Гадаад харилцааны яам дайны хөлд байгаа иргэдээ татан авч чадахгүй байна
Өчигдрийн байдлаар Мандалайд байгаа манай гурван иргэнд хамгийн их санаа тавьж, сэтгэлийн дэм өгөн тайтгаруулж байгаа хүмүүс нь твиттерийн жиргээчид л байлаа.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, төрийн эрхийг булаан авсанаас хойш бүтэн нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Ард түмэн цэргийн эрхтнүүдийг эсэргүүцэн өдөр алгасалгүй гудамж, талбайд жагсаж байгаа ч сүүлийн өдрүүдэд цэрэг, армийн хүчээр жагсагчдыг дарах оролдого ширүүсч, цагдаа нар гар хоосон иргэд рүүгээ гал нээн хэдэн арван хүний аминд хүрчээ.
Мьянмарын арми өөрсдийн эзэмшлийн Мьявадди телевизээр дамжуулан улс орон даяар онц байдал зарлаж, телевизийн үйл ажиллагааг зогсоон, дотоод болон гадаад нислэгүүдийг хаасан бөгөөд онц байдал дахиад нэг жил орчим үргэлжилнэ гэжээ.
Энэ галын дунд Мандалай хотод /Мьянмарын хоёр дахь том хот, сая гаруй хүн амтай. Вангийн засаглалын үеийн сүүлчийн нийслэл... гэж Википедиад бичжээ/ амьдарч байгаа Монголын нэг иргэн хотын нөхцөл байдал, жагсагчид болон армийнхний хүч тэнцвэргүй мөргөлдөөний талаар цаг мөч тутамд твитерт жиргэж, эх орон нэгтнүүдтэйгээ холбоо тасрахгүй байна. Амьдарч байгаа гудамжинд нь хүмүүс буудуулж, амь насаа алдаж, хаалганых яг ард зэвсэглэсэн цэргүүд бужигнаж байх энгийн зүйл гэж үү?
MdyBolor хаягаар твиттерт жиргэн буй манай иргэн олон улсын байгууллагын шугамаар Мандалай хотод ажиллаж, бага насны хүүхэд, гэр бүлийн хамт гурвуулаа амьдарч байгаа юм байна. Уг гэр бүлээс өөр монгол хүн Мандалай хотод байхгүй аж.
Өчигдөр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Мьянмарт төрийн эргэлт гарсан тул тус улсад амьдарч буй Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан талаар мэдээлсэн билээ. Консулын хэлтсийн дарга “Мьянмар улсад манай улсын 14 иргэн амьдарч байгаа. Тэдний зургаа нь эх орондоо ирэхээр хүсэлт гаргасны гурав нь тус улсад хурцадмал байдал үүссэний улмаас яаралтай буцах хүсэлтэй байна” хэмээн ярьжээ. Уг мэдээдэлд дурьдсан гурван иргэн нь дээр өгүүлсэн Мандалай хотод амьдарч байгаа гэр бүлийн гурван хүн юм байна.
Уг гэр бүл Мьянмарт цэргийн эргэлт гарсны дараа буюу өнгөрөгч сарын 9-нд Тайланд дахь Монголын ЭСЯ-аар дамжуулан эх орондоо буцах хүсэлтээ гаргасан авч өнөөдрийг хүртэл эх орондоо ирж чадахгүй байна.
Хэдийгээр Консулын хэлтсийн дарга “Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байна. Хамгийн гол нь тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байна” хэмээн ярьсан авч өнөөдрийг хүртэл тус улсаас маш олон тооны нислэг үйлдэгдсэн. АНУ болон бусад улсууд иргэдээ татан авсаар байгаа аж. Манай иргэдийн хувьд ГХЯ, ЭСЯ ажлаа хийгээд транзит зөвшөөрөл авчихсан бол Сөүл рүү өөрөө нисээд оччих ч боломжтой байв.
Харамсалтай нь манайхан энэ ажлаа хийгээгүй улмаас "Монголын иргэн Монголоос ирэх, буцахад дамжин өнгөрүүлэхгүй" гэсэн Кореан Айрпортын шаардлагаар "Сингапур Айрлайн" болон бусад авиа компаниуд тийзний захиалга аваагүй. Энэ сарын 3-нд Мандалайгаас Сөүл орох "Кореан Айр"-ийн нислэгт захиалга өгсөн ч өчигдөр болсон мөргөлдөөний улмаас нислэг цуцлагджээ.
Өчигдрийн байдлаар Мандалайд байгаа манай гурван иргэнд хамгийн их санаа тавьж, сэтгэлийн дэм өгөн тайтгаруулж байгаа хүмүүс нь твиттерийн жиргээчид л байлаа.
Bodit baidal