Дорнын философи
Өрнийн философи болон Дорнын философи хоёрын хоорондох бүтцийн ялгаатай холбоотой.
Юун түрүүнд шулуухан хэлээд орхиход
- Дорнын философийг уншиж судалсаар оройд нь гарна гэвэл, тэрэн шиг бүтэшгүй юм гэж үгүй.
Харин түүний дэргэд Өрнийн философи бол хальт сонсоход нэг л их мэргэжлийн хэллэг, нэр томьёо, толгой эргүүлэм хэцүү мэт төсөөлөл байдаг ч, тэр нь эцсийн эцэст "ойлгоход бэрх" л болохоос, "ойлгох боломжгүй" бол биш юм.
Өрнийн философи хичнээн хэцүү нарийн төвөгтэй байлаа гээд, ерөнхийдөө тогтсон загвараар системчлэгдсэн (хэн бүхэнд хүртээмжтэй байдлаар илэрхийлэгдсэн) онолын хүрээн дотор эргэлддэг тул, уйгагүй нухаад суувал хэнбэ гуай нь ч бай эрт орой хэзээ нэгэн цагт гарцаагүй учрыг нь олох боломжтой.
Харин Дорнын философи бол тэгээд болчихдог эд биш ээ. Ээрч мууртлаа уншаад, судлаад, заалгаад, ..., үгүй ээ, бүр нухах тусам түүний мөн чанараас алсран холдож төөрөлдөх болно. Дорнын философи гэдэг бол зүгээр л "заалгаад" ойлгочихдог зүйл огтоос биш юм.
Үүний шалтгаан нь Өрнийн философи болон Дорнын философи хоёрын хоорондох бүтцийн ялгаатай холбоотой. Тэгэхээр тэр ялгааны тухай энд хүүрнэе.
Өрнийн философи бол шаталсан бүтэцтэй
МЭӨ 500 жилийн тэртээх Талес, Сократаас эхтэй гэгддэг Өрнийн философи нь мөн чанартаа "Мэдэхгүйг" суурь нөхцлөө болгодог.
- Бидний амьдарч буй энэ ертөнц ингэхэд юу юм бэ?
- Үл хөдлөх туйлын үнэн гэж оршин байна уу?
Иймэрхүү фундаменталь асуултын талаар "жинхэнэ үнэнийг" хэлж өгөх өрнийн философич нэгээхэн ч үгүй. "Үнэн" гээчийн тухайд гэвэл өрнийхөн ташираараа "Үл мэдэгчид" гэхэд болно. Үнэхээр ч, өчүүхэн хувь хүн нэг бүртэй зүйрлэвэл "Үнэн" гэдэг хавьташгүй өндөр уулын оргил юм хойно, арга ч үгүй биз.
Гэсэн ч, өрнийн философичид энэхүү хэзээ ч ялах найдваргүй мөнхийн тэмцэлдээ огтоос бууж өгөх бодолгүй. Тэд харин ч үл мэддэг болохоо ил тод зарлан байж
- Эрээд олддоггүй тэр үнэнийг гарцаагүй олох болно
гэсээр, улайран зүтгэцгээх билээ.
Тэгээд амьдралаа умартан байж хэдэн арван үеэрээ бясалган баясалгаж, бас дахин бясалгасны үр дүнд бий болсон тэр зүйл нь "Өрнийн философи" юм. Тэдний бий болгосон тэрхүү хамгийн хүчирхэг бодол сэтгэлгээний онолын цогц систем нь тухайн үедээ бүх дэлхийг донсолгож, төр соёл мэдлэгийн ертөнцөд хэмжээлшгүй их нөлөө үзүүлжээ.
Гэлээ гээд.
Тийм байлаа ч тэдний олсон мэдсэн бүхэн "Үнэн" гээчээс бас л холоо хэвтэж байх тул, "үнэний эрэлд" тэмцээнийхээ буухиаг хойч үедээ даатган залгуулна.
- Эрээд олоогүй тэр эрдэнийг бид олоогүй ч, хойч үе маань гарцаагүй олж хүрэх болтугай
гэж ерөөгөөд, өөрсдийн хүрээд зогссон тэр цэгээ нямбай гэгч нь тайлбарлан мутарлаад үлдээх билээ.
Харин хойч үеийн суутнууд өвгөдийн гэрээслэн үлдээсэн онол сургаалийг улам баяжуулан төгөлдөржүүлэх ч юм уу, эсвэл
- Өвөг дээдсийн маань үлдээсэн туйлын дээд агуу философи мину
гэхчлэн дэлхий дүүрэн сурталчлаад явах уу гэвэл огтоос үгүй.
Харин ч эсрэгээрээ багш нарынхаа айлдсан номлосон болгонд тууштайгаар "эргэлзэж", баруун солгойгүй "сэжиглэж", өө сэв элдэв зөрчил ер байж болох бүхий л булайг нь дэлгэхээр улыг нь шагайж, мөрийг нь мөшгиж гарна.
Учир гэвээс, өвгөдийн сургаальд сэтгэл ханан тайвширч орхивол, тэр нь тэдний хувьд эцсийн зогсоол болох жамтай юм. Хүүхэд хэзээ нэгэн цагт хүчирхэг суу билэгт эцгээ даван гарахгүй бол болохгүйн адилаар, хэдий нүдний өмнө өвгөд мэргэдийн гараар бүтсэн түүхийн хамгийн оргил философи байлаа гээд, түүнийг даван дийлэхүйц илүү хүрчирхэг философи гаргаж ирэхгүй бол болохгүй.
Үнэндээ энэ бол огтоос өрнийн философиор хязгаарлагдах яриа бус, ер бүхий л мэдлэгийн салбарт (шинжлэх ухаан) хамаарах шинж юм. Ерөөс бид яагаад бага дунд ахлах сургууль гэлцэн дуртай дургүй суралцаж, ахиад цаашаа баклавр, магистр энээ тэрээ гэсээр элдэв судалгаа хиймэр аядан биеэ зовоодог юм бэ хэвээмээс, тэр нь өнөөг хүртэл хөгжөөд буй тэрхүү мэдлэгийн салбаруудаас буухианы модыг баттайгаар хүлээж аван, цааш нь ахиад ганц алхам ч болтугай ахиулаад хойч үедээ дамжуулан өвлүүлэх гэж тэр юм шүү дээ. Түүний төлөө л Их сургууль (academia) гэдэг институц оршиж, түүний төлөө л бид бүхэн тэнд очиж эрдэм сурахыг зорьдог учиртай (Огтоос ажилд орохын тулд төдийхнөөр тийшээ зүглэдэггүй юм шүү. Шулуухан хэлэхэд, их сургуулийн элдэв хичээл амьдралд хэрэг болох нь ховор).
Тэгэхээр ийм шинж чанартайн учир, өрнийн философи нь зүйрлүүлж хэлбэл шаталсан хэлбэр бүхий бүтэцтэй юм. Өөрөөр хэлбэл, туйлын "Үнэн", илүү төгс онолд дөхөхийн тулд, төдийг хүртлэх хамгийн хүчтэй онолыг далаар нь нугасалсан цоо шинэ философи гаргаж ирэх байдлаар нэг нэг гишгүүр ахин хөгждөг учиртай.
2,500 жилээр тоологдох түүхийн урт хэлхээс, тоочиж үл барагдах оюунт хүмүүсийн гараар дамжиж шатлан өндөрлөсөн хүчирхэг мэдлэгийн ухаан. Энэ бол Өрнийн философи билээ.
Дашрамд хэлэхэд, өрнийн философи маань өнөөгийн энэ өндөрлөгт хүрээд "Туйлын үнэн гэж ер нь явж явж байдаг юм уу?", "Туйлын үнэн гээчтэй хөөцөлдсөөр яваад бий болгосон энэ их мэдлэгийн том овоолго чинь эцсийн эцэст хий хоосон зүүд зэрэглээ биш байгаа?" гэсэн эргэлзээнд тулж ирээд байгаа бөгөөд, бид бүхэн яг тэр эргэлтийн цаг үеийн чанх голд нь амьдарч явна. Гэлээ гээд, түүхийн өндөрлөгөөс харах юм бол энэ нь ердөө дөнгөж саяхнаас эхтэй явдал бөгөөд, Өрнийн философи гээч энэ үзэгдлийг бүхэлд нь ажиглан шинжвээс, ерөнхийдөө энэ мэт шаталсан хэлбэрийн хөдөлгөөнүүдийн цуваа гэж хэлж болох биз ээ.
Дорнын философи бол пирамид бүтэцтэй
Харин Дорнын философи бол дээрхээс тэс өөр өрнөлөөр хөвөрдөг. Ерөөс Дорнын философичид "Мэдэхгүйг" суурь нөхцлөө болгодоггүй. Болгох нь байтугай, харин ч нэг бардам гэгч нь шууд зарлан тунхаглана:
- Би гэгээрчихлээ. Үнэнийг ойлгочихлоо. Туйлын зэрэгт хүрлээ. Мөнхийн хутгийг оллоо.
Үнэн баавартай. Ёстой нөгөө өрнийн философи тоосго тоосгоор нь ширхэгчлэн өрөн байж босгосон "Үнэн" тийш дүнхийх аварга том мэдлэгийн цамхагийг нь ганц амьсгаагаар хөнтрөөд хатсан шарилж болгох мэт. Өрнийн философи 2,500-аар тоологдох сар жилийг элээгээд одоо ч олж чадаагүй зүйлийг нь Дорнын философи "Өө наадахыг нь аль уже олчихсон шдээ" гээд хээв нэг ёжилно.
Яг энэ л өрнө ба дорнынхны үндсийн үндсэн ялгаа юм. Нэг ёсондоо, дорнынхон бол ямар нэгэн ГООЛ-ийн хойноос хөөцөлддөг бус, харин "гоол орчихлоо" гэдэг цэгээс бүх юм эхэлдэг хэрэг.
Тийм ч учраас Дорнын философичдод хандах тэдний хойч үеийнхний хандлага нь ч өрнийнхнөөс өөр. Тэд тэгж өмнөх үеэ шүүмжилж, эргэлзэж, нугасалж, давж гарахыг санаархаж янз бүр болохгүй. Нээрээ л арга ч үгүй, нэгэнт гоол орчихсон (үнэнд хүрчихсэн) газар юугаа үгүйсгэж, юуг шинээр босгох билээ.
Гэсэн ч гэлээ "Гоол орлоо, бүх юм дууслаа" болдог уу гэвэл бас ч тийм биш.
Өвгөд мэргэдийн дорнын философи дотор бодит байдалтай үл авцалдах элдэв зөрчил асуудал олдох явдал ч хааяадаа гарч ирнэ. Тэр үед яах вэ? Хойч үеийн хүмүүс өвгөдийнхөө сургаалийг "Энэ дээрээ жоохон алдчихаа юу даа" гээд засаж сэлбээд явна гэж бодно уу?
Огтоос үгүй. Тийм юмтай тулбал "Өвгөдийнхөө сургаалийг буруу ойлгосон бидэнд асуудал байна" гэж сэтгэж, тэр асуудлаа залруулахын тулд "шинэ тайлбар" бодож олон түүнийгээ цааш нь хөгжүүлэн төгөлдөржүүлэн одох болно.
- Бурхан Бодьсатвагийн хэлээд байгаа чинь ийм учиртай зүйл биз дээ тэ?
гээд Тайлбар А үүснэ (буюу шашны урсгал А).
- Яалаа гэж. Тэгж тайлбарлахын бол ийм ийм зөрчил үүсдэг юм байгаа биз дээ? Наадах чинь энэ байхгүй юу.
гээд Тайлбар В үүснэ (буюу шашны урсгал В).
- За больж үз. Наадах чинь яг үнэндээ ийм учиртай юм шдээ.
гээд Тайлбар С үүснэ (буюу шашны урсгал С).
Гэх байдлаар цааш цаашаагаа улам задран өрнөх тул, бүхэлд нь харвал Дорнын философи нь доошлох тусмаа улам бүдүүрэн салаалсан пирамид хэлбэр үүсгэдэг гэж хэлж болно.
Тэгэхээр, Дорнын философи гэдэг нь, Өрнийн философи шиг "Өч дөчнөөн цаг хүч зарж, ямх ямхаар үнэнд ойртдог" эд бус, гэнэт л нэг өдөр "Үнэнд хүрэв" гэж ил тод зарлах хөндлөн нөхөр гарч ирэн, тэр нөхрийн сургаал үг, бодол сэтгэлгээг хойч үе нь судлагдахуун болгож эмхлэн цогцлоож бий болгосон зүйл байх нь.
Тэгээд ийм бүтэц механизм бүхий систем учраас, пирамидын оргилд залрах Дорнын философич нь агуу дээд хүн гэгдэн хүндлэгдэж, тэр нь яваандаа бодит амьдралаас хөндийрсөн үлгэр домгийн шинжтэй яриагаар баяжсаар, нэг мэдэхнээ бурхан багш болон тахигдаж, уг философи нь шашинлаг шинжийг агуулан түгэн дэлгэрдэг ажгуу.
Ингээд эхний яриандаа буцаж ороход, Өрнө ба Дорнын философийг ухаж ойлгоход үүсдэг тэр бэрхшээлийн ялгаа нь яаг дээрх бүтцийн ялгаанаас улбаатай юм.
Ерөнхийдөө Өрнийн философи нь хэт нарийн логиктой болохоор яг юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй гэсэн сэтгэгдэл төрдөг гэж санагдах авч, үнэнийг хэлэхэд Өрнийн философийг хэцүү гэж хэлдэг тэдгээр хүмүүсийн ихэнх нь "урт удаан түүхийн туршид бүрэлдэн бий болсон тэр шаталсан хэлбэрт судлагдахууныг шууд дундаас нь сурах гэж дайрдгаас болж учир нь олдохоо больдог" төдий юм.
Зүгээр л нэг өглөө сэрсэнээ, гэнэт яагаад ч юм философидож үзмээр санагдаад, тухайн үед ХИТ болоод байгаа философийн ном (Сартр ч юм уу, Ничче ч юм уу) барьж аваад үзтэл бөөн холион бантан, өгүүлбэр нь хаанаас эхлээд хаана дуусаад байгаа нь ч мэдэгдэхгүй хачин юм бичсэн байх вий.
Гэхдээ энэ чинь аргагүй шүү дээ. Телевизийн олон ангит кино (ОАК) - ны шууд 18-р ангиас нь эхэлж үзчээд
- Юу ч ойлгосонгүй, ямар тэнэг кино вэ?
гэж байгаатай л ижил яриа.
ОАК-ны 18-р ангийг хийхдээ мэдээж хэрэг өмнөх 1 - 17-р ангиудын өрнөлийг сууриа болгож хийдэг юм байгаа биз дээ? Та ч гэсэн жишээ нь нэг найздаа дуртай ОАК-оо санал болготол, найз чинь гэнэт 18-р ангиас нь үзсэнээ
- Шаал тэнэг кино байлээ
гээд унавал ямар байх уу?
- Үгүй ээ, чи ядаж эхнээс нь үзэхээ байг гэхэд, тоймлосон номыг нь ч болтугай унш л даа
гэмээр санагдах биз.
Үүнийг тонгоруулж нь хэлбэл, Өрнийн философийг эхнээс нь тууштай үзээд, дэс дарааллаар нь, үүх түүхтэй нь харьцуулаад явбал ерөнхий урсгал нь тайлагдаад ирэх тул, тухайн цаг үе дэх хүмүүс юуг асуудал болгож байсан хийгээд түүнийгээ тайлбарлах мэргэжлийн хэллэг зэрэг нь ч тодорхой болж, хэзээ нэгэнт цагт бүгд учир утгатай санагдаж, Өрнийн философийг ойлгодог болох боломжтой юм. Багцлаад хэлэх юм бол, "Өрнийн философи хэцүү" гэж боддог хүмүүсийн ихэнх нь "зааврын дагуу" суралцаагүйгээс болж сөрөг сэтгэгдэлтэй болоод, хангалттай таашаал авч чаддаггүй гэсэн үг.
Тэгтэл Дорнын философийн хувьд гэвэл.
Дорнын философи нь пирамид хэлбэрийн бүтэцтэй тул, зүйрлүүлбээс яг л сүүлчийн ангиасаа эхэлдэг ОАК шиг зүйл юм. Нэг ёсондоо "Гэмт хэрэгтэн бол энэ хүн" гээд хамаг учир нэгэнт тайлагдсан байрлалаас бүх юм эхэлнэ. Тэгээд тэр сүүлчийн анги зурагтаар цацагдсан л бол тэгээд кино дуусаа. Яагаад тийм дүгнэлтэнд хүрчихэв, ямар учир шалтгаан байв, тэр бүх гаргалгааны талаар юу ч хэлж өгөхгүй тул, үр дүнд нь бөөн бөөн асуултын тэмдэг үлдээгээд кино дуусчихдаг хэрэг.
Ийм кино үзээд юу ч ойлгохгүй нь мэдээж боловч, жинхэнэ асуудал эндээс эхлэх болно. Киног үзсэний дараагаар тухайн киноны фенүүд нь цуглаж байгаад сунжиртал мэтгэлцэн хэлэлцэж гарна. Тэгээд
- Энэ хэсэг нь ийм ийм утгатай байсан юм биш үү?
- Яалаа гэж. Ийм байсан байхгүй юу.
гэх зэргээр ярилцсаар нөгөө киноныхоо тайлбар болох "Тэр тэрний нууц", "Энэ энэний оньсого", " ◎◎ таавар", " △△ учир" гэх зэрэг өч дөчнөн хувилбарууд хэвлэлтэнд гарна.Ингээд тэдгээрийг нэг бүрчлэн уншаад явъя гэвэл үнэндээ тэгж суух цаг хугацаа, хүч энерги механикийн хувьд боломжгүй болж, тэгээд ч тэдгээр номнууд нь хувь хүмүүс өөрсдийнхөө ойлгож ухаарсан зүйлсээ эвийг нь олоод бичсэн зүйлс байх тул үнэхээр киноны үнэн мөнийг алдаа мадаггүй тайлбарлаж байгаа гэх ямар ч баталгаа тэнд үгүй. Түүгээр ч барахгүй, тэдгээрийн агуулга нь бүгд хоорондоо их багаар зөрөөтэй байх тул уншаад байвал унших тусам л учир нь олдохоо больж ирнэ. Дорнын философид суралцах үед гарах хүндрэл нь ерөнхийдөө үүнтэй төстэй өрнөл байдаг гэхэд болно.
Будда, Лао-цзы гэх зэрэг агуу философичид үнэхээр ч ямар нэг юм хэлсэн нь үнэн боловч, ихэнх тохиолдолд үг цөөтэй, тодорхой баталгаа, нарийн гаргалгаагаар дутмаг байдаг. Тийм болохоор хойч үеийнхэн нь тэдгээр жаахан мэдээлэл дээрээ үндэслээд "Буддагийн хүрсэн үнэн гээд байгаа нь, ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл байсан юм болов уу даа" гэх зэргээр тааварлахаас өөр арга байсангүй. Гэсэн ч, хувь хүн нэг бүрчлэн өөрсдийнхөө ойлгоцоор тайлбарлах тул, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр тайлбарын тоо нь үлэмж болон үржиж, нэгэнтээ аль нь үнэн хийгээд аль нь жинхэнэ болох нь ялгаж салгахын аргагүйд хүрч, суралцах тусмаа мухардах нигуртай билээ.
Нэгэнт иймэрхүү Дорнын философи юм хойно, түүний талаарх элдэв сурах бичгүүд нь, урсгал тус бүрийнх нь үл ялиг ялгаануудыг мэргэжлийн хэллэгүүдээр нурштал эгнүүлж бичсэн аймшигтай залхмаар зүйл байх нь элбэг. Эсвэл зүгээр л, жишээ нь Будда гэхээр "Шуналыг гэтэлгэвэл зовлонгоос ангижирна", Лао-цзы гэхээр "Байгальд бүхнийг даатгавал амьдрал аандаа зөгшрөөд ирнэ" гэх зэрэг хамгийн энгийн ойлгомжтой хэсгүүдийг нь дурсах төдий танилцуулаад, хойноос нь "Өнөөгийн өрсөлдөн алалдах нийгэмд амьдрагч бидэнд ай даа мөн ч хэрэг болох сургаалийг эртний өвгөд мэргэд маань мутарлаад үлдээж дээ" гэж ганц хоосон шогширсон болоод дуусдаг номнууд лангуугаар нэг хөглөрөөтэй.
Гэвч эдгээр сурах бичгүүдийг бичигчид мулгуудаа бус, ерөөсөө л Дорнын философи гээч маань тийм пирамид хэлбэртэй судлагдахуун бөгөөд, тэр пирамидын орой дээрх нөхрөөс өөр хэн ч мэдэж үл чадах УХААН тул, тийм ч учраас нэг бол эхэнд өгүүлсэн шиг түүнээс салаалсан бүх урсгалуудыг нэг бүрчлэн нурших юм уу, эсвэл сүүлд өгүүлсэн шиг пирамидын орой дээрх нөхрийг тольдонгоо "ай хөөрхий, мөхөс бидэнд бол яагаад ч хүрэхгүй уулын оргил юм даа" гэсэншүү байдлаар шүүрс алдуулан байж тахин бишрэхээс өөрөөр бичих ямар ч арга байдаггүй биз.
Дээр нь, аль ч хэлбэрээр бичигдсэн сурах бичиг бай, түүнийг бичигч нь "Дорнын философийн мөн чанарыг уншигчид ойлгуулъя" энэ тэр гэж анхнаасаа боддог уу гэвэл оогт үгүй. Үүний баталгаа гэвэл, Дорнын философийг тайлбарласан ямар ч номон дунд гарцаагүй доорх өгүүлбэр хаа нэгтээ нь цохиж явдаг.
- Дорнын философи (Буддын гэгээрэл, Лао-цзы гийн ДАО г.м.) гэдэг бол, бодитоор тэр зэрэг мөрөнд нь хүрч, биеэр мэдэрч байж сая ойлгох зүйл бөгөөд, зөвхөн үгээр суралцаад жинхэнэ үнэнийг нь яагаад ч ойлгож үл хүрэх буйза.
Гэтэл ном гэдэг бол мэдээж зөвхөн "Үг" гэдэг юмнаас бүтдэг шүү дээ. Харин тэрэн дээрээ шууд л
- Юу шүү дээ, үнэндээ та нар энэ номыг уншаад юу ч ойлгож чадахгүй юм шдээ. Яагаад гэвэл энэ дотор үгнээс өөр юу ч байхгүй юм чинь кк
гээд эхнээсээ биччихэж байгаа нь тэр.
Гэхдээ нөгөө талаар хэлбэл үнэхээр тэгж бичсэнчлэн, жинхэнэ утгаар нь Дорнын философийг ойлгох ганц арга бий. Тэр бол, та өөрөө "Пирамидын орой" болох явдал юм. Ерөөс пирамидын оройг ойлгож чадах нь, пирамидын оройгоос өөр хэн ч байх боломжгүй. Та өөрөө Будда болон Лао-цзы гийн зэрэгт хүрээд
- ОК, би үнэнийг ойлгочихлоо
гэж хэлэх тэр үед л сая та дорнын философийг ойлгосон болох билээ.
Түүхэн дэхь оройн дээд эгэл биш хүнд өөрийгөө залах тэдгээр хөндлөн Дорнын философичид. Тэднийг "бурхан"-ы дэвд тооцон, хүрч үл чадах ариун дээд шүтээн болгоод ухаж ойлгохоо хойш тавин бууж өгөх бус, ижил зэрэгт хүрэх учиртай, эрдэм ухаанаар гүйцэн зэрэгцэх "эгэл хүн" гэдэг өнцгөөс эргэцүүлэн тунгаавал ямар байхсан бол?
Үргэлжлэлийг ЭНДЭЭС
мөнхжин
Зочин
Зочин
Батох
Ganbat
Баярмагнай
Зочин
бйы
KK
Guest
t
Batu
эрүүл агааршдээ... бичиж ээ бичиж.Манайд ийм хагас согтуурлын байдалтай галзуурсан эрдэмтэд олноор өсч үржээсэй.твиттерийн хэд маань оройн дээд тахин шүтэж архины мөнгөөр огтоос тасалдуулж болохгүй багш нь энд байгааг мэдээчгүй яваа байхдаа.
onom
Хамаагүй дүгнэх юм
Дажгүй шүү