Дахин мэндэлсэн Цамбагарав буюу Б.Нандин-Эрдэнийн коллаж
Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурал, Монголыг сурталчлах соёлын үйл ажиллагаа, “Монгол хэл соёлын зуслан”-д оролцохоор Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн багийн нэг гишүүн нь зураач, уран бүтээлч Будзагдын Нандин-Эрдэнэ байв. Нандин-Эрдэнэ нь уран зураг, коллажаар дагнан туурвидаг, уран бүтээл нь нийгмийн эмзэг сэдвийг хөнддөгөөрөө онцлогтой, Монголын орчин цагийн урлагийн нэгэн тод төлөөлөл билээ.
Монголчуудын номын соёл
“Өөрсдөө даалимба, хөдөс нөмөрдөг
Үр хүүхдээ нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтагладаг
Монгол түмний минь заншил гайхамшиг” хэмээн ардын уран зохиолч Тангадын Галсан шүлэглэжээ. Эрдэм ухаан, сургаал номлолыг заах “ном” хэмээх хийсвэр үг нь уг сургаал ухааныг илэрхийлэх бодот зүйл “ном”-ыг илэрхийлэх болсон тэр цагаас хойш монголчууд уг хоёр зүйлийг нэг юмны хоёр тал хэмээн ойлгож, хүндэтгэн дээдлэх болсон түүхтэй.
Номоо өлгийдөн боох баринтгийн соёл гэж мөн буй. Баринтгийг ямар материалаар хэрхэн хийх, ямар өнгийн торго сонгох, номоо хэрхэн баринтаглах болон баринтгаас гаргах нь хүртэл утга учир, дүрэм жаягтай юм. Хэрэглээний талаас нь үзвэл баринтаг нь салангид хуудас бүхий сударчилсан номыг хураан нэгтгэх, мөн чийг шорооноос хамгаалах үүрэгтэй, тийм ч учраас баринтаг урлахыг монголчууд дээдийн буянд тооцсоор иржээ.
Орчин цагийн баринтаг
Өнөө үед хатуу хавтастай номын гадуур зөөлөн хавтсаар өлгийдөн боодог нэгэн соёл буй, 19-р зуунаас эхтэй, англи хэлээр dust jacket (тоосны хүрэм) хэмээн нэрийддэг уг хавтасны үүрэг хэрэгцээ 20-р зуунаас эхлэн нэлээд хумигдсан түүхтэй. Учир нь анх хатуу хавтас дээр номын мэдээлэл, бичвэр эхийг хэвлэхэд хэцүү байсны тул тийм “хүрэм” давхар үйлддэг байсан, сүүлийн үед гэтэл ямар ч хатуу хавтас дээр, ямар ч өнгөөр, ямар ч мэдээллийг бүрэн оруулах боломжтой болсонд оршино.
АНУ-ын Конгрессын Номын Сан дэлхийн бүх чухал номыг авна хэмээх уриатай. Нэг номыг худалдан авах, хүргүүлж ирэх, каталог үйлдэх гэх мэт зардлыг хэмнэхийн тул хэрвээ гадуурх зөөлөн хавтас дээрх мэдээлэл доторх хатуу хавтас дээрээ давтагдаж байвал зөөлөн хавтсыг шууд хаядаг дүрэмтэй юм. Үнэхээр нарийн нандин мэдээлэл агуулсан хавтас бол тусгай тасаг руу илгээж хайчлуулж наалгах гээд бас л 40 сая номтой газар бол их хөрөнгө, ажил зардаг болохоор тэр билээ.
Байгууллагын дотоод дүрмийн дагуу Монголоос ирсэн олон номын өлгий хавтсыг хаях хэрэгтэй болов. Гэтэл үнэхээр зэдхил ч хүрсэнгүй, гар ч явж өгсөнгүй. Монгол, дөрвөлжин, төвөд, кирилл, манж үсэг бичиг, Соёмбо, төрийн далбаа, найман тахил гэх мэт оройн дээд бэлгэ тэмдэг, зураач урчуудын гараа гарган хийсэн хавтасны чимэглэл дезайн, уран зураг... Энэ бүгдийг хогийн сав руу чулуудчиж боломгүй, нөгөө талаас номыг боосон хавтас нь эгээ л хуучны номын баринтаг мэт санагдаад, номын салшгүй нэг хэсэг болох тэр “баринтгийг” хаях нь нүгэл мэт бодогдоод болдоггүй дээ. Ингээд ширээн доороо хадгалаад л байлаа, цугларсаар байж, багтахааргүй болоод ирлээ. Одоо яах билээ?
Нандин-Эрдэнийн коллаж
Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурал, Монголыг сурталчлах соёлын үйл ажиллагаа, “Монгол хэл соёлын зуслан”-д оролцохоор Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн багийн нэг гишүүн нь зураач, уран бүтээлч Будзагдын Нандин-Эрдэнэ байв. Нандин-Эрдэнэ нь уран зураг, коллажаар дагнан туурвидаг, уран бүтээл нь нийгмийн эмзэг сэдвийг хөнддөгөөрөө онцлогтой, Монголын орчин цагийн урлагийн нэгэн тод төлөөлөл билээ.
Нандин-Эрдэнэд өнөө цугласан их хавтсаа үзүүлээд номын сангийн дүрмийн дагуу бол устгах ёстойгоо хэлж, хаяя гэх нь ээ ч хаяж чадахгүйгээ бас учирлан, яавал дээр болохыг, хэрхэн “төрөл арилжуулахыг” зөвлөн асуулаа.
Хайчилбар, наамал хийдэг, коллаж үйлддэг уран бүтээлчийн хувьд Нандин-Эрдэнэ эхлээд хавтас бүрийг нарийвчлан харж, өнгө будгийг нь тодорхойлон шүүв. Тэгээд “Ерөөс гаргаж болох бүхий л өнгө бүрдсэн байна, нэгэнт өнгө бүрэн учраас юу ч бүтээж болно, та өөрөө дуртай зүйлээ хийлгэ” гэдэг юм байна.
Төрөл арилжих
Бурханы шашинд хойд, урд нас, төрөл арилжих хэмээх ойлголт бий. Үхэл гэж үнэхээр туйлын төгсгөл мөн үү? Энэ ертөнцөд бид хаанаас ирсэн бэ, хааш одох вэ? Үүнчлэн, ном, уран бүтээлийг амьтай, шүншигтэй гэж үзвэл өдгөө манай тэр тэр хавтаснууд энэ насандаа монгол номын өлгий байгаад эргэн төрөх заяатай болжээ. Болохгүй ч юм үгүй дээ, хутагт хувилгаад ч эргэн төрдөг, хорхой шавж ч төрөл дээшлээд эргээд ирж болдог, эцэг өвгөд маань ч эргээд гэртээ хүүхэд болон мэндэлдэг байхад монгол мэргэдийн ур ухаан шингэсэн баринтаг-хавтас өөр дүрээр ахин амилах нь харин ч буянтай, бэлгэтэй үйл мэт. Гагцхүү “хойд нас”, “дахин мэндлэх” төрлийг нь миний бие шийдэх болов.
Эцгийн уул – Цамбагарав
Нэлээд бодов. Би өөрөө Америк гэж улсад ирээд дэлхийн хамгийн том номын санд ажиллаж байгаагаа, ингэхдээ хаанаас ирснээ бас тунгаав. Тэгээд аавынхаа тухай бодлоо. Мэдээ орохоос минь өмнө, хоёр ой ч хүрээгүй байхад минь аав минь насан өөд болсон билээ. Аав Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Хаг хэмээх газар, Цаст Цамбагарав уулын бэлд мэндэлсэн гэдэг. Хар багаас харж өссөн, энгэр бэлээр нь хонь хургаа хариулсаар эрийн цээнд хүрсэн, харь улсад сурч байхдаа ч, улсынхаа нийслэлд аж төрөхдөө ч үргэлж шүтэн биширч, санагалзан элгэмсэж явсан нутаг нь, уул нь Цамбагарав. Элэнц хуланц, эцэг дээдэс маань бүгд л тэндээс гаралтай.
Тэгээд зураачдаа Цамбагарав уулыг бүтээлгэх захиалга өглөө. Хөлд дөнгөж орж байсан хүүгээ үүрд орхин одох мөчдөө хол явж, ихийг бүтээгээсэй гэж хүсэж байсан нь лав. Хол явсаан, хүү нь, холд очсоор хийж бүтээж л явна, хийлцэж бүтээлцэж буй эрдэм номын их өргөөндөө Цамбагарав уулаа залъя аа.
Уран бүтээл, жааз
Б. Нандин-Эрдэнэ ийнхүү ажилдаа оров. Уран бүтээлийн гол зэмсэг нь хайч, загасан цавуу ажээ. Гэвчиг юуны өмнө хар зургаа гаргаж авдаг юм байна. Ингээд хавтас хайчилж гаргаж авсан өнгөөрөө нөхнө. Зөвхөн өнгийг биш, бас бэлгэдлийг бодсон шийдлүүд хийж өглөө. Тухайлбал, цэнхэр дээр цагаан бичигтэй хавтсыг гол төлөв цэнхэр тэнгэр дэх үүл болгон авсан, ингэхдээ нэгэн номын хавтаснаа “Хол явсан” хэмээх бичээс байсныг тэр чигээр нь авч, өнөө миний захиалсан санаатай нийцүүлэн, “үүл” болгож өгөв. Нэг номын хавтаснаа алтан шаргал ялтсаар Монгол улсыг газрын зургийн хэлбэрээр нь хийн чимсэн байсныг үүлэн цаанаас бултайн шаргалтаж буй нар болгов. Олон өдөр ийн суусны эцэст Цамбагарав уулын мөнх цас бүрэлдээд ирлээ.
Чухам Цамбагаравын бэлд өссөн хүнд бол үнэхээр өөр ажээ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, Вашингтон Ди Си хотноо оршин суугч Даваагийн Бат-Очир шинэ бүтээлийг хараад эх нутгаа санах, шүтээн уулаа бишрэхийн сэтгэл нийлээд үг ч хэлж чадалгүй хэсэг алмайрч билээ. Тэгээд Цамбагарав уулынхаа зургийг Конгрессын Номын Санд залах үйл хэрэгт заавал гар бие оролцоно хэмээн алтан шаргал жааз авч өглөө.
Дахин мэндэлсэн Цамбагарав Конгрессын Номын Санд.
Ингээд Будзагдын Нандин-Эрдэнийн бүтээл, Цамбагарав уул коллажийг КНС-ийн монгол ном хүлээн авдаг тасагт, монгол номын тавиурын дээр заллаа. “Урд насандаа” монгол номын хавтас болж Америкад ирээд, номын сангийн дүрэм ёсны дагуу “төрөл арилжиж”, хойд насандаа Цаст ихэмсэг Цамбагарав уул болон дахин мэндэлсэн түүх энэ бөлгөө. Бүтээлдээ Нандин-Эрдэнэ бид хоёр “Reincarnation – 1” хэмээх нэр өгсөн нь Бурханы шашны дүр хувилах, төрлөө ахин олохыг нэрийдсэн үг, харин 1 хэмээн тодотгож өгсөн нь цаашид ирэх монгол номын хавтаснууд өөр дүрийг олох, төсөл санаа маань үргэлжлэхийн учир ч байж болохын тул болой.
Sarnai
Tamir
Б.Ганхуяг
Жамъянгарав
Ц.Пүүжээ
Хулуд Ж.Отгонбаяр
ДарьСүхбаатар, өнөө муу ах ину
чимгээ
Зочин