ШАХААНЫ БАРЬЦ УУ? ШАТРЫН ӨРӨГ ҮҮ?
Бямбасүрэнгийн Шаравын "Сэрсэн тал"-ыг сонсонгоо цаг төрийн явдлыг эргэцүүлэхүй...
Оросын Төрийн Думыг бүрэлдүүлдэг энгийн математик загварчлалаар монголын сонгууль болох цаг туллаа. Монголчууд энэ удаа 14 дэх сонгуулиа өгнө. Ардчилсан, эрүүл саруул харагдах системээр ч дарангуйлал тогтож болдог гэдгийг хойд хөрш харуулсан. Одоо тэр замаар замнах эсэхээ монголчууд шийдэх болно.
Гурав хоногийн дараа 3.5 сая монголоос нэрээ дэвшүүлэх зориг гаргасан 1340 хүнээс хүмүүс шууд болон шууд бусаар шигших болно. Өмнөх сонгуулиудын туршлагаас харахад пропорционал системээр явагдсан сонгуулиар хүч ойрхон парламент бүрэлддэг. Тэрхүү жишгээс ч энэхүү сонгууль төдий л холдохгүй нь нэр дэвшигчид тойргоо санд мэндхэн тойрсон хоёр долоо хоногт тодорхой харагдаж байна. Гэвч түүхэнд “хэрвээ” гэж үгүйн адил ирээдүйд “заавал” гэж үгүй.
Нам үл хамааран авлигачидтай тэмцэж байгаа хэмээн чанга ярьж яваа ч үр дүн огтоос гаргаагүй Ерөнхий сайд ард түмнээсээ тусламж гуйгчийн дүрээр ухуулгаа хийсээр. Түүнийг шударга ёсны баатар болгох даалгавартай багууд идэвхтэй ажилласаар сонгуулийн үүр цайлгана. Баатар төрүүлэх багууд 20 жилийн өмнө мальс мальс инээсээр манай зурагтаар гардаг байсан Н.Энхбаяр дарга ч атаархам эрчтэй ажилласаар байгаа атал намынх нь рейтинг 20 хувь хэмээх ховсын тооноос өндийхгүй нь. Хэтэрхий удаан засагласан, хэтэрхий их итгэл найдвар хүлээсэн эрх баригчдад “ард түмэн” хэмээх хийсвэр, орчуулгын модон үгнээс өөр тулах таяг үлдсэнгүй. Дөрвөн жилийн өмнө өнөөгийн Ерөнхийлөгчийг шударга ёсны баатрын дүрээр харж сонголтоо хийсэн өнөө “ард түмэн” хэмээх нийтлэг нь одоо “баатар”-аас залхжээ. Магадгүй "ард түмэн" манай, танай болж цэц булаалдахаас, намын батлахаар л ялгагдах төдий нэг довны хүүхдүүдтэйгээ дөрвөн жилд гурван удаа яс горьдсон нохой шиг яр цур хийлцэхээс залхжээ. Өгдөг мөнгөнөөс нь ч залхаж, хэлдэг үгнээс нь ч залхаж.
Монголын дайсан хэн бэ? Эрх баригчид монгол монголынхоо дайсан уу гэж эрхгүй бодохоор хүчилсэн тархи угаалт хийсээр удлаа. Монголын хөгжлийн дайсан чухамдаа 34 жилийн өмнө хувьсгал удирдсан, ханиа барагч, ижлээ идэгч нэгэн намхан этгээд хэмээсэн суртал ухуулгаараа айл бүрийн хойморт орж суусан ч хүн зоны бодолд нэвтэрч чадсангүй. Найман жилийн дампуу засаглалаасаа "Ард түмэн"-ийхээ анхаарлыг сарниулж шидсэн чулуу нь хол ниссэнгүй. "Ард түмэн" хоёр ч удаа дэмжиж Ерөнхийлөгч болгосон сонголт руу нь нулимж буйгаа ердийн математикийн үүднээс ч тооцоолж үзээгүй нь шинэ баяны цээж өвчин үү, ширэн нүүртний улайрсан агсамнал уу? Ялгахад нэн бэрх. С.Зориг хэмээх эрхмийн үзэл санаа, үйл хэрэг байтугай, нэр, дүрийг нь ч үл мэдэх шинэ үе өсөж торниод, өнөөдөр улаан халзтай хэсгийн хороодыг зорин саналаа өгөх гэж байгааг бодож тооцоолж үзсэн л байгаа даа гэж гайхсан хүн ганц надаар тогтохгүй вий.
“20 50” гэдэг тоо “хорь тавь” гэж ойлгогдохоор шоронжсон, эрүүжсэн тархи угаалтын үр дүнд монгол хүмүүс шүүхдээ итгэх үү, нэгэнт ял авсан этгээдүүдийн үгэнд итгэх үү гэдгээ мэдэхээ байв. Энэ бол төрийг бүрэлдүүлэгч байгуулалтуудыг зориудаар хагаралдуулах, нийгмийн суурь бүтцийг ганхуулах аюул тээсэн атгаг алхам байв. Ингэж улс орноо, түүнийг бүрэлдүүлэгч хүмүүсээ талцал, үл ойлголцол руу түлхэж байж ялсан нэр зүүгээд ч яах юм гэж бодогдох. Намаас нь туурга тусгаарласан намын эсрэг эрүүгийн элемент яриулахдаа тулав. Хэзээ монголын улс төр ингэтлээ шоронжчихов оо? Эртний түүхт төртэй Монгол Улсад яагаад эрүүгийн гэмт хэрэгтнүүд зурагтын дэлгэц эзлээд шударга үнэнийг номлож суудаг болчихов оо?
Ерөнхий сайд болон өмнөх, одоогийн Ерөнхийлөгчдийн гарт улс төрийн гол хөзөр атгаастай байгаа нь хэн ч харсан ил байна. Үүнийг нь өлхөн олоод харчих алсын биш гэхнээ ойрын хараа хүмүүст байхгүй гэж хэн хэлээд байгаа юм? Хаширсан гэвэл чухам л монголын сонгогчид хаширсан бус уу? Ах дүүсээрээ жижиг дунд үйлдвэрийн зээл авсан нь нийтэд цацагдсан этгээдүүд, Хөгжлийн банк, нүүрсний хулгайчид нүүрээ нэг сайн угаагаад, “ард түмэн” хэмээн орилсоор тайзан дээр гарахад хүмүүс итгэж сонгоно гэж хэн батлаад байгаа юм? Ханш нь өдрөөр биш цагаар унаж буй төгрөгөөр үр хүүхдийнхээ ирээдүйг энэ удаа ч бас арилжчихна гэж ямар Маркс, Энгельс нь сургаад байгаа юм?
Хүмүүсийг хөөргөн хуурч, нам дамнасан улс төрийн хуйвалдааны засаг байгуулаад гэмээ далдалж, зэмээ хоохойловч цагийн үнэнд хэзээ нэг өдөр гүйцэгдэх нь үнэн. Илт тодорхой энэ үнэнийг сөрж, яг л хойд хөршийн Ерөнхийлөгчийн жишгээр Үндсэн хуулиндаа ахин гар дүрж, эрх мэдлээ сунган тоглож болно хэмээн бодож чадаж байгаа нь жигшүүртэй. Энэ бол чадаж байгаа юманд арга байхгүй гэж бахархан шүлсээ гоожуулах сэдэв биш. Үүний цаана 34 жилийн шиг өмнөх нэг орноос хараат дарангуйлагчтай, тоглоомын улс болох бодит аюул заналхийлж буй. Эдээрээ тоглож, нүүрсээ хулгайлж болно. Эрх чөлөөт нийгмийн суурь зарчмаараа тоглож болохгүй. Үүнийг засахын тулд цус асгаруулалгүй хийсэн хэмээн бахархдаг хувьсгал ахин илүү хилэн, хилэнц дагуулан ирэх болно.
Түүх давтагддаг гэдэг. Эхнийх нь эмгэнэл, удаах нь гутамшиг болж дуусдаг ч гэдэг. 2008 оны 7 сарын 1. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард түмний тэмцлийг цус асгаруулан дарсан. Тэр үед монголд улс төрийн тэмцэл, талцал гаарч байв. Нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, нэг талд хуйлран гүйлдсэн хэвлэл, эрх барьж байгаа атлаа л “нийгэмд шударга ёс” хэмээн даналзсан нэгэн нам. Намын толгойд ард түмний итгэлээр сонгогдоогүй, ордны хуйвалдаанаар гарч ирсэн Ерөнхий сайд. 2008-2024. 16 жилийн дараах арай л дэндүү гэмээр олон давхцал. Эрх баригчид бодлогын өрсөлдөөнийг улс төрийн улайрсан талцал болговол эгдүүцсэн хүмүүсийн түрхрэлт юунд хүргэдгийг бид хангалттай харсан. Хэрэв эрх баригчид хяналтаа алдсан бол сөрөг хүчин нь хяналтаа алдаж огт болохгүй. Хэрүүлийн үеэр ухаантай нь амиа хамхидаг гэж үг бий.
Энэ бүхний эсрэг талд гуравдагч хүчний дүрд тоглож байгаад, энэ сонгуулиар бодитой улс төрийн хүч болох зорилготой ХҮН нам идэвхтэй тоглолт хийсээр байна. Амбицдаа тэлэгдэлгүй Засгийн газраа урьдчилан зарлаж чадсан нь тэдний сонгуулийн кампанийн оргил байлаа. Нийт сонгогчдын 60 гаруй хувь нь сонгуул өгөх эсэхээ ч, хэнийг дэмжихээ ч эрс шийдээгүй хөвөгч масс болчихсон улс төрийн орчинд хаяж болох хамгийн сайн мессеж ч байж болох.
Харин Ардчилсан нам хаана байна? Эрх баригчдын эрээ цээргүй дайралтын эсрэг Ардчилсан нам энэ тэнцүү хүч гаргасангүй. Урьд өмнөх 13 сонгуультай харьцуулахад ч хамгийн нам жим сонгуулийг өнгөрөөж байна. Арайхийн цэнхэр туган дороо нэгдэж, амь мөлтөс нэр дэвшигчдээ бүртгүүлсэн байлаа ч арай л дэндүү нам гүм байгаа нь магадгүй өрсөлдөгчөө ч гайхшруулж буй биз. Ардчилсан нам тавын даваанд нутгийн хүүгээ амлачихаад дуртай дургүйхэн барилдааны талбай гололж яваа хөгшин аваргыг санагдуулам нам гүмхэн байна. Арай найраа хийчихээгүй байгаа гэж дэмжигчдийнх нь зүрхэнд шар ус хурмаар энэ нам гүмд ямар шалтгаан байна?
Ардчилсан намын сонгуулийн уриа тун ойлгомжтой. “Алдагдсан найман жилийн алдааг засна”. Өнгөрсөн найман жил бол Монгол Улсын хувьд алдагдсан цаг хугацаа гэж тэд дүгнэсэн нь ойлгомжтой. Тэр цаг хугацааг ухрааж болохгүй ч алдаагаа засаж болно. Товчхон бөгөөд ойлгомжтой асуудал. Харин гол өрсөлдөгчийнх нь “Ард түмэн ялна” гэх уриа олон асуулт дагуулна. Өмнөх хоёр сонгуульд тэгээд хэн ялсан хэрэг вэ? Тэр үед ч ард түмэн санал өгөөгүй хэрэг үү? Ердийн энэ асуултанд тарж одсон шударга ёсны тавал, шүүр, шүгэл мэтхэнээр хариулах нь нэг л наалдацгүй.
“Чи миний тухай худлаа ярихаа больвол, би чиний тухай үнэнийг ярихаа болино” гэх Оливер Стоүний алдарт үг чухамдаа энэ бохир өрсөлдөөнд Ардчилсан намын барих өнцөг байв. Үнэндээ эрх баригчдын тухай үнэнийг яриад явахад л ямар ч давс хужир, эвлүүлэг хэрэггүй хар пи ар болчихмоор. Гэвч тэднээс С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёр квот булаалдсан, нэр дэвшигч залуус жагсаалтаа чамлаж гүйснээс өөр сүйдтэй чимээ гарсангүй.
Сөргөөр харвал Ардчилсан нам барьцаалагджээ. Барилдаан эхлэхээс аль өмнө баруун хөлөө өгчихөж. Одоо өрсөлдөгч нь аяархан унагаасай гээд л хярж зогсоо бололтой. Энэ үнэн бол үндэсний хэмжээний улс төрийн институци, хүмүүсийн үзэл санаа, бодит дэмжлэг дээр өндийн боссон улс төрийн брендийг дэндүү хямдхан дэвсэж өгсөн хэрэг. Гэвч Ардчилсан намыг бүрэлдүүлэгч улс төрийн хүчнүүд, тэдний ард байх ашиг сонирхол, үзэл санаа нь үүнийг зөвшөөрөх уү? Ухуулагчийн мөнгөтэй, мөнгөгүй тараах материалаа аваад гараад шидчихдэг партизанууд, суурь дэмжигчид нь барьцаалагдлаа юу? 10 гаруй аймаг, сумдын олонхид засаглаж байгаа анхан шатны нэгжүүд нь тохироонд орох уу? Тэд ажиллаж, нэр дэвшигчээ өрсөлдөөнд байлгаж л таарна. Эндээс эерэг тайлбар ургана.
Эерэгээр харвал Ардчилсан нам хүлцэж байна. Өөрийнх нь хүчээр өрсөлдөгчөө туйлдуулахыг хичээж байна. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр чимээгүй өрсөлдөх, чимээгүй тэмцэх, тойрог бүр, нэр дэвшигч бүр алдаа засах тухай энгийн зорилгоо ярьж, бодит байдлыг ард түмэнд ойлгуулах тактик баримталж байгаа нь сонгууль маргааш нөгөөдөргүй болсон энэ өдрүүдэд хэн бүхэнд тодорхой болжээ. Энэ намаас энэ удаа гал гарсан хэрүүл, нэр дэвшигчдийг зүслэж, зүхсэн арааны шүлс асгаруулам ховын суртал нэвтрүүлэг лав хүлээлтгүй нь тодорхой боллоо. Хачин юм шүү. Ингэж сонгуульдана гэж байх уу?.
Хэтийдсэн их бохир мөнгө, тархи угаалтын машин болтлоо жижгэрсэн дөрөв дэх засаглалыг сөрөх сүүлчийн арга ийм байж болох. Туйлшралд туйлдаж, талцалд талхиулсан хүмүүст хүрэх хамгийн зөв тактик ч энэ байж болох. Энэ өнцгөөс харвал монголд наадмын бөх шиг жалга довоороо талцсан хэрүүлийн алимтай сонгууль биш, бодлогын өрсөлдөөн болох эхлэл тавигдаж байж ч болох юм. Сонгууль, наадам хоёроо ялгаад сурчихвал төр, шорон хоёр нь ялгарч мэдэх.
Сөрөг дүгнэлт маань хэтийдсэн эсэх, эерэг дүгнэлт маань оносон эсэх нь гуравхан хоногийн дараа тодорхой болно. Эцсийн хариуг хүмүүс өгнө. Баян тарган, ядуу ард, коммунист, либерал хэнбугай ч ялгалгүй хэн төр барихыг шийднэ. Тэр нь хэн нэгний урьдчилан зурсан хорын гортигт унах эсэх нь 34 жилийн сонгуулийн туршлагатай монгол хүний саруул ухаан мэдэх хэрэг. Шахааны барьц уу? Шатрын өрөг үү? Бас л хүмүүс мэдэх хэрэг.
Улс төрийн өрөг дээр ямартай ч энэ удаа цээжээ дэлдсэн нэг тоглогч, өрсөлдөгчөө ажиглан, аниргүй хярсан нэг тоглогч сууж байна. Сайн ч муу ч энэ бол Монгол орны ирээдүйг шийдэх өрөг.