуулиа зөрчсөн гэсэн үг.
Тийм болохоор хэрвээ эрүүдэн шүүсэн ажиллагаа болсон гэж үзвэл үүрэг хүлээсэн, гүйцэтгэсэн бүх хүмүүс ав адилхан хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яг гардан хийсэн нөхөд нь гэмгүй болж үлдээд, камер суурилуулаад ажиглалт хийгээд сууж байсан тагнуулын ажилтнууд ялыг нь үүрсэн байдаг юм. Тийм учраас давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч нарын дунд эрүүдэн шүүсэн ажиллагаанд оролцсон гол оролцогчид буюу гардан гүйтэтгэсэн хүмүүс, хорин ангийн дарга, ажилтнууд байхгүй байна” гээд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг юм.
Дээд шүүхийн шийдвэр хэний захиалга вэ?
Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс ял өгсөн зүйл анги нь “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн” буюу “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан” /2002 оны Эрүүгийн хууль. 133 дугаар зүйл./ “Эрүү шүүлт тулгах” буюу “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” /2002 оны Эрүүгийн хууль. 251 дүгээр зүйл/ гэдэг заалт.
Бүр тодорхой хэлбэл энд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй холбоотой гэмт хэргийг бүрэлдэхүүн байхгүй. Тийм учраас сая УДШ-ээс ял оноохдоо хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2017 онд хуульд шинээр оруулсан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” /Эрүүгийн хуулийн 21.12/ гэдэг зүйл ангиар ял оноосон байдаг юм.
Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэггүй. Хэрэглэдэг ганцхан тохиолдол нь тухайн гэмт хэрэгт заасан ял хариуцлагыг шинэ хуулиур бууруулсан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Гэтэл сая УДШ гэмт хэрэг үйлдэгдэгдэх үед Эрүүгийн хуульд огт байгаагүй, сүүлд шинээр оруулж ирсэн гэмт хэргийн зүйл ангиар Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт ял оногдуулсан байдаг юм. Нөгөө шүүхийн системийн “оройн дээд” болсон Дээд шүүх нь өөрөө хуулиа зөрчиж эхэллээ.
Өмнө нь С.Баярцогтын хэрэг дээр шүүх бас ингэж ажилласан. Эхлээд "Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авилга авсан" гэж гүтгээд тэр нь нотлогдохгүй болохоор ХОГ байгуулахаас өмнө “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг худалдаж авсан нь "мөнгө угаах", "үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэмт хэрэг гээд 10 жилийн ял өгсөн. Гэтэл 2009 онд Оюутолгойн ХОГ байгуулах үед Эрүүгийн хуульд "мөнгө угаах", "үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэмт хэрэг гэж байгаагүй, 2017 онд УИХ-аар баталсан хуульд шинээр орж ирсэн байдаг юм. С.Баярцогт хэрвээ тэр үед энэ хувьцааг худалдаж авснаар арван жилийн дараа эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэж мэдсэн бол авахгүй л байх л даа. Даанч цаг хугацааны машинд суухгүй л бол мэдэх боломжгүй юм. Жар, далан жилийн дараа хүн төрөлхтөн өөрийх нь үйлдсэн цуст хядлагын түүхийг жигшин уншина гэж Сталин өөрөө мэдсэн бол түүх ч гэсэн арай өөрөөр эргэх байсан биз.
Хоёрдугаарт, шүүх зөвхөн прокурорын бичсэн яллах дүгнэлтэд үндэслэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоодог болохоос биш, “Шүүгдэгч ийм төрлийн гэмт хэрэг үйлдээгүй юм шиг байна, харин тийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн юм шиг байна” гэж хэргийг чиглүүлэх маягаар ял оногдуулдаггүй. Товчхондоо хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эрхгүй гэсэн үг. Түүнийг хуулиар хориглодог. Гэтэл УДШ хуулийн ийм олон зөрчилтэй шийдвэр гаргасан нь анхнаасаа энэ хэргийг “зохиосон” буюу яллах ажиллагаа нийтэд ил болсон төлөвлөгөөний дагуу явж байна гэж үзэх бас нэг нотолгоо болов. Шүүхийн шийдвэр гарсан цаг үе, нөхцөл байдал ч гэсэн өмнөхтэйгээ яг адил. Сүхбаатарын талбай дээр Т.Чимгээгийн ах өлсгөлөн зарлаж, Ц.Нямдорж сайдтан эргэж тойрч, эвийлж хөөрхийлсөн шиг...
Хөтлөгч Г.Эрдэнбат прокуророос асуусан байдаг юм. “Таны хэлснээр С.Зоригийн хэргийг шийдсэн, шүүгдэгчдийн гэм бурууг нотолсон нотлох баримт хангалттай байгаа. Гэтэл та одоо энэ хэргээс холдсон, хэргийг нотолсон гүйцэтгэх ажиллагааны баримтууд нууц хэвээрээ үлдсэн. Тэр материалыг хэн нэг нь устгачихвал яах вэ? Та юунд найдаж байна вэ?" гэж асуухад Г.Эрдэнэбат “Ямартай ч би хуульч хүн. Эцсийн цэг хүртэл би хуулинд итгэнэ” гэж хариулсан байдаг юм. Г.Эрдэнбат хуульд итгэсэн ч шүүхэд хууль үйлчилсэнгүй...
Ленин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
zochin
Зочин
guest
зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
BAATAR
BAATAR
Зочин