МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий дахин нэг компани Нийслэлийн боловсролын газраас зарласан програм хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 60 сая төгрөгийн тендер зарласнаас 57 саяыг нь авчихсан нь баримтаар нотлогдож байна. Түүнд хамаарал бүхий “Тайшир өргөө”, “Агро Технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компаниудад холбогдох асуудал хэрхэн шийдэгдсэнийг хууль, хяналтын байгууллагууд мэдээлэх ёстой. Мартуулах тактик уу гэлтэй тойруулж ярьсаар өдий хүрч байна. Одоо дахин нэг компанид нь холбогдох мэдээллийг дэлгээд ямар хугацаанд хэрхэн хариуцлага тооцохыг хамтдаа харцгаая.

Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын төрсөн хүү А.Эрхэмбаярын "Тек авдар" ХХК Нийслэлийн боловсролын газраас зарласан программ хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 2018 оны 5-р сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байна. 



Хуулиар 50 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй програм хангамж хөгжүүлэх, нийлүүлэх ажил нь Зөвлөх үйлчилгээ, түүнийг худалдан авах ажиллагаанд хамаардаг ба зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоход гүйцэтгэгчийн туршлага, чанарт үндэслэж сонгон шалгаруулахаар заасан байдаг. Гэтэл “Тек авдар” ХХК 2017 оны 6 дугаар сарын 8-нд байгуулагдаад, Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ах Амгаланбаярын хүү А.Эрхэмбаярын нэр дээр шилжиж 2018 оны 5 дугаар сарын 25-нд 57 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч ажлын гэрээгээ хийсэн байна. Өнөөдөр аж ахуйн нэгж бүрт ийм хурдтайгаар амжилтад хүрдэг бол сайхан аа.

Үүнд Нийслэлийн боловсролын газар яах гэж энэ тендрийг зарласан, яаж шалгаруулсан, яагаад заавал “Тек авдар” ХХК-д өгсөн нь анхаарал татна. 

Ердөө л Нийсэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны А/311 тоот захирамжаар “Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгож сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн хяналт, оролцоог сайжруулах зорилтын хүрээнд “Сургуулийн удирдлагын систем” төсөл хэрэгжүүлэхээр боллоо” гэж захирамжлаад үүний хавсралтад 60 сая төгрөг төсөвлөөд 57 саяыг нь Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Боловсрол-2020” төслийн зардлаас санхүүжүүлэхийг зөвшөөрчихсөн. Амархан байна уу?

Дээрх захирамжаас хойш 19 хоногийн дараа, 2018 оны тавдугаар сарын 25-нд Нийслэлийн боловсролын газрын даргын А/53 тоот тушаал гарч “төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүнгээр шалгарсан “Тек авдар” ХХК-тай гэрээ байгуулж төслийг хэрэгжүүл, төсөлд шаардагдах 57 сая төгрөгийг гэрээнд заасны дагуу байгууллагын нэмэлт санхүүжилтийн данснаас гаргахыг зөвшөөрсүгэй” гэсэн байгаа юм. 

Захирамж гармагц гэрээ хийгдэж нийслэлийн 20 сургууль дээр программ хангамжийг суурилуулахаар болж, Тек Авдар ХХК-ийн захирал А.Эрхэмбаярын ажил бүтэх нь тэр. “Тек авдар” ХХК-ийн захирал 24 настай А.Эрхэмбаяр нь одоо “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг юм байна.

Улсын бүртгэлд “Тек Авдар” ХХК-ийн байршил нь Соёмбо принтинг ХХК-ийн байранд гэж бүртгэгджээ. Соёмбо принтинг ХХК нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон түүний төрсөн ах дүүсийн нэр дээр буйг та харж байна. Сурах бичиг хэвлэх тендрээс хэзээ ч хоцорч байгаагүй. 

Хэрэв ирэх сонгууль хүртэл ийнхүү МАН-ын удирдах албан тушаалын нэрээр хамаарал бүхий этгээдүүддээ маш хурдан хугацаанд тендерт шалгарч ажил гүйцэтгүүлээд байвал “60 тэрбумын сүлжээ”, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчлийн тухай хэчнээн хууль хэдэнтээ зөрчигдөхийг таашгүй.