Cингапурын хатуу чанга нударга
Гарц. Ядах юм алга байна шүү дээ. Хатуу чанга гар–хөдөлмөр–өндөр цалин хөлс–шударга эрүүл амьдрал, тэгээд л бол оо юм биш үү?
Сингапурыг хэн ч удирдаж байсан хатуу чанга нударгатай байх ёстой!
Ли Куан Югийн амны уншлага болсон, хэлэх дуртай нэг үгийг энд малгай болгоод авчихлаа. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг өнцгөөс бол дарангуйлагч гэж цолломоор үг санж. Дарангуйллын дор мөнгө босгоод түүнээ ард түмэндээ тараагаад Сингапурыг баян тансаг улс болгочихсон хэмээн гэнэнээр төсөөлж болохгүй л дээ.
Түүний яриа, илтгэл, лекцэнд бас нэг ийм үг байнга явдаг байсн. Юу гэвэл энэ алхам урьдынхаасаа ч илүү хэцүү байна гэдгийг сануулчихъя гэсэн сануулгын үгс. “Биднийг ажлаа эхлэхэд өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэншүү зөвтгөлийн үгс түүний лекц ярианд бас хангалттай бий.
Ажиллуулдаг, ажилласан нь мөнгө болж данс, карт руу ордог, тэгэхдээ бүр асар ихээрээ шүү, тэр л тогтолцоог Ли Куан Ю буй болгочихсон юм. Тэрээр хэлж байна:
- Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй. Сингапурыг хэн ч удирдаж байсан хатуу чанга нударгатай байх ёстой. Чадахгүй бол боль! Энэ бол тоглоом биш! Энэ бол миний ч, бас Таны ч амьдрал. Бид бүхний амьдрал. Би энэ улсыг хөл дээр нь босгохын төлөө хамаг амьдралаа зориулсан. Намайг амьд байгаа цагт хэн ч миний эх орныг унагааж чадахгүй.
Англи хэлийг төрийн хэл болгох гэж тэрээр чанга нударгаар үзэлцээд эцэст нь сингапурын иргэн бүр чөлөөт сонголт хийж, үр дүнд нь англи хэлийг тэд албан ажлын хэл болгосон. Үүгээр барахгүй үндэснийхээ мөн чанарыг алдаж гээхгүйн тулд төрөлх хэлээ ч бас авч үлдэхээр нийтээрээ тохиролцсон. Үүнийгээ хамтаараа байгуулсан хамгийн том ялалт гэж үзээд “Яагаад ингэх боломжтой болсон гэвэл Та бид эрүүл саруул ухаантай хүмүүс учраас ингэх боломжтой болсон юм” хэмээн тэрээр зөвтгөжээ.
“Нийгмийн гэрээ” гэх ойлголтыг Азиас Сингапурт анх удаа туршсан, тэр нь ч амжилттай болсон. Ерөөсөө хүний амьдрал юун дээр тулгуурладаг вэ гэдэг асуулт гаргаж тавиад түүндээ хариулт өгөхдөө нэг цул нийгмийг бүрдүүлэгч гишүүн бүрийн хооронд байгуулсан нийгмийн гэрээ, нэг нэгэндээ буулт хийсэн нэгдмэл байр суурин дээр тулгуурладаг хэмээн хариулсан. Энд 1) Нэг цул нийгэм; 2) Нийгмийн гэрээ; 3) Харилцан буулт хийхүй гэсэн нийгэм судлалын гурван чухал асуудлыг хөндөж тавьсан байна.
Энэ гурвыг нэг дор бүрдүүлээд нөхвөрлүүлчихвэл нийтийн эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралд хүрч чадна гэдгийг Сингапурын жишээ бэлхнээ хэлж өгч байна.
Түүх сөхвөл аль болох олон хүний ашиг сонирхлыг хамгаалах үүднээс олон янзын арга барилаар олон улс оронд ажиллаж, туршиж үзсэн байдаг. Ингэснээр нийгэм бүр зөвхөн өөртөө тохирсон хөгжлийн үндсэн загвартай болсон хэрэг. Тэр загваруудын шилмэл нь тухайн үедээ нээлттэй зах зээлийн тогтолцоотой Америк, нөгөө талд нь үүний яг эсрэг зарчимтай хаалттай, хатуу чанд хяналттай, төлөвлөгөөт эдийн засагтай Зөвлөлт Холбоот Улс гэгддэг коммунист Орос орон байж байв.
Тэгвэл Сингапур нь яг энэ хоёрын дундуур нийгэм юм гэх ойлголтыг Ли Куан Ю 1980-аад оны үед гаргаж тавьж байсан нь сонин. “Хатуу чанд хяналттай” гэдгийг нь коммунист Оросынхтой дүйцүүлж арай болохгүй, гэхдээ дөхнө. Учир нь “Энэрэнгүй нийгэм”, “үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ”, “цахилгаан эрчим хүч, нийтийн тээврийн үнийг хямдруулна” гэхчлэн амны зоргоор хамаа намаагүй үг шидэлцэж байсан сөрөг хүчнээ үгүйсгэснийг нь бодохул хатуу чанга нударгыг өмнөөс нь сөргүүлэх гэсэн мэт.
Түүний бүтээсэн босгосон бүхнийг тэр “энэрэнгүй нийгэм”, “үнэгүй үйлчилгээ” нь нураачихна гэхээс тэрээр ихэд болгоомжилж хэлсэн үгс байна:
- Энэ бүх зардлыг хэн нуруун дээрээ үүрэх юм? Баялгийг хэн бүтээдэг билээ? Эргэн тойронд байгаа энэ барилгуудыг хар. Хөрөнгийн зах зээлийг хар. Үсрэнгүй хөгжиж байгаа биз дээ? Тэгвэл энэ бүхнийг хэрхэн үгүй хийх аргыг хэлээд өгье. Өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүмүүс хүчтэй үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтвортой байдлыг ганхуулахад л хангалттай. Нураад унана гэжээ.
Сингапурын хөгжлийн загварт Хятадын социалист бүтээн байгуулалтын бүтэлгүйтэл ихээхэн сургамж болсон мэт яриа Ли Куан Ю бас ярьдаг байв. Тэрээр хэлж байна:
- Хятадууд коммунист загварыг өөрсдийн онцлогтоо тааруулж хэрэглэхийг оролдсон боловч бүтээгүй. Бүтэлгүйтсэнээ ч хүлээн зөвшөөрсөн. Харин одоо тэд гүн нойронд автсан өрсөлдөх сэтгэлгээг сэрээхээр оролдож байна. Эдийн засагтаа өрсөлдөөн бий болгохыг эрмэлзэж байна. Хонконгоосоо суралцаж байна шүү дээ. Тийм ч учраас тэд Хонконгтой хил залгаа нутагт Сам Чун (Шэньжэнь) гэдэг хот байгуулчихлаа. Ингэж Хонконгийн чадварлаг бизнесчдийг татаж, ажлын байр буй болгохыг эрмэлзэж байна. Дэн Сяопин бол аугаа хүн. Тэр аугаа их хувьсгал хийж чадсан. Гэвч хувьсгалын үр дүн хүссэн хэмжээнд нь хүрч чадахгүйг ухаармагц, олон оймс элээж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Үгүй! Бид өөр замаар замнана!” гэж зоригтой хэлж, хөгжлийнхөө зүг чигийг өөрчилж чадсан. “Бусдаас суралцъя, юм бүхнийг өөрсдөө хийх гэж зүтгэхээ больё” гэж хэлээд гаднаас Boeing 707 онгоц импортолж эхэлсэн. Тэд өөрсдөө нисэх онгоц үйлдвэрлэх гэж зүдрэхийн оронд гаднаас онгоц худалдан авч эхэлсэн. Эцсийн эцэст тэдэнд өөрсдөө хийх цаг ирнэ. Гэхдээ ингэхийн тулд хоёр, магадгүй гурван үе шаардагдана.
Мөн онож, алсыг харж үзмэрдсэн байгаа биз? Хятадын өнөөгийн хөгжлийг тэртээ 30 гаруй жилийн өмнө нь зөв харж дүгнэж байжээ. Түүний ярьснаас үзвэл тэр үеийн Хятадын шинэчлэл нь Сингапурын өмнө нь тулаад ирсэн хөгжлийн загварын тусгал ч байсан юм шиг. Энд Хонконгийг нэрлэсэн нь тэгэхээс тэгэх гэж, Хятад руу нь ойртуулах гэж хэлснээс бус тэр үедээ Сингапур, Хонконг хоёр нь “Азийн бар” гэх шилмэл загварын хоёр улс л байсан шүү дээ.
- Бид яг ингэж амжилтад хүрсэн шүү дээ. Бид нээлттэйгээр сэтгэж, эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэсний хүчинд л амжилтад хүрсэн. Мэргэжлийн дүн шинжилгээ хийж, бүх хүчин зүйлийг маш нарийн тооцсоны дараа тууштай шийдвэр гаргаж, хатуу хяналттайгаар хэрэгжүүл гэсэн зарчим баримталж ирсэн. Хэрэв болж бүтэж байвал хөгжүүл, боловсронгуй болго. Хэрэв болохгүй байвал шууд зогсоо. Би ингэж хэлэх дуртай. Бардамнаж байгаа юм биш, сэтгэлээ уудалж байгаа юм шүү. Бидний гаргасан 10 шийдвэрийн 8 нь зөв байж таарсан” гэж тэрээр хожим ярьсан нь Дэн Сяопин шиг би ажилласаан гэсэн үг болж түүхэнд үлджээ.
Хөгжихөд алдаа гарна, харин багахан шиг л гаргаж үзээсэй гэсэн нь Ли Куан Югийн үлдээсэн сургамжийн нэг амин сүнс нь. Дээр хэллээ, гаргасан 10 шийдвэрийн 8 нь зөв, хоёр нь буруу байжээ гэж. Тэгэхлээр хөгжиж буй орнууд, тэр дундаа өнөөгийн Монголын улс төрчид энд “8:2” гээд томъёолчихсныг бүр хашилтад авчих хэрэгтэй.
Алдаж онож байсан гашуун түүхээ Ли Куан Ю дурсаж байна. Хуучин тоног төхөөрөмж гаднаас аваад мэхлүүлснээ мэдээгүй, тэр үедээ залуу ч, гэнэн ч байж билээ гэж ярьсан нь бий. Тэдэнд хуучин төхөөрөмж зарсныг мэдээгүй өнгөрч, мөнгөө алдсан. Харин тэр алдаанаасаа их юм сурсан. “Тэгэхгүй яадаг юм! Сингапур чинь ингэж л хөл дээрээ боссон юм шүү дээ” гэж хожим тэрээр өчжээ.
“Энэрэнгүй нийгэм”, “үнэгүй үйлчилгээ” нь нураачихна гэхээс тэрээр ихэд болгоомжилж байжээ гэснээ өнөөгийн Монгол руугаа татаж авчран зарим санаа оноо хэлье. “Өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэн түүний афоризмыг манай улс төрчдөд цээжлүүлмээрсэн. Манай Төр-засаг ажиллуулж биш, халамжилж өлсгөлөн ходоод, өлөн нүдийг нь өөд нь татах гэж их зовлоо. Зовж ч байна.
“Нийгмийн халамж”-ийг хэтрүүлсэн Төрийн энэ их “өгөөмөр”, “нинжин сэтгэл” маань Монгол эх орныг минь дотроос нь идэж өтүүлж, идээ бээр буглуулж байна гэсэн шүүмжлэл иргэд тавьдаг. УИХ-аараа ч эгдүүцэн ярьдаг болсон нь маш том дэвшил. “800 мянга гаруй иргэн төрийн хишиг хүртдэг. Бараг 5 хүн тутмын нэг нь халамж авч байна гэсэн үг”. “Хүн амын 60 хувь нь хамрагддаг халамжийн бодлого хавтгайрлаа”. “265 мянган иргэнд хүнсний эрхийн бичиг очдог. Тэдний 90 мянга нь ажил хөдөлмөр эрхлэх насны эрүүл хүмүүс”, “Монгол Улсын 2 313210 иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэсэн 9 дүгээр сарын статистик байна. Иргэдэд олгосон энэхүү халамжид 1.12 их наяд төгрөгийг Нийгмийн халамжийн сангаас зарцуулжээ”,“2.6 сая иргэн 2.4 их наяад төгрөгийн халамж авч байна. Бид ядуурлаас гаргаж чадахгүй амьтай голтой байлгаад байна”, “Xөдөө зарим сумын иргэдийн 60 хувь нь группт байна!”, “Xүнсний талон төрөөс авдаг мянгат малчин байна” гэхчлэн УИХ-ын чуулган дээр шүүмжлэн ярихыг бид сонсдог болж байна. Ерөнхий сайд ч халамжийн биш хөдөлмөрлөдөг улс болгоно шүү гэлээ.
Нэгэнтээ ийм дээрээ тулсан, түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бол одоо хатуу чанга гараар үзэж таарвал ямар вэ? Энэ их халамж чинь манай улсыг хөмрүүлэх, самрах, нураах эхлэл юм биш үү? Нийгмийг нийгмийн халамжинд нь живүүлсээр явж явж тусгаар тогтнолын асуудал яригдана шүү!
Гарц. Ядах юм алга байна шүү дээ. Хатуу чанга гар–хөдөлмөр–өндөр цалин хөлс–шударга эрүүл амьдрал, тэгээд л бол оо юм биш үү?
- Үргэлжлэл бий
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!