Д.Сүхбаатарын зохиосон нэгэн дууны тухай
(“Жан Шамбалын орон”-оос “Тугийн марш” мандах хүртэл)
Жангар туульд “Арван жилийн өмнөх аалзны мөрийг мөшгиж, хорин жилийн өмнөх хорхойн мөрийг дагаж” гэдэг шиг хялбаршуулсан төдий юм. Үүнийг мэргэжлийн судлаачид гүнзгийрүүлэн судлаж үзвэл их л сонин түүх мэт.
Манай армийн “Тугийн марш” маш эгшиглэнтэй. Монгол маршийн хаан Н.Цэрэнпилийн энэ марш “Улаан туг” дууны аянд үндэслэсэн байдаг. Энэ дууг анх жанжин Д.Сүхбаатар зохиосон байж магадгүй байна. Зүүн замын байлдаанд оролцож явахдаа энэ дууг зохиосон гэж Хүрээнийхэн ярилцаж байсныг Николай Рерих 1924 онд Төвдөд нэвтрэх виз хүлээж Хүрээнд байхдаа тэмдэглэж авсан байх юм. “Азийн зүрх” номондоо бичсэнээр Николай Рерих Хүрээнд цэргийн жагсаалтай таарчээ. Цэргүүд нэгэн дууг дуулж явсан агаад учрыг лавлахад жанжин Д.Сүхбаатар 1915 оны зүүн замын байлдаанд явж байхдаа зохиосон дуу гэж хэлжээ. Уг дуу нь хожим “Улаан туг” гэгдэх болсон тухайн үедээ “Жан Шамбалын орон” хэмээх нэртэй дуу байжээ.
Үгийг нь бүтнээр нь бус утгачлан тэмдэглэснийг орчуулагч Ж.Нэргүй оросоос орчуулсан үг нь: “Жан Шамбалын дайн, Умард Шамбалын дайн, Шамбалын эзний баатрууд болж дахин төрөхийн тулд Энэ дайнд үрэгдэнэ ээ” гэсэн агуулгатай байжээ. Тэр жилдээ Н.Рерих анхдугаар “Үндсэн хууль” баталсанд баяр хүргэж “Их Улаанбаатар” хэмээх алдарт зургаа зурж манай ЗГ-т гардуулан өгсөн ба “Их Улаанбаатар” бол Шамбалын орныг хамгаалагч Рэгдэндагва хаан юм гэж тайлбарласан байдаг нь энэ дууны анхны санаатай ямар нэг байдлаар холбогдох ч юм шиг.
Хожим энэ дууг “Зүүн замын байлдаан”-ы үед буюу цагаантны үлдэгдлийг дорнод хязгаараас чөлөөлөх үед зохиосон, учир нь уравсан хулгай Найдан вангийн тухай мөр байдаг гэж ярилцдаг нь бас өөр нэгэн “зүүн замын байлдааны тухай “нууц” агуулагдаж байж магадгүй байна. Утга зохиолд Бумцэндийн удирдсан цэргүүд энэ дууг анхлан дуулсан гэдэг ч өмнөх зүүн замын байлдааны үетэй холбогдох бололтой.
Хөгжмийн нэрт зохиолч З.Хангал “Хатанбаатар” киноны хөгжмийг мөн энэ дууны аянд тулгуурлаж бичсэн нь сайтар судалсны шинж буюу дууны түүх Ардын Хатанбаатар Магсаржавтай холбогдох юм. Учир нь өмнөх “Зүүн замын байлдаан”-д харчин гүн, Богд хаант Монгол Улсын шударга баатар Бавуужавын цэргийг Хатанбаатар Магсаржавын удирдсан цэрэг дарсан гунигт түүх бий. Энэ байлдаанд жанжин Сүхбаатар пулемёт сумангийн даргаар оролцсон байдаг. Рерихийн тэмдэглэснээр тэр тулааны үед анх “Улаан туг” дууны анхны хувилбар зохиогджээ.
Шударга баатар Бавуужав 1913 оны Богд хаант Монгол Улсаас өвөр Монголыг хамгаалж байлдсан Таван замын байлдааны тэргүүн жанжин байсан юм. Монгол цэргийн түрүүч давшсаар Хөх хотын орчим очиж, ихээхэн хэмжээний нутгийг хятад цэргээс чөлөөлөөд байх тэр үед Бавуужавын цэргийг хурц бэйс Түдэнгийн хошууны өмнө этгээдэд суулгаж, Зүүн өмнө хязгаарын цэргийн сайд жанжны тушаал хавсарч байсан Ж.Дамдинсүрэнг өвчтэй учир эгүүлэн татаж, уг тушаалд гүн Бавуужавыг тохоон тавьж “Зарлигаар гаргасан зүүн өмнө хязгаарын монголчуудыг төвшитгөн тохинуулагч сайд” хэмээн албан ёсоор нэрийдэх болж “Шударга баатар” цол шагнан хүртээсэн юм. Гурван улсын гэрээгээр Өвөр Монголыг алдсанд хорссон Бавуужав тэрсэлж, Хятад лугаа хүчирхэн тэмцсэнд БХМУ дэмжлэг үзүүлээгүй ба дэмжлэгээ алдаад Егүзэрийн хийд хүртэл ухарсан Бавуужавыг мөрдсөн хятадын цэрэг Егүзэр хутагтыг барьцаанд авсан хэрэг явдлын дараа Монгол-Орос-Хятадыг дамнасан маргаан дэгдэж эцэст нь Монголчуудад Бавуужавыг дарах үүргийг тулгасангунигт түүх бий юм. Хүрээнээс Хатанбаатарын удирдсан цэрэг мордож Егүзэрийн хийдээс зүүн хойд зүгийг барин тэмцсэн Бавуужавыг цэргийг Халх гол орчим дарахад ар, өвөр олон монгол цэрэг эрсэдсэн нь энэ дууны гарах шалтгаан бололтой. Тиймээс шашинтай улсын ахан дүүс хоорондоо дайтсан гунигт түүхийн цайруулга, эрсэдсэн нэгэндээ ерөөл өргөсөн буян ч юм шиг.
Бүр нарийвчилбал “Жан Шамбалын орон” дуу нь цэргийн суртал нэвтрүүлгийн зориулалттай агаад цэрэг дайнд үрэгдвэл Шамбалын оронд төрөх тул үхэхээс айхгүй байхыг ухуулсан шинжтэйг Н.Рерих ажиглан тэмдэглэжээ. Олон Монголын амь эрсэдсэн тулааны дараа үрэгдсэн цэргүүдийн хойдын ерөөл, төрөл авах ёстой ч холбоотой мэт. Энэ нь жишээ өнөө алдарт Ясузуни сүмд камиказе нарын нэрийг бичиж, тэнгэрт төрөх ёс үйлддэгтэй адил мэт.
Энэ дууны аяын учрыг судлаач Г.Ням-Очир, доктор М.Саруул-Эрдэнийн “Улаан туг дууны жинхэнэ үг” постонд бичсэн сэтгэгдэлдээ ингэж бичжээ.
(Улаан туг дууны) ая дан нь лүйжингийн ая дан. 7 падын лүйжин байсан. 8 бадаг болчихжээ. Тэр үед дайнд орохын өмнө итгэл, ганданлхавжай, дара эх уншаад, эсрэг дайсны сүнсийг тонилгохын тул лүйжин тавьдаг байсан. “Шивээ хиагт” бол “Хүрэл сүм” гэдэг маанийн ая дан, “Улаан туг” дуу бол 7 пад лүйжингийн ая дан. Бадаг бүрийн төгсгөлд 1 удаа нийт 7 удаа “ПАД” гэж алгаа ташин сүнс тонилгодог ийм дуу байсан л даа” гэсэн байна.
Доктор М.Саруул-Эрдэнэ: Улаан туг дууны жинхэнэ үг
Улс төр дуунд нөлөөлөөд, уг дууг хэр өөрчилж болдгийн сонгодог жишээ бол "Улаан туг" дуу юм. Байгуулсан ардын засаг дор Бат тангаргийг өргөж... энэ тэр гэж бол ер байгаагүй аж. Азаар харин 1927 онд монголч эрдэмтэн Владимирцов Улаанбаатарт явж байгаад яг үг үсгээр нь тэмдэглэн авч. Хувьсгал, шашин зэрэгцэн оршино, нэгнээ алж талахгүй гэж хэчнээн өөдрөг итгэж явсан нь энэ дуунаас харагдах шиг...
Улаан тугийг мандуулаад
Улсын сүрийг бадруулаад
Урвасан хулгай Найдан ванг
Ухай хийгээд дарав аа хө.
Шар тугийг мандуулаад
Шашны сүрийг бадруулаад
Шавь нар болсон биднүүд
Шамбалын дайндаа мордов оо хө.
Энх төрийн өмнөөс
Эрдэмт сайдууд хуралдав аа хө
Эзэн хааны зарлигаар
Эрчүүд биднүүд мордов оо хө
Цагаан бүрээ үлээгээд
Цог заль хийморийг жигдрүүлээд
Жагсаал ёсыг гүйцэтгээд
Чандын сүрийг дарав аа хө.
Галтай тусдаг гаржаамыг
Гартаа бариад мордов оо хө
Гандан Чойжингийн авралаар
Гамингийн үндсийг таслав аа хө
Ширвээд бууддаг сэлээдийг
Шамдат гэж барив аа хө
Шидтэй хүчтэний авралаар
Семений үндсийг таслав аа хө
Түмэн сумтай пулемет нь
Төрийн цэргийн зэвсэг хө
Түйтгэр болсон тэр муу сайчуудыг
Төрийн ёсоор дарав аа хө
Бодтой тусдаг винтовыг
Болно гэж барив аа хө
Богд хааны авралаар
Бароны үндсийг дарав аа хө.
Манайхан ер нь их ардчилсан ард түмэн байжээ. Нөгөө муу Найдан ванг өдийд бол нүүр номоор зодоод алчихсан байх биз. Гэтэл, ардын дунд тэр үед Найдан вангийн дуулсан хэмээх хариу дуу бас байсан байгаа юм. Шүүхээр гэм буруу нь тогтоогдох хүртэл... гэдэг шиг л. Тэр дуу нь:
Намрын сардаа мордлоо доо
Нийслэл хүрээг авлаа даа.
Найман зуун гаминг алснаас хойш
Найдан ван миний буруу юу? гэж эхэлнэ гэжээ.
1924 оны Рерихийн утгачлан тэмдэглэсэн ба Владимирцовын бүрэн тэмдэглэсэний хооронд гуравхан жилийн хугацаа бий. Гэтэл өөр нэг хувилбар нь:
Жанжин тугийг мандуулаад
Зэвхий гаминг дарцгаая
Жан Шамбалын оронд
Заавал ч үгүй төрцгөөе!
Шар тугийг мандуулаад
Шажны сүрийг бадруулаад
Шавь нар болсон бид нар
Шамбалын дайнд мордоцгооё!
Ногоон тугийг мандуулаад
Ноёдын сүрийг бадруулаад
Ножид болсон гаминг
Номхон бороор даруулъя гэж байна.
Энэ хувилбарт харин жанжин туг, ногоон, шар тугийн тухай бадаг байна, цаана нв дөрвөн бадаг зайлшгүй байх ёстой. Харин улаан тугийн тухай, улсын тухай толгой бадаг хэзээ нэмэгдсэн юм бол? Доктор М.Саруул-Эрдэнийн олж бичсэн хувилбараас ихээхэн дутуу ч ногоон туг ба ноёдын тухай нэг бадаг ба жанжин туг, уг дууны үндсэн нэр болох “Жан шамбалын орны” тухай бас нэг бадаг байна. Лавлаж баталбал “Улаан туг” дуу үнэхээр “Жан Шамбалын орон” нэртэй байсныг ч батлах мэт. Жанжин тугийн бадаг үг ба агуулгыг харвал эхнийх байж болзошгүй, тиймээс улаан туг бх Найдан вантай бадаг хожим нэмэгдсэн мэт. Учир нь 7 падтай лүйжингийн ая найман бадагтай болсон гэж Г.Ням-Очир судлаач бичсэн нь яалт ч үгүй хожим голлох болсон “Улаан туг”-тай бадаг нэмэгдсэн мэт санагдаж байна.
Ардын журамт цэргийн дөрвөн хороо жанжин туг, шар (шашны нам), ногоон (ноёдын нам), улаан (ардын нам) өнгийн дөрвөн тугтай байсан уу? Эсбөгөөс уламжлал ёсоор халхын аймгуудын тугтай байсан уу? Хэрэв аймгийн туг байдаг бол жишээ нь сэцэн хан аймаг цагаан дээр хөх бичигтэй тугтай байх ёстой. Судлаач Ч.Тамирын тогтоосноор Хиагтыг чөлөөлсөн журамт цэрэг тэр орчмоос цуглуусан ардуудаас бүрдсэн гэдэг нь худал, харин Монголын нийт аймгаас (бүр одоогийн засаг захиргааны хуваариар хөөн үзэхэд) жигд оролцоотой байсан нь харагддаг. Тиймээс аргагүй үндэсний шинжтэй хөдөлгөөн болж таараад байдаг.
“Олноо өргөгдсөн төр” киноны хоёрдугаар анги “Ардын Бүгд Найрамдах төр” гэж урьдчилан нэрлээд байгаа ангийг энэ дууны түүхээс улбаалж үндэсний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний түүх болгохоор цуглуулж байгаа материалаас ийм нэг санаа төрснийг хуваалцав.
Уншигч
Зочин
Нямаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
тгл
ааа
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин