Аравдугаар бүлэг

Тэгээд тэндээс би оюутны байранд өрөөндөө ирлээ. Би унтахаар хэвтэв. Би эргэж хөрвөн элдвийг бодон хэвтэнэ. Тиймээ гунигтай боловч сургамжтай энэ түүх. Баасан гаригт эхэлсэн билээ. Тэгээд Баасан гаригт төгсөх учиртай ажээ. Тэгээд би бас дахиад ээжийгээ бодлоо. Тиймээ хүн амьдралд нугарч болно. Харин хүн амьдралд хугарч болохгүй гэж ээж бидэнд хэлдэг сэн. Тиймээ. Тэгэхэд би арван настай байсан юм. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Би ээжийнхээ таньдаг нэг айлд суудаг байлаа. Тэр айл нэлээдгүй их баян айл байсан юм. Нөхөр нь жолооч хүн байсан. Эхнэр нь ямар ажил хийдэг байсныг би одоо санахгүй байна. Тэр хоёрыг би айлын ах эгч хоёр гэдэг байлаа. Айлын ах их сайн хүн байсан. Томоотой ухаалаг их сайн ах байсан санагддаг юм.

Би тэр айлын бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Өдөр хичээлдээ явж ирээд, түлээ мод бэлтгэж дэлгүүр хоршоо явна. Ус зөөж, гэр хашаа хороо цэвэрлэдэг байсан. Арван настай хүү надад ахадсан хэцүү ажил байсан санагддаг юм.

Айлын ах эгч хоёрын ая талыг харж амьдарч яваа, арван настай бяцхан хүү шүү дээ, хий гэсэн бүгдийг нь хийж амжуулдаг байлаа. Би томоотой дуулгавартай, ажилсаг сайн хүү байсан. Гэхдээ би жаахан аймхай хүүхэд байсан юм.

Тиймээ, тэгэхэд би зориг муутай аймхай байсан.

Би оройн хоолны гурил зуурч элдэж бэлтгэдэг байв. Хоол хийх гурилыг хатуу зуурч нимгэн элдэх хэрэгтэй. Яагаад гэвэл. Хатуу зуурч элдсэн гурилтай хоол амттай сайхан хоол болдог юм. Тэгээд би хатуу гурил зуурч элдэх гэж бүтэн хоёр цаг орчим хөлс нустайгаа холилддог байсан. Тэгэж тэгэж нэг юм болгодог байлаа. Нэг удаа хэрэг гарлаа...

Би оройн хоол хийх гурилаа шингэн зуурч элдсэн байв. Яагаадыг би мэдэхгүй байна.

Гурил өөрөө л шингэн болсон байсан юм. Тэгээд айлын эгч орой ажлаасаа ирээд бөөн факт болов. Эгч намайг хараагаад, загнаад арай л зодоогүй. санагдана.

«Ийм юм хийж байхдаа яадгийн. Чи ямар нохойд хоол бэлдээв? Аан...» гээд л загнаад зандчаад байлаа. Би яахав. Хэргийн эзэн хий дэмий л бүлтэлзэж бөндчөөд, хийх юм байх газраа олж ядаад л байсан санагдана.

Би багадаа сонгинотой хоол идэж чаддаггүй хүүхэд байсан юм. Би нэг жижигхэн хөөрхөн бумбагар модон аягатай байлаа. Оройд тэр аягаараа нэг сонгиногүй гурилтай хоол иддэг байв. Айлын эгч хоолондоо сонгино хийхээс өмнө надад нэг аяга сонгиногүй гурилтай хоол тасдаж хийж өгдөг байсан юм. Энэ удаад эгч тэгсэнгүй.

Надад сонгинотой хоол аягалаад өгсөн. Би идэх гээд чадахгүй байлаа. Идэхгүй байж бас болохгүй. Хоол голсон энэ тэр гээд сүйд болох гээд байдаг. Дэмий л идэж байгаа дүр эсгээд, мах гурилыг нь түүж ялгаад идээд сууж байв.

Эгч намайг хэсэг харж сууснаа... ухасхийн босож ирээд, миний идэж байсан аягатай хоолыг шүүрч аваад угаадастай хувин руу цацаж орхив. Тэгээд тэр эгч. «Хоол голоод идэх дургүй байвал боль чи! Хоосон хоно.» Энэ тэр гээд загнаж гарлаа.

Айлын ах дуугүй л суугаад байв. Тэр ах зуухны хажууд хоолоо идэх аядаад дуугүй суугаад байлаа.

Би яах билээ. Айл хэсэж амь зууж яваа арван настай бяцхан хүү шүү дээ. Би тэрүүхэндээ чимээгүйхэн мэгшин уйлав. Доошоо тонгойгоод сэмхэн уйлж суулаа.

Эгчийн уур улам бүүр ихсээд. Босч ирээд. «Үхсэндээ чи уйлаав? Муу ёрын хог. Новш! Гар зайл чи!» гээд. Намайг хоёр гурав нудраад авлаа.

Энэ удаад айлын ах тэссэнгүй. Аягатай хоолоо үүдэнд байдаг түлээний савруу явуулж орхив. Паад! Хийгээд л...

Үүдээр нэг хоол. Аяганы хагархай. Бөөн факт!!! Гайтай тэр нэг шингэн зуурсан гурилнаас болсон явдал. Энэ нэг явдлаас болоод эгч гэртээ буцав. Ах бид хоёр гэртээ үлдлээ.

Тэр хоёр залуу хүмүүс байсан юм. Хүүхэдгүй айл байсан. Тэгээд дараа нь би хичээлээ тараад, айлын ахын ажил дээр очдог болов. Ах яваад ирж бай гэсэн юм. Айлын ах бид хоёр гуанзанд хооллодог болсон. Ах миний идэх дуртай хуушуур авч өгнө. Дажгүй сайхан байлаа. Айлын ахын машинд суугаад л... Бас болоогүй ээ, гуанзанд орж хоёулаа хуушуур иднэ.

Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Долоо хоногийн дараа айлын ах эгч хоёр сайдаад, эгч гэртээ эргээд ирсэн. Тэгээд би ээж дүү нар дээрээ гэртээ буцаж ирсэн юм. Гэртээ сайхан байсаан. Хоосон ч гэлээ гэртээ, сайхан ээжтэйгээ дүү нартайгаа хамт, айх ичих юмгүй дураараа аз жаргалтай сайхан байлаа.

Тэгэхэд миний ээж цэцэрлэгт угаагч хийдэг байсан юм. Ээжийн цалин нь нэг сард 240 төгрөг байсан. Зургаан хүүхэдтэй долоон ам бүлд яагаад ч хүрэлцэхгүй. Нэг хүн нэг хоногт 1 төгрөгөөр амьдарна гэсэн үг. Одооны ханшаар бол 1000 төгрөг. Яаж ч чармайгаад нэг хүн 1000 төгрөгөөр нэг хонохгүй шүү дээ. Тэгээд ээж минь арга ядахдаа биднийг айл айлд суулгадаг байсан юм билээ. Ээж маань бидэнд «Ажил хийж айлд байна гэдэг бол нэг их хэцүү юм биш шүү дээ. Үүнээс ч илүү их хэцүү юм энэ орчлонд олон бий шүү!» гэж аргадаж хэлж сургадаг байсан юм.

Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх албагүй. Хүнд юу ч тохиолдож болно. Гол нь амьдралд тохиосон хатуу хэцүү бүхний өмнө хүн нулимс дуслуулан, толгой гудайлган сууж хэзээ ч болохгүй билээ. Хэн нэгнээс аврал ирээд хэрэггүй. Хэн ч хүнд тохиосон зовлонг өөртөө үүрэхгүй. Энэ бүгдийн өмнө бодолтой ухаалаг, овсгоотой авхаалжтай, тэсвэртэй тэвчээртэй байж чадаж хэмээн. Хатуу чанд сахилга дэг журамтай байж хэмээн. зовлонг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов.

Орчлон ертөнцөд үүнээс ч их хэцүү юм олон байдаг билээ.


ТӨГСГӨЛ

Хүү минь! Охин минь!

Тэгэхээрби энэ бүхнээс юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр ингэж хэлэх гэсэн юм.

Ертөнцийн элдэв олон явдлын буруутгаж битгий харж бай. Ухаарч ойлгож харахыг хичээж бай гэх гэсэн юм. Хэрэгтэй хэрэг үгүй юмаар хүнийг битгий их гомдоож бай. Хүний амьдрал гэдэг чинь богинохон юм шүү дээ гэж хэлэх гэсэн юм. Жаргал гэж байхгүй. Зовлон гэж байдаггүй юм.Тэр энд байхгүй. Тэр бол хоосон юм. Тийм учраас түүнд аль алинд нь бүү итгэ. Түүнийг бүү эсэргүүц. Битгий дэмж.

Тэгвэл тэр өөрөө алга болоод өгнө. Тэр цагийг хүлээ гэх гэсэн юм. Өнгөрсөн юмыг битгий их бодож бай. Өнгөрснөөр бүү амьдар. Тийм хүн амьдралаас үл зууралдана. Тэр юунаас ч үл айна. Тэр төөрөгдөлд үл автана. Түүний үйлдэл нь оршихуй байлаа ч мөн чанар нь хоосон байдаг юм гэх гэсэн юм. Ээжийнхээ зөөлхөн дулаан инээмсэглэлийг санаж яв.

Эцгийнхээ хатуу шулуун бодлыг эргэж хар. Ургах нарны шинэхэн туяаг, солонгын долоон өнгийг ажиглаж харж бай. Унтаж байгаа үрийнхээ зулайг үнс. Үнэрлэж үнс. Зүрхээрээ таал. Халамжит сайн ханийнхаа үгийг сонс. Бүтэн сонс. Анхаарч сонсож бай. Ийм байж чаддаг бай. Ингэж амьдар гэж хэлэх гэсэн юм. Энэ бол тэнгэр адил оршихуй зүй тогтол мөн билээ гэж хэлэх гэсэн юм.


2017.12.03-нд бичиж дуусгав
Улаанбаатар хот

БАДАМХАНД МУЗЕЙ