Манай улсын гадаад бодлого идэвхжиж, дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн Гадаад хэргийн сайд нар манай улсыг зорьсон буюу зорих гэж байгаатай холбогдуулан “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Номинтой ярилцсан анхны бүрэн эхийг хүргэж байна. Сонинд тавигдахдаа засагдсан буюу зарим өгүүлбэр нь хасагдсан байгаа – Тус сайтын редакц

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад 9 дүгээр сард албан ёсны айлчлал хийгээд буцсан. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тун удахгүй Mонголд айлчлах гэж байна. Мөн Японы Гадаад хэргийн сайд Тошимицү МотэгиМонгол Улсад албан ёсны айлчлал хийхээ мэдэгдлээ. Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд гурван том айлчлал хийгдэх гэж байгаа нь Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин орж байна гэж ойлгож болох уу?

-“Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин орж байна” гэсэн ойлголт монголчуудад түгээмэл байгаа бол би тийм биш ээ гэж хариулах байна. Дэлхийн анхаарлаас хэзээ хэрхэн гарчихсан юм? Дэлхийн анхаарлаас гарч явчихаад эргээд ороод ирлээ гэсэн үг үү гэж сөргүүлж асуумаар байна. Ингэж ойлгож ярьж болохгүй. Манай гадаад бодлого, харилцаа нэгдмэл байдлаа хангаж, залгамж чанараа хадгалж байгааг илтгэх айлчлалуудыг дээр дурдлаа. Манай улс олон улсын тавцанд өөрийн байр сууриа эзэлсээр, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөөр өнөө хүрсэн. Манай улсын нийгэм-улс төр, эдийн засгийн салбаруудыг бүхэлд нь авч үзвэл гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагаа ямагт прогрессоор явж ирсэн гэдгээ би хаа ч, хэнд ч нотлон ярьдаг бичдэг. Сар хүрэхгүй хугацаанд гэлээ. Миний мэдэхийн, зарим үйл явдалд нь оролцож байснаа эргэж санахад 1996 оны зуны адаг, намарт 5 гүрний Гадаад хэргийн сайд нар дараалан айлчилж байсан. Тухайлбал Европын Холбоо, Дани, Герман, Британи, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар. Түүнтэй адил нэг сарын дотор манай улсын гадаад харилцаа үнэхээр идэвхжиж байна. Олон улсын ба бүс нутгийн үйл явц, харилцаа өрнөхийн хэрээр Монголын гадаад харилцаа огцом тэлж өргөжиж байна хэмээн би үзнэ. Айлчлалууд ингэж жагсаж байгаа нь ч онцлогтой. 2020 онд манай улс УИХ-аа шинээр сонгож, шинээр Засгийн газраа эмхлэн байгуулсан. Шинэ УИХ, шинэ Засгийн газрын гадаад бодлого хэрхэн өрнөхийг хөрш, түншүүд маань сонирхох нь лав. Тэр сонирхлыг угтуулсан манай Засгийн газрын идэвхтэй гадаад бодлого л явж байна шүү дээ. Эхлээд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд манай улсад айлчиллаа. Залгуулаад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчиллаа. Залгаад АНУ-ын ТНБД, Японы Гадаад хэргийн сайд манайх руу зорилоо. Дэс дараалал нь ч цаг үеэ олж тохиолоо. “Гадаад бодлогын үзэл баримтлал”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу манай улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн улсуудтай хамтран ажиллахаа эдгээр айлчлалуудаар нотлон харуулж байна. 

-Хоёр гол баримт бичгийн заалтуудыг тодруулна уу? Уншигчид мэдэж аваг?

-Гадаад бодлогын үзэл баримтлалаараа бид гадаад бодлого ба харилцаагаа нэг ёсондоо хуульчлан тунхагласан. Мөрдөж ажилласан 15 жилийн туршлагадаа тулгуурлан дахин боловсруулалт хийж 2011 онд шинэчлэн батласан. Түүний II бүлэг болох “Улс төрийн гадаад харилцааны бодлого” гэсэнхэсгийн 14 дүгээр заалт болох “Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахи чиглэлийг баримтална” гэсэн нь улс бүр дээр нэр зааж хэрхэн харилцахаа томъёолсон бэлэн жор гэхээр туссан байгаа. Тухайлбал 14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; 14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гээд заачихсан байна. Өнгөрсөн зун Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар баталсан. Түүний “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” гэсэн бүлэгт ийм заалт орсон байна. “4.5.4.Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. 4.5.5.Америкийн Нэгдсэн Улс, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана” гэжээ. 

-Ахмад дипломатч, бас судлаачийн хувьд Та айлчлалуудын ач холбогдол, цар хүрээг хэрхэн дүгнэж байна вэ?Монголын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Ач холбогдлыг би эхэнд нь хэлчихлээ. Тэргүүлэх чиглэлийн 4 улс гүрэнтэй тэргүүлэх ач холбогдол өгч харилцана гэдгээ нөгөө талдаа нотоллоо гээд. Дэлхийн бодлого, дэлхийн эдийн засгийг тодорхойлдог, үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гурван чухал гүрний хоёрынх нь Гадаад хэргийн сайдыг айлчлуулж, манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрөө биечлэн нэгэнд нь айлчилж, мөн дэлхийн эдийн засгийн хүчирхэг нэг гүрэн, бүс нутгийн нөлөө бүхэн гүрэн Японы Гадаад хэргийн сайд шинэ Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан манай улсыг зорино гэдэг айлчлалуудын улс төрийн ач холбогдол нь бусад ач холбогдлоосоо хавьгүй давна гээд ойлгочихож болно. Дэлхийн бодлого тодорхойлдог улс гүрнүүдийн Гадаад хэргийн сайд нар ийнхүү Монголд ач холбогдол өгөөд өөрсдөө морилон ирж байгаа нь манай улсын олон улсын нэр хүнд, жин нөлөө, ач холбогдлыг шууд өргөж өгч байгаа хэрэг шүү дээ.Манай Гадаад харилцааны шинэ сайд өөрөө гадаад харилцааны торгон мэдрэмжтэйгээ ч мэргэжлийн талаасаа айлчлалчуудын үеэр харуулах болов уу гэж найдаж байна. 

-Айлчлалуудын аяны богцоос бид юуг хүлээх ёстой вэ?

-Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах,  хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллах, худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гээд албан мэдээнд нь дурдсан байсан. Мөн хамтын ажиллагааны тухай чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Монгол-Оросын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцов гэсэн мэдээ явж байсан шүү дээ. Улс төрийн ач холбогдлын тухайд өмнөх мөрүүдэд хэлчихлээ. АНУ, Японы сайд нарын айлчлалын тухайд манай улстай тогтоосон харилцаандаа улс төрийн өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолсон айлчлал болно гэчихлээ. AHУ-ын Төрийн Департментын Зүүн Ази, Номхон Далайн хэрэг эрхлэх хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилуэл “Майк Помпео анх удаа Монголд айлчлах гэж байна. Ардчилал, хүний эрхийг хамгаалахад гаргаж буй Монголын хичээл зүтгэлийг АНУ-д өндрөөр үнэлж дэмждэг”, “Монголын ардчилал бол бүс нутгийнхаа үлгэр жишээ юм” гэжээ. Америк-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байгаа тухай ноён Стилуэл ярьжээ. Эндээс үзвэл манай улсыг АНУ дэмжиж байна. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Энэ чинь л гол ач холбогдол нь. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино” гэсэн заалт байгаа. Хөгжил дэвшлийн таатай гадаад орчин бүрдүүлэх гэдэгт эдгээр айлчлалууд үйлчлэх учиртай. Үйлчилжч байна.

-Цар тахлын үед Монголд хийгдэж буй айлчлалуудыг олон улсад юу гэж ярьж, дүгнэж байгаа бол? Та олон улс судлаачийн хувьд юу гэж бодож байна вэ?

-Цар тахал айлчлалуудад садаа болоогүй. Дэлхий нийтээрээ түүнтэй тэмцэж байна. Цар тахалтай чадварлаг тэмцэж, хохиролгүй яваа манай улсыг онцолдог боловч энэ удаагийн айлчлалууд олон улсын харилцааны хурцдал, бүс нутгийн эгэл бус харилцаа, их гүрнүүдийн хоорондын зөрчил маргааны үед тохиож байгаагаараа онцлогтой. Нэг үгээр бол шинэ “Хүйтэн дайн”-ы уур амьсгал дунд айлчлал хэрэгжиж байна. Манай улсын стратегийн чухал байршил, ардчилал, шинэчлэлийн зам тууштай сонгосон, төр засгаа сонгуулиар байгуулдаг ардчиллын үлгэр жишээ, даян дэлхийд энхийг сахиулахад монгол цэргийн оруулж буй хувь нэмэр гээд олон хүчин зүйлээр айлчлалууд нөхцөлдөж байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд, үүнд 13.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал:
ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох; цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох гэсэн заалтуудыг манай улс тууштай дэмжээд хэрэгжүүлж ирснийг үнэлээд манай улсыг зорьж ирж байна гээд хэлчихэд буруутахгүй болов уу.

-Таны хувьд онцолж аль улсын айлчлалыг яримаар байна вэ? Бусад айлчлалуудаас юугаараа ялгаатай вэ?

-Тэр энэ гэж сугалан авч тусад нь ач холбогдол өгөх явдалгүй. Яг дэс дарааллаараа л болсон. БНХАУ, ОХУ, АНУ, Япон гээд. Хэрэв онцлоё гэвэл гуравдагч хөрш хоёр гүрэнтэй харилцаа энэ оноос улам идэвхжих болов уу гэж үзэхээр байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.3-т “Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох” гээд заачихсан байгааг эргээд нэг үзээрэй. Энэ айлчлалууд чинь дээрхи заалтын хэрэгжилтэд шууд хамаатай.Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” хэсэгт бас ийм заалтууд байгаа. Үүнд 4.5.Монгол Улс уламжлалт гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн гадаад таатай орчныг улам бэхжүүлнэ. 4.5.2.Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ. 4.5.3.Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтад эдгээр айлчлал үйлчилж таарна. Тэгж ч ойлгож хүлээн авах хэрэгтэй. 


-o0o-