Чойбалсан
Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
Барга
Хүрээ хийдээр ирж буцаж байсан барга хүмүүсийн нэгнийх нь хүүхэд маршал Чойбалсан юм. Чойбалсан 1950 онд өөрийн намтраа бичихдээ өөрийнхөө төрсөн эцгийн тухай огт мэдэхгүй гэж их зугтсан байдаг. Тэрээр:
Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бус төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах, дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна.
Нутаг усаараа, олон бүгдээрээ мэдэж байсан эцгийгээ Чойбалсан мэдэхгүй байгаа нь худал болов уу. Асуудлын гол нь юундаа гэхээр ялангуяа гучаад оны эхнээс БНМАУ-нутаг дэвсгэрээс гадуур амьдардаг монголчууд төдийгүй хил даван ирж суурьшсан бусад монголчуудыг элдвээр хардан дайсанд тооцож эхэлсэн. Хилийн наана цаана буй буриадуудын эсрэг 1934 оны их хядлага үүний нэг жишээ юм. 1937-38 оны хядлагын үеэр хил даван нүүж ирсэн хасаг, буриад, үзэмчин, барга, цахар нарын эсрэг гаажтай явуулга хийн Японы тагнуулаар зарлаж байлаа.
Тэр дундаа баргуудыг онцгойлон үзэх хэдэн шалтгаан байв. 1911 оны хувьсгал, тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийн оройлогчид нь Барга ба Халх байсан. Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн нар Баргаас Хүрээнд ирж энэ тэмцлийг голлон толгойлж байв. Богдоос баргуудад газар заан өгсөн нь өнөөгийн Төв аймгийн урд сумд. Тэд “Ээж хад” гэх шүтээнээ авчирч хүртэл байрлуулсан байдаг. Барга нь 1947 онд Маогийн коммунистуудын шийдвэрээр Өвөр Монголтой нэгдсэн болохоос өмнө нь тусдаа нэгж байжээ.
Цаг өөр болж Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд баргуудын байгуулсан гавъяа дайсагнал болж хувирлаа. 1934 онд буриадуудын эсрэг хядлага үйлдээд ирэхээр тэдний нэлээд нь зүүн тийш хил даван Барга руу дүрэвжээ. Гурван улсын хил дамнасан тагнуулын том сүлжээ үүсч хэмээн Лхүмбийн гэх хэргийг томъёолсон билээ. Зүүн Хойд Хятадад япончууд Манж Го хэмээх тоглоомын улс буй болгосноор асуудал бүр хурцадлаа. Япончуудын энэ улсад хятадуудыг ихэд гадуурхан тэдний эсрэг бараг л геноцит явуулж байсан боловч манж угсаатан ба, монгол угсаатныг онцгойлон дэмжих бодлого явуулав. Баргуудад тусгай автоном эрх олгож боловсролын арга хэмжээ явуулсны зэрэгцээ малчдын билчээрийг хамгаалах, татварын хөнгөлөлт үзүүлэх, Японы цэрэгт ижил зиндаагаар алба хаалгах зэргээр харж үзэж байв. Манж Гогийн тухайн үеийн олон нийтэд хандсан зарлал, зурагт хуудас зэргийг харах юм бол япон, хятад, монгол хэлээр бичсэн байдаг. Буриадаас дүрвэж очсон Үржин Гармаев Японы армын генерал хүртэл давшиж байжээ. Ер нь Японы армид цэргийн том тушаалд очсон барга хүн нэг биш бий.
1939 оны Халхын голын тулалдаан нь наанаа өнгөц албан ёсны тайлбараар Барга ба Халхын газар нутгийн маргаанаас үүдэлтэй юм. 1915 оны Хиагтын гэрээнээс эхлэн гадаад монголчууд өөрийн хилийг Халх найман сүм хүртэл гэж үзсээр иржээ. Харин баргууд хилийг Халх голоор гэж Манж Го улс буй болноос хойш үзэх болсон аж. Манж Гогийн төрийн эрхийг үнэн чанартаа гартаа авсан япончууд хилийн асуудлыг шийдэхээр удтал маргасан юм. Хилийн асуудал шийдэх гурван улсын хэлэлцээ 1934 оноос эхлэн хэд хэдэн удаа уулзсаар шийдэлд хүрсэнгүй, явсаар 1939 онд хилийн зөрчил томоохон тулаалдаанд хүрчээ.
Халх голын тулалдаанд үнэндээ БНМАУ-ын хувьсгалт арми Баргын армиттай байлдсан. Орчин үеийн техник зэвсгээр ЗХУ, Япон хоёр байлдсан бол эдгээр армийн хоёр жигүүрт нэг талаас Монголын морьт 6 ба 8 дугаар морьт хороо, нөгөө талаас Баргын нийт зургаан морьт хороо хоорондоо хүчээ үзжээ. Ийм л учраас Барга бол БНМАУ-ын үзэшгүй муу дайсан. Ингэхээр БНМАУ-ын удирдагч нөхөр Чойбалсан яагаад ч барга хүний хүүхэд байж болохгүй нь ойлгомжтой. Чойбалсан өөрийгөө эцгээ огт мэдэхгүй гэж ярьж бичин будилсан нь ийм л учиртай боловуу даа.
Дугар
Чойбалсангийн эцэг нь Жамц гэж барга хүн байсныг түүхч эрдэмтэн Бат-Очир хожим хөтөлбөргүй нотолжээ. Гэхдээ тухайн үедээ үүнийг нутгийнхан бүгдээрээ мэдэж байсан. Хожим Чойбалсан алдаршсан хойно ч Хүрээнийхний сайн мэддэг байсан хов живийн нэг.
Чойбалсан эхээс дөрвүүлээ. Дөрвүүлээ эцэг өөртэй. Мэдээж хэрэг Санбэйсийн хүрээн дээр ирж очиж байсан хүмүүсийн хүүхдүүд. Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголоос Суваргачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байдаг. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаанаас хэн нь тодорхойгүй тэнүүлчин нутаг оронд шингээлээ хэмээн хэл ам хийн хавчин гадуурхсаар нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Хорлоо үрээ төрүүлэх цагт тулах түших хүнгүй ядранги байсныг Жамц эргэж ирсэн гэдэг. Хорлоогийн хөдөө гэр нь Санбэйсийн хүрээнээс зүүн урагш 50 орчим км-т Хэрлэнгийн хөвөөнд байх. Хорлоог өргөж тойлж хүүгээ төрүүлжээ. Хэд хоногийн дараа лам залж ариутгал үйлдэн хүүдээ нэр гуйхад өнөөх лам хойморь байсан хэдэн номноос тус бүр нэгийг авч бариулаад ямар нэр өгөхийг асуухад Жамцын зүгээс “Дугар гэсэн нэр байж болох уу” гэжээ. Тэнд байсан хүмүүс ч тус тусын нэрийг хэлжээ. Лам болохоор Төмөржин, Хорлоо болохоор бямба гаригт төрснийг нь бодож Бямба гэсэн гэнэ. Ингээд эцгийнх нь хүссэн Дугар хэмээх нэрийг лам хайрлажээ.
Тэгэсгээд Жамц мөн л нутаг буцсан байдаг. Хүмүүсийн яриагаар Хорлоо авгай онцгой муухай ааштай нэгэн байж. Гэнэт ааш нь хөдөлдөг, удахгүй тайвширч сайхан зантай болох авч эргээд л ааш нь адсага болно. Жамц яваад өгсөн нь Хорлоогийн аашнаас болсон болов уу. Жамц удалгүй нас барсан бололтой. Юу гэвэл эхнэр Гүндэгмаадаа хожим ярихдаа “Намайг багад миний эх нэгэн оршуулгын газар дагуулж очин ихэд уйлж билээ. Тэр миний эцэг байсан бизээ”. Тэр үед оршуулгын газар гэж байсангүй, тэгэхээр хөдөөлүүлсэн газар нь л болов уу даа. Зарим нэгний нотлож буйгаар Хорлоо нэг удаа Дугарыг дагуулан Хонхор хужирт гэдэг газар очин хүүгээрээ хадаг дэвсүүлэн арц хүж уугиулж зул асаан ёслол үйлдсэн гэх. Ингэхээр Чойбалсан төрсөн эцгийгээ юутай ч мэддэг байжээ. Хот хүрээгээр нэг хов жив явж байхад тэрийг дуулаагүй байна гэж үгүй л дээ. Үгүйдээ л нутагт нь: Дагуур гаралтай Жамц чинь/ Дагуулах ханьтай болсон шүү/ Даамай амраг Хорлоо минь/ Сэтгэлээ татах болсон шүү гэсэн дуу гарсан байдаг. Монголчуудын дунд хэн нэгнээ шоолох даажигнах болохоороо дуу зохиодог тархсан уламжлал элбэг бий. Чойбалсан энэ дууг сонсоо ч үгүй, огт мэдэхгүй байв гэж үү? Хожим Чойбалсантай өөртэй нь холбоотой дуу ч хэд хэд зохиогдсон байдаг.
Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд үрчлүүлсэн боловч гурван нас хүрмэгц нь буцаан авч төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Магадгүй Дэлгэрэх чавганц нас барсан ч юм уу, эсвэл хүүхэд харах тэнхэлгүй болсон байх. Дугар хар нялхаасаа ийнхүү гурван эхийн гар дамжиж хүн болсон юм. Ээжүүд нь түүнийг 12 настайд нь Санбэйсийн хүрээнд шавилан суулгаж сахил санаавар хүртээн “Чойбалсан” хэмээх сахилын нэр хүртээжээ. Дугарын хүүхэд насны амьдралын зам ийнхүү Хорлоогийн Чойбалсан болсон түүх ийм.