Дилова хутагтын тухай бичсэн Уэсли Нийдхамын өгүүлэл
Нью-Йоркийн цорын ганц Хутагт хотын дорно этгээд дэх, тун энгийн тавилгатай байрандаа даруухан аж төрөх болов. Халимаг америк нийлсэн найзууд нь өдөр тутмынх нь амьдарлагад тус дэм болно. Хутагтад өөрт нь “хамба ламтны” өндөр дээд шаардлага, хэрэгцээ гээч юм огт үгүй болохоор үргэлжид даруу төлөв хэвээр. Халимаг нар түүнд монгол дээл оёж өгнө, тэрийг нь голж өөчилж байсан түүх нэг ч үгүй.
Өмнөх дугаарт та бүхэнд Уэсли Нийдхамын талаар танилцуулсан буй. Энэ удаад түүний бичсэн дэлгэрэнгүй өгүүллийг бүрнээр нь орчуулснаа хүргэж байна. Нийдхам өгүүлэлдээ зүүлт тайлбар хийснээс гадна зарим үгийг хаалтан дотор тайлбарласан ажээ. Тиймээс орчуулагч миний бие мөн ийм тайлбар хийсэн үедээ Нийдхамын үг биш, өөрийн тайлбар болохыг үзүүлэх үүднээс нэрээ бичсэнийг болгооно уу.
Дилова Гэгээн Хутагт (1883-1965)
Энэтхэгийн Буддист гэгээнтэн Тэлопа (988-1069)-гийн Арван наймдугаар дүр
Уэсли Е. Нийдхам
Studies in Comparative Religion, Vol. 2, No. 2. (Spring, 1968)
Харьцуулсан Шашин Судлал сэтгүүлийн 1968 оны Хаврын дугаар. 2-р боть, 2-р дэвтэр.
1949 оны Гуравдугаар сард Америкийн эрдэм судлалын түүхэнд урьд хожид тохиож байгаагүй содон, бас чиг олон нийтэд өргөнөөр зарлан мэдээлсэн үйл явдал тохиосон нь Дилова Гэгээн Хутагт Балтимор дахь Жон Хопкинсын их сургуульд морилсон явдал байлаа. Тус сургуулийн эрдэмтэн багш нарын цоо шинэ гишүүн болох, 66 настай, Төв Евразийн өвөрмөц дүр төрхтэй, гэрэл цацруулан инээмсэглэсэн, лавдуухан хуссан тачирхан үстэй, хоргой дээл өмссөн энэ хүн Монголын хэл, түүх, соёлын судалгааны зөвлөхөөр ажиллахаар ирээд буй нь энэ. Нанжин хотоос Вашингтон Ди Си-д хүрэлцэн ирэхэд нь бүх талын өргөн их мэдлэгтэй энэхүү монгол хүнийг Жон Хопкинсын их сургуулийн Уолтэр Хайнэс Пэйжийн нэрэмжит Олон улсын харилцааны сургуулийн захирал, профессор Оуэн Латтимор угтан авчээ. Тэр хоёр Бээжинд анх танилцсанаасаа хойш буюу бүр 1931 оноос хойш дотно нөхөрлөж яваа юм.
Дилова хэмээх нэрийнх нь араас дагалдаж буй хоёр монгол цолоос нь түүнийг Монголын Бурханы шашны хамгийн тэргүүн дээд зэргийн, хувилгаан лам байсныг нь олж мэдэв. Учир нь “Хутагт” хэмээх цол нь “тэргүүн дээд зэргийн хувилгаан” хэмээх утгатай бөгөөд Манжийн Эзэн Хааны төрөөс зөвшөөрөн тогтоож, Канши (1662-1722) -гийн үеэс эхлэн хойд дүрийг нь уламжлуулан тодруулах болжээ. Өөрөө тэрбээр Монголд мэндэлсэн Тавдугаар дүр нь юм. Нөгөө нэг монгол цол нь болох “Гэгээн” гэдэг нь “enlightened, holy” гэсэн утгатай.
Ламын Дилова хэмээх нэрийн тухайд бол Бэнгалд төрсөн Энэтхэгийн Аравдугаар зууны Бурханы шашны гэгээнтэн Тэлопа (988-1069) -гийн монгол дуудлага юм. Гэхдээ эрхэм хүндэт энэ ламтанд мэндэлсэн даруйд нь Тэлопа хэмээх нэрийг хайрласангүй. Харин энэ яваа насанд нь Монгол, Төвөд, Балба, Сикким, Бутан, Умард Энэтхэгийн бурханы шашинтнууд түүнийг Тэлопа гэгээний Арван наймдугаар дүрээр тодруулжээ.
Диловаг ирэхэд үндэсний хэмжээнд мэдээлэхдээ “Living Buddha - Амьд Будда” хэмээн зарлаж байсан юм. Мөн түүнийг төвөд хэл болоод Буддын ном судрыг сайн мэддэг, хятад хэлээр ярьдаг, харин англи хэл огт ойлгодоггүй хэмээж байв. Бурханы шашин хийгээд түүнийг Үндэслэгчийн тухай ойлголтгүй, жирийн дундаж америкчуудын хувьд “Амьд Будда” гэхээр Бурхан багш Гаутама буюу түүхэн Буддагийн орчин цагийн дүр юм байна гэж ойлгож магадгүй юм. Бурханы шашны судар номд бичсэнээр Будда нь нирваан дүрийг үзүүлж, төгс гэгээрэлд хүрэхдээ ахин мэндлэхээргүй болсон гэдэг. Нэгэнт Будда ахин мэндлэхгүй тул “Амьд Будда” гэдэг нэр томьёо угаасаа буруу гэсэн үг. Нас сүүдэр 66 зооглосныхоо хойно ирсэн тул үнэхээр ламтны англи (америк ч гэж болно) хэл сурах явц удаан байлаа. Хэдийгээр ийм хэлний бэрхшээл байсан боловч Диловагийн энэхүү дүр Монгол болон Төвөдийг, ерөөс Бурханы шашныг сонирхогч хэн бүрийг дуртайяа хүлээн авах аж. Ламтантай хятад хэлээр шууд, эсвэл хэлмэрчээр дамжуулан харилцсан бүгд түүнийг ухаалаг, билиг эрдэмтэй, энэрэл нигүүлсэл дүүрэн хүн хэмээнэ.
Ийнхүү Америкад аж төрж буй анхны монгол хувилгаан ламтай хамгийн багаар бодоход уулзан ярилцах боломж бий боллоо гэсэн үг. Үүний тул миний бие Дилова хутагтад төвөд хэлээр захидал бичиж1, цагаан торгон хадгаар боогоод, 1949 оны Гуравдугаар сарын 16-ны өдөр шуудангаар илгээсэн билээ. Ламтны төвөд хэлээр бичсэн хариу захидлыг авсан тэр мөч маань болбоос Америкад хөл тавьсан Төвөд судлалын хамгийн агуу судлаачтай шадарласан гайхамшигт нөхөрлөлийн маань эхлэл байлаа. Энэ дүгнэлтийг маань туйлширсан гэж үзэх хүн байж болох ч батлах олон баримт бий. Чин үнэнийг хэлэхэд миний бие яваандаа Хутагтын агуу өргөн мэдлэг, гоц гойд ой тогтоомжийг гайхахаа ч больж, сүүлдээ бүр дассан билээ. Зарлигийн (Ганжуурын ном. М. Саруул-Эрдэнэ) болоод өдөр тутмын уншлагын, тэр ч бүү хэл анагаах ухааны ном судруудын гарчиг, Бурхад хийгээд нэр хүндтэй том лам нарын нэрийг шууд л хэлнэ. “Мэдэхгүй” гэж хариулах тохиолдол дэндүү ховор. Зарим тохиолдолд миний судалгаа далд чинадын нууц уламжлалын хилд хүрэхүй, хүртсэн сахилаасаа болоод хариулж боломгүй тийм асуулт багшаас асуучих вий хэмээн ихэд болгоомжилдог байв. Ганц хоёр удаа гэнэ алдаад хориотой асуулт тавьчихсанд багш “Хамаагүй ээ” гэж хариулж байж билээ.
Энэ цагаас эхлэн олон жилийн туршид Дилова хутагт манай гэрт байнга зочлох болсон, манайхан ч түүнийг ирэхэд тун дуртай байдаг боллоо. Ирэх бүрдээ зөөврийн гүнгэрваагаа тусгайлан үйлдсэн савхин цүнхэндээ хийсээр аваад ирнэ. Тэр гүнгэрваанд нь лам багш нарынх нь зураг болон Бурханы шашны хамгийн эрхэмлэдэг ном2 нь тэргүүтэй ариун дээд шүтээнүүд нь байх бөгөөд тэрхүү номоо унтаж амрахаасаа өмнө уншдаг байлаа. Би багшид арай том, зөөврийн бус нэг гүнгэрваа хийж өгөөд, номын сангийнхаа нэг хананд байрлуулж, Төвөд зураг, судар, бурхан болон бэлгэнд ирсэн бусад шүтээнээ тавьж өгсөн юм. Багш өөрөө засаж залруулан, тохируулж аваад манайд ирэхдээ тэр гүнгэрвааг минь хэрэглэдэг болсонд миний бие ихэд баярлаж билээ.
Бид хоёрын нөхөрлөл нэн удаан үргэлжилсэн, энэ урт удаан харилцаа дөнгөж эхэлж байх үеэс авхуулаад л Хутагтын бүр багын амьдрал, Монгол дахь аж төрөл, шашин номын судлал, сүм хийдийнх нь хичээл номлолын талаарх мэдлэг мэдээллийг олж авах, өөр хэнд ч тохиомгүй аз завшаан надад таарсан билээ. Хожим харин энэ талаар монгол хэлээр бичсэн өөрийнх нь намтрын тэмдэглэлээс орчуулж, аман ярианы баримтаар баяжуулан, урьд өмнө түүний тухай гарч байсан сонин сэтгүүлийн мэдээллийн алдааг засаж нэмсэн нэг материал англи хэлээр гарсан юм.
Хожмоо Дилова хутагт хэмээн алдаршсан хүү 1883 онд Гадаад Монголын Ойгон баг хэмээх газар малчны гэр бүлд мэндэлжээ. Эцэг, эх, арван дөрвөн настай эгч, арван настай ах нар нь тэр цагт дугуй хэлбэрийн эсгий гэрт амьдарч, нэлээд хонь, цөөвтөр үхэр, адуу малладаг байжээ. Тэдний амьдарч байсан засаг захиргааны нэгжийг Засагт хан аймаг хэмээнэ.
Хутагтын тэр аймагтай хил залгаа Сайн ноён хан хэмээх аймагт Чин Лүнгийн (1736-1796) үед Наробанчин Хувилгаан3 хэмээх хутагт ламд зориулан барьсан орон нутгийн хийд байжээ. Барьж дууссаных нь дараахан Бээжин дэх Эзэн хааны төрөөс Наробанчин ламд Хутагт цолыг олгож, хийдийг мөн түүний нэрээр Наробанчин хэмээн нэрийдэх болжээ.
Үүнээс буцаж нэг алхаад, өнгөрсөн түүхийг сөхөн үзвээс ирээдүйн үйл явдлын учгийг тодруулахад хэрэгтэй мэт. Наробанчин ламын өмнөх нэг дүр нь Кан Ши (1662-1722)-гийн үед Өвөр Монголын Банчин зуугийн хийдийн ойролцоо мэндэлжээ. Түүнийг Наробанчингийн хойд дүрээр тодруулаад Банчин зуугийн тэргүүн лам болох Дилова хутагтад шавь оруулсан байна. Наробанчин лам хожмоо өөрийнхөө хуучин хийдэд морилсон гэнэ.
Дилова хутагтын нэг хойт дүр нь тэгтэл Гадаад Монгол дахь Наробанчингийн нутаг дэвсгэр дэх айлд мэндэлсэн ажээ. Наробанчин хутагт өмнөх дүрийнхээ номын багшийг таньж мэдээд, дэргэдээ үлдээхээр шийдэн, Наробанчин хийдийн шашны болоод иргэний захиргаа, мөн газар нутгаа Дилова хутагттай хуваалцжээ.
Ийнхүү Наробанчин хийдийг хамтдаа удирдах болсноос хойших хоёр дахь Дилова хутагт 1883 оны маш чухал цаг үед таалал төгссөн байна. Таван жилийн дараа Наробанчин хийдийн лам нарын төлөөлөл зэргэлдээх аймагт очиж 1883 оны сүүлээр төрсөн дөч гаруй хүүхдийг шалган үзэхэд малчны гэрт төрсөн нэгэн хүү тэдний дунд байв. Лам нар тэр хүүг Дилова хутагтын хойд дүр мөн байна хэмээн танихад хоёр чухал учир шалтгаан байжээ:
- Хүү өөрөө ч, эцэг эх нь ч, бүр таньж мэддэг улсаас нь хүртэл хэн нь ч Наробанчин хийдийн ойр очиж үзээгүй атал[4] хүү тэр хавийн газар нутгийн талаар байнга ярьж байжээ.
- Өмнөх дүрийнх нь хэрэглэж байсан аягыг авчирсанд хүү өөрийнхөө хэмээн таньсан байна.
Хүүг Наробанчин хийдэд залахаар авч явахад эцэг эх нь адуу мал, эд хөрөнгөө аваад хамт нүүж, хийдийн орчимд суух болов. Хэдийгээр аав ээж, ах эгч нь түүнийг байн байн эргэж очиж байсан ч гэлээ таван наснаасаа эхлэн төвөд хэл бичиг болоод Бурханы шашны үндсэн таван ухааныг хамгийн дээд эрдэмт лам нараар заалган, зав чөлөөгүй болсон байна. Тэр таван ухаанд юу юу ордгийг дурдваас: Учир шалтгааны ухаан, Билиг оюуны чинад хязгаар, Хийдийн дэг жаяг, Дундад үзэл, Мэтафизик энэ тав болно (Энд Нийдхам америк уншигч нарт зориулан Чойрын таван боть болох Билгийн чинад хязгаарт хүрэхүй, Төв үзэл, Илт ном, Винай, Тогтсон таалал тавыг тайлбар маягаар орчуулсан бололтой. Энд зохиогчийн санааг илүү тод гаргахын үүднээс үгчлэн буулгав. М. Саруул-Эрдэнэ). Ном эрдэм нь ахихын хэрээр хийдийн шавь сургалтын хөтөлбөрт ой тогтоол, ёслол үйл, шашны эд зүйлсийг зөв хэрэглэх зэрэг хичээлүүд нэмэгдэж иржээ. Монгол дахь хийдүүд Төвөдийн Зонхов ламын (1357-1419) үндэслэсэн Гэлүгба-гийн урсгалыг дагадаг учраас Дилова хутагт мөн Зонхов богдын болон шавь нарынх нь нь бүтээлийн чуулган, олон боть ном судрыг төвөд хэлээр үзэх болов.
Залуухан хувилгаан бас ирээдүйд гүйцэтгэх засаг захиргааны үйл хэрэгтээ суралцаж эхлэв. Учир нь Дилова хутагт арван найман насыг хүрэхдээ Наробанчин хийд болоод гурван зуун ламыг нь удирдан толгойлох, дээр нь өргөн уудам бэлчээр нутгийг нь захиран мэдэх хоёр тэргүүний нэг нь болсон юм. Мөн Гадаад Монголын Бурханы шашны хамгийн өндөр дээд арван гурван хувилгааны (archbishop-ийн зэрэгтэй дүйж болно) нэг нь болов. Түүний нэрийн доор бас Өвөр Монголд хоёр ч хийд оршсоор.
Үүнээс хойших хорин найман жилийн, 1901-1929, амьдралынхаа ихэнх хугацаанд Дилова хутагт Наробанчинд, сүм хийдийн амгалан чимээгүй хэв маягаар аж төржээ. Буддын шашны төвөд ном судрыг нарийвчлан үзэх судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ эрдэмтэй лам нараас маш нарийн аман хичээл сургаал сонсох болсон байна. Хийдийн гол дуганд өдөр тутмын шашны зан үйлийг удирдаж байсанд нь суурин суух гурван зуун лам нь болоод албаны лам нар мөн оролцоно. Хүндэтгэлийн сэнтийнээ залрахдаа Дилова хутагт Нарованчин ламын дээр суудалтай байсан нь шашин номын хувьд багш нь болохын учир юм.
Манж гүрэн унаж, 1911 онд Гадаад Монгол (Халх) Хятадаас тусгаар тогтнолоо зарлахад мөнөөх амгалан чимээгүй хийдийн амьдралд нь хөдөлгөөн орсон байна. Хамгийн хүндтэй, хамгийн нөлөөтэй хувилгаан болох Өргөөгийн Жавзандамба хутагт Гадаад Монголын эзнээр өргөмжлөгдөж, Богда хаган хэмээх цолыг хүртжээ. Дилова ламтантай уулзахаасаа бүр өмнө миний бие Өргөөгийн Хутагтын “жир бусын” үйлдэл, тухайлбал: их уудаг, хүмүүсийг даапаалан шоглодог, барлаг нартаа базаахгүй ханддаг, нууц амраг, гэргий зэргийнх нь талаар уншсан байсан билээ. Ариун гэгээн Дилова хутагт Өргөө дэх нүгэл хилэнцийн талаар мэддэг, үнэхээр тийм зүйл байсан хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч зөөврийнхөө гүнгэрваанд Өргөөгийн Хутагтын цэл залуугийн зургийг залсан хэвээр, лам багшаа хэмээн хүндэтгэсээр байсан бөлгөө.
Жавзандамба хутагт нь 1870 онд Лхаст төрсөн, Богд гэгээнтний наймдугаар дүрээр тодорсон юм. Богд хаан хэмээх хаан ширээ, эрх мэдлийг нь 1924 онд таалал төгсөхөөс нь ч өмнө оролдсоор байж, эцэст нь шинээр үүссэн Монгол Ардын Хувьсгалт Намынхан бүр хязгаарлаж орхисон билээ. Тус нам нь 1921 оны Долоодугаар сарын 10-ны өдөр Ардын Хувьсгалт Засгийн Газар болж, “Зөвлөлт Холбоот Улстай улам гүнзгий найрамдана5” хэмээсэн юм.
Хувь заяаны шийдэл болсон 1930 онд Улсын шашин болох Буддизмыг хориглож, сүм хийдийн өмчийг хураан, том лам нарыг баривчилж, хувьсгалын эсэргүү хэргээр Ардын шүүхээр оруулан шийтгэжээ. Дилова хутагтыг шүүхээр оруулахад энэрэл нигүүлсэл болоод эрдэм ухааны цогц болсон тэрхүү “амьд хувилгаан”-ы эсрэг мэдүүлэх гэрч гээч олдсонгүй. Ингээд зарим ламыг цаазаар авч, зарим нь зүгээр л “сураггүй болсон” бол Дилова хутагтад тэнсэн харгалзах ял оноожээ. Хутагт нутагтаа үлдсэн эд зүйлсээсээ хувийн жижиг сажиг жаал зуул юмаа аваад, 1931 онд, 48 насандаа эх орноо орхин гарч одов.
Ийнхүү дүрвэгч болсон хутагт эхлээд Өвөр Монголд, дараа нь Бээжинд Бурханы шашны сүм хийдэд олон жил суужээ. Тэрбээр мөн Чан Кайшигийн Монголыг хариуцсан зөвлөхөөр эхлээд Бээжинд, дараа нь Японы дайны үеэр Чүнчинд ажиллаж байв.
Бурханы шашныг шүтдэг хэн боловч хэзээ нэгэн цагт Энэтхэгт хүрч, Бурхан Буддагийн болон шавь нарынх нь 25 зууны тэртээ аж төрж асан газар нутгийг нүдээр үзэхийг хүсэн мөрөөдөж явдаг юм. Гадаад Монголоос дүрвэсэн гэгээнтэн лам 1946 онд Жагарын орноо мөргөлөөр одож, Бурханы шашны ариун дагшин газар болох Магада улсын нийслэл, эртний Ражгир хотноо хөл тавьжээ. Тэнд Будда олон жил ном сургаалаа айлдаж, мөн анхны сүмээ байгуулж байсан билээ.
Дилова лам тэндээсээ Хойт Төвөдөд эчиж, Лхаст арван дөрвөн сар суужээ. Ингэхдээ Дрэпүнг хийдэд заларч байсан нь монгол лам нарыг албан ёсоор хамгийн олноор суулгадаг газар юм. Лхасаас гарч, баруун зүгт Ташилхүмпо хийдэд очсон нь өөрийнх нь хуучны анд, 1937 онд жанч халсан Банчин ламын албан ёсны өргөө билээ.
Тэнд нэг сар саатаад Дилова хутагт Төвөдөөс хөдөлж, өөрийн найз Сиккимийн Махаража-гийнд зочилж, нийслэл хот Гантокод нь хэд хоносон байна. Тэндээсээ эртний Энэтхэг-Төвөдийн жингийн замын дагуу, өмнөд зүгт аялсаар, хэдэн цагийн дараа Умард Энэтхэгийн Калимпонг хотод ирж, монгол, төвөд найзуудтайгаа уулзан, орон нутгийн сүм хийдээр зочилсоор долоон долоо хоногийг үджээ. Тэндээсээ Балба явж, сүм хийдүүдээр нь айлчлаад, Хятад руу буцсан байна. Үүнээс хоёр жилийн дараа Оуэн Латтиморын урилга ирснээр Дилова Гэгээн Хутагтын Ази дахь аялал өндөрлөж, Америкад оршин суух анхны Монгол хувилгаан болсон билээ.
Хутагт манай гэрт олонтоо зочилж, захидлаар тогтмол харилцдаг болсныхоо хойно, 1951 онд илгээсэн нэгэн захидалдаа “Оросоос дүрвэсэн Халимаг монголчуудын томоохон бүлэг Америкад аж төрөхөөр ирж буйг сонсоод баясав” хэмээн бичсэн байлаа. Хэдийгээр Халимаг нар нь монголчууд буюу Ойрадын (Монгол үндэстний Баруун салбар) үлдэгдэл цөөн улсын төлөөлөл боловч Европын үндэстэн гэсэн тодорхойлолтын доор орж ирэх юм. Энэ тал дээр бол тэд үнэхээр азтай байв. Учир нь Азийн хүмүүсийн хувьд цагаачлалын эрх дэндүү хязгаарлагдмал, боломжгүй шахуу байсан юм. Тэгтэл Вашингтон Ди Си хот дахь Ерөнхий Хуульч (Энэ нь Монголын Хууль зүйн яамны сайдтай дүйх алба. М. Саруул-Эрдэнэ) хүнлэг энэрэнгүй тусгай захирамж гаргасны ачаар Германы Мюнхень хот дахь Дүрвэгсдийн хуарангаас Америк хүрэх зам нь шулууджээ. Оросоос дүрвэн гарснаасаа хойш халимаг нар тэнд зургаан жил амьдраад байж.
Дилова ламыг манайд ахин ирэхийн өмнө би халимагуудыг эгээ л бусад монголчуудынхаа адилаар Төвөд уламжлалын Бурханы шашин шүтдэгийг уншиж мэдсэн юм. Үүнээс гадна дүрвэж ирсэн улсуудад тусалдаг хэд хэдэн байгууллага6 хүчээ нэгтгэн, халимагуудын Америкад суурьших болоод бие даан аж төрөх хэмжээнд хүрэх үйл хэрэгт нь тусалж буй гэнэ.
1951 оны сүүлээр Дилова гэгээн манай гэрт ирээд байхдаа Америкад дөнгөж хөл тавьсан Халимаг монголчуудын хамаг анхны бүлгийн төлөөлөл болох хэдэн ламаас утасны дуудлага хүлээн авсан юм. Миний бие Хутагтыг тийн хөхин баясаж байхыг ховорхон харсан билээ. Дурсамжит тэр Ням гаргийн үдээс хойно онгоцны нислэг гэж байсангүй, багш эхний буухиа галт тэргээр хөдөлсөн болно.
Үүнээс хойш хэдэн сар Хутагт манайд ирсэнгүй, тэрбээр Америк дахь анхны Монгол шашны тэргүүн хэмээх олон талт ажил үүргээ гүйцэтгээд завгүй явсан биз ээ. Хутагт хэмээх цол нь тэр албанд таарах нь байтугай хэтийдэхээр байсан бол шашин номын их их ухаан, олон талт өргөн мэдлэг нь бүр ч баталгаажуулж өгсөн хэрэг. Хутагтыг дагалдагч лам бус шавь нарынх нь тоо долоон зууд хүрсэн бөгөөд тэд эртний Монгол соёлоо, Бурханы шашнаа тасалдуулалгүй авч явах баталгаатай боллоо хэмээн сэтгэл нь амарсан бөлгөө. Халимаг лам нарын хувьд гэвэл Бурханы шашны төвөд хэлт ном судраа цаашид сурч судлах, өдөр тутмын шашны зан үйлээ Наробанчин хийдийн тогтсон дээд дэг журмын дагуу төвөд хэлээр явуулж байх боломжтой болсон байна.
Хуучин ачааны тэрэгний гарааш байсан Америк дахь анхны Халимаг сүм нь Халимаг монголчуудын итгэл эрмэлзэл дүүрэн төлөвлөгөө, нөр их хүчин чармайлт, гал халуун сэтгэлийн үр дүн болон цогцолсон юм. Нью-Жерси мужийн Фрийвүүд Акрес7-т орших тэрхүү жижиг тоосгон байшинг 1952 оны Арван нэгдүгээр сарын 23-ны өдөр аравнайлав. Тэргүүн лам Дилова хүрэн улаан дээл, митра (Пап ламын өмсдөг өндөр малгай М. Саруул-Эрдэнэ) маягийн малгай өмссөн нь өндөр дээд хэргэм цолыг нь илтгэх бөгөөд тэрбээр нэг халимаг ширээт лам, найман халимаг ламын тусламжтайгаар шашны үйлээ гүйцэтгэлээ.
250 орчим халимаг хүн, Бурханы шашин болон Төвөдийг сонирхогч америкчууд ерөн минут үргэлжилсэн энэхүү арга хэмжээний гэрч болон үзэв. Хүндэт гийчдийн дунд Александра Толстоя гүнж, Пэрл Бак, профессор Оуэн Латтимор нар байлаа.
Миний бие хурал ном эхлэхийн өмнө эрэгтэй эмэгтэй олон халимаг ардын дунд суусанд бүгд гартаа 108 эрихээ бариад, “Ом ма ни бад мэ хум” гэх Төвөд Монголын маанийг хэлэх тоолондоо хэдэнтээ давтсанаа тэмдэглэн, эрихээ нэг нэгээр нь дарах ажээ. Дилова хутагт гэгээнтэн бурханы номыг айзам хэмнэлтэйгээр өгүүлснээр ёслолын үйл ажиллагаа эхлэв. Солгой гартаа хонх бариад үе үе цохих нь “билиг” буюу оюун ухааныг бэлгэдэх бол баруун гар дахь очир нь энэрэл нигүүлслийг төлөөлөх “арга” гэсэн үг юм.
Хутагтын дадсан гар дахь доржэ, рилбү хоёрын хөдөлгөөн бүрийг би алмайран ажиж байлаа. Учир нь энэ хоёр болбоос миний өөрийн юм бөгөөд хуучны хоёр эдлэл маань ийнхүү анх удаагаа Бурханы шашны сүм хийдийн ёслолд хэрэглэгдэж буйг харах нь элбэг тохиох завшаан биш ээ. Хоёр долоо хоногийн өмнө Дилова хутагт гэгээн манайд ирэхдээ түр зээлж авсан юм. Тэгтэл өдгөө шашны тэр ариун дээд хос бэлгэдэл Америк дахь анхны Буддын сүмийг аравнайлах хэрэгсэл болж буйг харахуй, бас энэхүү шашны тэргүүн дээд удирдагч нь Далай лам шүү дээ гэдгийг бодохуй, тархинд нэгэн санаа гялсхийн орж ирэв. Би ерөөсөө очир, хонхоо буцаан авч болохгүй юм байна. Анх би тэдгээрийг Христийн шашин номлогчийн гэрээс авч байсан юм. Одоо бодоход миний бие ерөөсөө түр зуурын л эзэмшигч нь байж. Хурал ном дууссаны хойно Тэргүүн лам Дилова хутагтад өнөө хоёроо өргөж буйгаа хэллээ. Дилова гэгээнтэн инээмсэглээд Халимаг сүмд хэрэгтэй шүү хэмээн хүлээн авав. Угаасаа намайг тэгэх ч болов уу гэж гадарлаж байсан бололтой.
Үүнээс хойших хэдэн жил Дилова хутагт цаг завынхаа хагасыг сүмдээ зориулж, үлдсэн цагаа холбоотой бусад ажил хэрэг, сонирхсон зүйлдээ зарцуулан Нью-Жерсигээс үе үе явдаг боллоо. Эрдэмтэн судлаач, багш хүний хувьд Дилова хутагт лам нарт нь сурч боловсрох, уншиж судлах төвөд ном судар, эх бичиг хангалтгүй байгаад санаа нь зовдог байсан учраас Ейлийн их сургуулийн номын санд хадгалагдаж буй Ганжуурын8 хамгийн чухал үндсэн эхүүдийг хуулбарлахаар шийдсэн юм. 1950 оны Хоёрдугаар сард Нью-Хэйвэнд ирсэн тэр Ганжуур болбоос Арван дөрөвдүгээр Далай ламын Ейлийн их сургуульд хайрласан үнэт ховор бэлэг болой.
Далан насыг давсан хэдий ч тэрбээр Нью-Хэйвэнд байнга айлчилсаар байсны учир нь сүнс сүлд нь түүнийг хөдөлгөсөөр байсанд орших биз ээ. Зун цагт тэрбээр Нью-Жерсигийн чийгтэй бөгчим агаараас зайлж, Ейлийн номын сангийн Ховор номын тасагт ажиллана. Нью-Хэйвэнд түүний ирэх бас нэгэн шалтгаан нь Хутагтын хуурай хүү Дэвид Латтимор Ейлийн Ази судлалын сургуулийн зэрэг цолны сургалтад ирээд байсан явдал болно. Хутагт заримдаа Дэвидийнд, заримдаа манайд, бас зарим үед Номын сангийн дэргэдэх Зэрэг цолны сургалтын оюутны байранд, өөрт нь тусгайлан гаргаж өгсөн өрөөнд ганцаараа суудаг байлаа.
Дилова лам Ейлийн их сургуулийн хотхон болон Номын санд олны анхаарал татсан, хамгийн содон зочин болно. Тод шар өнгийн дээлэн дээрээ хүрэн улаан орхимж нөмөрсний цаанаас улбар шар зах нь гэрэлтэн цухуйх нь резинэн ултай шаахай өшиглөсөн Америк “тэнүүлчдийн” дэргэд чухам “Дорно ба Өрнө” хэмээх харьцуулсан эсрэгцэл мэт харагдах бөлгөө. Хутагт зүүн гарынхаа бугуйнд 108 ширхэг бүхий эрихнүүдээсээ нэгийг, баруун гартаа харин ус, доргионы хамгаалалттай, сунадаг оосор бүхий цаг байнга зүүнэ. Үргэлж хөхиүн хөгжүүн байдаг зангаараа Дилова Ейлд олон найзтай болсон, хятадаар ярьдаг зарим нэг хүн бас ирж үг хэл солино, Хутагт ч дуртайяа харилцан ярилцах бөлгөө.
Хутагт мөн Нью-Йорк хотноо, Буддизмыг болоод Төвөдийг сонирхогч олон андтай болсон юм. Учир нь тэрбээр оюутан залуус хийгээд эрдэм судлалын талбарт мэргэжлээрээ ажиллаж буй судлаачид, ялангуяа музейн Төвөд цуглуулгын куратор нарт туслах дуртай байснаас жишээ татвал: хатагтай Антойнэттэ К. Гордон, Нью-Йоркийн Америкийн музей; хатагтай Элэанор Олсон, Нью-Жерсигийн Ньюарк музей; хатагтай Хэлэн Уоткинс, Нью-Йоркийн Стэйтэн Айландын Төвөд Урлагийн Төв; хатагтай Эдна Брайнэр Шваб агсан, Төвөд урлагийн цуглуулагч, зохиогч... эд бүгд Хутагтын арвин их мэдлэгээс хүртэж, өөр өөрийнхөө салбар судалгаанд ач тусыг олсон билээ.
Хутагтын өөр нэг анд Японд хэдэн жил суугаад, 1955 онд Нью-Йоркод буусан, түүнтэй анх Төвөдөд танилцсанаасаа хойш Энэтхэгт ч холбоотой байсаар иржээ. Хутагтын тэр анд болбоос Хятадын баруун этгээдэд орших Хөхнуурын ойролцоох Гүмбум хэмээх хийдийн хувилгаан хамба лам, Далай ламын ах Такцэр рэнбүчи юм. Такцэр рэнбүчи АНУ-ын Төрийн Департаментын урилгаар 1951 онд Америкад ирээд жилийн дараа Япон явж, Буддын хийдэд хэсэг амьдарчээ. Дилова хутагт, Такцэр рэнбүчи хоёр хоёул дүрвэж ирсэн, хоёул хувилгаан лам, хоёул хийдийн тэргүүн лам байсан гээд зүгээр нэг анд найзын төдийгөөс хавьгүй илүү ижил тал, нийцэх шинжтэй байлаа.
Мөн 1955 онд Төвөдийн доктортой тэнцэх гэвш цолтой халимаг лам Нью-Йоркод ирсэн юм. Лхасын Дрэпүнг хийдийн профессор асан Гэвш Ванжил Фрийвүүд Акрес-т аж төрөхөөр ирсэн нь гучин дөрвөн жилийн дараа анх удаа халимаг нартайгаа эргэн учирсан хэрэг байлаа. Гэвш Ванжил болоод хожим хүрэлцэн ирсэн бусад халимаг нар Дилова хутагт гэгээнд сүм хийдийн завгүй ажлаас чөлөөлөгдөх боломж олгосон юм. Угаас тэрбээр Фрийвүүд Акрес-аас алсад байнга суудаг байсан учраас тэндээс мордож Нью-Йоркод суурьшихад нь нэг их үг хэл гарсангүй. Тэнд аж төрөх болсноор Хутагт Нью-Йоркийн нөхдөдөө ойртож очсоноос гадна Фрийвүүд Акресаас Нью-Хэйвэн хүрэх замын тэхий дунд ирсэн нь тун амар болсон билээ.
Нью-Йоркийн цорын ганц Хутагт хотын дорно этгээд дэх, тун энгийн тавилгатай байрандаа даруухан аж төрөх болов. Халимаг америк нийлсэн найзууд нь өдөр тутмынх нь амьдарлагад тус дэм болно. Хутагтад өөрт нь “хамба ламтны” өндөр дээд шаардлага, хэрэгцээ гээч юм огт үгүй болохоор үргэлжид даруу төлөв хэвээр. Халимаг нар түүнд монгол дээл оёж өгнө, тэрийг нь голж өөчилж байсан түүх нэг ч үгүй.
Он цаг өнгөрсөөр Хувилгаан багш наян насыг шүргэсэн ч бие лагшин эрүүл тунгалаг, сэтгэл санаа хөгжүүн цэлмэг хэвээр мэт санагддаг байв. Гэвч эрүүл мэнд, сэтгэл санаа аль алиных нь талаар бид гадаад дүрд нь хууртаж байжээ. Хутагт айхтар зовуурьтай нэлээд явж. Эмчид үзүүлье гэж сая шийдсэнээр түрүү шатны хорт хавдар илрэв. Азаар хавдрыг туяагаар эмчилж болохуйц байсан тул 1963 оны Наймдугаар сард Ейл-Нью Хэйвэний Эмнэлэгт хэвтүүлж эмчиллээ. Аанай л Хутагт эмнэлгийн эмч сувилагч нарын хамгийн хайр татсан өвчтөн болсон билээ. Нутгийн эмнэлгийн түүхэнд тэрбээр анхны Монгол өвчтөн хэмээн бичигдэв. Эмнэлэгт хэвтэж байхад нь ч тэр, гараад манайд сууж, гэрээр эмчлүүлж байхад нь ч тэр, Фрийвүүд Акрес болон Филаделфиагаас халимаг хүмүүс эргэж ирсээр л байлаа. Тэдний шашныхаа тэргүүнийг шүтэх сэтгэл, зарим нь ихэд доор тонгойн мөргөх, зарим нь бүр сөхрөн унаж залбираад гараас нь адис авах дүр зураг олон америк хүний хэзээ ч үл мартам дурсамж болон үлдсэн буй заа. Аравдугаар сард Хутагт ахин нэг удаа эмнэлэгт хэвтэж, долоо хоног эмчлүүлсэнд, азаар хавдар нь хяналтад орсны тул Нью-Йорк руугаа буцав.
Хойтон жил нь Дилова хутагт Нью-Йоркийн эмнэлэгт хоёронтоо очсон, нэг удаад нь мэс засал хийлгэсэн юм. Үүнээс хойш байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй болсон тул Хутагтын найз нөхөд Энэтхэгээс Жамбалдорж хэмээх шавийг нь авчрав. Хутагтын нэгэн адил Гадаад Монголоос гарсан энэ арай залуу лам 1964 оны Есдүгээр сараас эхлэн үргэлж хамт байж, асран хандах боллоо. Дилова хутагтад Жамбалдоржоос илүү бүхнээ зориулж, хэтийдсэн сэтгэлээс хандсан хүн гэж үгүй, бүхий л хэрэгцээг нь өчүүхэн төдий эргэлзээ шантралгүйгээр, цовоо цолгиун гүйцэлдүүлсэн шавь гэж үгүй биз ээ. Хутагт багшийнхаа амьдралын сүүлийн хэдэн сард орных нь хажууд байнга байхын тулд Жамбалдорж өдөртөө дөрөвхөн цаг унтаж хэвшсэн юм. Удаан хэвтсэн энэ өвчнийх нь үеэр эмч сувилагч болон лам нар Хутагтыг эргэж ирдэг байлаа.
Сүүлийн хэдэн өдөр Жамбалдорж дээр Энэтхэгийн Миссуурие дахь Далай ламын шавь болох дүрвэгч монгол лам нарын тэргүүн, Хутагтын өөр нэг арай ахимаг насны шавь болох Да лам мөн ирж байлцав. Таалал болохынхоо яг өмнөх өдөр Дилова хутагт хэдийгээр бие нь нэн доройтсон байсан боловч Англиас дөнгөж амжиж ирсэн эртний найз Оуэн Латтимороо таньж, гараа сунган бариулсан билээ.
Миний багш, анд Дилова Гэгээн Хутагт 1965 оны Дөрөвдүгээр сарын 7-ны өглөөний 7 цаг 15 минутанд Нью-Йорк хот дахь гэртээ насан өөд болсон юм. Чандарлахаас нь өмнө оршуулах байрнаа монгол, төвөд хэлээр хэд хэдэн ёслол үйлийг гүйцэтгэв. Тэнд буй ганц хувилгаан лам болох Да ламын удирдлага дор долоон халимаг лам ном уншлаа. Да ламын урьсан ёсоор миний бие бас тэр үдэх ёслолд оролцсон билээ. Арван зургаан жилийн турш нөхөрлөсөн, андынхаа хүрээлэлд намайг багтаан соёрхсон, “тэргүүн дээд хувилгаан лам”-даа миний бие ийнхүү эцсийн удаа хүндэтгэлээ өргөсөн юм.
Америк дахь Хутагтын амьдралын тухай маш ихийг өгүүлж болно9. Тэр бүгдээс ганц л зүйлд би итгэлтэй байдаг. Юу хэмээвээс Дилова хутагт тоолохын аргагүй олон анд нөхөртэй байсан, түүнтэй уулзсан хүн бүр Хутагтыг таньж мэдсэнээрээ өмнөхөөсөө илүү сайн хүмүүн болж байсан юм.
Эцэст нь Дилова хутагтын Америкад ирэхээс өмнөх болон Америкад ирээд Коннектикутаас бусад газар сууж байсан үеийнх нь аж амьдралын тухай аман болоод бичгийн мэдээлэл, хэвлэгдсэн материал олж өгч тусалсан доорх андууддаа хязгааргүй талархаж буйгаа илэрхийлье. Үүнд:
Оуэн Латтимор, Лийдсийн их сургууль, Их Британи
Дэвид Латтимор, Брауны их сургууль, АНУ
Өргөнгөө Онон, Лийдсийн их сургууль, Их Британи
Гомбожав Хангин, Индианагийн их сургууль, АНУ
Николас Поппе, Вашингтоны их сургууль, АНУ
Гутгаар Хэрбэрт Врийланд, Хүмүүнлэгийн Ухааны Судлал Инк, АНУ
Хэрбэрт Гүнтэр, Саскачеваны их сургууль, Канад
Зүүлт:
[1] Төвөд бичгийн хэлийг миний бие 1941 оноос эхлэн хар лам Родерик А. МкЛеодоор заалгасан юм. Тэрбээр 1917-1927 онд Зүүн Төвөдөд амьдарсан, Христийн номлол түгээгч байсан хүн. Би төвөд бичгийн хэлийг сонирхдог байсан учраас төвөд эхүүдийг хуулбарлан авч, үгийн сангаа баяжуулдаг байсан бөгөөд төвөд хүмүүстэй харилцах нь миний хувьд таатайхан тохиол болдог байлаа.
[2] “Хутагт билгийн чинад хязгаарт хүрсэн найман мянгат” буюу Жадамба
[3] Монгол хэлний Хувилгаан буюу Кубилган хэмээх үг нь Монгол, Балба, Энэтхэгийн Бурханы шашны түүхэн дэх гэгээнтэн ламын ахин мэндэлсэн дүрийг хэлдэг үг юм. Хувилгаадын хамгийн өндөр дээд хоёр цол нь Хутагт, Номын хаан (Lord of the Sacred Law) хоёр бөгөөд энэ хоёрыг Манжийн төрөөс тусгайлан хүлээн зөвшөөрдөг. Шавиран хэмээх нь багаахан Хувилгааныг хэлдэг монгол үг бөгөөд тэдгээрийг албан ёсоор зөвшөөрдөггүй, өмнөх дүрүүд нь тэмдэглэгдээгүй, тодорхой бус байдаг.
[4] 200 бээрийн хол нутаг
[5] Оуэн Латтимор, “Монгол дахь үндэсний үзэл ба хувьсгал”, Нью-Йорк, 1955, 165-р тал.
[6] Ийм байгууллагын тоонд Society of Friends, Tolstoy Foundation, Church World Service орно.
[7] Халимаг монгол дүрвэгчид Америкад 1951 оны өвөл, мөн 1952 оны эхний хэдэн сард ирсэн юм. Ихэнх нь Филаделфиад болон Нью-Жерси мужийн Фармингдэйл дүүргийн Фрийвүүд Акрес-т оршин суужээ. Цөөхөн хэдэн хүн л өөр газар суусан болно.
[8] Ганжуур буюу “Зарлигийн орчуулга” нь 100 боть, МЭ 7-р зууны сүүлээр болон 9-13-р зууны хооронд Энэтхэгийн Буддист гар бичмэлээс орчуулсан Тэравада, Махаяана, Тантраяанагийн эхээс бүрдэнэ. Энэтхэгийн бандид, Төвөдийн орчуулагч нар хамтдаа эх сурвалжийг орчуулжээ. Лхасын бар нь 96368 хуудастай, 13-р Далай ламын (1876-1933) тушаалаар 1920-1927 оны хооронд барлаж дуусгасан юм.
[9] Эрдэм судлалын хувь нэмрээс нь өгүүлбэл, Калифорниагийн их сургуулийн профессор Фэрдинанд Д. Лессинг агсны бүтээсэн Монгол-Англи толь бичигт тус нэмрээ оруулсан, мөн Ейлийн их сургуулийн Номын сан дахь Ганжуур болон бусад Төвөд ном судрын каталогийг хийхэд надад олон жил тусалсан зэргийг нь дурдаж болно.
Т. Батбаяр
Зочин
Ц. Эрдэнэбат
Зочин
Tsolmon Erdenetsogt
Ц. Эрдэнэбат
Амараа
Зочин
Зочин
уншигч
Ц. Эрдэнэбат
Баска
Зочин
Ananadashiri.New York
З.Лонжид
Алтанцэцэг.Б
Баярлалаа
Зочин
Зочин
До.Болдхуяг
Зочин
Чулуун