ГАЗАРЗҮЙН ХҮЧ
Австрали Антарктидаас хэлтэрч хойш хөвсөөр ердөө 35 сая жилийн өмнө арал болсон түүхтэй. Одоо харин Индонезтой мөргөлдөх зам дээр байгаа боловч хоёр орны иргэд санаа зовох зүйлгүй бөгөөд учир нь тус арал тив жилдээ долоон сантиметрийн хурдтайгаар хойшилж байгаа тул мөргөлтөд бэлтгэхэд хэдэн зуун сая жилийн хугацаа байна.
Австрали хачин зэлүүд байрлалтай. тэгснээ одоо томорч, гол байр суурийг эзлэх болсон. Яаж ийм зүйл болов? Доорх газар нь арал боловч бусадтай ямар ч төсгүй арал. Асар том – халуун бүсийн ой, элсэн цөл, хээр тал болон цаст уулсыг багтаасан бүхэл бүтэн тив гэгдэх том арал. Брисбэнээс Перт хүртэл машинаар аялахад та нэг улсыг туулах боловч Лондонгоос Франц, Бельги, Герман, Австри, Унгар, Серб, Болгар, Турк, Сири улсуудаар дамжин Бэйрүт хүрэхэд мөн адил зайтай.
Хачин зэлүүд гэдгийн хувьд Брисбэнээс зүүн хойш Номхон далайг гатлан АНУ-ын эрэг хүртэл 11.500 км, зүүн тийш Өмнөд Америк хүртэл 13.000 км, баруун тийш Энэтхэгийн далайгаар Африкийн эрэг хүрэхэд 8.000 км зайтай. Австралийн хөрш болох Шинэ Зеланд баруун урагшаа 2.000 км-ийн тэртээд орших ба тэндээс цаашлаад Антарктид хүртэл дахиад 5.000 км ус байгаа. Зөвхөн умар тийш харсан тохиолдолд бид Австралийн жинхэнэ байрлалыг геополитикийн агуулгаар ойлгоно. Өрнөдийн чиг баримжаатай, асар том газар нутагтай, тэргүүний ардчилсан улс орших атал дээр нь хамгийн ойрын эдийн засгийн холбоотон, дэлхийд хамгийн хүчирхэг цэрэг зэвсэгтэй диктатур болох Хятад улс байрладаг. Энэ бүхнийг нэгтгэвэл та XXI зууны эдийн засгийн төв болох Энэтхэг-Номхон далайн гол дунд байрлалтай үндэстэн улс/тивийг олж үзэх болно.
Австрали Антарктидаас хэлтэрч хойш хөвсөөр ердөө 35 сая жилийн өмнө арал болсон түүхтэй. Одоо харин Индонезтой мөргөлдөх зам дээр байгаа боловч хоёр орны иргэд санаа зовох зүйлгүй бөгөөд учир нь тус арал тив жилдээ долоон сантиметрийн хурдтайгаар хойшилж байгаа тул мөргөлтөд бэлтгэхэд хэдэн зуун сая жилийн хугацаа байна.
7.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Австрали дэлхийд зургаа дахь том улс юм. Орчин үеийн Австралийн үндсэн хэсэг нь зургаан муж улсаас бүрдэнэ – хамгийн том болох Баруун Австрали муж тивийн газар нутгийн гуравны нэгийг эзлэх агаад Европын бүх улсыг нийлүүлснээс том. Цаашлаад газар нутгаар жагсаавал Күинслэнд, Өмнөд Австрали, Шинэ Өмнөд Вэлс, Викториа болон Тасманы арал орно. Мөн хоёр хязгаар бий – Умард хязгаар ба Австралийн нийслэлийн бүс. Түүнчлэн олон жижиг газар нутаг байдгаас тоочвол Кокос арал, Зул сар арал зэргийг дурдаж болно.
Австралийн амьдрал олон хүндрэл бэрхшээл дагуулдаг. Арал болж хувирснаас хойш хүмүүс ирэх хүртэл (60.000 орчим жилийн өмнө) Австралид өөрийн онцлогтой амьтдын аймаг үүсэж хөгжих хангалттай хугацаа өнгөрсөн юм. Олон амьтан таныг хазах, хатгах, хордуулах хүсэлтэйг харгалзан үзвэл тэд хүн үзэгдсэнээс 30.000 жилийн дараа нийт тивээр тархан амьдрах болсон нь гайхалтай.
Дүрвэж зугтахад илүү бэрх зүйл бол газар ба уур амьсгал. Тивийн газар нутгийн ихэнх хэсэг нь өргөн уудам хуурай тэгш тал бөгөөд нутгийн ердөө 6 хувь нь далайн түвшнээс дээш 600 метр өргөгдсөн байдаг. Тивийн хувьд элсэн цөлөөс эхлээд халуун бүсийн ой, цаст уулс гэх мэт уур амьсгал ба гадаргуугийн маш олон төрөлтэйгөөрөө ялгардаг. Гэхдээ тивийн талбайн 70 орчим хувийг буйд нутаг гэгдэх ихэнх хэсэгт нь хүн амьдрах боломжгүй газар эзэлнэ. Дотоод нутгийн томоохон тэгш тал ба элсэн цөлд зундаа голдуу 38оС хүртэл халах ба ус байхгүй. Хэрэв танд эвгүй зүйл тохиолдвол хэн ч туслахаар ирэхгүй, авралгүй асар уудам орон зай үргэлжилнэ.
1848 онд Брисбэнээс гарч, Пөрт хүртэл тивийг хөндлөн гулд туулах оролдлого амжилтгүй болж, аяллын багийн ахлагч Людвиг Лэйкхардт ба гишүүд болох долоон хүн, тэдний дотор газарчилж явсан уугуул хоёр иргэн, 50 одос, 20 луус, долоон морь хийгээд өч төчнөөн тоног хэрэгсэл ор мөргүй алга болжээ. Аугаа буйд нутаг олон нууц хадгалж буйн дотор Лэйкхардтын хувь заяа багтана. Түүнийг өнөөг хүртэл хайсаар байна.
Мянга мянган жилийн турш газарзүй хүний үйл ажиллагаа явагдах ёстой газрыг тулган хүлээлгэсээр ирсэн. Уугуул иргэд буйд газраа эргэж тойрох заншилтай бол шилжин суурьшигчид эрэг хавийг бараадахыг илүүд үзсэн агаад энэ уламжлал одоо ч хадгалагдсаар байна. Суурьшлын цэгүүдийн байрлал Брисбэнээс эхэлж, зүүн эргийн дагуу хавирган сарны хэлбэр үүсгэнэ: эргийг ороон Сиднэй, Канбэрра, Мэлбүрн хотуудаар дайран уруудаж, өмнөд эрэгт Адилэйд хотод хүрдэг. Барууныг чиглэсэн хавирган сарны дагуу дагуул хотууд, захын хороолол үргэлжилж, нутгийн гүн рүү 320 км орчим зам гаргах ба улмаар уулсыг даван хэт алсын нутагтай залгана. Яг эсрэг талын баруун эрэгт Пөрт хот орших ба тэртээ хойно Дарвин бий – гэхдээ энд хүртэл хүн ам нь эргийн бүс рүү татагдан суудаг. Бараг энэ хэвээр үлдэх байх.
Нэгэн зууны өмнө Сиднэйн их сургуульд газарзүйн тэнхимийг үндэслэгч Гриффит Тэйлор Австралийн газрын гадаргуугийн улмаас тус улсын хүн амын тоо 2000 он гэхэд 20 саяар хязгаарлагдана хэмээн нотлоод эгдүүцэл шүүмжлэлтэй тулгарч байжээ. Тэрээр Австралийн элсэн цөлд байнга оршин суухад хэрэггүй газар хэмээн мэдэгдэж зүрхэлсэн “эх оронч бус хүн” юм. Хэвлэл мэдээлэл “Жэрэмигийн гоншигнол!” хэмээн орилолдсон бол “тэнгисээс гялалзах далай хүртэл” өргөжих ёстой гэж үздэг улс төрчид “Экологийн детерминизм” хэмээн үглэлдэв. Түүний ч зөв, нөгөө талаараа тэдний ч зөв байлаа. Өнөөдөр хүртэл Сиднэйгээс Дарвин буюу Пөртийг зорин 3.200 км нисэх замд ганц ч хот үзэгдэхгүй. Хүн амын 50 шахам хувь нь Сиднэй, Мэлбүрн, Брисбэн гэх гуравхан хотод оршин суудаг. Энд Мөррэй-Дарлинг мөрний сав газар оршдог нь тохиолдлын хэрэг бус.
Тус улсын олонх гол мөрөн улирлын шинжит урсгалтай учир усан замын холбоо хэзээ ч хөгжлийн чухал хэсэг байгаагүй. Тивийн бүх гол мөрний усны цутгал Хятадын ганц Хөх мөрний жилийн цутгалын талд ч хүрэхгүй. Хэрэв Тасман арлыг эс тооцвол Австралийн байнгын урсгалтай голууд зөвхөн зүүн ба баруун өмнөд бүсэд оршдог. Тэдгээрээс хамгийн том нь Мөррэй мөрөн ба түүний салаа Дарлинг гол юм. Австралийн Альпын хайлсан цасны усаар тэтгэгддэг Мөррэй мөрөн өмнөд эрэг хүртэл 2.500 км тасралтгүй урсах хангалттай усны нөөцтэй аж. Зарим хэсэгт нь усан онгоц хөдөлгөх боломжтой агаад Мөррэй-Дарлинг мөрний сав газрын сувдан шигтгээ гэж нэрлэдэг. Гэвч далай талаасаа усан тээвэр боломжгүй тул бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хязгаарлана. XIX зуунд голыг өгсөн худалдаа эрхэлж байсан авч хур бороо хомсдолтой үед жижиг хөлгүүд урсгалын дээрх булан тохойд гацдаг байжээ. Гэсэн хэдий ч Мөррэй-Дарлинг системд австраличуудын олон үеийг тэжээж, ундаалсан үржил шимтэй газар багтаж байна. Ийм нутаг байгаагүй бол анхны шилжин суурьшигчид эрэгт газардах нь юу л бол.