Бригадын “өдөрлөг”-т залуу хос Жамц Должин хоёр шар халиун морьд хуарлуулан галгиулж очсон юм. Гэр бүл болмогц нэгдэл балчир хоёрт ахадсан өтгөн сүрэг хариуцуулжээ. Бие дааж хэдэн жил оторлож гүрийсэн хос өрх тасарснаасаа хойш анх удаа хоёул цугтаа алсхан явж олны дунд орж буй нь тэр. Онгон зэлүүд нутгийн соргог бэлчээр хөөдөг оторчин хосод малын хойноос өдөр шөнөгүй зүтгээд зав гарахгүй. Мянга гаруй сүрэг аминых бус нэгдлийнх учир шаардлага чанга.

“Бригадын төв” хэмээх их талын дундахь өнчин цагаан байшингийн үүдээр нар салхинд онгож борлосон малчин хүүхнүүд чихэр хүлхэн хэлхэлдэж, морины уяа хавьцаа эрчүүд дугуйран сууж араандаа зуусан ташуур шиг бүдүүн гаансаа дааж ядна. Жамц Должин хоёр морьдоо уяанаас уях зуур бүх хүний харц өөрсөд дээрээ тусаж буйг мэдэрч ичээд нүдээ сөхөж чадсангүй. Тэр хоёр уяан дээрээс хоорондоо огт хамаагүй танихгүй хүмүүс мэт Должин улаан булангийн үүд рүү хүүхнүүдийн зүг, Жамц уяаны ойролцоо тойрон суусан эрчүүдийн тийш хандав. Тэгээд хэн хэн нь ижилдээ нийлээд сая тайвширч бусдын өөдөөс харц сөхөхтэйгөө боллоо. Олны дунд орж үзээгүй бүрэг ичимхий тэд хүмүүсийн хараанд онилогдоод хоёул ичиж барьц алджээ. Тэгтэл ашгүй бригадад шагналын нэг халуун сав ирсэн сураг гарч “хэнийх нь аз шовойх бол” гэцгээн олны анхаарал тэр хоёроос холдож амраав.

…Хүү бэр хоёрыгоо бригад орж юм үзье гэж шийдсэнд Жамцын аав ээж жигтэйхэн их баярлажээ. Жамц Должин хоёр “Бригадын төв ороход гоёод яах юм бэ, өмсөж байгаа хувцас, тохож буй эмээл, унаж яваа морьдтойгоо явна” гэхэд хоёр хөгшин “Ямар байхгүйн зовлон байгаа биш, байгаа юмыг өдий залуу насандаа эдлэхгүй бол хэзээ эдлэх юм бэ” гэж баярхав. Хоёр шар халиунаа унаж явахыг аав сэдэж, дэлийг сөрмөж өгөөд, хуучин эмээл тохож явах гэсэн хүүгээ зэмлэж шинэ эмээл далдаас гарган угсарч,

-Морь эмээллэхэд учир их бий. Донж намбы нь олж эмээллэвэл моринд нисэх гэж байгаа шонхрын шинж бүрддэг учиртай гэж хуучны хүмүүс захидаг байсан юм. Ер нь энэ дэлхийд эмээлтэй мориноос илүү гоё юм байхгүй биз гэж шинэхэн гэрлэсэн хүү бэрийнхээ морьдыг амьсгаадан байж их л нямбайлан эмээллэлээ. Ээж бэрээ гоёхыг шаардаж бүсийг гурвантаа засаж бүслэв.

Залуу хос гэрийн гаднаас дөрөө харшуулан жавхлантай яа гарлаа. Дөнгөж сая дэлийг зассан ижил хоёр шар халиун хөөрсөн янзтай гоёхон толгойгоо тэнгэрийн хаяа өөд шунхалзуулан тэмүүлэхэд тэр зүгийн цэнхэр уулс ханаран мишэлзэв. Алс отрын нутагт дахь энэ хоёр гэрийн гадаа ямагт олон мал бужигнаж өтөг бууц манарч байдаг тул шороо тоосоо гүвж гангарсан хос хоёр бүр ч содон гялалзлаа. Өвгөн эмгэн хоёр үүдэндээ зогсоод хүү бэр хоёрыгоо харж магнай дүүрэн инээсээр хоцров. Эмгэний нүдэнд нулимс гялтганаж,

-Залуу нас аа гэж. Мөн ч сайхан аа! Урьд чи бид хоёр амины малаа маллаад зав гарвал наргиж даргиж явжээ. Алдаж асгасан ч айх аюулгүй санаа амар. Нэгдлийн сүрэг хариулах өрөнд уначих гээд эрх чөлөөгүй хэцүү ч юм даа чааваас. Хоёр хүүхэд минь ялтай малын хойноос өдөр шөнөгүй зүтгэсээр гоёл байв ч гоёж чадахгүй юм гэхэд өвгөн,

-Өдөр болгон гоёод байвал гоёхын сайхныг мэдэхгүй болчихно. Зүгээр! Хаа нэг гоёх сэтгэл гойд сэргээнэ гэв.

-Одооны хүүхдүүд урьдын бидэнтэй яаж адил амьдрахав дээ.

-Яагаад адил амьдардаггүй билээ? Би хүүгээ яг л өөр шигээ амьдруулах гэсэн юм, болж л байна. Хүү бэр хоёрыгоо чи одоо хар даа. Яг л урьдын чи бид хоёрын залуугийнх шиг байгаа биз дээ. Өтөлсөн хойноо залуу цагаа ингэж дахин харж байгаа нь чи бид хоёрын гол жаргал биш үү хөө. Жамц Должин хоёрын дараа бас дахиад л ач зээ нар минь чи бид хоёрын амьдралыг энэ нутагт давтана. Тэдний дараа бас дахиад л давтана. Харин хөгшин чи нэг хүү төрүүлж өгсөн чинь овоо доо. Хүү бэр хоёр минь яг бид хоёр шиг амьдраг. Чи бид хоёр чинь муугүй амьдраа биз дээ. Аан?

-Муугүй нь ч муугүй л амьдарлаа л даа.

-Үгүй тэгээд л болоод явчихгүй юү. Өөр элдвийн саваагүй юмаар юу хийнэ гэснээ нэлээд хол явчихсан хүү бэр хоёрынхоо хойноос дуудаж,

-Шөнө оройтвол хоноод ирээрэй. Ээж аав хоёр нь хонь малыг чинь алзаахгүй гэж хашгирсан юмсанж.

…Эрчүүд уяан дээр гангарах хоёр шар халиун морь, эмээл хазаарыг шохоорхож байхад хүүхнүүд Должингийн гутал хувцас ээмэг бөлзөг тэргүүтнийг овтож ичингүйрхсэн Должингийн хоёр хацрыг гэрэлтүүлж орхисон нь түүнийг бүр ч хөөрхөн болгочихлоо.

Жамц хүүхнээ царайлаг гэж хэдий мэдэх авч түүний үзэсгэлэн гоог олон хүн ингэж бишрэн шохоорхож байхыг үзээгүй тул сэтгэл нь омогшлоор дүүрч энэхэн азтай мөчид эзгүй хээр малын захад бус өөрийн биеэр энд байсан нь насандаа мартахын аргагүй үнэ цэнэтэй агшин болов. Гэргийн хөөрхөн нөхрийн бахархал болдгийг Жамц олон хүний дунд орсон энэ мөчид хурц мэдэрч онгирсны гадна бас Должингийн үзэсгэлэн бусад харчуулд зөвхөн харахаас цааш ямар ч хүртээлгүй нь түүний сэтгэл зүрхийг бүр бадраалаа. Уг нь Должинтойгоо хоёр шар халиунаа хуарлан хүмүүсийн нүдэнд баахан өртөж энүүгээр тэнүүгээр хөндөлдмөөр Жамцад санагдсан боловч ганц байшинтай бригадын бяцхан төв дээр хаагуур ч гангарах билээ. Сайндаа агентынд очиж тамхи татдаггүй атлаа хөх пүүшиг авах юм биз. Гэтэл агентынх улаан булангаас зуу хүрэхгүй алхмын зайтай байдаг. Иймхэн зайд хоёул ийш тийш тэмүүлсэн морио унаж гайхуулбал бөөн шоонд орно. Бөглүү отрын нутагт Должингийн хөөрхөн хэнд ч мэдэгдэхгүй өнгөрвөл харамсалтай ч юм шиг.

…Кино оройхон тарлаа. Сар саруулхан. Жамц Должин хоёр харихаар хатируулав. Должингийн сэтгэлд үзсэн кино баяр баясгалан авчирсангүй. Гэхдээ уйтгар төрүүлсэнгүй, сэтгэлийг нь нэг л хачин үймүүлчихэв. Киноны учир утгыг гүнзгийрүүлэн бодохуйд заавал өөрийнхөө тухай эргэцүүлэхэд хүрээд болдоггүй. Сарын саруулд салхи сэвэлзүүлэн хатирахад хоёр халиун ялаархсандаа бус гангарч хөөрсөндөө толгой хаялна. 

Должингийн царайлгийг бүх хүн биширч байсанд Жамцын сэтгэл одоо хэр баяссаар. Гэргийнхээ хөөрхнийг өнөөдөр олны дунд орж байж мэдэрч хөөрөөгүй бол Жамц халуун савны шагналд хүрээгүйдээ эмзэглэх байв. Үнэндээ яагаад тэр тодорсонгүйв? Зүтгэлээрээ онцгой залуу. Жамц гэргийгээ байн байн оч тачаал цацарсан хар нүдээр шинжиж “Энэ хөөрхөн хүүхэн намайг хаашаа л бол тийшээ. Тэр муу хятад халуун сав түй чёрт” гэж бодоод бушуухан гэртээ харьж орондоо ормоор яарч морио давирснаа Должингийн хүзүүгээр далбагар нударгатай урт ханцуйгаа тохож,

-Өнөөдөр чамайг хүмүүс бас их харав аа гээд биедээ татаж үнсэв. Тэгснээ инээмсэглэж,

-Хоёулаа одоо дандаа ингэж кино үзэж байна аа гэв. 

Сэтгэл хөөрсөн нөхрийнхөө хажууд Должин дуугарахгүй явах зохисгүй хэмээгээд,

-Тэгнээ гэж хоолой засав.

Гэхдээ киноны утга учир Должинг улам бодолд унагаж, Жамцыгаа киноны тухай ярих бол уу гэж битүүхэн хүлээнэ. Жамц дуу муутай яваа гэргийгээсээ “Даарч байна уу?” гэж асууснаа өөрийн бригадад мотоцикльтэй хүн олон болсныг гайхаж, өөрсдөө мотоцикльтэй байсан сан бол өдийд гэртээ хариад хөнжилдөө орчихсон хэвтээ, түй тэр муу хятад халуун сав гэх зэрэг аахар шаахар юм ам хуурайгүй ярьж явна. Харин Должин үзсэн киногоо бодсоор. Эцэст нь тэр бээр нөхрийнхөө чаличаа яриаг таслахаар киноны тухай асуух гэснээ гэртээ харьж байж тухтайхан хөөрөлдье гэж гамнав.

Тэр хоёрыг харихад аав ээж нь баяртайгаар,

-За зөндөөн сайхан юм үзэв үү хэмээн угтав. 

Хүү бэр хоёр мөн л баяр баясгалантайгаар,

-Төвөөс кино ирчихэж. Үзлээ. Гоёчихсон олон хүн нэг дор цуглахаараа яасан сайхан юм бэ. Хүн болгон л өнгө орчихож гэцгээв. Өөрсдөө авч чадаагүй болохоор халуун савны тухай дурссангүй. Аав ээж нь хүү бэр хоёрыгоо өчнөөн жил оторт сөхөртлөө зүтгээд халуун сав авч чадсангүй гэж харамсана гэж хаширлажээ.

Гэр дүүрэн гэрэлтсэн хүү бэр хоёрынхөө царайлагт хөгшид энэ үдэш бүр ч хөөрчээ. Угсаа залгамжлах хүүхдүүд нь нутгийн чимэг болсонд үхэх дөхсөн хоёр буурай баяссан юмсанж. 

Шөнө нэлээд орой боллоо. Должин хоёр хөгшнийг харихаар гарсны дараа ор дэрээ их л нямбайлан засаж унтахаар хэвтэв. Жамцын сэтгэл өнөө үдэш онцгой хангалуун. Тэр унтахынхаа өмнө юм бодож хэсэг суулаа. Тэгснээ оо сэнгэнүүлэн шүдээ сойздож, нүүр гараа савандаж зөнд нь угаав. Сэтгэл тэнэгэр бие хөнгөн. Амьдрал юутай сайхан. Хөнжилдөө ормогц Жамц лаагаа хийстэл үлээж унтраагаад,

-Халуун саваар шагнуулсан бол манайх аавынхаас тусдаа халуун савтай болчихсон бүр ч гоё байхгүй юу хэмээн Должингоо тэвэрч авлаа. Тэгтэл Должин,

-Жамц аа! Чи тэр киноны тухай юу гэж бодов? гэж асуув. 

Жамц гэнэтийн санаандгүй асуултад жаахан гайхас хийснээ,

-Тэр киноны тухай юу?.. Би тэр киноны талаар нэг их ч бодсонгүй шүү хөө. Харин тэр залуу хүүхэндээ гомдоод, бэлэглэх гэж авч очсон алтан цагаа бяц дэвсчихвээ гэхэд Должин өндийж эгдүүтэй хоёр хөхөө сэрэлзүүлээд,

-За тийм, тэгээд цааш нь яриач гэж шаардав.

Жамц гэргийгээ чанга тэврээд,

-Тэр цаг үнэхээр “нет” болсон байдаг шүү. Нааш нь томруулж харуулахад нь би маш сайн харсан. Бүр юу ч үгүй яйрсан байна лээ. Яг жинхэнэ тийм алтан цаг хэмхэлдэг бол уу, аль эсвэл тоглоомон цаг хэмхэлдэг бол уу?! Эрх биш элэгдэж эвдэрсэн цаг хэмхэлдэг байгаа. Кино оо гэж янзын юм шүү. Яг л цоо шинэ алтан цаг харагдсан даа гээд хөөрхөн Должингоо ноолов.

Должин дуугарсан ч үгүй хөдөлсөн ч үгүй.

2012