Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 2017 оны 11-р сарын 2-нд УИХ-ын чуулганы танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай хэрэлдэхдээ “Ж.Мөнхбатын авлигаар томилогдсон бүх дарга нарт үгүй гэж хэлнэ. Төрийн хулгайч тонуулчдад гишгэх газар байхгүй шүү” хэмээн “чанга дуугаар” хэлсэн билээ.

Харин дуулиан тарьсан тэр хэрүүлийн “үр дүн” буюу хариуцлага тооцсон нь хаана байна? Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүүгийн У.Давхарбаярын ч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ч шахааг баримттайгаар илчлээд удаж байна. Яагаад ингэж жүжиглэдэг, бас гэм дутагдал, гэмт хэрэгтэйгээ эвлэрдэг юм бэ?

Тухайн үед МАН-ын дарга У.Хүрэлсүх үнэнийг хэлсэн. Магадгүй тэрбээр 2017 оны 6 дугаар сарын 23-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Inner Mongolia Wanjin Energy хооронд байгуулсан 1 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх 2017-101 тоот худалдах, худалдан авах гэрээг хэдийнэ мэдэж байсан учраас “Нүүрсний хулгайч” гэдэг үгийг амнаасаа сул унагаагүй аж. Тэгээд ч одоо У.Хүрэлсүхийн багийнхнаас “Нүүрсний хулгайч” болчихсон хүн цөөнгүй болохын баталгааг цувралаар мэдээлэх болно. 

Харамсалтай нь коронавирусийн гамшгаас болж сүүлийн нэг сар орчмын хугацаанд нүүрс тээвэрлэгчид, энэ салбарынхан тэр чигээрээ туйлдаад байгаа нь зөвхөн тэр хэдхэн хүн төдийгүй Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд удлаа.

Одоогоор Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд 20 гаруй талбай ажиллаж байна. Эдгээрээс гурав нь л монгол хүнийх, бусад нь хятад компани. Хятад компаниудын дундаас “Баян” Базарын “Галба ресурс”, “Алтанговь”-оос эхлээд  зэрэг олон сонирхолтой нэрийг тэндээс олж харж болно. Хамгийн аймшигтай нь жинхэнэ газрын наймаа гэгч тэнд л байдаг болсон аж. “Трангулар” л гэхэд 2019 оны 3-р сарын 11-нд байгуулагдсан, Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд нэг компанид 10 га-аас дээш хэмжээгээр талбайн газар олгодоггүй бол “Трангулар”-ын талбай 12 га байх жишээний, давуу эрх эдэлдэг юм байна. Нэг га газрыг 30 сая төгрөгт хүрдэг гэнэ.


Одоогоор нүүрс худалдан авч буй “Чалко”, Сэнхэй”, “Энгүүнболор” зэрэг дөрөвхөн компани бий. Эдгээр талбайгаа нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн Ж.Мөнхбат, ЭТТ-н гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нар андахгүй, санахгүй байвал гэрээг нь харуулж сануулж болно. Тэдний нүүрс нийлүүлэлтийн “алтан үе”-ийн боломжийг олгож байсан “ЭТТ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших сураг дуулдах болсон. 

Хэрэв МАН-ын дарга ийм хүмүүсээр имижээ бүрдүүлж ирэх сонгуульд оролцох гэж байгаа бол “нүүрсний хулгайч”-уудад яасан ч боломж олгож болохгүй. Энэ талаар үргэлж эргэн мэдээлэх болно. "Ургийн мод" ургадгаараа ургаж, газрын наймаа, "60 тэрбумын" хэрэг шүүгдэх биш үргэлжилсээр байна.