Ах дүүгээс хэдүүл билээ, та?

Гурван эгчтэй, хамгийн том маань Эвшин гэж, Жаажаагийн чинь (Лодонгийн Санждорж) ээж шүү дээ. Аав ээжийн хамгийн хайртай хүүхэд тэр. Дараагийнх нь танай эмээ, Хорлоо. Гуравдахь эгч маань одоо энэ Энэбишийн ээж Цэнд. Тэгээд би бага нь. Танай эмээгийн дараа гурван ч эрэгтэй хүүхэд гараад гурвуулаа эндсэн юм. Аав ээж хоёр маань нутгийнхаа лам нарт хэлж ном гүрэм уншуулаад ч болдоггүй гэнэ. Тэгэхээр нь хамаг хөрөнгө мөнгөө зараад Богдод мөргөнө гэж Улаанбаатарт орж ирсэн шүү дээ. Нутгийнхаа өөр бусад зовлон зүдгүүр үзсэн улстай нийлж нэг гал болж аваад хавар 4 сард гарч. Орон гэрээ бүгдийг тэмээнд ачаад, морь малаа туугаад гарч дээ. Хэдэн сард хотод орж ирсэн гэдэг билээ дээ, их л зовж ирсэн гэдэг юм. 

Гурван хүү эндсэний дараа Богдод мөргөж даатгуулаад, тэгээд хожим та төрж, эрүүл саруул торнисон гэхээр бас чиг ач тусаа өгсөн л байна даа?

Одоо тэгж хэлж болох л юм. Ер нь бол Богдын хүрээнд ирээд ээж аав хоёр муугаа үзсэн гэдэг юм. Ганц манай нутгаас биш, энд тэндээс Богдод зовлон жаргалаа өчих гээд зөндөө олон мөргөлчин ирчихсэн, одоогийн энэ Голын ногоон сүмийг тойроод буудаллачихсан байж. Хүн маш их, хүлээгээд байдаг, Богд гарч ирдэггүй. Удах тусам хол газраас ирсэн улс хэцүүднэ ээ дээ. Орон байр, хоол хүнс, за тэгээд тэмээ малаа маллах хэрэгтэй. Тэгж байтал нэг өдөр нэг лам гараад ирсэн гэж байгаа юм. Нээг их том урт шар хадаг, үзүүрт нь хонхны очир уячихсан аваад гараад ирлээ гэнэ. Тэгээд “Богд энэ шар хадагны үзүүрээс ордон дотроо барьж байгаа. Богдын бие чилээрхүү учраас гарч ирж чадахгүй. Богд л гэж бодоорой” гээд нөгөө очроороо мөргөлчдийн толгой дээр адис өгч л дээ. Араас нь хоёр лам дагаж яваад цаасанд боосон үрэл, арц хүж, юм хум өгөөд явжээ. Мөргөлчдийн дотор хэл амтай улс бас байлгүй л яахав. “Бид чинь тэр холоос Богдод л мөргөх гэж ирсэн шүү дээ, Богдыг л гаргаж хайрлаач” гээд ядчиж. Үнэхээр бие нь муу байгаад гарч ирж чадсангүй аж. Ингээд нэлээд хэд хоносны эцэст манай нутгийнхан буцах болж.

Богдын бие муу байсан гэхээр та 1924 оны л явдал ярьж байгаа бололтой. Манай нутгийнхан гэж Ховдын Дарви биз дээ?

Тийм тийм, Ховдын Дарви. Тэр үедээ Хайрхан сум гэдэг байсан юм. Манайх чинь тэгэхэд Хайрханы урт Буянт, Буурал Богдын зүүн хөлд нутагладаг байсан гэдэг. Та нар ч мэдэхгүй л байх аа даа?

Дарвийг би сайн мэдэхгүй ээ, Ажаа. За тэгээд адис аваад буцаж дээ?

Буцахдаа бас их зовсон гэдэг юм. Баянхонгорын Байдрагийн голоор гарах болсон, цөн түрчихсэн байж. “Цөрхөлнө (чөрхлөх)” гэж ярьдаг даа, ачаатай тэмээгээ бүгдийг нь цувуулаад хөтөлчихсөн явав. Ээж олон хоног явж, ядраад нүдэнд нь цагаа унаж, юм харахаа больчихсон. Тэгэхээр нь ээжийг нэг арагт хийгээд нэг талд нь ачаад, нөгөө талд нь ачаа тэнцүүлээд тэмээнд тэгнэчихсэн, аав тэгээд бүүр урд хөтлөөд явж байсан байгаа юм. Байдрагийн голын яг дунд явж байтал ээжийг ачиж явсан тэмээг гэрийн буурийн дайтай том цөн ирээд мөргөчиж. Муухан тэмээ байсан бол тэгээд унаад өгөх байж, тэр харин сайн тэмээ байсан тулдаа нэг сөгдөөд босож ирээд, бурантгаа таслаад урсгал дагаад урсаад өгсөн байгаа юм. Араас нь нөгөө чөрхөлсөн хоёр ачаатай тэмээ дагаад урсчихсан. Түрүүлээд цаад эрэг дээр гарсан нутгийн улс айж хашгираад, аав бас эрэг дээрээс өөрөө ээжийн араас орох гэж гүйгээд, нутгийн улс болохгүй, үйж үхнэ гэж барьж аваад, оруулахгүй, аюул болж. Тэгсэн нөгөө тэмээ урссаар байж, тээр дороос эрэг дээр гараад иржээ. Хожим тэр тэмээг сэтэрлэсэн гэнэ лээ. Тэгээд бөөн баяр болж, нутагтаа ирээд, ээж хоол унд, арчилгаа сайтай, сарын дараа гэхэд цагаа нь арилаад хараа орсон байгаа юм. 

Ээ аштай юу даа. Тэгээд таны эгч Цэнд, тэгээд та эсэн мэнд төрж өсөж дээ?

Үгүй тэгээд бас л их зовлон үзэх юм даа. Манай том эгч долоон хүүхэдтэй, одоо долуулаа байхгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар Жаажаа чинь явчихлаа. 

Жаажаагийнх чинь долуулаа байсан юм уу? Сайн мэдэхгүй юм байна шүү.

Та нар яг дэс дараагаар нь мэдэхгүй ээ, би мэднэ, хэлж өгье. Хамгийн том нь Ширнэн (бид Ааяа гэдэг. М.С.), дараагийнх нь Санжиддорж (бид Жаажаа гэдэг, жинхэнэ нэрийг нь Санждорж гэж мэдэх боловч Ажаа өөрөө Санжиддорж гэж хэлэв. М. С.), дараа нь Жамбажамц гэж, тав зургаахан настайдаа явчихсан юм аа хөөрхий, тэгээд Дулам гэж эгчийгээ та нар мэднэ, удаах нь Дорж гэж эрдэмтэн хүн (Математикийн ухааны доктор Лодонгийн Дорж), дөнгөж 60 гараад явсан, дараа нь Лувсанням гэж Яармагт байсан, удаах нь Рэнцэндорж гэж, Зүүнхараад амьдарч байгаад өнгөрлөө, уг нь байвал залуухан, дал гарч л явах хүн байсан юм. Муу Жаажаа чинь энэ долоогоосоо ганцаараа үлдлээ гээд л над дээр ирээд л хоёулаа уйлаад л ярьдаг байлаа даа. За танай эмээ бол гурван хүүхэдтэй, ээж чинь ингээд яваад өглөө, удаах нь Долгорсүрэн.

Намайг өсгөсөн хүн шүү дээ, Долгор эгч маань. Долгор эгчийг Долгорсүрэн гэдэг юм уу?

Жинхэнэ нэр нь Долгор биш, Долгорсүрэн шүү дээ. За тэгээд бага нь Галсанцэрэн. Бас ганцаараа үлдлээ, хөөрхий. Цэнд эгч маань гурван бандитай, гурвуулаа харин сайхан эрүүл саруул аж төрж байна. Том нь Энэбиш ах чинь. Тэгээд Гончигсүрэн, бага нь Ганбаатар гэж малтай улс байгаа. Би тэр хоёрыг загнадаг юм. Ирж Энэбиш ахдаа золгож бай гэж. Тэгээд хөгшин миний үгийг авахгүй л юм даа. За манайхан гэвэл нэг иймэрхүү. Одоо ч тэгээд цөөрөөд л байна, үгүй тэгээд жам л юм даа. Жаажаа чинь, бас ээж чинь урт насаллаа, хөөрхий Ширнэн ах чинь бол 58-тай явчихсан шүү дээ.

Одоо таны ажил сургуулийн талаар ярья. Та Улаанбаатарт хэдэн онд орж ирэв?


1953 онд орж ирсэн юм. Ах нь их хоцрогдсон хүн шүү дээ. Ер нь миний үеийнхэн чинь тийм ч их сураагүй улс. Сургуульд биднийг оруулдаггүй байсан юм шүү дээ. Уг нь манай суманд 4-р анги байсан юм. Сумын захиргааны шийдвэрээр сумын дарга, сумын зарлага хоёр ирж, сургуульд суулгах гээд хөөгөөд л байна. Ордоггүй, оруулдаг ч үгүй, сургууль нь хүүхэдгүй. Орсон хойноо хүүхдүүд нь оргож зугтана. Тэгээд нэлээд сүүлд, энд тэндээс ирсэн багш, сэхээтэн улс “хоцрогдсон хүн гэж муухай, сургуульд сурах хэрэгтэй” гээд л яриад байхыг сонссоор байж, олон удаа сонссоны эцэст л сая нэг ойлгож байгаа юм.

Тэгж ойлгоод Улаанбаатарыг зүглэжээ дээ?

Тийм, 1952 оны үед наашаа гарсан юм. Мэдлэг боловсрол юу ч байхгүй. Хуучин монгол бичгээр л уншиж бичиж чадна. Нутгийнхаа нэг бичигтэй хүнээр монгол бичиг заалгаж сурсан юм. Хотод орж ирээд, миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд Ядам гэж хүн өмнө ирчихсэн байсан, тэднийхийг хайж явсаар байж оллоо. Одоо бодоход яаж олсон юм мэдэхгүй, өчнөөн л гэр хашаа байсан, ямар ч хаяг баримжаа байхгүй, эрсээр байгаад л олчихсон юм даа. Тэгээд тэднийд байхдаа сургууль соёл сураглаж үзсэн, ер нь хүмүүсийн ярих нь сурах хүн цөөхөн, сурсан ч дундаас нь хаяад явчихдаг, боломжийн юм сонстож байна шүү. Тэгээд Санхүүгийн техникум дээр очсон чинь “Курс байгаа, шалгалт энэ тэр авахгүй, тэрэнд ор” гэж байна. Тэгэхээр нь тэр зургаан сарын курсэд орчихлоо. Төгсөөд ня-бо болно л гэнэ. Одоо энэ Моломжамц даргын эхнэр Янжин гээд хүн байсныг мэдэх үү?

Мэдэхгүй

Тэр захирал нь байсан юм. Томоо шар авгай. Курс, Техникум аль алиных нь захирал. Хуучин бичгийн маань ач тэнд их гарлаа. Хичээлээ бүгдийг монгол бичгээрээ бичээд авчихна. Угаасаа шинэ үсэг мэдэхгүй ш д. Багш нар нь ч наадах чинь болно болно, наадхаараа бичээд л бай гэх. Бичиж тэмдэглэж авснаа би оройдоо их уншдаг байсан юм. Тэгтэл арван хэд хоногийн дараа багш нар нөгөө заасан хичээлээсээ энд тэндээс нь асуугаад байна шүү. Ихэнх нь дуугардаггүй ээ. Би чинь монгол бичгээрээ бичээд авчихсан, гэртээ хариад уншчихсан хүн яах вэ дээ, над дээр ирэхээр нь маш сайн хариуллаа. Өө тэгтэл намайг зөндөө магтаад, “чи курсийн хүүхэд биш байна. Техникумд ор” гээд шууд шалгалтгүй Санхүүгийн техникумд оруулчихдаг юм байна.

Өө та чинь тэгвэл хамгийн анх санхүүч мэргэжил эзэмшсэн юм байна шүү дээ?

Үгүй ээ, болоогүй. Дөнгөж нэг ороод хоёр сар сурч байтал Жаажаа чинь манай нутгийн, надтай чацуу, нэр нэгтэй, миний Шоохой гэж дууддаг хүнтэй хотод хүрээд ирсэн юм. Тэгээд тэр хоёр Цагаан эргийн техникумд шалгалтгүй шууд авна гэж байна, Мал эмнэлэг – Зоотехник гэж анги байна,бид хоёр тийшээ явлаа, хамт явъя гээд. Тэгээд нөгөө хоёроо дагаад, шууд сайхан сургуулиа хаяад явчхаж байгаа юм ш дээ. Юу ч мэдэхгүй, тийм гэнэн. Ингээд Сэлэнгэ аймаг явлаа. 

За тэгээд тэр сургуулиа төгссөн биз дээ?

Өө бүр онц төгслөө. Гурван жил сураад. Малын бага эмч мэргэжлээр. Тав жараад хүүхэд, хоёр параллель ангид сурсан, хоёрхон хүүхэд л онц төгсөж байлаа. Ингээд дипломаа бариад Улаанбаатарт ирсэн, манай нутгийн хотод байсан улс “малын эмч хэрэггүй болно оо” л гэлцээд байна, тэрэнд нь үнэмшээд, “За тэгвэл өөр юм сурна аа” гээд Улсын их сургууль дээр яваад очлоо. 

Өө, та чинь нээрээ сургууль, мэргэжлээ хэд солих нь вэ?

Үгүй харин энэ их сонин. Зохиол бичдэг сонирхдог хүнд бол бараг нэг тууж шүү, миний амьдрал гэж (инээлдэв). Тэгээд Их сургууль дээр мэргэжил сонирхоод явж байлаа. Манай нутгийн Цанжид гэж нэг их олон хүүхэдтэй хүн байсан юм. Тэдний Бадамдорж гэж, Жаажаатай чинь нас чацуу хүү нь их сургуулийн нэг өрөөний үүдэн дээр, баахан залуустай зогсож байна. Юу хийж зогсож байгаа юм? гээд асуусан чинь Хүний эмчийн ангид бүртгүүлэх гэж байна гэнэ. “Би бас хүний эмч болъё, болох уу?” гэсэн “болно болно” гэхээр нь дарааллынх нь ард ороод зогсчихлоо. Бүртгэсэн хүн нь миний онц төгссөн дипломыг үзээд, шалгалт хэрэггүй, сайн сурсан хүүхэд байна, шууд орно, хэд хоногийн дараа хүрээд ир гэж байна шүү. За тэгээд хэлсэн өдөр нь яваад очсон, нөгөө надтай хамт бүртгүүлсэн хүүхдүүд шавар шохой зуурсан, Их сургуулийн барилгын ажилд дайчлагдсан ажиллаж байна гээ. Нийлж аваад ажиллаж гарлаа. Тэгээд ажлын завсар зайгаар бөөгнөрөөд ярина, дээд ангийн залуус ирээд зөвлөнө, тэгсэн бас нэг яриа гарлаа шүү. “Хүний эмч гэж хэцүү ажил, иймээ тиймээ өвчин, өвдсөн үхсэн хүнтэй ажилладаг, дэмий” гээд л. “Практик гэж юм хийнэ, тэр нь их аюултай юм байдаг юм...” ч гэх шиг. Би ч ер нь их уймраа, юм сайн ойлгодоггүй байж. Хүний хэлснийг л дагаад яваад байдаг байж.

Тэгээд хүний их эмчээ больчив уу?

Тэглээ. Тэгсэн оронд нь Их сургуулийн философийн анги гэж юманд хүн орж өгдөггүй, яагаад ордоггүй юм гэхээр айхтар их унших юмтай гээд айгаад байдаг юм гэж ярьцгааж байна шүү. Философи гэж юу болохыг ч мэдэхгүй. Багш нар нь зөвлөөд ярьж өгөхийг нь сонсоход дажгүй ч юм шиг. 

За тэгээд философийн ангид орчхов уу?

За бас үгүй ээ. Тийшээ орно доо гээд л бараг шийдчихсэн байж байтал манай аавын хамаатан Самбуу гэж хүн нутгаас ирсэн юм. Самбуу гуай “уг эзэмшсэн мэргэжлээ л дага, малын эмч чинь л болно, сайхан ш дээ” гэж зөвлөсөн юм. Тэдний үгэнд ороод Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр ирээд бүртгүүлсэн, нөгөө өмнөх сургууль онц төгссөн үнэмлэх үзээд шууд орууллаа. Өмнөговийн малын эмч Гэндэн гэж бас онц төгссөн байсан, бид хоёрыг шалгалтгүй шууд авсан юм.

Явж явж эргээд анхныхаа мэргэжил дээр тунаж дээ?

Харин яг тэгж байгаа юм. Бас л хөгтэй байсан шүү. Ганцхан пиджактай, барилдсаар байж тэрнийхээ бүх товчийг унагаачихсан. Шалгалтын комисс дээр энгэр заам задгай яваад орлоо. Наад пиджакаа товчлооч гэсэн, товч ер байхгүй. Ингээд малын эмч болсон, одоо бодоход тэр буруудсан юм. Хүний эмчийнхээ ангид ордгоороо орох байсан юм.

Та тэгээд малын эмчээрээ ажилласан юм уу?

Ажилласаан, Сэлэнгийн Баруунбүрэн суманд 4 жил малын эмч хийлээ. Хөдөө ажилласан хүн бол ёстой зэвэрдэг юм билээ. Мэргэжлээрээ өсөх юм байхгүй. Яг л нөгөө төмөр зэвэрдэг шиг. Уг нь бол тэр сумандаа сайн л ажилтан нэртэй явлаа. 

Намайг мэдээ орохын л та Улаанбаатарт аж төрдөг байсан. Сумын малын эмч хүн яаж Улаанбаатарт суурьшсан хэрэг вэ? Тэр үед чинь дураараа хот ороод бас суучихгүй дээ?

За тэр Санжмятав гэж хүнтэй холбоотой юм. Баруунбүрэнд ажиллаж байхад малын өвчин их, малын хамуу бүр дэндээд болдоггүй дээ. Угаахгүй бол болохгүй гэдгийг ХААДС-д заалгасан эрдмээрээ эрх биш мэдээд байлаа. Сумын төвд нэг ванн байсан юм. Тэрэндээ ус дүүргэчээд маргааш нь иртэл хөлдөөд мөс тогтчихсон байж билээ. Тийм хүйтэн байсан хэрэг. Хоёр хуруу зузаан мөс. Ямар ч байсан угаана аа гэж шийдээд мөсийг нь хага цохиж байгаад өнөөхдөө кирилин найруулаад авлаа. Тэгээд малчдад зарлатал суурь сууриар нь хонио туугаад ирж байна шүү. Сумын Эвлэлийн үүрийн даргатай яриад дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг ажилд дайчиллаа. За тэгээд л нөгөө хонинуудыг чинь хүйтэн усанд дүрээд л гаргаад байсан, тав зургаан хонины суурь ороод ирчихсэн хүлээгээд л. Хэд хэдэн суурь гаргаад байтал нэг машин давхиад ирсэн юм. Тэнд Хөдөө Аж Ахуйн Яамны Мал эмнэлгийг удирдах ерөнхий газрын ажилтан Санжмятав гэж хүн явж байна. Намайг загналаа. Нэгдлийн энэ их мал хөлдөөж албал чи өөрөө төлж чадах юм уу гээд л. Малчид өөрсдөө болохоор зүгээр зүгээр гээд л байна, гэхдээ ямар ч байсан больчихлоо. Тэгтэл нөгөө Санжмятав чинь Баруунбүрэн сумаас хойшхоноо байдаг Амарбаясгалантын хийдийг үзмээр байна гээд би зам овоо мэддэг гээд машинаараа авч явах болсон юм.

Хөөх та чинь машинтай байсан юм уу?

Миний машин биш ээ. Сумандаа жаахан гайгүй ажилладаг гэсэн нэртэй байлаа гэж хэлсэн дээ. Тэгэхлээр надад нэг Ветеринарный помощь гээд жижигхэн дөрвөлжин амбаар машин бариулдаг байсан юм аа. Үнэмлэх ч үгүй хүн шүү дээ, гэхдээ өөрөө бариад л яваад байна. Амарбаясгалан хийд хүрэх зам их хэцүү л дээ. Хоёр гурван тун бэрх даваа давна, гол нь би тэрүүгээр нь даваад сурчихсан байсан юм. Тэгээд аргыг нь олж явсаар байж Амарбаясгалантыг нь үзүүллээ. Нөгөө нөхөр ч их баярлалаа. Тэгээд “За би чамайг төвд авахыг бодно оо” гэж хэлээд явсан юм.

Хэлсэн амандаа хүрэв үү?

Хоёр сар болж байтал Хөдөө Аж Ахуйн Яамнаас намайг дуудсан даа. Тэгээд л ХААЯ-ны Мал эмнэлгийн газар ажиллаж эхэлсэн, их ч олон жил ажиллав. Мал эмнэлгийн төв лаборатори гээд Монголд их алдартай, том газар байлаа шүү дээ. Энэ Зайсанд. Тэр байгууллагад малын халдварт өвчний шинжилгээ насаараа хийсэн дээ. Хөдөө малын халдварт өвчин гарахлаар цуснаас нь ч юмуу, эд эрхтнээс нь ч юм уу дээж авчирч байгаад лабораторидоо ургуулж шинжилдэг байсан юм. Ингээд ах нь малын эмч гэдэг мэргэжил дээрээ нэмээд серологич, бактерологич гэж хоёр мэргэжил давхар эзэмшсэн хүн. 

Өвчтэй малаас дээж авна гэхээр хөдөө их явдаг байжээ дээ?

Дан хөдөө явна. Энэ Сүхбаатар, Дорнодоор чинь малын шүлхий, галзуу, за тэгээд годрон хүртэл гарна шүү дээ. Гол нь шууд танигдахгүй. Дээж авч шинжилж байж, мялзан байна шүү, годрон байна шүү гэдгийг нь хэлж өгнө. 

Ажаа, та чинь хэдэн онд тэтгэвэртээ гарлаа?

1994 онд гарсан юм. За тэр маш буруу юм болсон. 95 оноос суусан улсын тэтгэвэр нэмэгдсэн, өмнөх нь маш бага хэвээрээ үлдсэн шүү дээ. Ганцхан жилийн наана цаана, үгүй мөн харамсалтай юм болсон шүү. Би чинь 800 төгрөг гаргаж авдаг байсан, гэтэл надтай хамт яаманд ажиллаж байсан, 450 төгрөгний цалин авч байсан улс, ажилласан жил ойролцоо, 95 онд тэтгэвэртээ гарсан гэдгээрээ одоо хүртэл надаас хамаагүй өндөр тэтгэвэр авч байгаа шүү дээ. Ийм шударга бус явдал одоо хүртэл байх юм даа. 

Буруу нь маш тодорхой, засаж, нөхөн олговор олгож болохоор л асуудал шиг байх юм. Санаа тавьдаг, хэлж барьдаг дарга цэрэг, улс төрч гэж байх юм уу?

Ахмадын дарга Сүхбаатар гэж их сайн хүн бий. Тэр хүн л зөрүүг арилгана гэж их гүйж байна даа. За тэгээд энд тэндээс ирээд талбай дээр зогсдог хөгшчүүл бас овоо олон байсан, одоо ихэнх нь өнгөрөөд дуусжээ, хөөрхий. 

Хөгшчүүлтэйгээ хамт цаг өнгөрөөж чадаж байна уу?

Ийшхэнээ нэг сүүдрэвч энэ тэртэй, ахмадууд уулздаг нэг газар байгаа. Том байшингийн урд талд бидний Хөшөөтэй талбай гэж нэрлэдэг, хоёр хөшөөтэй, нэг их том талбай бий. Тэнд бас цуглаж элдвийг сайхан ярина шүү дээ. Одоо улам цөөрөөд л байна.

Дээхэн үед гудамж талбайд ахмадууд шатар их нүүж харагддаг сан. Та хэд шатар тоглож байна уу?

Гол тоглоом маань шатар, даалуу хоёр л юм. Гэхдээ сүүлийн үед ахтай нь шатар тоглох хүн олдохоо болиод байна аа бас. Даалуунд бол нэг хоёр хүн дутаад байна гээд л энэ утас руу залгана шүү дээ. Явж очоод тоглоно оо тоглоно. Өдөржин суучихна. Эмэгтэйчүүд нь хөзөр тоглоно. Их гоё байлаа. Байлаа гэхийн учир нь одоо ч бид цөөрөөд, уулзахаа болиод л байна. Алиа хошин зантай, зохион байгуулаад явчихдаг хөгшчүүл бас байна. Өглөө цуглахад л “За өнөөдөр юу ярих вэ, өвчин ярих уу, улс төр ярих уу” гэж ирээд л удирдаад явчихна. Хүний их эмч нэг өвгөн байгаа, бид хоёр их сайн найз. Өвгөн нь 98-тай, эмгэн нь 92-той, одоо ч намайг хүрээд ир л гэдэг юм. Тэр хоёр маань надад зөвлөдөг юм. “Таяг битгий тул” гэж. Хүн таяг тулахаар санаа сэтгэл их дорддог гэнэ шүү. Би бол одоогоор хөл гайгүй, таяг тулаагүй л байна. Тэгээд бас их сонин, манай хөгшчүүл чинь бас нэгэндээ “Чи ийм таяг тулахдаа яах вэ дээ, тэнд тийм сайхан таяг байна” гэж хэлж зөвлөх нь бий. Би хажуунаас нь “Хэдүүлээ одоо таягаар гоёж, таягаар өрсөлдөөд яах вэ дээ” л гэдэг юм. Миний амьдралын нэг үзэл тэр. Энэ охин маань бас хэлнэ. Гучин таван мянгаас эхлээд хэд хүртэл ч гэнэв, их сайхан сайхан таяг байна, аваад өгөх үү? л гэнэ. Би тэгэхээр нь “Аав нь таяг тулахгүй ээ, за бүр хөл дордоод юм тулахдаа хүрвэл заавал үнэтэй таяг биш, зүгээр нэг мод тулаад л явчихна, тулах л юм байвал болоо” гэдэг юм. Ах нь нэг ийм л үзэлтэй хүн дээ.

Ингээд тантай суугаад амьдрал намтар, ах дүүсийн тань тухай яриулахад сайхан байна шүү.

Та хэд ингээд сонирхдог нь сайн юм даа. Манай том эгч Эвшин (жинхэнэ нэр нь Эвшин боловч гэрлэсэн хойно хадам ээж нь мөн Эвшин нэртэй байсан тул Дарьсүрэн нэртэй болжээ. М.С.) бол үг хэл уран сэцэн, хүн жаахан ёжлоод явуулах гэвэл хариуг нь сайхан барьдаг хүн байлаа шүү дээ. Бид Адиа гэж авгайлна. Ямар сайндаа, нөгөө миний түрүүн ярьдаг Жаажаатай чинь чацуу Бадамдорж гээд хүн, нутагтаа байхдаа Жаажааг чинь нэг мөрөн дээрээс нь хазчихсан юм. Тэр нь хөхөрч хавдаад жигтэйхэн юм болчихсон байтал хүн орж ирээд “Энэ хүүхэд яачаав?” гэж асууж. Адиа тэгтэл “Аа Цанжидын хүү зуучихсан юм” гэж байсан, тэр мөн айхтар үг шүү. “Нохой” гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ. За дээр нь бас их уран, нутгийн улс дээл хувцсаа их оёулна. Дээл оёход чинь товч шилбийг нь өөрөө тааруулаарай гээд орхино шүү дээ. Хүмүүс тэрийг буруу хазгай хадчихна. Тэгээд манай Адиагаар янзлуулах гээд л их ирдэг сэн. Манай том бага хоёр эгч хоёулаа их уран улс.

Харин та нарын эмээ бол моринд гарамгай хүн байсан шүү дээ. Бид Жокоо амаа гэж авгайлна. Жокоо амаа сайхан өндөр нуруутай. Хамгийн догшин ширүүн, ааштай морийг л барьж унана. Аав ээж хоёр энэ охин догшин морь унаж гэмтчих гээд байх юм, болиулах юм сан гэж ярьж суухыг би олон сонссон. Олуулаа хол замд энэ тэр явахад номхон морь уначихвал сүүлдэнэ дээ. Танай эмээ харин хамгийн догшин морийг шилж унаад урд нь гараад давхичихдаг хүн байлаа... За би баахан бурлаа, одоо чи ярь. Танайхан чинь өнөө Арлингтондоо юу?

Хөөх та чинь миний амьдардаг Америкийнн хотыг хүртэл мэдэж байдаг аа?

Мэдэлгүй яах вэ, Ажаа нь. Номын сангийн ажил чинь хүнд биш биз? Биеэ бодоорой...

гэх мэтээр сайхан ярилцаад үнсүүлээд гарав. Ганцхан жилийн өмнө тэтгэвэрт гарснаас нь болоод 94 настай хөгшинд дутуу тэтгэвэр олгож байдаг, манай төрийн бодлого ч дээ хэмээн харамсан бодож л явлаа. Нөхөн олговор өгөөд тэнцүүлээд авчихна гэвэл 90 гарсан хөгшид хэр олон байв гэж дээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч