2018 оны хавар сан билээ. Хуучны ном, зураг худалддаг нэг сүлжээн дээр “Монгол улсаас Нью-Йоркод ирсэн зураг, 1927 он” гэж нэрийдсэн нэгэн зургийг 99 доллараас эхлэн дуудна гэсэн зар гарсныг харваас Дотоодыг хамгаалах газрын дарга асан Намжилын Хаянхирваагийн гэргийтэйгээ авхуулсан, урьд өмнө үзэгдэж харагдаагүй нэн сонин зураг байх нь тэр. Зургийн том жижиг эсэхийг лавлах ч завдал гарсангүй, яаран дуудлага худалдаанд оролцон хожоод, тэсэн ядан хүлээж байтал зураг ч ирлээ. 10 х 14,2 см харьцаатай зургийг 14,5 х 22,5 см гоёмсог хатуу цаасан суурь жаазнаа байрлуулсан уг зургийн ар талд зургаасаа ч сонирхолтой шахуу товч захидал эсперанто хэлээр байх нь тэр ээ.

“Al estimataj geesperantistoj en NewYork,

Mi sendas samideanajn salutojn kaj mian fotografaĵon kiel memoraĵon de Mongola esperantisto el malproksima Azia lando tra la oceano al civilizita Ameriko.

Kun samideana saluto Mongola esperantisto Ĥajanĥirab 13/4 1927”

Захидлыг эспэранточ М. Алтанцэцэгт илгээж орчуулуулбаас:

“Нью Йорк хот дахь эрхэм хүндэт эсперанточдод, 

Та бүхэнд үзэл санаа нэгтний мэндийг хүргэхийн ялдамд соёл иргэншилт Америк оронд алс холын Ази тивийн Монгол эсперанточоос өөрийн фото зургийг тэнгис далайг давуулан дурсгал болгон илгээвэй. 

Үзэл нэгтний ёсоор мэндчилсэн, Монгол эсперанточ Хаянхирав 1927.04.13” гэжээ.

Хаянхирваа Дотоодыг Хамгаалах Газрын дарга байхдаа “соёл иргэншилт” Америктай холбоо тогтоохыг оролдож байсныг батлах энэ баримтаас олон асуулт урган гарна. Яагаад захиаг бичив? ДХГ-т Оросын тэр олон төлөөлөгч байхад яаж Монголоос гаргаж, Америкад хүргэж чадав? Яагаад эсперанточ нарт бичив? Ингэхэд Хаянхирваа энэ хэлийг яаж сурсан билээ? Зураг дээрх огноо ямар учиртай вэ? Хамт зураг авхуулсан бүсгүй хэн бэ? “Үзэл санаа нэгт” гэж хэнийг хэлэв? 

Асуултын хариуг эрж, багаахан судалгаа хийснээ барагтайхан нийтлэл болгон буулгав. Ингэхдээ хэн хүний мэддэг улиг домог болсон баримтыг аль болох давталгүй, цахим ертөнцөд олдохооргүй мэдээллийг уншигч тантай хуваалцаж, өөрийн дүгнэлт санааг бас нэмэхийг хичээлээ.

Зураг 1. Америкийн дуудлага худалдаанаас олж авсан зураг (М. Саруул-Эрдэнийн хувийн архив)

Хаянхирваа эспэранто хэлийг хаана хэрхэн сурсан бэ?

Г. Дүйнхэржав, “Намжилын Хаянхирваагийн улс төрийн намтар” хэмээх номд амьдрал намтар нь тодорхой буй тул давтахаас зайлсхийн, энд зөвхөн эспэранто хэлийг хэрхэн сурсан тухай нь бичье. Тэртээ 1966 онд Монголын радиогийн англи хэлээр явуулдаг нэвтрүүлгээр нэгэн сонсогч Монголд эспэранто хэл хэрхэн үзэж байна вэ? хэмээн асуусанд, сэтгүүлч Д. Шаравнямбуу хариултыг олохоор Хаянхирваагийн эспэранто хэлний шавь Ринчин гуайнд ирсэн байна. 

Ингээд Ри багш Хаянхирваа багшаасаа сонссоноо хуучилж, сурвалжлагч харин түүнээс сонссоноо “Эсперанто хэл манай оронд ингэж дэлгэрч байна” хэмээх нийтлэл болгон, «Утга зохиол урлаг» сонины 1966 оны 14-15 дугаарт хоёр цуврал болгон хэвлүүлжээ. Түүнд өгүүлснээр: “... Хувьсгалаас тэртээ өмнө залуу лам хавчиг үүргээ үүрэн, бадар барьсаар яваад, Халимаг нутаг оржээ. Тэндхийн орон хийдийг бараадаж байтал тэр газар үймээн самуун дэгджээ... Хөлөг онгоцонд суугаад Хар тэнгисээр дамжин гадаадад гарахаар дүрвэн яваа хүмүүсийн дотор монгол бадарчин лам явна... Хэдэн ч хоног явсан юм бэ, бүү мэд, хөл үймээн ихтэй гоёмсог буудалд хөлөг онгоц хүрэлцэн ирэв... Өлсөж ядрахын туйлыг үзэж, хоолны шавхруу эргүүлэн Истанбулын гудамжаар гиюүрэн явтал нэгэн хүн хүрч ирээд... дохиогоор юм үүр гээд байх шиг байж. Түүний хойноос дагаад очвол ачаа бараа зөөлгөх ажил хийлгэжээ. Бадарчин лам биерхүү том, бяр ихтэй хүн юм хойно нэлээд зөөжээ. Бараа ачиж буулгахын тоолон пайз өгнө. Ажлаа дууссан хүмүүс пайзаа үзүүлээд нэг цонхноос мөнгө авна... Орой нөгөө хүн намайг дагаад яв гэх шиг болжээ... Байн байсаар бадарчин турк хэл муу ойлгох болжээ. Сүүл сүүлдээ турк хэл овоо сурчээ... Тэгтэл нөгөө турк долоо хоногт хоёр орой тогтмол алга болчих болов. “Найз минь хаашаа яваад байна даа?” гэхээр “...Ядуу биднийг мөнгөгүй сургадаг эспэранто хэл гэж бий. Би түүнийг заалгаж байна” гэлээ... Турк найз нь ярилцаад Хаянхирвааг курст оруулж, хоёулаа хамт суралцах болжээ...”. Ринчен гуайн багшаасаа сонссон түүх энэ. 

Угаас хэл сурах авьяастай байж, эхлээд төвөд, дараа нь орос, тэгээд турк хэлийг сурсан тул гадаад хэл сурах арга барилаа нэгэнт олсон Хаянхирваа курсээ ганцхан жилийн дотор гарамгай төгссөнөөр энэ хэл Хаянхирваагийн амьдралд хөрөнгө мөнгө хийгээд эрдэм мэдлэгийн хувьд маш том өөрчлөлт, хөгжил дэвшил авчирчээ. Юуны өмнө Истанбул гэж олон хөлийн газар, эспэранто хэл сайн сурагчдаас шилж, айлчин гийчдэд хөтөч хийлгэдэг байсанд Хаянхирваа байнга сонгогддог, тэрнийх нь хөлс гэж өнөө ачаа зөөхөөс хавьгүй илүү тул богинохон хугацаанд хөл дээрээ босож, ядуу зүдүү амьдралаасаа салав. Мөн дэлхий дахины мэдээ сэлтийг уншиж, болж буй явдлыг хурдан шуурхай уншиж байснаар нүд нь нээгдэх шиг болсон аж. Тэгээд нутаг буцах болоход нь аанай л эспэранточ нар нь тусалж, концертоор хандив цуглуулан, замын зардлыг нь олж өгчээ. (Ер нь хаа газрын эспэранто хэлтнүүд одоо хүртэл нэгэндээ туслах тал дээр үнэхээр элгэмсэг, энэ уламжлал бүр хэл нь зохиогдохоос эхтэй ажээ)

Орос руу явахдаа аанай л эспэранточ нараасаа тусламж авч, Москва хот дахь эсперанто хэлний холбоотой захидлаар харилцаж Орост орох зөвшөөрөл аваад, Новороссийскоор дамжин Ростовт ирсэн гэдэг. Ингэж л ажил хэргийг нь бүтээж байсан эрхэм хүндэт эспэранто хэлээ АНУ-тай харилцаа тогтооход ашиглах гэж бас нэгэнтээ оролдсон нь тэртээ хожмын 1927 оны явдал ажээ. 

1918 оны 5 дугаар сард Хаянхирваа Москва хотод очиж, эсперанто хэлний Төв Хорооны коммунист фракцын гишүүн болж 67 тоот батлах, мөн Парис хот дахь ажилчны хөдөлгөөний «Улаан интернационал» эспэранто эвлэлд гишүүнээр элсэж 2984 тоот батлах гардан авчээ.

Зураг 2. Зургийн ар тал дахь товч захиа (М. Саруул-Эрдэнийн хувийн архив)

Эспэранто хувьсгал хоёр ямар холбоотой вэ?

Октябрийн хувьсгал ялахад Оросын олон эспэранточ уухайлан дэмжиж, Лениний засаг захиргаа ч эспэранто хөдөлгөөнийг ихэд дэмжиж байжээ. Учир нь бүх энэ ертөнцийн эгэл ардын харилцах хэл болно гэсэн Замэнхофын санаа, бүх дэлхийн үгээгүйчүүд нэгдэж коммунизмыг байгуулна гэсэн үзэлтэй яв цав нийлж байв. 

Үзэл суртлын энэ нийцлийг Буриад Монголын Үнэн сонины 1929 оны 2 сарын 14-ний дугаарт гарсан нэгэн мэдээнээс тодорхой харж болно. “Эспэранто хэмээх олон улсын хоорондох хэл суралцах бүлгэм тогтов” хэмээх уг мэдээнд өгүүлсэн нь: “Манай Дээд-Үд хотод эспэранто хэмээх олон улсын хоорондын хэлийг суралцах тусгай бүлгэм саяхан анхан тогтож, Хотын товчооны сонгон олж, хэдэн бүлэг болон тасарч, тус хэргийг эрхлэн эхэлжээ. Манай бүлгэмд хамтдаа 50 шахам хүн оров. Энэхүү эспэранто хэмээх хэлийг 1887 онд эрдэмт Л. Замэнхоф хэмээгч анхан зохиосон бөгөөд үүнийг зохиохдоо Европ дахь боловсронгуй улсын хэлний үгсийг үндэс болгосон баймуй. Энэхүү хэл нь ямар нэг үндэстний уул хэл бус, зохиомол хэл тул суралцахуйд маш хялбар болой. Эдүгээ үед дэлхий дахинаа үлэмж нэвтэрч, улс орон бүрд тусгай эмх бүлгэмүүд улмаар олширч, эл хэлийг ихээхэн хэрэглэх болсон үе бөгөөд ялангуяа олон улсын дарлагдсан хөдөлмөрчид, тариачин ардын хоорондоо харилцах тус тусын хэрэг байдал лугаа танилцах явдалд үлэмжхэн тус дөхөм болж чадах ба дэлхий дахь хувьсгалыг үйлдэх явдалд чухал тустай нэгэн зэвсэг болох нь дамжиггүй буй....” 

Энэ үе бол мөн Зөвлөлт дэх түрэг хэлтнүүд бараг бүгд латин үсэгт шилжих хөдөлгөөн өрнүүлж байсан, Лениний “Дорно дахины хувьсгал бол латинчлал мөн” гэсэн уриаг урдаа барьж явсан цаг юм. Буриадад ийнхүү 1929 онд анхны эспэранто бүлгэм, хичээл үүсэж байсан бол Монголд Хаянхирваа 1928 оноос эхлэн ахлах сургуулийн хүүхдүүдэд зааж эхэлсэн ажээ. Тэр ангид нь манай алдарт ахмад багш нар болох Я. Цэвэл, Х. Пэрлээ, Ч. Палаан, Б. Ядамсүрэн, Л. Балжир нарын зэрэг 16 хүн хичээллэсэн, академич Ш. Лувсанвандан тэр үед хэдэн анги доор сурч байсан боловч сурахын хүсэлдээ хөтлөгдөн гурван хичээлд нь сайн дураар орж сууж байснаа мөн хожим дурссан байна. 

Гэвч Сталины ид үед Зөвлөлтийн үзэл эрс өөрчлөгдөж, эспэранто хөдөлгөөнийг эсрэгээр төр засгийн эрхийг авах гэсэн гадаадын тагнуулын ажиллагаа хэмээн цоллож, 1936-1938 оны хооронд ЗХУ-ын бараг бүх эспэранточ нарыг цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлсөн юм. Монголын анхны эспэранточ Хаянхирваа тэр цагийг үзээгүй, өмнө нь өөр хэргээр шоронд нас барсан тухай дараа өгүүлнэ. 

Эспэранто Шамбал хоёр ямар холбоотой вэ?

Марксын коммунизм, Замэнхофын Итгэлийн хэл буюу эспэранто гэх мэт олныг хамарсан хөдөлгөөнтэй уг чанараараа амь нэг буюу орчлон ертөнцийг нэгтгэх, шашин соёлыг төвлөрүүлэх зорилготой хөдөлгөөн, ялангуяа үүндээ Бурханы шашныг сууриа болгож, ид шид, сүнс ёр, аврал нигүүлслийн утга учрыг холбосон нэгэн том давалгааг Оросын нэрт зураач Николай Рерих үндэслэж, өөр тогтолцоо, ондоо шашин бүхий өрнө дорнын олон улсын төр засаг, урлаг нийгмийн зүтгэлтнүүдийг хамруулсан билээ. Энэ хөдөлгөөний Монгол дахь толгойлогч нь Дотоодын хамгаалах газрын дарга Н. Хаянхирваа байсан нь өнөөх л эспэранто хэлнээс үүдэлтэй ард олныг нэгтгэх, Төв Азийг холбох гэсэн санаа биз ээ. Оросын зохиолч Олег Шишкин энэ тухай “Хималайн төлөөх тэмцэл. НКВД: Ид шид ба Тагнуул” хэмээх томоохон ном саяхан хэвлүүлсэн байна. Түүний бичсэн “Төв хороо, Дотоодыг хамгаалах, Шамбалын орон гурав холбогдох нь” хэмээх өгүүллийн монгол орчуулга 1996 онд “Улаанбаатарын мэдээ” сонинд гарсан, үүнд Сэн Мартин хэмээгч хипноз ид шидийг ашиглан Дорнын улс орны нууцад орно хэмээх үзлийн үндэслэсэн, тийм бүлгийн гишүүдийг “мартинист” гэдэг, бүлэгт Оросын Төв Хороо, Аюулаас хамгаалахын олон ажилтан нэгдсэн, тэдний дундаас хамгийн сонирхолтой гишүүн нь “эспэранто хэлд шимтэж, улмаар Азийнхны нэгэн хэл зохиох сон хэмээн мөрөөдөж байгаа Хаянхирваа” гэжээ. Рерихийн Төв Азийн алдарт аяллуудын гол зорилго нь ирээдүйг харж чаддаг, ер бусын хүмүүс бүхий Шамбалын орон гээчийг олох явдал байсан ч гэх.

Шишкин өмнө дурдсан номдоо эх сурвалжаа хаанаас авснаа дурдалгүйгээр “Хаянхирваа хэдэн зуун жилийн өмнө Миларайн үндэслэсэн Төвөдийн Ах дүүс Анд нөхөд бүлгэмд элссэн, оюун билигт тэр хүмүүн тэр ч бүү хэл эспэранто хэлний “Вэрба Стэлла – Ногоон од” нийгэмлэгийн гишүүн байжээ. Тэрбээр бүр Октябрийн хувьсгалаас өмнө Санкт Петрбургт ирж, мартинистуудын эгнээнд элссэн бөгөөд розенкрейцерийн зэрэгт хүрч байв” хэмээсэн байна. Розэнкрэйнцэр гэдэг нь бүр Франк Масоны хөдөлгөөнөөс эхтэй, роз буюу сарнай, крэйц буюу загалмай гэсэн үгнээс гаралтай, зэрэг цол - одонгийн нэр бөгөөд Оросын мартинистууд дотор дээд зиндааны цөөхөн хүн авсан юм. Шишкинээс гадна Оросын гурван ч зохиолч Хаянхирвааг розэнкрэйнцэр хэмээн дурдсан нь Петрбург, Москвагийн архиваас олсон сонирхолтой баримт байж болзошгүй тул түүхч нарт цааш нь судлууштайг сануулаад, уг хөдөлгөөний нэг гол зүтгэлтэн Барченко алдарт Агваандоржиев ламаас буддын гүн ухаан сурсан, Хаянхирваагаар Дүйнхорын тухай судлуулах сонирхолтой байсан гэх мэт мэдээг цухас дурдаад, цаг хэмнэх үүднээс мөнөөх зургийнхаа уг учрыг цааш хөөсү.

Америк, ялангуяа Нью-Йорктой холбогдох учиг юу вэ?

Хаянхирваагийн зураг Нью-Йоркод очсоныг сурвалжлах сүлжилдсэн олон утсын учиг нь үзэл нэгт нөхөр нь болох Николай Рерих юм. Рерих 1920 онд АНУ-д айлчилжээ. Октябрийн хувьсгалаас дүрвэж Нью-Йоркод очсон урлагийн, ялангуяа уран зураг, балетын оддын дунд Рерих хэдийн нэр хүндтэй байсан учраас тэнд очсон дороо их амжилтад хүрсэн байна. 1920-1923 онд тэрбээр үзэсгэлэнгээ Чикаго, Нью-Йорк гэх мэт 28 хотод гаргаж, зураг бүтээл нь ч олноор зарагдаж, шүтэн бишрэгчидтэй ч болжээ. “Бүх Дэлхийн Барууны Буддистуудын Холбоо” хэмээх нууц байгууллага байгуулсан нь өнөөх л Орос, Монгол, Төвөд, Энэтхэгт хийж байсан, хийж ч байгаа үйлийнх нь нэгэн хэсэг байлаа.

1923 онд Рерих Америкаас Энэтхэгт очиж, улс төр шашны олон сонин үйлтэй учирсан байна. Банчин ламыг дүрвэн одсоныг Майдар эргэн ирэх бошго мөн гэж тайлсан, нэгэн сүмийн лам нар Рерихийг мэнгээр нь 5-р Далай лам эргэж төрсөн байна хэмээн тодорхойлсон гэх мэт олон сонин буй. 1924 онд эргэж АНУ-д очихдоо Рерих Нью-Йорк хотноо суурьшжээ. 

Тэнд амьдарч байхдаа Корона Мунди буюу Дэлхийн титэм хэмээх олон улсын уран бүтээлчдийн нийгэмлэг, Нэгдсэн урлагийн мастер хүрээлэн, Америкийн Агни Ёогагийн Нийгэмлэг зэрэг олон байгууллага байгуулжээ. Тэрхүү Нэгдсэн урлагийн мастер хүрээлэн нь өдгөөгийн Рерихийн музейн эх мөн. Ингэж ихийг сэдэж бүтээж явахдаа Рерих тус хотын эспэранто нийгэмлэгийнхэнтэй мөн холбоотой байсан ажээ. Энэ бүхнээс үзэхэд Хаянхирваа – Нью-Йоркийн эспэранточид хэмээх холбоосын зангилаа нь Рерих байсан аж. 

1927 оны 4 сарын 13

Зураг дээр Хаянхирваа гарын үсгийнхээ доор энэхүү огноог сийлжээ. 1926 оны 10 дугаар сарын 21-нд Засгийн газрын 40 дүгээр хурлын тогтоолоор ДХГ-ын даргаар томилогдсон гэж бодохоор чухал энэхүү албан тушаалаа аваад зургаан сар шахам болж байсан гэсэн үг. Энэхүү огноо зургийг Нью-Йоркод хэний гараар дамжин хэрхэн хүрснийг өгүүлэх маш чухал баталгаа болохыг тун санамсаргүй тохиолдлоор олж мэдээд миний бие ихэд хөөрөн баярласнаа нуух юун.

ЖЗЛ буюу Жизнь Замечательных Людей (Гарамгай Хүмүүсийн Амьдрал) хэмээх алдарт цувралд Рерихийн намтрыг П. Ф. Беликов, В. П. Князева хоёр бичжээ. Анх 1972 онд гарсан уг ном олдохоо байсан тул 2009 онд дахин хэвлэж. Номын “Экспедиция” бүлгийг сонирхон уншиж, Рерихтэй хамт Шинжаан, Монголоор аялж байтал “Экспедиция покинула Улан-Батор 13 апреля 1927 года и двинулась в юго-западном направлении к пограничному монгольскому пункту - монастырю Юм-Бэйсе (Экспедиц Улаанбаатараас 1927 оны 4 дүгээр сарын 13-нд гарч, Монголын хилийн цэг Юм бэйсийн хийд рүү, баруун урд зүгт хөдөллөө)” гэсэн өгүүлбэр таармагц эгээ л эрдэнэ олсон мэт баярлав. Рерихийг явахад зураг дээрээ гарын үсгээ сийлээд Нью-Йорк руу дайж явуулсан байх нь. Монголоос тэр захиаг гаргах ганц зам тэр байж. Зөвхөн зургаа ч өгсөнгүй, өөр нэг баримтад дурдсанаар Рерихийг хамгаалуулахаар лам Ламжав, улаан цэрэг Даваа Цэрэнпилов хэмээх хоёр ч хүчирхэг монгол эрийг багт нь багтааж өгчээ.

1927 оны 4 сарын 13-ны тэр өдрийн тухай ахмад багш, дипломатч Бат-Очирын Содов гуай (Содовын Баясгалан багшийн эцэг) сонирхолтой дурсамж хүүрнэжээ. Гэгээрлийн яамны орлогч сайд асан Содов гуай Рерихийнхнийг Улаанбаатарт байхад хүүд нь монгол хэл заажээ. Содов тэгэхэд сургуулийн сурагч, Рерихийн хүү нас ойролцоо байсан аж. Рерихийн экспедиц 1926 оны 9 сард Улаанбаатарт ирээд цааш Төвөд рүү хөдлөх зөвшөөрөл хүлээн 1927 оны 4 сарыг хүртэл саатсан нь тэр. Содов Шагж багшийнхаа зөвлөсний дагуу Ишдоржийн дүрмээр Юрий Рерихт монгол бичиг заажээ. Содов багш тэр өдрийг дурсан ярьсан нь “...Ардын комиссар Луначарскийн хүчлэн хөөцөлдсөний ачаар зөвшөөрөл олдоод 1927 онд Улаанбаатараас явсныг нь би тод санаж байна. Явах өглөө нь би эртээ гүйгээд хүрсэн. “Кадиллак” машин дээр жаал зугаа юм аччихсан, хөдлөхөд бэлэн болоод байв. Жамьян гүн, Ж.Цэвээн нар оччихсон байсан тул Юрий бид хоёр томчуудаас зайдуу зогсоод юухан хээхэн ярьж билээ. Бусад ачаа хөсгийг нь морин тэрэгчин Дорж (төвөд хэлтэй), өөр хоёр ч хүний хамт аваад нэгэнт хөдөлсөн байлаа...”

Олон сар саатсаны эцэст зөвшөөрөл ирээд гэнэт хөдлөх болсон, Хаянхирваа ч яг хөдлөх өдөр нь зураг дээрээ товч захидлаа бичиж илгээсэн нь тэр ажээ. 

Яагаад Америктай холбоо тогтоохыг оролдов?

Хаянхирваа захидалдаа хэдийгээр албан тушаалаа дурдалгүй, өөрийгөө “Монголын эспэранточ” хэмээн дурдсан боловч энэхүү зургийг илгээх үедээ Монгол улсын Дотоодыг Хамгаалах Газрын дарга байсан нь маш чухал баримт юм. Өнөөгийнхөөр бол аль нэг улсын Тагнуулын төв газар, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын албан тушаалыг гүйцэтгэж буй хүний захидал хэмээн ойлгож болно. Тэгвэл яагаад манай тагнуулын дарга Америк руу захиа бичих болов? 

Үүнийг тухайн үеийн Монгол улсын түүхийн нөхцөл байдал хийгээд Хаянхирваагийн хувь хүний ажил үйл, зорилго бодолтой холбон тайлбарлавал зохино. Энэ үе болбоос Орос, Коминтерний нөлөө хэт идэвхжиж, манай төр улсын хэрэгт дураар оролцох болсон цаг билээ. Саяхан Конгрессын Номын Сангаас олдсон нэгэн захидалд Дилав хутагт Америктай холбоо тогтоохыг хүсэн, Бээжин дэх АНУ-ын элчин сайдад: “бүх хэргийг Оросоос заан сургаж, Монголын хэд хэдэн залуучуудыг татан нийлүүлж хөдөлгөн, шажныг түлхэн унагах ба өмчийн хөрөнгийг үгүй болгохыг зорьж, цаазыг хатуугаар явуулж, хүний зөвлөн хэлэлцэх эрхийг тасалж, хүн галт зэвсгийг хадгалж болохгүй зэргийн аргыг хэрэглэж, Орос улс манай Монголыг залгин хамтатгах санаа байдал илрэхэд олон монголчууд жигшин гаславч арга олохгүйд адил зоригтон нар нууц зөвлөж...” гэх мэтчилэн тайлбарлан бичсэн байсныг нийтэлсэн билээ. 

“Жигшин гасалсан” тийм нэгэн “адил зоригтон” нь Хаянхирваа ч байсан байж болзошгүй юм. Учир нь тэрбээр Дотоодыг Хамгааахын Газрын даргаар томилогдсон даруйдаа Орос сургагч нарын хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах арга хэмжээ явуулж эхэлжээ. НАХЯ-ны архивын ажилтан асан Гондийн Дүйнхэржав “Н. Хаянхярваа ДХГ-ын даргаар томилогдсоны дараахан 1926 оны 12 дугаар сарын 3-нд “Монгол улсын ДХГ сургагч нарыг урин ирүүлэх тухай дүрэм”-ийг батлан гаргаж, түүндээ ... “ДХГ-ын сургагч нар ногдсон албыг гүйцэтгэх тухайд зохих дээд дарга нарт захирагдан тэдний заавар тушаалыг дагаж гүйцэтгэнэ” гээд мөн “ДХГ-ын сургагч нар бол харьяат даргаас тушаалгүйгээр захирах тушаах эрхгүй” гэсэн нь ... их үндэстний дарангуйлах үзлийн эсрэг бие даах гэсэн Монгол орны онцлог нөхцөл байдалд тохирсон зөв чиглэл байв” хэмээн дүгнэсэн байна.

Ингээд 1927 онд 39 дүгээр тушаалаараа цэргийн бөгөөд хязгаарын хэлтсийн байцаагч Александр Золотухиныг албан үүргээ хөнгөнд үзэж, тушаал зөрчиж, хариуцлагагүй ажилласан учир 7 хоног сахилгын гянданд хорьж шийтгэжээ. Зөвлөлтийн сургагч мэргэжилтнийг сахилгад хийсэн монгол хүн гэж Хаянхирваагаас хойш гараагүй биз. 

Щетинкинийг хөнөөсөн Блюмкиныг Хаянхирваа хөөн явуулсан нь

Ялангуяа дур зоргоор ажиллан, аллага хядлага үйлдэж асан мөнөөх зарт Яков Блюмкиныг 1927 оны 11 дүгээр сарын 23-нд 67 тоот тушаалаар, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Хаянхирваа албанаас халж, тус улсын хязгаараас хөөн гаргасан нь нэн зоригтой шийдвэр болов. Блюмкин тэгэхэд бүр манай ДХГ-ын Ерөнхий сургагч байлаа. Блюмкин Монголд ирэхээсээ өмнө Германы Орост сууж байсан элчин сайд Мирбах гүнийг буудан алснаараа зард гарсан этгээд юм. Монголд дураар авирласан олон хэргийнх нь тухай манайхан сайн мэддэггүй, ялангуяа Щетинкинийг чухам Блюмкин хороосон гэдэг нь улам бүр тодорхой болсоор, Оросын сэтгүүлчид баримтуудыг ил гаргасаар байна. Щетинкин гэж нөгөө цагаан толгойн Щ үсэг дээр үг олддоггүй байхад Салтыков-Щедрин, Щорс хоёроос өмнө үсэглэлийн номд залардаг байсан алдарт партизан шүү дээ. 

Евгений Ватонины бичсэнээр Щетинкин Блюмкин хоёр хоорондоо тун таарамжгүй байжээ. Учир нь Щетинкин Коммунист намын Монгол дахь үүрийн дарга учир асуудлын эцсийн шийдийг гаргах ёстой хүн байж. Блюмкин харин хурц түргэн зантай, бүх асуудлыг цэргийнхээ шугамаар өөрөө шийднэ гэдэг байв. Намын үүрт элсэх гэж хэдэнтээ оролдсон ч дарга нь болох Щетинкин зөвшөөрсөнгүй. Ийм зөрчлийн дунд энэ хоёр хүн дайсан болжээ. 

1927 оны 9 сарын 30-ны өдөр Щетинкинийг зуурдаар нас барсан хэмээх мэдээ Москвад ирэв. Оросууд өөрсдөө задлан хийж “тархи саажиж, зүрх зогссон” гэсэн онош ирүүлсэн байна. Албаны мэдээ энэ. Гэтэл цаг дулаарсан тэртээ 1957 онд Щетинкиний охин сэрдхиймээр зүйл ярьсныг Евгений Ватонин “Яков Блюмкин: Ошибка резидента” номынхоо 93-р талд тэмдэглэсэн нь: “Манайх Монголд байхдаа хоёр ч удаа дайралтад өртөж байлаа. Хожим нэг шөнө аавыг гэрт нь байхад хэдэн хүн ирж баривчлаад Туул голын эрэгт аваачиж буудаж алсан...” Оросын коммунист намын үүрийн даргыг баривчлаад буудаж чадах хүн тэр үед зартай Блюмкинээс өөр хэн байх сан билээ? Ийм нэгэн этгээдийг Хаянхирваа Монголоос хөөн явуулсан аж. 

Байдал нөхцөл ийм үед Хаянхирваа Америктай юуны өмнө хувийн боловч харилцаа тогтоох гээд үзээд алдсан нь энэ бололтой. 

Зураг 3. Голд Хаянхирваа, баруун гарт Яков Блюмкин

Хаянхирваагийн янгир, хярсан туулай бүхий гарын үсэг

Захидлын эцэст Хаянхирваа гарын үсгээ хэрхэн сийлснийг та бүхэн харж буй. Ĥajanĥirab хэмээсний h үсэг дээрх тэмдгийг хэл шинжлэлд сиркумфлэкс гэнэ. Хоолойн шүргэх h авиаг тэмдэглэхийн тул энэхүү тэмдгийг нэмжээ. Манай эспэранточид сиркумфлэксийг “малгай”, тийм тэмдэг бүхий үсгийг “малгайтай үсэг” гэдэг аж. 

Хаянхирваа эспэранто хэлээр гарын үсгээ татлахдаа энэхүү малгайг уран гоёор ашиглаж, янгирын эвэр, туулайн чих болгон таталдаг байсан тухай Л. Түдэв гуай “Дал” сониныхоо 1996 оны 11 сарын 1-ний дугаарт бичсэн байна. 1926 оны нэгэн бичиг дэх Хаянхирваагийн гарын үсгийг нийтлээд, Л. Түдэв гуай эхний том Ĥ үсгийг янгир, дараагийн жижиг ĥ үсгийг хярсан туулай хэмээгээд Тагнуулын газрын комиссар (тэр үед дарга болоогүй байсан) -ын хувьд гарын үсгээ хүн дуурайлгахын аргагүй нууцлахын үүднээс ингэж шийдсэн бололтой хэмээн дүгнэжээ. Хярсан буюу монгол бичгээр бол “хирсан” туулайг гарын үсэгтээ дүрсэлсэн нь “хирсан - хирав” хэмээх нэрээрээ наадсан үгэн тоглоом ч байж болох юм. 

Зураг дээрх эмэгтэй нь Хаянхирваагийн гэргий Цог юм. Тэр хоёр Дашдулам гэж ганц охинтой аж төрж байжээ. Охин Дашдулам нь хожмоо Монгол улсын алдарт хөгжимчин болж, шударга хөгжмийн бүтээлээрээ Ардын жүжигчин цол хүртсэн билээ. Эсэргүүний хүүхэд гэх хавчлагаас зугтан Цогийн Дашдулам хэмээн ээжээрээ овоглосон аж. 

Зураг 4. Хаянхирваа малгайт үсгийг гарын үсэгтээ эвэр, чих болгосон нь (Дал сониноос)

Хаянхирваагийн үхлийн талаарх манай тагнуулынхны дүгнэлтүүд буюу цавиндаа хутгалж амиа хорлоно гэж байх уу?

Лхүмбийн хэмээх зохиомол хэрэгт Хаянхирвааг баривчилж, эрүүдэн тамлаж, элдэв ял тулган байцаасаар 1934 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Төр засаг, хэл бичгийн нэрт зүтгэлтэн Н. Хаянхирваа ял шийтгэгдсэний маргааш буюу 27-ны өглөөний 6 цагийн орчим хорих газрын 20 дугаар өрөөнд харамсалтайгаар нас барав. 

Хаянхирваагийн талаар тусгай ном бичсэн Г. Дүйнхэржав Тагнуулын төв газрын архивын материалтай танилцаж, тодорхой дүгнэлт гаргасан тул энэ нийтлэлд би элдвийг нуршин давталгүй түүний бүтээлээс шууд эш татъя: 

“ДХГ-ын орлогч дарга бөгөөд тусгай хэлтсийн дарга Н. Насантогтох, 3-р хэлтсийн сургагч Григорьев, тус газрын эмнэлгийн дарга Поюровский, шүүх эмнэлгийн шинжээч эмч Кусевицкий, Полетаев, комендант Дамба нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс цогцост үзлэг хийж 7 дугаар сарын 27-нд гаргасан актандаа: “Нас барагчийн давсагны баруун хэсэгт өргөн нь 5-6 см, гүн нь 1.5 см, гэдэсний зүүн доод хэсэгт өргөн 6-7 см, гүн 1,5 см шархтай байсан ба үүнээс цус алдалт болж биеийн байдал эрс суларснаар нас барахад хүргэсэн шалтгаан болжээ” гээд “өөрийгөө хорлон алсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэтэл түүний хоригдож байсан 16, 20 дугаарын тасалгаанд өмсөж байсан хувцас нь байсан бөгөөд түүнд ямар нэг хутга мэсний мөр байхгүй байсныг үзлэгийн тогтоолд бичжээ. Н.Хаянхярваагийн нас барсан шалтгааныг тухайн үед зөв тогтоогоогүй бөгөөд тогтоох ч үндэс байсангүй.

1. Н.Хаянхярваа нь нэгэнт 10 жил хоригдохоор шийтгүүлэхэд амьд мэнд үлдсэн байхад амиа хорлох ямар ч үндэслэл байгаагүй.

2. Хоригдол хүнд ямар нэгэн хутга мэс, хайч зэрэг амиа хорлох зүйлийг биед нь байлгадаггүй журамтай учраас түүнийг амиа хорлосон гэж үзэх үндэс байхгүй юм.

Н.Хаянхярваа нь Монголоо гэсэн үндэсний үзэл нэвт шингэсэн, их гүрний дээрэнгүй үзлийг үзэн яддаг, ард түмэнд их нөлөөтэй, олон хэл мэддэг, олон газар явж юм үзсэн боловсролтой хүн байсан учраас Ж.Лхүмбийн хэргийг эхнээс нь зохиосон зохиомол хэрэг гэдгийг сайн мэддэг тагнуулын болон эсэргүүцэн тагнах, мөрдөн байцаах ажлын мэдлэгтэй, хууль ёсыг завхруулан залхаан цээрлүүлэхийг нүдээр үзсэн амьд гэрч байсны хувьд амьд үлдвэл энэ бүх зүйлийг нийтийн өмнө баримттай гаргаж тавих аюултай этгээд байсны нөгөө талаар сургагч нарын бульхайтай ажиллагааг сайн мэддэг, ЗХУ-ын ДХАК-ын зарим нууц үйл ажиллагааг мэддэг, ЗХУ-ын удирдагчдыг үзэн яддаг байсан учраас түүнийг алах хуйвалдааныг зориуд зохион байгуулсан улс төрийн аллага гэж үзэх дүгнэлтэд хүргэж байгаа юм. (Г. Дүйнхэржав, “Намжилын Хаянхирваагийн улс төрийн намтар номоос. Гоньдийн Дүйнхэржав гуай болбоос 1966 оноос 1992 оныг хүртэл Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны архивт ажилласан ахмад туршлагатай чекист билээ) 

Тэгвэл 2007 онд манай Тагнуулын ерөнхий газрын судлаачид Хаянхирвааг байцаасан, дүн шинжилгээ хийсэн бүхий л нууц баримттай танилцаад, хүн ёсноос ангид хэрцгий аллага болсон хэмээн дүгнэжээ. Үүнд “Үнэн хэрэг дээрээ Ежов, Фриновский тэргүүтэй Зөвлөлтийн сталинч чекистүүд Монголын алдарт тагнуулч Хаянхирвааг туйлын жигшүүртэй, зэрлэг бүдүүлэг аргаар, эедүүлж хэлбэл “хөнгөлж” амь насыг нь бүрэлгэсэн юм. Энэ нь Зөвлөлтийн супер тагнуулч Яков Блюмкиыг хөөн буцаасных нь төлөө ч бус, харин Төвөдөд улаан хувьсгал экспортолж, 13-р Далай ламыг устгах гэсэн тагнуулын ажиллагааг нь нэгмөсөн нураасных нь төлөө өшөөгөө авч хорслоо тайлсан хэрэг байлаа” (С. Баттогтох, Г. Дүгэржав, Д. Туул “Намжилын Хаянхирваа”, ТЕГ-ын албан ёсны ю-түүб суваг) 

Төгсгөл

Нью-Йорк хотоос олдсон нэгэн жижиг зургийн үүх түүх, учиг утсыг хөөхөд ийм байна. Намжилын Хаянхирваа бол Монголын анхны эспэранточ, бага залуудаа хол газар явж юм үзэж нүд тайлсан, эх орноо гэсэн халуун сэтгэлт эх оронч байжээ. Хилс хэрэгт унаж, шоронд амь насаа алдсан Хаянхирваагийн амьдрал замналыг цааш судлах зайлшгүй шаардлага буй нь тодорхой байна. 

Зураг 5. Хаянхирваа гэргий Цогийн хамт