АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, Монголын Нүдний Эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, П.Баясгалантай ярилцлаа.


-Та Нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн. 1986 онд байгуулагдаж байсан тэр нийгэмлэг мөн үү. Эсвэл шинээр нийгэмлэг байгуулсан хэрэг үү?

-Эрүүл мэндийн салбар дотроо мэргэжлийн хамгийн анхны холбоодын нэг гэж явдаг. Нүдний эмч нараас хөдөлмөрийн баатар нэг төрсөн. Тэр нь анагаах ухааны доктор, гавьяат Ж.Баасанхүү багш. Анхны нүдний эмч Нямаа багшийн шавь Ж.Баасанхүү багш маань. Хуучин цагт манай улс гадаад харилцаа хаалттай байхад Ж.Баасанхүү багш маань анхны англи хэлтэй эмч байсан юм билээ. Англи хэлтэй учраас гадны эмч нарын туршлага судалж, манай салбар маш хурдан хөгжсөн. Таны асуусан 1986 онд байгуулагдсан “Нүдний эмч нарын нийгэмлэг” мөн. Тэр үеэс хойш олон жил хамгийн нэр хүндтэй нүдний эмч нарыг бүгдийг нь гишүүнчлэлдээ хамруулсан том байгууллага. Ийм том байгууллагыг тэргүүлэх боломж олдсон учраас багш нарынхаа хийсэн ажлыг залгамжлахаас гадна дахин шинэ түвшинд гаргаж ирж ажиллах бодолтой байна. 

-Танай нийгэмлэг саяхан хурлаа хийсэн гэсэн үү?

-Нийгэмлэгийн их хурлаа 9 дүгээр сарын 23-нд хийсэн. Хурлаар 200 гаруй нүдний эмч нар цуглаж, нүдний тусламж үйлчилгээ шинэ түвшинд гарах гарц, салбар хоорондын түншлэл, нийгэмлэгийн ойрын болоод алсын зорилтуудаа хэлэлцсэн. Жил бүр их хурлаа хийж, нүдний бүх эмч нар ололт амжилт, алсын хараагаа ярилцдаг. Би 2022 оны их хурлаар сонгогдсон. Нийт гишүүдийн саналаар УЗ-ийн гишүүд нь сонгогдоод тэндээсээ тэргүүнээ сонгодог юм л даа. Бүх гишүүдийнхээ саналыг авсан төлөөлөл гэж ойлгож болно. 

-Нүдний эмчилгээ, мэс заслыг манайд сайн хийдэг л гэдэг. Гэвч манайхан нүдээ эмчлүүлэхээр гадагшаа явах нь ихюм. Шалтгаан нь юу вэ?

-Ж.Баасанхүү багш маань Хөдөлмөрийн баатрын цайллаганы үеэрээ “Монголд нүдний бүх өвчлөлийг эмчилдэг болсон шүү” гэж хэлж байсан. Энэ үг үнэхээр бодитой. Нүд судлалын салбарт хиймэл оюун ухаан нэвтэрсэн. Их сургуулийн эмнэлэг болох Монгол-Японы эмнэлэгтээ анхны хиймэл оюун ухаанд суурилсан нүдний угийн зургийг аваад чихрийн шижингийн шалтгаант нүдний өөрчлөлт байгаа үгүйг, нүдний даралт ихсэх өвчний өөрчлөлт байгаа үгүйг, насжилтаас үүдэн гардаг сохролд хүргэх эрсдэлтэй шар толбоны өвчин байгаа эсэхийг маш өндөр нарийвчлалтай оношлох боломжтой багажийг нэвтрүүлсэн.

Эмч нар маань их даруухан хүмүүс байдаг. Эмч хүний ёс зүй л дээ. Өөрийгөө хэзээ ч хамгийн шилдэг нь болчихлоо гэж боддоггүй. Тэр ёс зүйдээ баригдаад бид дэлхийн түвшинд хүрлээ, гадагшаа явах шаардлагагүй боллоо гэж зарлаж чаддаггүй. Гэхдээ манай салбарт ийм манлайлал дутагдаж байгаа. Бид аль чигт явах юм бэ гэдгээ тодорхойлох лидер хэрэгтэй. Иргэдээ гадагшаа эмчлүүлэхээр яваад байгаатэр урсгалыг Монголдоо барих боломжтой гэж харж байгаа. Үүнийг ажил хэрэг болгох манлайлал, төлөөлөл хэрэгтэй. Тэрний нэг нь манай нийгэмлэг. Нийгэмлэг маань өөрөө толгой байгууллага байж нүдний эмч нарын үнэ цэнийг ард иргэддээ ойлгуулах, хооронд нь холбож өгөх хэрэгтэй байгаа. Бизнесийн хэллэгээр маркетинг дутуу байна гэсэн үг. Үйлчлүүлэгч өвчтөнүүд маань хуучнаараа сэтгээд гадагшаа сайн, гадаад эмч сайн гээд байдаг. Гэтэл монгол эмч нар маань дэлхийн хэмжээнд бэлтгэгдчихсэн байдаг. Тэгэхээр үүнийг холбож өгөх ёстой. Манай улсын бодлого тодорхойлогч нар ч үүнийг харах хэрэгтэй. Яагаад гэвэл маш их мөнгөний урсгал гадагшаа урсаж байна. Гэтэл гадаад эмчилгээ хийлгэсэн хүмүүс Монголдоо ирээд хандах газар байхгүй. Хүндрэл гарч болно. Монголдоо мэс засал хийлгэсэн бол эргээд үзүүлэх эмчтэй, хяналтдаа орох боломжтой. Дэлхийн бүх л шилдэг технологиуд Монголд нутагшчихсан байна. Энэ бүхнийг холбох ажил бидэнд байна. 

-Гоо сайхны хагалгаа манайд маш их дэлгэрлээ. Хүмүүс ч үйлчлүүлэх нь ихэслээ. Тэдний маркетинг ч сайн байна. Нүдний эмнэлэг гэхээр тоотой хэдийг л мэддэг. Энэ салбарыг таниулж, иргэдэд зөв ойлголт өгөхөд ямар бодлого баримтлах вэ?

-Эрүүл мэндийн байгууллага бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж байх ёстой. Нүдний салбарт гол яригддаг бодлогын асуудал нь сохрол, сул хараа үүсгэж байгаа тэргүүлэх шалтгаануудыг олж тогтоох ёстой. Нүдний 200 гаруй өвчин байна. Бүгдийг нь нэг дор арилгана гэвэл эдийн засаг болоод хүний нөөцийн хувьд ч бодлого чиглэлгүйгээр ажиллах нь үр дүнгүй. Тэгэхээр бидэнд сохрол, сул харааны суурь судалгаа буюу Монгол Улсад ямар шалтгаанаар хүмүүс их хараагүй болоод байгааг судалж тогтоох ёстой. Дэлхийд эхний эгнээнд тэргүүлж байгаа нүдний өвчлөлүүдэд болор цайх өвчин, нүдний даралт ихсэх өвчин буюу глауком орж байна. Дараа нь чихрийн шижингийн нүдний хүндрэлүүд хүчтэй түрж орж ирж байна. 20-30 жилийн өмнө чихрийн шижингийн хүндрэл өгсөн нүдний угийн зураг үзүүлэх гээд Монголд хайгаад олддоггүй байсан гэж байгаа юм. Одоо бид бүх хүндрэлүүдийг харж байна. Нэг талаараа нүдний өвчний тохиолдол ихэсч байна гэсэн үг. 30 гаруй жилийн өмнө Ж.Баасанхүү багшийн судалгаанаас харахад сохрол үүсгэдэг өвчнүүд арай өөр байсан. 30 жилийн дараа хүн амын өсөлт, дундаж наслалттай холбоотой, таргалалт илүүдэл жинтэй холбоотой, чихрийн шижин ихэссэнтэй холбоотойгоор эхний өвчлөлүүдийн байр солигдож байна. Хараа алдалт, сохролын чиглэлээр үндэсний хэмжээний том кампанит ажил зохион байгуулах цаг болчихсон. 

Манай улсад сохрол, хараа алдалтын үндсэн шалтгаануудыг олохын тулд улсын хэмжээнд даацтай, суурь судалгааны ажил хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн баатар, миний багш Ж.Баасанхүүгийн 1990-ээд онд Лондонгийн их сургуультай хамтран хийсэн судалгааны ажил байна. Үүнээс хойш үндэсний хэмжээний, бүрэн хэмжээний судалгааны ажил хийгдсэнгүй. Энэ хугацаанд өвчлөлийн бүтэц ч өөрчлөгдчихлөө. Сохорлын шалтгаан үндсээрээ өөрчлөгдөж байна. Бидэнд эхлээд сайн суурь судалгааны ажлын дата хэрэгтэй. Үүн дээр үндэслээд дараагийн мастер төлөвлөгөөнүүд гарна. Олон улсын байгууллагууд хөрөнгө оруулалт хийж,“Танай сохорлыг бууруулахад тусалъя, эмч нарыг чинь сургаад өгье, эмнэлгийг чинь тохижуулаад өгье, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулаад өгье” гэж байна. Гэхдээ “Яг асуудал чинь юу юм бэ” гэж нэхдэг. “Тэргүүлэх шалтгаан чинь юу юм” гэж асуудаг. Хөрөнгө оруулагчид нотолгоонд суурилсан зүйл хүснэ. Бидний төсөөлж байснаас өөр үр дүн гараад ирэх ч боломжтой. Бидэнд судалгаа хийх бүрэн нөөц боломж байна. Энэ тал дээр төр засгийн зүгээс дэмжлэг, олон улсын байгууллагуудын түншлэл хэрэгтэй байна.

-Та хэд салбарын сайдтайгаа холбогдож үзсэн үү. Эрүүл мэндийн яамыг улс төрийн шалтгаанаар хэн дуртайд нь тохироод л өгчихдөг жишиг тогтоод удлаа. Салбарын талаар ямар ч ойлголтгүй хүн юу хийх вэ дээ. Эрүүл мэндийн зарим салбар нь зах зээлийн жамаараа хөгжиж байна. Зарим нь гээгдэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Салбарын хувьд тэгш бус байгааг та анзаарсан байна. Ер нь бол хүний эрүүл мэндэд чухал биш эд эртхэн гэж байхгүй. Зарим салбарууд нь орхигдох хандлага байна. Жишээ нь зах зээлээ дагасан гоо сайхны мэс засал яах аргагүй эрчимтэй хөгжиж байна. Гэтэл эрүүл мэндийн зарим салбар луу эмч нар орж ирж суралцахгүй байна, халширч байна, цалин бага байна. Нэг талдаа үүнийг буруутгаж болохгүй. Шийдвэр гаргадаг түвшний улсууд юуг анхаарах ёстой вэ гэхээр тэгш хөгжлийг хангахад анхаармаар байна. Жишээ нь 2000 оны эхээр Солонгос руу ажиллах хүч их гарлаа. Ажиллах хүч гарч байхад Солонгосчууд эрүүл ажилчин авах тал дээр анхаарч байсан. Манай улсын хөдөлмөрийн насны хамгийн эрүүл гэсэн залуучууд гадагшаа гарч байлаа. Би тэнд өөрөө хараа шалгаад сууж байсны хувьд мэдэж байна. Ажиллах хүчний ид насны эрүүл хүн бол манай улсын үнэт зүйл. Нөгөө талаас манай эмч нар хувийн тоглолт хийдэг. Гэтэл би Тайландад суралцаад гурван жил эмнэлэгт нь эмчээр ажиллах үед салбар дундын уялдаа холбоо маш сайн байгааг анзаарсан. Манай улсад бодлого боловсруулах түвшинд байгаа хүмүүс эмнэлгийн удирдлага тогтолцоог нарийн сайн мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй.

-Нүдний өвчлөлд манай цаг агаар нөлөөтэй юу?

-Манай улсын жилийн 365 хоногийн ихэнх нь нартай. Нар бол хүний эрүүл мэндэд сайн зүйл бий. Гэхдээ нүдэнд бол шууд тусгал нь хортой. Манайх өндөрлөг болохоор нарны хортой туяа ихтэй. Хөдөө орон нутгийн хүмүүст нүдний өөх, мах ургах нь их байдаг. Энгийнээр хэлбэл наранд нүд түлэгдэж байгаа юм. Гэтэл Европынхон ч юм уу мэдээлэлтэй хүмүүс хэт ягаан туяаны шүүлттэй нарны шил зүүдэг байх жишээтэй.

-Нүдний дусаалга, хиймэл нулимсын ялгааг хэлж өгч болох уу. Сүүлийн үед хүмүүс эмчийн зааваргүй авч хэрэглэх нь их болсон...?

-Эмийн зохисгүй хэрэглээгээр манай улс байнга толгой цохидог. Тэр нь хүмүүсийн буруу биш. Нөгөө л бодлогын алдаа. Ард түмэндээ зөв мессэж өгч байх ёстой. Нүдний буруу дусаалга дусаагаад хараагүй болсон тохиолдол маш их бий. Шалтгаан нь эмийн сангаас дусаалгыг чөлөөтэй худалдаж авдаг. Сүүлийн үед жороор олго гэж байгаа нь зөв. Нүдэнд гаж нөлөө ихтэй хүчтэй дусаалгууд бий. Жоргүй авдаг хэсэгт хиймэл нулимс орно. Харин хүчтэй эмийн бодис удаан хугацаанд дусаавал нүдэнд хортой. Эмч нарын нэг үүрэг нь ард иргэдэд байнга зөв мессэжийг өгч байх ёстой. Бид сая Их хурлаараа эм дусаалга, тоног төхөөрөмж оруулж ирж байгаа компаниудыг урьж оролцуулаад үзэсгэлэн зохион байгуулсан. Алийг нь эмчийн заавраар хэрэглэх юм, алийг нь шууд хэрэглэж болох эсэхийг зөвлөөд Японоос мэргэжилтэн ирж илтгэл тавьсан. Энэ мэтчилэн эрүүл хөгжлийн төлөө хамтдаа л явах ёстой. Эм бичиж өгч буй эмч, оруулж ирж байгаа бизнесийн байгууллагууд иргэдэд мэдээллээ зөв хүргээд явах ньзүйтэй юм. 

-Нүдний эмч нар яагаад харааны шил зүүгээд байдаг юм бэ. Хараагаа тэглүүлчихэд л болно биз дээ. Хараа тэглүүлэх нь тийм сайн биш болоод л мэргэжлийн эмч нь шил зүүж байгаа гэж хүмүүс болгоомжлох нь бий.

-Хувь хүний сонголт л доо. Дээр нь хараа тэглэх мэс заслыг хийлгэх шалгуурыг хангасан байх ёстой. 20 нас хүртэл харааны эхний давалгаа явдаг. 20 хүрээд хүний биеийн болон нүдний өсөлт харьцангуй зогсдог. Үүнээс хойш тогтвортой байж байгаад 40 наснаас хоёр дахь өөрчлөлтийн давалгаа эхэлдэг. Иймд 40-өөс дээш насанд лазер эмчилгээг зөвлөдөггүй.

-Нүдээ хэрхэн хайрлаж, хамгаалах ёстой юм бэ. Хараа муудахаас хэрхэн сэргийлэх вэ?

-Хараа хамгаалах дэлхийн өдөр аравдугаар сарын 12-нд тохиож байна. Жил бүр уриа дэвшүүлдэг. Энэ жилийн уриа “Ажлын байран дээрх хараа хамгаалал, нүдээ хайралъя” гэсэн зөвлөмжүүд гарчихсан. Жишээ нь 20 минут ажиллаад ойролцоогоор 20 алхам буюу 6 метрээс алсад 20 секунд харж нүдээ амраа гэж байгаа юм. Хүний нүд хоёр тохиолдолд л амардаг. Унтаж байх үед, алсыг харж байх үед. Дээр үеийн хүмүүс хараа сайн байсан нь байнга уул ус хол газар харж, ширтэж байдаг учраас нүдээ амрааж чаддаг байсан байх нь. Хятадад саяхан хамгийн хараа сайтай хүнээ тодруулсан байна лээ. Өвөрмонголын хоёр малчин тэргүүлсэн байх жишээтэй. ДЭМБ-аас 6 метрийн зайд хар гэж зааж өгсөн нь учиртай. Өдөрт гадаа гарч хоёр цаг тоглодог хүүхдүүдийн хараа гадаа тоглодоггүй хүүхдүүдээс илүү сайн. Мөн хараа муудах эрсдэл бага байна гэх үр дүн гарсан. Хүн нэг талдаа байгалийн амьтан, байгальдаа ойр байх ёстой гэсэн үг юм л даа. Манай улс суурь судалгаагаа хийгээд, монголчууд юунаас болж хараагүй болоод байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Германчууд дэлхийн хоёрдугаар дайны үед гэмтлээ судалж байсан байгаа юм. Дайн болж байгаа ч суурь судалгаа нь явж байсан гэсэн үг. Судалгаа нь цаашдаа яах вэ гэдгийг зааж өгдөг луужин учраас тун чухал. Манай дээр олон улсын Орбис эмнэлгийн багийн профессор ирэхэд түүнтэй ярилцсан юм. Тэр профессор “Танай гэмтлийн тохиолдлыг харахад цөөн хүн ам дээр тооцоход дэлхийн хоёрдугаар дайны Германы үеийнх шиг байна” гэсэн. Мориноос унана, зодолдоно, аваар осолд орно, ажлын байран дээрх аюулгүй ажиллагаа муу. Оюутолгой дээр очиход нүдний хараа хамгааллын талаар маш их асууж байсан. Стандартаа мөрддөг улсууд эрсдэлийг бууруулж чадаж байна. Оюутолгойд нүд угаах хэсэг гэж байдаг. Интермэд эмнэлэг дээр нүд угаах хэсэг гэж байх жишээтэй. Гадны улсын дэлгүүрт хүртэл нүд угаах газар байна. Бид санаатай санамсаргүй нүд рүүгээ юм үсэргэж болно. Тэр хүн сохрох эсэхийг юу шийдэх вэ гэхээр эхний нүд угаалт хэр хурдан хийгдсэн бэ гэдгээс шалтгаалах болдог. Манай улс гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр онцгойлон ажиллах хэрэгтэй. Хөгжсөн улсууд бидний асуудлыг хэдийнээ туулчихсан. Бид хамтрах, түншлэх хэрэгтэй, тэднээс суралцах хэрэгтэй. Иймээс үндэсний хэмжээний томоохон судалгааны ажлаа хийцгээе. Үүнтэйгээ цуг гадаад харилцаагаа сайржуулъя. Энэ судалгааны үр дүнд суурилж бид салбарын хөгжил, алсын хараагаа бүтээж чадна. Манай улс алсын хараа 2050 хөгжлийн бодлоготой болсон нь сайшаалтай. Бид алсын хараатай байж л амжилтанд хүрнэ.

- Монгол Улсад сохорлын тэргүүлэх шалтгаан юу вэ, үүнийг хэрхэн бууруулах вэ?

-Болор цайх өвчин, глауком буюу бидний нэрлэж заншсанаар нүдний даралт ихсэх өвчин нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд сохорлын тэргүүлэх шалтгаанд тооцогддог. Энэ нь зайлсхийж болох өвчинд тооцогддог. Мэдээж хөгжилтэй орнууд энэ өвчний шалтгаант сохорлыг бууруулж чадсан. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын ч сайн туршлага байна. Жишээ нь Непалын сохорлыг бууруулсан туршлага байна. Энэ улс манайхтай л адил хөгжиж буй орон. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт нь манайхаас ч хойшоо гэсэн сохрол, сул харааны эзлэх хувийг амжилттай бууруулж чадсан. Болрын мэс заслын эцэг гэж хүндлэгддэг энэ улсын үндэсний баатар болсон Sanduk Ruit гэж эмчтэй би уулзаж, хамт мэс засал хийх боломж тохиолдсон. Түвдээр Сандаг эмч гэж дууддаг юм билээ. 

Жижиг зүслэгт болрын мэс заслын эцэг гэгддэг энэ эмч ямар эх оронч үзэл гаргасан бэ гэхээр болрын мэс заслын өртгийг бууруулъя гээд Австралийн болор үйлдвэрлэдэг компанитай холбогдоод 200, 300 ам.долларын болрыг тавхан ам.доллар болгож чадсан байдаг. Энэ эмчийн үзлээр хөгжил буурай орон гэхээрээ л бүхний ард, хоцрогдсон байх албатай биш гэж үзсэн. Непалийн энэ туршлагыг дэлхий даяар жишээ аван ярьдаг. Бүр ийм яриа ч байдаг. Хоёр шалтгаанаар хүмүүс Непалд очдог. Нэгдүгээрт, Эверестэд очиж дэлхийн хамгийн өндөр уул, цэгийг харах гэж, хоёрдугаарт болрын мэс заслын эцэг энэ эмчтэй уулзаж хэрхэн өдөрт хэдэн зуун хараагүй хүмүүст хараа бэлэглэхийг харах гэж. Нүдний эмч мөртлөө улсынхаа үндэсний баатар болсон хүн. Үндэсний хэмжээний хийх ажлын маань төсөл батлагдвал энэ эмчийг Монголдоо урьж авчиръя гэж байгаа юм. Өөрөө Монгол угшилтай хүн гэдэг. Тиймээс ч Монголд ирэх юмсан гэж надад байнга ярьдаг. 

Ер нь хүнд хараа оруулах шиг буян байдаггүй юм гэсэн. Нүдний салбарын хөгжлийн үзүүлэлтийг хардаг нэг зүйл нь сая хүнд оногдож байгаа болрын мэс засал хийсэн тоо. Манай тусламж үйлчилгээг ганцхан үзүүлэлтээр дүгнэж болно. Монгол Улс болрын мэс заслын тоогоор Азидаа хамгийн бага орнуудын нэгд тооцогддог. Эдгээр мэс заслын 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод орж байна. 21 аймгийн ердөө 6 аймагт энэ мэс заслыг хийх боломжтой гэдэг бол туйлын чамлалттай тоо.

-Орон нутагт хэрхэн хүрч ажиллах вэ. Хөдөө орон нутагт чадалтай мэс засалчид очиж ажиллах уу?

-Залуучуудтай ярилцаж үзсэн. Хөдөө орон нутгаас хотод ирж сурсан хүмүүс нутагтаа ажиллаж, амьдрах сонирхол байдаг. Мэргэжил дээшлүүлэх тал дээр төр засгаас анхаарч байгаа юм байхгүй. Хаячихсан. Гар мухар, хөгжихгүй бол хүн няцна. Төр засаг салбарын онцлогийг ойлгож бидэнтэй уялдаа холбоотой ажилламаар байгаа юм. Нарийн багаж, мэс заслын багаж хэрэгсэл байхгүй. Мэргэжил дээшлүүлэхэд ч их түвэгтэй. Одоо манай улсын 21 аймгийн 6 нь мэс заслын багажтай. Эмч нараа наад захын багаж хэрэгслээр хангамаар байна. Бидэнд одоо үндэсний хэмжээний сохролын тархалт, шалтгааныг судалсан судалгааны ажил хэрэгтэй байна. Монгол хүнийг сохрол, сул хараанд хүргээд байгаа гол 5 шалтгааныг бид мэдэж байвал түүнийг бууруулах үе шаттай арга хэмжээ авч чадах юм. Бид энэ судалгааны үр дүнгээс шалтгаалж алсын хараагаа тодорхойлж, стратеги төлөвлөгөөгөө гаргаж чадна. Мөн хөдөө орон нутгийн эмч нарыгаа дэмжих цаг болсон. Тэд чадавхтай болж байж бид зорилгодоо хүрнэ. 

-Нүдний эмч гоо заслын төрөлд хамаарах давхраа хийх ёстой юу?

-Нүдний эмч нүдний эргэн тойрныг маш сайн мэдэж байгаа. Эрсдэл бага талдаа. Гэхдээ гоо зүйн мэдлэг байх ёстой. Давхраа хийх шаардлагагүй ч хүн гэж байдаг, үүнийг хүндээ шударгаар зөвлөх хэрэгтэй. Мөнгө олохдоо бус үзээд давхраа зохихгүй гээд хэлэх ёс зүйтэй эмч байх ёстой.

-Ингэхэд та яагаад заавал эмч, тэр дундаа нүдний эмч болохоор шийдсэн юм бэ?

-Нүдний эмч болно гэж багаасаа мөрөөдөж байгаагүй. Урлаг, уран зохиол талдаа илүү сонирхолтой байсан. Анагаахад химийн хичээлээр шалгалт авдаг. Маш олон хүүхэд өрсөлдөж цөөхнийг элсүүлж авдаг шүү дээ. Миний хувьдбайгалийн шинжлэх ухааны гарсан нээлтүүдийг шимтэн уншдаг. Биологийн олимпиадад хүүхэд байхдаа хотын улсын аварга болж байсан. Тэгэхээр арай өөр зүгт сонирхолтой байсан байгаа биз. Эмчхүн бол бусдыгмаш сайн ойлгодог, сонсдог,зовлонгоос нь хуваалцдаг тийм хүн байхёстой. Ер нь хүчтэй нөлөөтэй сайхан хүмүүс хүний үзэл бодлыг өөрчилж нөлөөлдөг. Ж.Баасанхүү багштай нэг удаа уулзаад 10 минут ярилцаад л би нүдний эмч мэргэжлийг сонгосон. Төгсөөд л улаан дипломоо бариад багш дээрээ гүйгээд очсон доо. 

-Аав, ээжийнхээ мэргэжлийг сонгох тохиолдол их байдаг. Магадгүй тийм сонголт байсан юм болов уу гэж таамаглаж байлаа...

-Манай ээж эмч. Ээж маань шүүх эмнэлгийн эмч. Шүүх эмнэлгийн эмчийн ажил хүнд болоод маш хариуцлагатай ажил. Ээж маань миний мэргэжилд нөлөөлсөн. 

-Одоо бол сэтгэл хангалуун байна уу. Энэ мэргэжлийг сонгосондоо, харамсах үе байв уу?

-Хэцүү салбар. Гэхдээ эмч болсондоо баярладаг. Бэрхшээл сорилт ихтэй салбарт залуу хүн өөрийгөө сориод явж байх нь чухал. Сорилттой үед нь ажиллаж байгаадаа харин ч олзуурхаж байгаа. Сорилтыг давж гарах асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах боломж байна. Ярилцлага уншаад залуу эмч нар нэг зүйл бодоосой гэж хүсч байна. Эрүүл мэндийн салбарт анхны гэх тодотголтой зүйлсийг нэвтрүүлэх боломж байна. Эрүүл мэндийн салбар бусад салбаруудаас яг сорилт хөгжлийнхөө шатан дээр ирчихсэн. Цаашдаа ч улам хөгжинө. Гэхдээ үүнийг даван туулахад залуу эмч нар, дунд үеийн эмч нарын оролцоо маш чухал байгаа. Эрүүл мэндийн салбараа өөд нь татах уу эсвэл гадагшаагаа эмчлүүлэхээр явагсадынурсгалыг улам ихэсгэх үү. Эх оронч үзэл гаргаад эрүүл мэндийн салбараа шинэ түвшинд гаргаж ирэх үү,үгүй юу гэдэг сорилттой тулчихсан байгаа. Нүд судлалын салбар ч гэсэн энэ сорилттой тулчихсан. Бид суурь асуудлаа тодорхойлоод цаашаагаа алхах уу, эсвэл энэ хэвээрээ олон жилийг үр дүнгүй өнгөрөөх үү гэдэг сорилт дээр ирчихээд байна. Тэгэхээр энэ цаг үе маш чухал. Ойрын хэдэн жилдүндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж зорьж байна. 

-Та нүд судлалын чиглэлээр нэлээдгүй суралцсан юм байна. Хаана сурч, мэргэжил дээшлүүлэв?

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Идэвхтэй, “хэнхэгтэй” оюутан байсан, улаан дипломтой төгссөн. Резидентийн сургалтыг 3 жил Тайландад сурсан. АНУ-ын системийг Тайланд хэдийнээ нутагшуулчихсан улс. Дараа нь Канадад нарийн мэргэшлээр сурахад их амар байсан. Канадын жор бичилт нь хүртэл адилхан. Бид сайн туршлагыг хуулбарлаж, нутагшуулж болохоор юм. Канадад нүдний нөхөн сэргээх мэс заслаар нарийн мэргэжил эзэмшсэн. Монголдоо ирээд нүдний нөхөн сэргээх дурангийн мэс заслыг нутагшуулж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Нүд судлалын тэнхим нь үеийн үед энэ салбарын бодлогыг тодорхойлж байсан. Канадад сурч байхад надад багшилсан профессор надад хэлэхдээ “Монголдоо очоод Канадад Монголдоо хийх юмсан гэж ярьж, хүсэж байсан зүйлээ одоо хий. Эх орон чинь чамд даалгавар өгч байна гэж ойлго” гэж хэлсэн дээ. Надад маш их хүсэл зорилго байна. Гэхдээ ганцаараа хүч хүрэхгүй. Над шиг бодолтой олон залуус холбогдоосой, үзэл бодлоо нийлүүлээсэй гэж хүсч байна. Миний түрүүн хэлсэн Непалийн ганц эмч ганцаараа мэдээж бүгдийг хийгээгүй байх. Удирдан зохион байгуулж манлайлал үзүүлсэн. Саяхан нүдний эмч нарын нийгэмлэг хуралдахад хүний хөгжлийн асуудлыг бид анх удаа хөтөлбөртөө оруулж ирж, хөгжил дэвшлийг ярилцлаа. Эмч нарт зөв манлайлал, зөв үлгэр дууриалал, зөв чиглүүлэг хэрэгтэй. 

-Хүмүүс нүдний эмч болох хэр дуртай байдаг вэ. Хүний нөөцийн хувьд хэр байна вэ?

-Дүрс оношилгоо, нүд судлал, унтуулгын эмч, арьс судлалын салбар аль ч улсад хамгийн их өрсөлдөөнтэй байдаг. Манайд ч ойролцоо байдаг юм байна лээ. Энэ мэргэжлийг эзэмших гэж олон хүн өрсөлддөг. Гэтэл эмгэг судлалын салбарт цөөхөн хүүхэд шалгалт өгсөн байна лээ. Миний ээжийн ажиллаж байсан салбар шүү дээ. Нас барсан хүмүүс дээр ажиллана, хэцүү гэдэг утгаараа залуучууд халширдаг байх. Угтаа хамгийн чухал, хариуцлагатай ажил, энэ хүмүүст төрийн бодлогоор сайн цалин өгөх ёстой, боломжоор нь хангах ёстой, багш нар ямар чухал ажил вэ гэдгийг ойлгуулах ёстой. Энэ зөвхөн жишээ шүү. Энэ мэтчилэн төр бодлогоор эмнэлгийн салбарыг тэгш хөгжүүлэх хэрэгтэй байна.