“Монгол орон бол ардчиллын баян бүрд” гэдэг үгийг одоо бүгд л мушилзан сонсох болжээ. Энэ үг бахархал биш, тоглоом шоглоом шиг сонсогдох болсоор уджээ. Аргагүй шүү дээ. Монгол орон ардчиллын баян бүрд байхаа болиод удаж байна. 

Эдийн засгийн хувьд урд хөршөөс зээлсэн юанийн зээлэндээ живээд удаж байна. Сүүлийн найман жилд популист, дээр нь хулгайн төсвийн цоорхойг нөхөж, өрийг өрөөр дарах гэж улам ч шаламгайлан зээлсэн. Хятадаас зээлээд зам барья, тийм ч юм бүтээе, босгоё гэсэн санаачилга дарга нар маань нүдээ гялалзуулан ярих болсон. Эцэст нь энэ бүхэн 34 жилийн өмнө Оросод төлөх ёстой болсон их өр шиг овоорч, тусгаар тогтнол биш гэхэд геополитикийн хөзөр болох нь цаг хугацааны л асуудал. Авторитар дарангуйлалд албан ёсоор шилжсэн Оросын уламжлалт дээрэнгүй бодлого мөн л сүүлийн жилүүдэд улаан цагаандаа гарах болсон. Элчин сайд нь яг л нэг мужийнхаа тухай ярьж байгаа юм шиг доромжилж суудаг болсон. Эдүгээ шинээр бүрэлдэх гэж буй парламент энгийн математикийн хувьд Оросын төрийн Думын шууд хуулбар. Сонгох зарчим нь ч адил. Сонгогдох тактик нь ч мөн адил. “Единная Росссия” буюу “Нэгдмэл Орос” хэмээх зонхилогч ганц намын гол үүдэл санаа нь орос үндэстний нийтлэг цөм улс төрийн хүчин гэсэн утга. Өөрсдийгөө “ард түмэн” хэмээн нохой шуугиулж яваа эрх баригчдын алхмаас орос ах нарын энэ санааны давжааруулсан хувилбар үнэртэнэ. Ардын нам оросоос явсан ч орос ардын намаас явсангүй. Явах ч үгүй биз ээ. 

Ийм эдийн засаг, улс төрийн нөлөөллийн орчинд монголд ардчилал, эрх чөлөөний тухай ярих нь зүгээр л хийсвэр, дэврүүн яриа шиг сонсогдох болжээ. Ийм л орчинд бид сонгууль өгөх гэж байна. Ахин сонгогдох боломж нь хуулиар хаалттай одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулан энэ удаа сонгогдсон парламентаас дархлан сонгох сэрүүн зүүд саарал ордноор тэнүүчилсээр уджээ. Оросод нэгэн хуучин чекистийн эрх мэдэл, түүний ард нуугдсан олигархуудийн хүслээр дархлагдаж байдаг шиг монголд түүний хуулбар болсон асман хурандаагийн эрх мэдлийг дархлахын төлөө сонголт хийчих вий дээ гэсэн хар сэр ч нийгэмд тэнүүчлэх болжээ. 

Энэ бүхнийг сөрөн зогсох ёстой, эрх чөлөөний өмөг түшиг болох ёстой Ардчилсан нам энэ сонгуульд партизаны дайны тактикаар л өрсөлдлөө. Сумдын тэн хагас, 10 гаруй аймагт Ардчилсан нам ямар нэг хэлбэрээр эрх барьж байгаа. Нийслэлийн намаа жалгын нэг тарааж хаясан ч хөдөөд Ардчилсан нам амьд хэвээр байгаа. Тэнд намын мандат авсан нэр дэвшигчид ёстой л айл бүхнээр орж, “Алдагдсан найман жил” гэж хэлээ эцтэл ярьж, гутлаа эргэтэл явж байгаа. Одоо Ардчилсан намын цагаан захтнуудад тэднийхээ хийж буй партизаны дайныг аль чадахаараа дэмжиж, гараа базлан харж суух хоёр өдөр л үлджээ. 

Томсгосон, томсгосноос томсгосон тойрогт мэдээж хэрэг олны танил, санхүүгийн боломжтой нэр дэвшигчид давамгайлна. Тэд ард түмэнд илүү их итгэл төрүүлсэн гэхээсээ илүү зурсан тоглоомын дүрэм нь өөрөө эзэддээ үйлчлэх болно. Сонгуулийн кампанит ажил өрнүүлж, олон талаар сонгогчиддоо танил болох боломж энэ сонгуулиар шинэ нэр дэвшигчдэд байсангүй. Хувийн онгоц хөлөглөөд ч нэр, нүүрээ танил болгох боломжгүй хоёр долоо хоног өнгөрүүхэн хугацаа. Энэ бол бүх төрлийн хулгай, завшилт шамшигдуулалтад нэр холбогдсон эрх баригчдын өөрсдөдөө зориулан гаргасан, үнэндээ сүүлийн 20 гаруй жилийн турш улс төрд явж, тоглож ирсэн хүмүүсийн амьд үлдэх сүүлчийн мэх нь байсан. Овтой, олонд сайн муу нэртэй хүмүүс сонгогдох болохоос бодлоготой, боловсролтой, хийж бүтээх эрмэлзлэлтэй шинэ дүрх төрх сонгогдох боломжийг чадлаараа хаасан сонгуулийн шийдлээр бид нөгөөдөр саналаа өгцгөөнө. 

Тэгэхээр “багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг сонгоно гэсэн үг. Сү.Батболд нэр дэвшээгүй ч сүүдэрнүүд нь сүүтэгнэж буй, Н.Энхбаяр байхгүй ч хүүхэлдэйнүүд нь хүүдэгнэж буй, Ми.Энхболд байхгүй ч мигуйнууд нь гүйлдсээр буй, аль ч тохиолдолд нам дамжаад олонх болохоор ард нь болхидуухан зураглал гаргачихаад гараа үрэн сууж буй хүмүүсийн бах тавыг хангах сонгууль болох вий гэсэн айдас байна. 

Өмнөх Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгч, мөн Ерөнхий сайд гэсэн улс төрийн хар гурвалжинд монголын төрийг өөрийн идүүр болгосон өлөн цөөврүүд бүгд хошуугаа дүржээ. Тэгээд шударга залуусаар “баг” хийчихээд шүлсээ савируулж сууна. Тиймээс “багаар сонгоё” гэсэн бачтай үгэнд бүү итгээсэй. Хүний цар, үг үйлдэлийг харж, ядаж хэрэг болгон тараасан хэвлэлийг нь ганц өдөр анхааралтай уншаасай гэж хүсэх л үлджээ. 

“Эрх чөлөө” гэдэг бол хийсвэр үзэл санаа биш бодит үйл хэрэг юм. Бидний ирээдүйн баталгаа юм. Үр хүүхэд маань биднээс толгой өндөр амьдрах боломж л юм. “Эрх чөлөө”-г маань басамжлах хүчний эсрэг бид сонголтоос өөр зэвсэггүй юм. Одоохондоо тэр нь бидэнд байгаа юм. 

“Монголын хүний саруул ухаанд итгэдэг” гэж нэгэн өөдрөг хүн хар залуудаа төрсөн дүүдээ захидал болгон бичжээ. Тэр нь монгол хүн бүхэнд итгэдэг гэсэн үг биш, саруул ухаантайд нь итгэдэг гэсэн үг юм. Тийм хүмүүс олон байх болтугай.