2009 он. Сү.Батболд Гадаад харилцааны сайд, Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга, одоо тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтын газрын дарга Б.Баярсайхан тухайн үед тус яамны Тамгын газрын дарга байсан үе. 2009 оны 7 дугаар сарын 31-нд Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яамны нэр бүхий удирдлагуудад хаяглан 10/9-4731 тоот бичгийг ирүүлсэн байдаг. 

Үүгээр Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай мөрдөн байцаагчийн даалгавар ирүүлснийг дурдаад уг даалгаварт заагдсан нэр бүхий 70 хүний жагсаалт гаргаж өгчээ. Ингэхдээ тэдгээр хүмүүс 2004 оны 5 дугаар сараас 2008 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт дипломат буюу туслахаар ажиллаж байсан эсэх, хэрэв ажиллаж байсан бол хэдээс хэдэн онд ямар улсад ямар хугацаанд байсан, тухайн хугацаандаа дипломат шуудангийн үүрэг гүйцэтгэсэн эсэх, эдгээр хүмүүс дипломат төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэхдээ Польш улс руу хэдэн удаа орохыг мэдүүлсэн эсэх, энэ үед амралтаа авсан байсан эсэх, эсвэл Польш улс руу явах шаардлагатай албан томилолттой байсан эсэх лавлагаа ирүүлэхийг даалгажээ.

Энэ бичгийгхав дараад 2019 онд Дрезденд Б.Баттүшиг нар баригдсаны дараа зарлагдаж, тэднийг илрүүлдэг, хөөж туудаг баатар нь Д.Цогтбаатар болж таарсан. Яагаад тэр нэрсийг нуув? Тэнд жолоочоор нь ажиллах бүртээ даргадаа буюу тухайн Элчин сайддаа “юун цалин” гэмээр материаллаг бэлэг өгдөг, хамгийн таатай оронд томилогддог алдарт жолооч С.Эрдэнэбаатар тэдний дунд байсан учраас уу? Аль эсвэл 2004-2008 оны УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний нэр тэр жагсаалтад байсан учраас хав дарсан уу? 

Тэр жагсаалт дахь хүмүүсийн нэг нь буюу УИХ-ын гишүүн асан нас барсан зэргээс ч болсон уу,“69 дипломатчийн жагсаалт” гэдэг нэр томъёо гарсан. Гэвч олон нийтэд ил зарлагдсан нь ердөө 31 хүний нэр байдаг. Үүнийг хав дарсан учраас Сү.Батболдын дараах сайд нар ч мэдээгүй. “Хав дарах” албан тушаалтан гурван хүн хав дарчихсан юм чинь яаж мэдэх юм бэ. Тийм ч учраас, дараагийн сайд нар болон Элчин сайд томилдог инститцийнхэн тэр бичгийг үзээгүй учраас тэр жагсаалтад байгаа хүмүүсээс дахин томилчихоод байсан биз? 

Нийтлэлч миний удаа дараа нэр дурдаад байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх ч уг бичигт онц ноцтой хэмжээнд бичигдсэн байдаг. Түүнийг одоо хүртэл хар тамхины наймааны бүлэглэл удирддаг байсныг гэрчлэх амьд гэрчийн яриа ч бий. Холбогдох газар нь иргэний хувиар мэдэгдсэн болно.

Цаашилбал уг жагсаалтад дурдагдсан хүмүүсийг эрэн сурвалжилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсныг мэдэгдэж хариу нэхсэн бичиг байсан хэрэг. Гэтэл хариу ч өгөлгүй хав дарсан. Харин яаж энэ бичгийг нууцалж байсан нь мэдэгдсэн бэ гэхээр 2016 онд Варшавт болсон олон улсын хуралд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар явах болж, Л.Пүрэвсүрэн нь сонгууль болох гэж байна ч билүү шалтгаанаар өөрийнхөө оронд нэг дипломатчийг төлөөлүүлээд явуултал Варшавын хил дээр түүнийг нь баривчлан хорих болж сандаргажээ. Яав, юу болов гэдгээс үүдэн хав дарсан бичгийн нууц тайлагдсан байдаг юм. Ингээд Ерөнхийлөгч уг бичгийн эх хувийг олох даалгавар өгөөд салбар хариуцсан хэдэн сайд асныг дамнаад олдохгүй, “огт тийм бичиг хараагүй” гэх баттай хариултыг шил дараалан өгч байсан ч эцэст нь мэдээж олдсон. Гэхдээ 2009 онд ирсэн бичгийг хав дарсан Д.Цогтбаатар 2019 онд зарим хүний нэрийг сугалсан байдлаар уг жагсаалтыг зарласан. 

Харин энэ удаад Улсын мөрдөн байцаах газраас 2009 оны 7 дугаар сарын 31-нд Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яамны нэр бүхий удирдлагуудад хаяглан 10/9-4731 тоот бичигт дурдсан 70 нэртэй танилцана уу!


Энэ жагсаалтын 64-рт одоо Дрезденд шүүгдэж 11 жилийн ял аваад 9 хонож байгаа , Д.Цогтбаатарын жолооч байсан Сосорбарамын Эрдэнэбаяр байна. Түүний хамт явсан Турк дэх дэд консул Б.Баттүшигийг Ц.Мөнх-Оргил томилсон. Одоогоор Истанбул дахь Ерөнхий консулын газрын консул Б.Энхмөнхийг Ц.Мөнх-Оргил томилсон.

Дашрамд дурдахад Д.Цогтбаатар сонгуулийн сурталчилгааны үеэр Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнгийн томилсон хүмүүс хар тамхины бүлэгт элсэхээр хөөцөлдөж байсан гэхчлэн ор үндэслэлгүй мэдээлэл тараасан. Гэтэл бодит байдал дээр Б.Энхмөнх, Алтансүх нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг л Д.Цогтбаатар сайд дэвэргэж байна. Нэг баримт дурьдахад Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн 2015 оны 12-р сард ТЕГ-тай хамтран мэдээллийн дагуу Европын зарим орон дахь ЭСЯ, ДТГ-т гэнэтийн шалгалт хийхээр болсон. Тухайн үед Вена, Станбул, Бишкект ТЕГ-ын нэр бүхий ажилтан, ГХЯ-ны Тамгын газрын дэд захирал нар шалгалт хийсэн тухай баримтууд бий. Энэ шалгалтын дүн 2016оны 3-р сард гарч ГХЯ бүх ЭСЯ, ДТГ-уудад сэрэмжлүүлэг өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Ингээд 2016 оны 5-р сард Латвийн хил дээр тэтгэвэртээ гарсан дипломатч Москвагийн машинтай тамхи зөөж байгаад баригдсан. 2016 оны 6-р сард ГХЯ Төрийн нарийн бичгийн дарга Ганхуяг, Тамгын газрын дарга Тэгшжаргал Чех, Польш, Болгар зэрэг орон дахь ЭСЯ-дад нот бичиг хүргүүлсэн. Үүнд манай улс диломат ачаа, шуудан зөөхөө больсон тул ийм ачаа, шууданг сайн хянаж шалгаж мэдээлэл өгч байгаарай, дипломат паспортуудыг хурааж авч цэгцэлье гэж хүссэн.

Харин Д.Цогтбаатар сайд энэхүү урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлаа л муу хийсэн. Тухайлбал Германд Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг баригдахын өмнөхөн буюу 2019 оны 1-р сард шалгалтаар явсан Б.Баярсайхан нь ажлаа хийгээгүй учраас гэмт үйлдлийг таслан зогсоож чадаагүй. 

Томилгооны хувьд Н.Багабандийн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Батхишиг 2013 онд Туркт Элчин сайд байсан. Дараа нь Р.Болд Элчин сайдаар томилогдсон. Яагаад тэнд 11 жил болж байгаа гэх Алтансүхийг халаагүй, яагаад Д.Цогтбаатар Алтансүхийг олон нийтийн ажилтны гэрээгээр ажилд авахыг хүсч, “боломжоор хангачихаад” Монголын шүүхээр огт хэлэлцэгдээгүй байхад “Гэмт бүлэг илрээд байна, тусгай албадтай чинь хамтарч ажиллахгүй бол хүчрэхгүй байна, туслаач” гэж Европын улс орнуудын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа зүй бус яриа өрнүүлээд явсан байх вэ?

Д.Цогтбаатар тухайн үед ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо С.Эрдэнэбаярыг 2010 оны 7 дугаар сарын 28-ны Б/172 тоот тушаалаараа Торонтод томилсон ч 12 дугаар сард хөөгдөөд ирэхэд нь шууд ГХЯ-нд өөрийнхөө жолоочоор томилсон тушаал нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний Б/412 тоот, он солигдохын өмнөхөн! Тэр үед өөрийн эхнэр Түмэндэмбэрэлийн Болормааг Монако улсад өргөмжит консулаар томилоход нь хэдийгээр цаад улс нь урьдаг боловч арай ч Төрийн нарийн бичгийн дарга эхнэрээ өргөмжит консулаар томилохыг зөвшөөрч суудаг ёс суртахуун байдаггүйсэн гэж олон хүн шогширч байсан гэдэг. 

Тэгснээ 2011 оны 3 дугаар сарын 18-ны Б/35 тоот тушаалаараа Лондонд, эргэж ирээд тухайн үеийн ГХ-ны сайд Г.Занданшатар сайдын жолооч болсон байдаг. Дараа нь 2012 онд Л.Болдын жолооч, 2014 онд Вашингтонд ЭСЯ-нд жолооч, ингээд 2017 оны 8 дугаар сарын 07-ны Б/106 тоо тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолооч, 2018 оны 8 дугаар сарын 14-нийБ/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий консулын газарт жолоочоор томилогдох үедээбаригдсан нь тэр. Бусад жолооч ЭСЯ, Консулын газарт томилогдохын тулд нэлээд хүлээдэг бол С.Эрдэнэбаярт “очер хэрэггүй” гэдгээрээ цуутай, даргадаа өгдөг бэлэг нь нүнжигттэй, нэг газарт ажиллаж байхдаа тамхины наймаа нь баригдаж баларвал шууд ирээд яамандаа ажиллаж, сайд, төрийн нарийн бичгийн даргын жолоочоор ажиллаж байхдаа “Жолооч нарыг зохицуулахаар” тохирдог, томилдог эрхийг гуйгаад авчихдаг, томилогдогч жолоочид өөрийнх нь тамхийг зөөнө гэсэн болзлоо ч тавьдаг, тэр сувагаараа бизнесээ хийдэг. 

Түүний нэр дээрх Брай хаусын дөрөвдүгээр давхар дахь тансаг орон сууц, ЭЛКС хими цэвэрлэгээний сүлжээ зэрэг бизнесийн талаар сонирхоход бүр ч их зүйл ил болно. Мөн одоо ГХЯ-ны Соёлын газрын дэд даргаар ажилладаг Сэрээжав, ГХЯ-нд зөвлөх Дамбажав хамбын хүү Ганболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, 2012 онд Польшид баригдаад 2013 онд Л.Болд авчирсан, энэ жагсаалтын 6-рт байгаа Авирмэдийн Батсайхан сая Лаост томилогдсон. Энэ дөрөв 2000 оны эхээр Москвагийн дипломат академид сурах нэрийдлээр тамхи зөөдөг Москвагийн бүлгийнхэн. Сэрээжавын дүү Украинд байрлаж тамхийг нь бэлдэж өгдөг. Энэ сүлжээг бий болгосон хүмүүс. Монгол 3-р сургуулийн урд талд болон 4-р хороололд байдаг “Авто плаза”-ийн эзэд болсон шалтгаан гэхчлэн нарийвчлан шалгавал Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нарын ГХЯ-ыг удирдахдаа хийх ёстой байсан ажил хэвээрээ байна. Тэд юу хийв? Одоо юу хийх гээд нэр дэвшиж байна вэ? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хар тамхины бүлэглэлийн толгойлогч Б.Энх-Амгаланг дэргэдээсээ холдуул гэж олон удаа бичсэн. Гэтэл өчигдөрхөн амьд гэрч, төрийн байгууллагын албан тушаалтан түүнийг энэ ажлаа үргэлжлүүлсээр байгааг биеэр ирж мэдэгдлээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан энэхүү жагсаалтын нэгдүгээрт Амгалан-Энх нэртэйгээр бичигдсэн. Түүний тухай маш ноцтой бөгөөд олон мэдээлэл агуулагдаж буй. Энэ бүхэн Монголын төр тамхины наймаачин дипломатууд, хар тамхины бүлэглэлийнхнийг холдуулах дургүй байгаагийн гэрч биш гэж үү. Яагаад ийм хэмжээний алдаа дутагдал гаргасан, хариуцлага алдсан Гадаад харилцааны хоёр сайдыг нэг тойрогт нэр цэвэр баг гэж дэвшүүлж байна вэ гэдгийг олон улсын анхаарлын төвд аваачин мэдээлж улс орноо хар тамхинаас хамгаалж, гадаад харилцааны салбарынхаа нэр хүндийг сэргээх цаг нэгэнт болжээ. Үүнийг Сүхбаатар дүүргийнхэн, тус тойргийнхонд зориуд анхааруулж төрөө цэвэрлэх сонголт хийнэ гэж найдаж байна.