Дэлгэр-10
Тавдугаар бүлэг
Гэсэн хэдий ч би цэвэрхэн. Тийм учраас би юу хүснэ. Тэр надад ирнэ. Хайр хүс. Тэр надад ирнэ. Сэтгэл хүс, оюун ухаан хүс. Тэр надад ирнэ. Хүч чадал, тэсвэр тэвчээр хүс. Тэр надад ирнэ. Хэрвээ би түүнээс атаархал өс хонзон, хорт муу сэтгэл хүсвэл бас тэр надад ирнэ. Хэрвээ би шунал тачаал, 5 муу хорыг хүсэх аваас тэд надад ирнэ. Тийм учраас аливаа хүн бие болоод сэтгэл бодлын хуурмаг хоосон таашаалд үл автах ёстой бус уу? “Бүх юмс хоосон байдаг билээ”. Бурхан багш ингэж хэлжээ. Тийм учраас аливаа хүн сонор соргог хянуур нямбай, бодож амьдарч чадах ёстой ажээ. Энэ бол зөв оршихуй хэлбэр мөн болой. Би ингэж бодов.
Хэсэг хугацаа өнгөрч би тайвширч тайван болов. Тэгээд би бослоо. Эл энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Би ингэж бодов. «Уучлаарай. Та нарт би саад болоогүй биз?» гэж би тэднээс эелдэгээр асуув. Тэгээд вагоны дээд талын тавцангийн орыг би өөртөө тохируулан заслаа. Би дээшээгээ гарч хэвтэв. Галт тэрэг хурдлан давхина. Галт тэрэгний цонхоор би харна. Тэнгэр дуниартаж цэнхэртэн харагдана. Нарны цацраг жирийн атлаа жирийн бус хэмээх өнгө аясаар үзэсгэлэн гоо, төгс сайхан туяаран харагдана. Өглөөний шүүдэр адил цэвэр тунгалаг нарны цацраг. Тэр цацраг уулсын хөндийд тунаран үлдэж, өнгө өнгөөр солонгорон харагдана. Тэгээд тэр цацраг сүрлэг их тэр уулсын сүнслэг гоо сайханд тунаж туяаран уусна. Тийм ээ. Уулс гэдэг аваас эх дэлхийн төгсгөл. Тиймээ. Уулс тэр аваас орчлон ертөнц, хурмаст тэнгэрийн эхлэл билээ.
Би ингэж бодов.
Тиймээ. Цэцэгс тэд уулсаас эхэлдэг. Тийм учраас цэцгэс тэд гайхалтай сайхан ажээ. Тэр цэцэгс нарыг дагаад тойрон эргэлддэг. Тэд нарны гэрлийг өөртөө дуудан мишээдэг билээ. Тэр цэцэгс гайхалтай сайхан өнгө үнэрийг бүтээдэг түгээдэг. Тэгээд бас тэд нар мишээдэг ажээ. Тийм учраас гоо үзэмж, өнгө үнэр тансаг байдал тэд цэцэгсээс үзэгддэг үнэртдэг ажээ. Цэцэгсийн гоо үзэсгэлэн өнгө гэрэл үнэр. Энэ бол Бурханы бүтээл мөн билээ. Би ингэж бодов. Гэсэн хэдий ч тэд цэцэгс хормын төдийхөн оршдог бус уу? Тэд цэцэгс өглөөний нарны туяанд ууршин замхарч алга болдог өвсний шүүдэр тогтох төдий адил нэгэн билээ. Тийм учраас цэцэгс тэд мөнх бус. Цэцэгсийн гоо үзэмж гэрэл, өнгө үнэр мөнх бус. Тэгээд ер нь юу ч мөнх бус. Баяр жаргал, зовлон тачаал тэд мөнх бус. Хүч чадал, гоо үзэмж, гутрал гунихрал атаархал хорсол бас л мөнх бус. Тэд нар бүгдээрээ замхарч үгүй болдог. Тэд цаг зуурын юмс билээ. Тийм учраас төгс их таашаал сэтгэл ханамж, үнэ үнэлэмж үнэн төгс оршил гэдэг үгүй билээ. Би ингэж бодов. Миний зүрх намайг дэмжив. «Тийм ээ Дэлгэр ээ! Амь амьдрал юмс үзэгдэл ер нь тэгээд юу ч мөнх бус билээ. Тийм учраас амьдрал гэдэг бол цэцэг. Чи цэцэг. Тэр цэцэг. Би цэцэг. Орчлон ертөнц тэр өөрөө бас цэцэг. Бид нар бүгдээрээ адилхан цэцэгс билээ. Эрт орой хэзээг би мэдэхгүй байна. Хагдарч унах цэцэгс билээ. Тийм учраас цэцгэнд яаж ханддаг билээ? Амьдралд тэгж хандах ёстой бус уу?» хэмээн миний зүрх намайг дэмжив.
Тиймээ. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Хэдүйд хагдарч унахыгаан мэдэхгүй цэцэгс билээ. Амьдрал бол цэцэг ажээ. Би ингэж бодов. Тийм учраас. Бид нар бүгдээрээ ав адилхан. Бидний хувь тавилан ив ижилхэн. Миний, чиний, түүний бид бүгдийн гарт байгаа. Яаж явах надаас шалтгаална. Тийм учраас би хаана хэнийд хэзээ төрсөн. Энэ бол чухал биш. Би өөрөө өөрийгөө өөрөөсөө олох. Энэ л чухал. Өөрөөр хэлбэл миний хэн байсан энэ чухал биш. Би хэн байх вэ? гэдэг. Энэ бол тун их чухал гэсэн үг. Тийм учраас би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аливааг өөрчлөх хэрэгтэй. Амьдралаа би өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, би өөрөө өөрийгөө өөрчлөх ёстой ажээ. Яагаад гэвэл өөрчлөлт бол амьдрал. Амьдрал бол өөрчлөлт. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Би ингэж бодов.
Цэцэгсийн өнгө үнэр нэвт шингэсэн, өрнө дорны нарны туяа уулсын оройгоос доошлон буугаад, миний элэг зүрх дотор сэтгэл энэ биеийг тойрон эргэлдэв. Тэгээд тэр цацрагт шингэх ер бусын гэх үл анзаарагдам оюун ухаан, энэрэл хайрын гэрэл гэгээ, өнгө үнэрийн гайхамшиг тэр их хүч тамирыг зүрхэндээ би мэдрэв.
Тиймээ. «Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал билээ» Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн ингэж хэлэв. «Тиймээ. Дэлгэр ээ. Тэгэхдээ чи нэг туйлаас нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгддөггүй билээ.» гэж миний зүрх надад хэлэв.
Тиймээ! Нэг туйлаас, нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгдөдгүй билээ.
Би ингэж бодов.
Галт тэрэг түжигнэн давхисаар. ...