Одоогоос хэдэн сарын өмнөөс Засгийн газар хэвлэл мэдээллийн салбар луу олон сая төгрөг шилжүүллээ гэсэн яриа чих дэлсэж эхэлснийг хүмүүс санаж байгаа биз ээ. Тухайн үед “арай үгүй байлгүй дээ, бонд нэртэй баахан өр зээл тавьчихсан, эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн ийм хүнд үед илүүдээ гарсан мөнгө байхгүй байлгүй” гэж бид гэнэн цайлганаар ярилцаад л өнгөрцгөөсөн. Гэтэл тэр цуу яриа үнэн болохыг батлах баримтууд гарч ирж олдсоор байна. “Open door“ сонин анх удаа энэ талаар хөндөн дуугарч, зарим тэмцлүүдийг айж халгалгүйгээр хийж эхэлснийг  манай уншигчид санаж байгаа байх. Зарим нь хаалтын гэрээний эсрэг хийж буй тэмцлийн маань хариуд сэтгүүлч намайг буруушааж, цахим ертөнцөөр нэр зүсээ нуун харааж загнан “тогоогоо самарлаа” гэх мэтээр дайрч байсан. Далд дайралтууд, элдэв явуургүй гүтгэлгүүдийг хэвлэлийн салбарт бохир бизнес хийж байгаа бүлэглэлийн зүгээс өнөөг хүртэл тасралтгүй явж байгаа.  Энэ мэт санаатай саад тотгор шинэ тутам сонины маань амьдралд тохиолдсоор л байна. Хэвлэл захиалгын хамгийн том монополь компани хүртэл манай сонины захиалгыг саатуулах, хүргэлт хоцруулах, захиалах гэж очсон уншигчдыг хуурч буцаах мэт бусармаг зүйлийг хийсэн. Энэ бүхэн юуг харуулж байгааг уншигч авхай та төвөггүй мэдэрч байгаа биз ээ. Хэрэв бидний үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ талбар ёс суртахууны хувьд доройтолд улам орсоор, шударга өрсөлдөөнийг явуулын улс төртэй нийлж хавсайдан боомилсоор л байх юм бол хэвлэл мэдээллийн ертөнцөд ямар ч үсрэлт гарахгүй. Нийгмийн сэтгэл зүйгээс бид  сайн нэр, хүндлэл, итгэл найдварыг эргүүлэн олж авч чадахгүй. Тийм л учраас би энэ сэдвийг орхиж, бусадтайгаа хаалтын гэрээ мэтийн “хогийн цэг” дээр гар барьж чадахгүй байгаа юм.

Зөвхөн энэ 2014 онд гэхэд Засгийн газар хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг, том 27 байгууллагатай нийт үнийн дүнгээр 390.000.000 сая төгрөгийн хаалтын гэрээг хийжээ. Гэрээ хийх ажиллагаа 2014 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Энэхүү ам барих хаалтын гэрээний төгсгөлийг буюу хамгийн сүүлд гарын үсэг зурсан байгууллага нь Телевизүүдийн холбоо гэх нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, эзэн биегүй бүлэглэл байх аж. Тэд хамгийн их буюу 200.000.000 сая төгрөгийн гэрээг Засгийн газартай байгуулжээ. Засгийн газрыг төлөөлж ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр нар гарын үсэг зурцгаасан байна.



Сонирхолтой нь Засгийн газрын энэ хууль бус тэтгэлэгт олон телевиз хамрагдсан ч тэдний хажуугаар “Телевизүүдийн холбоо” гэдэг байгууллага 200.000.000 саяыг яагаад авдаг юм бол. Тэд чинь зөвхөн шинэ жил л хийдэг, тэр болхи наадмаа 31-ний үдэш айл болгоны хойморт хүчээр аваачиж залхаадаг л байгууллага шүү дээ. Энэ үгтэй маань санал нийлэх үзэгчид олон зуугаараа байгаа гэдэгт би итгэлтэй байна. Сэтгүүл зүйн бүх холбоод шинэ жилийн баярын эфирийг үзэгчдээс булаадаг. Баахан саатай толгойтой хүүхнүүд эгнэж зогсож байгаад бие биедээ хятадад хийлгэсэн алтан цом нэртэй гялгар зүйл, жааз, тэмдэг өгдөг. Энэ сэтгүүлч өнөө жил нээрээ юу хийсэн билээ, ямар гоё бүтээл туурвилаа гэж бодох ч бололцоо олгохгүй шавааралдсан, шампанск буудуулсан багт наадмын сурвалжлагууд эрээлжилдэг. Бүгдээрээ шилдэг, бүгдээрээ ёс суртахуунтай нүүр царайнууд манай танай хоймрыг эзэлдгийг та ч сайн мэднэ. Үүний төлөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэж зүдэрч байгаа Засгийн газар маань мөнгө хаяж байна гэж үү. 

Зарим нь та өөрөө энэ салбарын хүн. Энэ арга хэмжээнүүдэд оролцдог л биз дээ гэж бодож байж магадгүй. Энэ салбарт хөл тавьснаас хойш чамгүй олон жил өнгөрчээ. Гэвч эдгээр холбоодын нэг ч цэнгүүнд би очиж үзээгүй. Телевизээр бол хүчинд автагдаад жил бүр харж байсан. Ерөнхийдөө юу юу явагддаг, хэн хэн хувааж авдаг, яадаг ийдгийг нь гадарладаг. Гэвч тэд маань нэг талбарт өрсөлдөх аргагүй буруу хар хүч болон хувирсаар байна. Үүнээс нь болоод төрөөс шударга бус тэтгэлэгт хамрагдсан өрсөлдөгчтэй бид энэ хүнд үед яаж өрсөлдөх вэ гэж толгойгоо гашилган суух болов. Нэг төрлийн авилгын мөнгөөр хүүдэгнэж байгаа эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд Засгийн газрын болон сайдуудын талаар илтэд алдаа гаргасан ч хаацайлж байна. Хамгийн аймшигтай нь залуу сэтгүүлчид тэрийг нь зөв бодлого гэж андуурч байна. Эзэд, удирдлагууддаа итгэж найдаж байна. Эрхлэгч нар нь нууц гэрээн дээр “Талуудад энэ гэрээ болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад өөрт нь илэрхий болон нөгөө талынхаа үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар хортойгоор ашиглах болон гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно” гэх мэт заалтуудын ард 10.000.000 сая төгрөгөөр гарын үсэг зураад өөрсдийнх нь бичих эрх чөлөөг хязгаарлачихсан гэдгийг мэдэхгүй яваа. 

Шинэ шинэ уран бүтээлийн тэсрэлтүүдээр хоорондоо өрсөлдөж байх ёстой телевизүүд Шинэчлэлийн Засгийн газрын дөнгөнд ийнхүү 200 сая төгрөгөөр орчихжээ. Энэ мөнгө бол төрд татвар төлж байгаа баялаг бүтээгчдийн мөнгө. Энэ мөнгө хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа жинхэнэ цаад эздэд очихгүй байгаа мөнгө. Энэ мөнгө сэтгүүлчдэд хүрэхгүй замдаа хэдхэн хүний халаас руу орж байгаа мөнгө. Хариуд нь сэтгүүлчдийн дугарах эрх, бичиж нийтлэх эрх чөлөөг хумиж  өгөх ганцхан үүрэг л тэд хүлээж байгаа.

Засгийн газар яах гэж хаалтын гэрээ хийж байгаа нь тодорхой. Тайлбарлах шаардлага ч байхгүй. Хаалтын гэрээ бишээ, хамтран ажиллах гэрээ гэж хэрэв хариулбал би хувьдаа тэгвэл Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, кино үйлдвэрт өгөхгүй яагаад зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад өгч байгаа юм бэ гэсэн ганцхан асуулт л тавина. Уншигчид санаж байгаа байх. Зохиолчдын байгууллагад ойгоор нь яамнаас нь 80 сая төгрөг өгөхөд бөөн юм болж байсан. АТГ- д өгч шалгуулах хүртэл шуугиж байсан. Харин хэвлэлд 390 саяыг өгчихөд хэн ч юу ч хэлэхгүй байгаа биз.  Ийм л “шударга ёс” манайд үйлчилж байна.

Жишээ нь, би Засгийн газрын зарим удирдлагатай уулзаж “ Аль нэгэн бүтээн байгуулалтын сурталчилгааны төсөл авах” санал тавьж үзэж байсан. Аливаа бүтээн байгуулалтыг анхнаас нь ард түмэнд уяж тэдний анхаарал дунд, тэдний дэмжлэг дунд хамтдаа амьсгалж босговол тэр сая ард түмний хайртай бүтээн байгуулалт болно. Та нар зөвхөн тууз хайчилж буй зураг тавих гэж хэвлэлтэй гэрээ хийдгээ болих хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд танай мөнгийг өчүүхэн ч сэтгэл гаргахгүй, буруу гэрээ, буруу аргачлалаар авч байна” гэж  шударгаар хэлж үзсэн. Хачирхалтай нь ийм ажил хэрэгч саналыг  хэн ч хүлээж авдаггүй юм билээ. Тэдэнд магтах, хамгаалах, дуугүй байх гэсэн гурван зүйлтэй гэрээ л хэрэгтэй байдгийг ингэж би мэдэрсэн. Тэгэхээр бизнесийн байгууллагууд, пүүс компаниуд Төрд өгч буй татвар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сурталчилгааны зориулалтаар төлж буй мөнгөндөө хяналт тавих, үнэхээр та бүхний нийлүүлсэн зар сурталчилгаа “бай” гаа онож хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэж тунгаах цаг иржээ. Бид хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй байна. Тэгж байж энэ нийгэмд зөв ёс суртахуун тогтоно. Үүнийг л юун түрүүн татвар төлөгч та ухамсарламаар байна.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн салбар хувийн хэвшлийн бусад байгууллагуудтай адилхан өөрөө өөрийгөө санхүүжүүлж амьдардаг ч нийгмийн зүгээс ёс суртахууны хатуу нэхэл дагаж байдаг өвөрмөц онцлогтой.  Олон нийт хэвлэл мэдээллээс хараат бус байхыг, олон ургальч байхыг, хариуцлагатай байхыг л шаарддаг.

Бидний найз бол уншигч, үзэгчид болохоос Засгийн газар биш гэдгийг эрхбиш ойлгох цаг болсон л баймаар юм даа.