Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Долоо хоног тутмын энэ өдөр л хуралддаг “ээлжит”-ийг юунд ийнхүү онцлов гэхээр яг одоо Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж дуусаад УИХ-д өргөн барина. Энэ өөрчлөлт ахиад гал дуудна. Учир нь энэ өөрчлөлтөөр авлигын гэмт хэрэгтнүүдэд оноох ялын бодлогыг чангатгаж байгаа. 

Тэгэхээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа, сэжигтнээр татагдсан, татагдах нь тодорхой болсон бүх нөхдүүд гадаах жагсаал руу мөнгө цутгана. Хүссэн хүсээгүй бүх бүлэглэлүүд ийшээ орж ирнэ гэсэн үг. Үгтэн гүйлдэж байгаа тэдний “үхэх”-дээ тавьж буй үхэр буу болох эсэх нь харин манай залуусын ухаан, сэрэл мэдрэмжийн хэрэг болох биз.

Гадаа жагсаал цуглаантай хүндхэн өдрүүд үргэлжлэн буй ч, голынхоо дуугаар Засгийн газрыг огцруулахаар зарим хэсэг нь чарлалдан байгаа ч танхимын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ харин эхлүүлсэнээ орхин эргэж буцахгүй нь бололтой. Огцрох мэтийн асуудал хэдэд нь ч эрэмбэлэгдэж байгаа юм бүү мэд. 

Манайхны зарим гадаа жагсааж байгаа хэсгээ л шинэ үеийн төлөөлөл гэж харж байх шиг. Минийхээр дотор ороод үзэж байгаа хэд нь ч хуучин үеийн төлөөлөл биш санагдана. Аль аль нь өөр юм аа. Өөр учраас Засгийн газрын хэд жагсаал цуглааныг үзэн ядаж пүү пай болохгүй байна. Хуучин хэд байсан бол олбог дэвсгэрийг нь чирч гүйгээд л, ордон дотор ч харвачих шахаад л бөөн юм болж байгаа. Гэтэл мань хэд харин ч жагсагчидтай гарч ирээд уулзаж байна. Хүний өөрийн гэлтгүй хулгайчидтай хийж байгаа тэмцлээ шат дараалан хэлж ярьж байна. Хамтраад ч байгаа юм шиг. 

Ямартай ч тэд улаантан цагаантан биш. Улаантан цагаантнууд болдог үе ч өнгөрч, болгодог технологи нь ч явахаа байж. Юм сайжрах тал руугаа л явж байна. Том агуулгынх нь хувьд одоо залуусаа хагалж бутаргаж , турхирч тууж тоглодог үе өнгөрчээ. Тэгүүлэхгүй шазруун үе төлөвшиж байна. Хар л даа. Гадаа шаардаж байгаа нь ч, гарч ирээд хэлэлцэж байгаа нь ч аль аль нь гартаа гал атгахаас айхгүй байна. Тэд бүгд эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө, улс орноо улс шиг улс болгохын төлөө, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө тэмцэж байна. 

***

Юм ил гарч ирээгүй бол яах байсан бэ. Ил гаргаж ирсэн учраас ийм том эсэргүүцлийн жагсаал цуглаан, хэлэлцүүлгүүд өрнөж байгаа юм. Эргэн саная. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг Эрхлэхийн дарга байхдаа “Эрдэнэтийн 49 хувь” гэдэг проектийг хийсэн. Энэ ажил маш том “дайн”-ыг эхлүүлсэн. Та бид цөм мэднэ. Бүгд харж байсан. Угаасаа олон талтай, хэцүү асуудал. Нийтлэлч би ч энэ ажиллагаатай зарим талаар зөрчилддөг. Гэвч Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулалтын орчныг боомилогч, дүрэмгүй тоглогч хэмээн мань мэтээр “нүдүүлж”, гадна дотноосоо буландшахуулж байсан ч, гүлдийж байгаад л хийсэн. Одоо зарим нь мартчихсан л даа. Цар тахалд нэрвэгдэн сөхөрч байхдаа “Эрдэнэтийг ингэж 100 хувь төрийн мэдэлд аваагүй бол бид яах байсан бол" гэсэн нулимстай үгс л дэлгэцээр дүүрээд хальж байсан цаг дөнгөж өчигдөрхөн л дөө. Энэ ажлын тухайтад түүнд алдсан юм байгаа байх. Алдаа оноогоо хожим тэр үүрэх ч биз. Хамт хэн ч үүрэлцэхгүй гэдэг нь ч тодорхой. 

Дараа нь, Ерөнхий сайд болоод тэр “Оюутолгой” -н асуудлыг барьж авсан. Хаачихсан байсан хаалгыг гөжиж онгойлгоод орж ноцолдсон. Энэ мөн л аюултай ажил байсан. Тэр цэгцэлсэн. Элдвээрээ хэлүүлээд цаашаа хараад алхсан. Нэг жилийн дараа ахиад “Хөгжлийн банкны хэрэг” гэх хөшигний ард явагдсан луйврыг зад татсан. Есөн шидийн сайн муу дүрүүд “фон”-н дээр нь гарч ирсэн. Энэ бол гол тоглогчийн тухай сэдвийн дэргэд дэндүү жижигхэн асуудал. Улс төр - бизнес дамнасан бүлэглэлүүд улам л шүд зуун, хорсолтойгоор түүн рүү харцгааж буй нь ойлгомжтой. Юутай ч эцсийн шатанд хүрч, Хөгжлийн банкны хэрэг ирэх долоо хоногт шүүх рүү шилжиж байна. Тэгэхээр энэ хүртэл түүний татсан дайснууд хамаг хүчээрээ эрчимжинэ гэсэн үг.

Одоо тэр “Эрдэнэс Таван Толгой”-той ид ноцолдож байна. Нүүрсний гэх энэхүү дуулиант хэрэг харин талбайг тэмцэгчдээр дүүргэж орхилоо. Хожим энэ тулааны үнэн түүх ил болон гарч ирнэ. Хожимсоод байх юу байх вэ, хоёр гурван жилийн дараа бичигдээд гараад ирэх биз. Олон талбарт, зэрэг зэрэг ийнхүү том тэмцэл хийсэн учраас Оюун-Эрдэнэ үй олон дайсантай болсон. Ойлгож ядах ч юм байхгүй л дээ. Түрүүчээсээ ил тод занацгааж эхэлж байгааг монголын ард түмэн харцгааж л байна. 

Нүүрсний хэмээх хэрэгт энэ удаа зарлагдсан 17 нэр бол зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нэрс болов уу. Тэгэхээр өшөө ч цаашаа шалгагдах хүмүүс бий. Өшөө цаашаа гэдэг нь нөгөө талдаа өшөө цаашаа хэрүүл хараал, жагсаал тэмцэл үргэлжилнэ гэсэн үг. 

Дараагийн зүйл: 

Жагсаал болж байна. Нээлттэй асуудлаа гаргаж тавиад ярьж байна гэдэг өөрөө үзэгдлийн хувьд зөв зүйл. Манайх шиг ардчилсан оронд болж л байдаг зүйл. Харин нэг таагүй гэмээр юм жагсаалыг залуучууд биш ахмадууд очиж хуучин зуршлаараа шүлсээр будаж байгаа дүр зураг юм. Харааж хашгичих, утга учиргүй үзэн ядалтаар турхирах, хууль бус дур зоргын зүйл шаардаж чарлалдах мэтийн муухай харагдуулах хар ажлыг ичих юмгүй тэд хийж байна. “Одоо бушуухан барьж хориоч, бүгдийг нь шорон руу ач” хэмээн уриалж буй хэсгийнхнийг сайн анхаараад хараарай. 50-аас дээш насныхан голдуу л ийм мугуйд, тэнэг шаардлага тавьж байгаа. Чухамдаа шаардлага ч биш. Зүгээр л хутган үймүүлсэн ажиллагаа гэмээр. Жигшдэг, үзэн яддаг, ерөөсөө дургүй хүн болгоноо ялтан болгож хардаг болчихсон. Энэ эмгэгээсээ хэрхэн яаж салах юм бүү мэд. Эсвэл яс цусанд маань байдаг эмгэг ч байж мэдэх юм. 

Асуудал хуулийн процедураар орж байж үнэн худал, буруу зөв нь батлагдана. Энэ бол бүх дэлхийн мөрддөг зарчим. Үүний дагуу л аливаа юм явах ёстой гэдгийг хэвийн ухамсрын түвшинд бүгд л мэддэг баймаар. Гэвч манайхан “Одоо зарла, одоо гаргаж ирээд дүүжил цаазал” гэж л орилолдох... Төлөвшилгүй, харилцах ярилцах ч соёлгүй нийгэм бол хамгийн бүдүүлэг нийгэм. Сүүлдээ үүндээ идэгдээд ёс суртахууны хувьд элгээрээ хэвтэж орхилоо. 

Энэ шалгагдаад эхэлсэн, тэрэндээ батран амь тэмцэж байгаа бүлэглэлүүд одоо сошил руу ч, хэвлэл мэдээлэл рүү ч мөнгөөр цас будруулна. Сошил улам будангуйрна. Хамаг бохироороо шидэлцэнэ. Нармайгаа нээлцэнэ. Чингэх тусам бид түвшин бодож, буурь суурьтай тунгааж хөдлөх ёстой. Энэ бидний л эх орон. Өөр хэнийх ч биш. Энэ гэр орон маань сүйрвэл бид л хохирохоос өөр хэн ч хохирохгүй. Үүнийгээ алхам тутамдаа санаж сэрж явах ёстой. Нөхцөл байдал ийм буруу эргүүлгээр цэнэглэгдэх магадлал маш өндөр байгаа учраас “Жоомоо алах гэж яваад байшингаа шатаав аа” гэж учир мэдэх хүмүүс бүгд сануулцгааж байгаа биз. 

Эхний ээлжинд бид мэдээлэлд шүүлтүүртэй хандаж сурмаар байна. Өөрийгөө хүндэтгэдэг бол хариуцлагатай эх сурвалжаас мэдээллээ ав. Энэ хамгийн ойлгомжтой зүйл шүү дээ. Манайхан дандаа сурагаар, цуугаар, дамаар, хардлагаар амьсгалдаг. Тэрэндээ өөрсдөө итгэх дуртай. Одоо үр хүүхдийнхээ ирээдүйг бодож аливаад сэрүүн тунгалаг ухаанаа хэрэглэж сурмаар байна. Бид хамгийн муу, хамгийн увайгүй зан чанараараа юм болгоныг түрээд хэвшчихжээ. Энэ бүхэн биднийг ямар тэнэг, хичнээн мулгуу харагдуулж байгааг бид өөрсдөө ч олж харахаа байх нь. Бид саруул ухаанаа ашиглаж байж үр дүнд хүрнэ. Тэгж чадвал одоогийн энэ учраа олохгүй бужигнаж байгаа тэмцэл нэртэй биежээгүй юмаа жинхэнэ "Нүүрсний хувьсгал" болгож ч чадна. Нүүрс бол манай том баялаг. Бид л нүглийн чулуу болготол хараал хэрүүлийн шороогоор булж байгаа болохоос. 

Баялгаа хулгайчдын гараас салгаж авах гэж энэ тэмцлийг хийж байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын шинэ үеийн залуу улстөрчид. Эрх баригч намын удирдлагын баг хуучнаараа, хууччуул нь сууж байсан бол энэ том хэргүүд ил болох уу. Би хувьдаа жаахан эргэлзэж байна. Тийм ч учраас дагширсан бохир хөрсийг хуу татаж, түүнийхээ төлөө хараалган зогсож байгаа энэ залууст талархаж байгаа. Тэд ч улам хатуужиж, хатаагдаж байх шиг байна. Энэ бол зөв эргэлт. 

Дараагийн зүйл:

Жагсагчид маань тавьж байгаа шаардлагаа бодож боловсруулж байж тавимаар байна. “Нэрс зарла, маргааш нь ялла” гэдэг ийм галзуу шаардлага гэж хаана ч байдаггүй юм. Тийм ч учраас Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хэлмэгдүүлэлт гарахаас айж байна. Шүүх, прокурорын байгууллага руу хамаа намаагүй дайрч давшлах нь буруу шүү. Шийдвэр гаргахад нөлөөлөх үндэслэл болдог юм шүү. Бид жагсагчдын тавьсан шаардлагуудыг хэрэгжүүлчихээд байна гэдгийг тогтож нэг хараач” хэмээн учирлаж байгаа биз. 

Хаа хамаагүй хадуурч, харсан юм болгон руугаа үсчиж, мэдэх мэдэхгүй мэргэжлийн байгууллагууд руу довтолж байгаагийн сөрөг тусгал түрүүчээсээ гарч байна шүү дээ. Бид банкуудаа татаж унагавал хэнд ашигтай юм. Хэнд ч ашигггүй. Банкны нэр төртэй холбоотой, хамаа намаагүй хашгираанаа ямар ч шүүлтүүргүй цацаад эхлэнгүүт банкны хувьцаа унаад эхэлж байх жишээтэй. Бид гучин жилд байгуулсан бүхнээ нураах гэж жагсаагүй байх. Илүү зөв тал руу нь оруулах гэж, буруу гажууг нь залруулах гэж жагсаж цуглаж, хэрэлдэж хэлэлцэж байгаа болов уу. Тоглоомын дүрмээ засаж сайжруулж, зүй ёсоор нь болгох гэж зүтгэцгээж байгаа болов уу гэж бодож байна. 

Голын усаа голдиролд нь оруулах гэж энэ Засгийн газар ч чардайн зүтгэж байна гэж харж байна. Одоо түлхэж биш хүрээлж, хагаралдаж биш хамтарч ажиллах хэрэгтэй байна. 

Бурхан монголыг минь ивээх болтугай. 

Бурхан шинэ үеийг маань ивээх болтугай. Бүгдийг нь шүү...