Би багтарч үхэх нь ээ!
Шуудхан хэлэхэд Монголын ЦАГААН САР утгаараа ХАР САР болж хувирдаг юм.
Маргааш ЦАГААН САР-ын шинийн нэгэн. Монгол бэлгэдлээр хамгийн сайн сайхан бүхний ерөөл бялхаах өдрүүд сар шинэ хуучиртал үргэлжлэх болно. Цав цагааныг хүн бүр эрхэмлэх учиртай хэдий ч, яг энэ цаг хугацааг тохиолдуулан бүр ХАВ ХАР–ын талаар зориуд бичиж, зон олныг түгшээж, зарим нэгнийг уурлуулах гэж байгаадаа хүлцэл өчсү.
Учир юу вэ, хэмээвээс би багтарч үхэх гээд байна. Амьсгалах агаар маш их хэрэгтэй байна надад! Ялангуяа мах, өөх тос, бууз баншны үнэр, утаа угаарт Монгол орон бүхэлдээ нэвширч,өмхийрдөг энэ өдрүүдэд цэвэр агаар надад бүхнээс онцгой үгүйлэгдэж байна. Яг энэ л өдрүүдэд Улаанбаатарчуудурд урдынхаасаа улам илүү, асар зузаан утаан хөнжилд хучигдаж, амаа ангалзуулан тарчилдаг юм.
Тэр нэг жилийн шинийн нэгний өглөө эрт золгуутаар гарч, Тасганы овоогоор уруудан “32-ын тойрог”-т хүрч түгжрэх ахуйд тунарсан өтгөн утаанд ойр хавийн орчин арав гаруй метрт таг харанхуйлж, машин дотроо бараг угаартаж үхэх шахсан маань огтоос мартагддаггүй билээ.
Улаанбаатарын гэр хорооллын 300 мянга шахам айл ЦАГААН САР-ын өдрүүдэд утааг жинхэнэ утгаараа ҮЙЛДВЭРЛЭХ болно. Энэ олон зуух өдөр шөнөгүй галлахын улмаас бидний цор ганц чаддаг “брэнд” үйлдвэрлэл УТАА оргилдоо хүрч, агаарын чанар “нойль”-доо тулна.
Өөрөөр хэлбэл үндэстнийхээ хамгийн утга учиртай, уламжлалт баяраар монголчууд өөрсдийгөө хамгийн ихээр хордуулж цэнгэн баясдаг. Шуудхан хэлэхэд Монголын ЦАГААН САР утгаараа ХАР САР болж хувирдаг юм.
Өгүүлж буйг монгол хүн энэ өдрүүдэд бараг эс тооно гэдэгт эргэлзэхгүй байгаа болохоор, магадгүй одон медалиа санжигнуулж, бууз, махаар гулигах шахам байхад тань доорх таагүй мэдээг зориуд дуулгаж байгаагаа сэтгүүлчийн зүгээс харин ард түмэндээ барьж буй хамгийн ач санасан БЭЛЭГ хэмээн итгэлтэйгээр тооцож буйгаа дурдсу. Учир нь бэлгэдэлгүй мэт хэдий ч, бидэнд сэрэмж, сануулга юм.
DAILY MAIL сонины 2019 оны хоёрдугаар сарын 29-ны дугаарт нийтлэгдсэн материалыг уншаад сэтгэл нэн зовиурлалаа. Хавсаргасан зураг сэлт нь айдас төрүүлэм хүнд. Тайландчууд агаарын бохирдол, утаанд хордон хэрхэн тарчилж, ямар аюултай тулгарах болсныг энд өгүүлсэн байлаа. Гэтэл монголчуудын хамгийн их зорчдог болсон улсын нэг Тайланд. Тус улсын нийслэл Бангкокт утааны гамшиг ямар хэмжээнд хүрснийг байнга нааш цааш явж байдаг манайхан сайн мэдэх учиртай.
Сонинд дурдсанаар Тайландын Засгийн газрыг хамгийн зовоож байгаа асуудал нь манайхтай адил УТАА болж.
Үйлдвэрээс гарч байгаа утаа, тоос, тоосонцор, тариалангийн талбай бүрт шатааж буй сүрэл, гудамж, талбайд илээр шарж, худалдаалж байгаа мах, ногооны олон зуун цэг, BBQ-гаас гаргаж буй хиншүү, УТААН-ы хор хөнөөл тус хотын иргэд, ан амьтнаас илэрч эхэлжээ. Тайландчууд өдгөө нийслэлдээ амны хаалтгүйгээр гадагш гарахаа байж, Засгийн газар нь шийдвэр гаргаж, одоогоор 439 сургуулийг түр хугацаагаар хаасан байна.
Утаа, тоосонцор хэт ихтэй байршлуудад дрон нисгэж усаар шүршиж байгаа нь аргаа барсан үйл явдал болжээ. Утаанд хордсоноос болж иргэдийн хамар, амнаас цус гэнэт гоожиж, цусаар ханиалгасан хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Бангкокын төвд оффист ажилтай Наттават Сиричанарусит 12 хоногийн турш цусаар ханиалгах болсны шалтгаан нь утаа, нарийн ширхэгтэй тоосонцор. Түүн шиг шаналж буй хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдсээр. Тэр ч бүү хэл нүдэнд нь цус хурсан “улаан нүдтэй” залуус олон болж байгаа нь адил шалтгаантай. 27 настай Кум Сангсамут эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр “Утаанд хордсоноор би үхэж байна. Уушги устаж, бусад дотор эрхтэн өвчилсөн” хэмээн гомдолтойгоор ярьсан байна. Тайландын нийслэл орчимд ан амьтдын хамраас ч цус гарах болсныг дээрх сонинд нийтэлжээ. Тус улсын цэргийнхэн хяналт шалгалт явуулж, тоос, шороо, утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа, хуучирсан техник, технологитой үйлдвэрүүдийг хааж эхлээд байна.
Олон улсын мэргэжилтнүүд тус улсын нийслэлийн агаарын чанар маш муу, аюултай түвшинд хүрч гэж дүгнэж. Тухайлбал, утаат Бангкокын агаарын нэг шоо метр тутамд агуулагдсан PM2.5 –ийн хэмжээ 47мкг/мг хүрсэн байна.
Утаанд агуулагддаг олон хорт нэгдлүүдээс хамгийн аймшигтай нь PM2.5 юм гэнэ. Энэ хорын байж болох хэмжээг нь 25 мкг/мл гэж тооцдог. Үүнээс дээш байвал яг үнэндээ нэг ёсны ЦӨМИЙН АЮУЛ шиг хөнөөлтэй болдог байна.
ЗА! ТЭГВЭЛ ОДОО САЙН СОНСОЖ БАЙ! Түгшүүр зарлагдаад, иргэд нь өвчилж байгаа Тайландад нөгөө хөнөөлт PM2.5 гээчнь 47 мкг/мл гэж байхад Улаанбаатарт, тухайлбал Баянхошуунд энэ хэмжээ 80 мкг/мл, Толгойтод 49, Амгаланд 50 мкг/мл хүрсэн байгаа нь монголчууд бид утааны хамгийн аюултай хорны хамгийн дээд тунгаар амьсгалан өдөр өдрөөр хордож, чив чимээгүй үхцгээж байна гэсэн үг.
Итгэхгүй бол Улаанбаатарын агаарын чанарыг яг энэ нийтлэлийг бичиж байх өдрийнхөөр хэмжсэн хэмжилтийг дор хүснэгтээр харуулсныг харах хэрэгтэй. Мэдээж би биш, Нийслэлийн агаарын чанарыг хэмждэг албанынхны гаргасан дүн юм. Гурван жилийн өмнө Баянхошуунд хүн хүргэж очсоноос хойш зүглээгүй юм байна. Тэр үед л ёстой утаан манан тунарч байж билээ.
Аа, яаая аа! Ийм орчинд амьдарч буй хүмүүс яажэрүүл байх юм вэ? Бие давхар, нялх, хөхүүл хүүхэдтэй эх, эмэгтэйчүүд хэдэн арван мянгаараа ХОРДЦГООЖ байгаа. Мэдээж өндөр настнууд, өсвөр үе, залуучууд ч хордож, өвчилж, үхсээр байгаа. Энд PM2.5 хэмээх зэвүүн хорын талаар дахин тодруулъя!
Түүний хэмжээ стандартаас хэтэрсэн байвал учруулах хор хөнөөлийнх нь эсрэг тэмцэх ямар ч боломжгүй гэж байна. Хүний цусанд орсноор амьсгалын болон дотор эрхтнүүдийг жинхэнэ сүйтгэж, эмчлэгдэхээргүй гэмтээдэг учраас тэр. Гэтэл Монголын Агаарын чанарын албаны илтгэлээс харах юм бол манайд PM2.5 –ын хүлцэж болох стандарт хэмжээ 50мк/мл юм гэнэ ээ. Олон улсынхаар 25-аас дээш хэмжээтэй байх ахул аюултай гэж үздэг, Тайландад энэ PM2.5 –ын хэмжээ 47 хүрч аюулд ороод байхад шүү дээ!!!
Үүнээс харах юм бол монголчууд нэгэн бодлын ямар ч хоронд ажирдаггүй, ямар ч бохир, заваан хүнд нөхцөлд амьдарч чадаад байдаг ХАРХ мэт үндэстэн юм гэж болохоор. Яагаад гэвэл бидний амьсгалах агаарын чанарын стандартыг гэхэд л хүн төрөлхтний амьдарч чадахгүй хортой хэмжээнээс даруй хоёр дахин ихээр тогтоосон байна шүү дээ. Магадгүй ийм болоод эрх мэдэлтнүүд утаанд санаа огт зовдоггүй байж иржээ, тийм үү!
Хамгийн гол нь яагаад бид бүгдээр ийм аймшигтай орчинд байх ёстой мэтээр хандаж, дээр дооргүй гүлдийж амьдраад байна вэ?
Би энд утааны хүнд учруулдаг ганцхан хорыг онцлон жишээллээ. Химич хийгээд энэ бүхнийг дагнан судладаг мэргэжилтэн биш болохоор бусад хөнөөлийн талаар сайн мэдэхгүй юм. Харин утааны бас нэгэн аюул болох CO2 хэмээх нүүрстөрөгчийн хийг УГААР гэдгээр ньхүн бүр сайн мэднэ. Энэ хорын хэмжээ гэхэд л Улаанбаатарт ОНЦГОЙ байдал зарлах хэмжээнд хэдийн хүрсэн ч бид гайхалтайгаар “тэвчээр” зааж, гүлдийсээр л байгаа...
Угаарын хийн хүлцэж болох хэмжээг өдрийн 8 цагийн хугацаанд40000мк/мк гэж байхад Улаанбаатарт 27000мк/мк хүрч байгаа нь хүний амьдралыг баталгаатайгаар 15 жилээр хасч байдаг гэдгийг тэр бүр бид мэддэггүй нь даанч харамсалтай.
Бидний энэ мэдлэггүй, мэдээлэлгүй, хүлцэнгүй, тэнэгдүүг далимдуулж, үе үеийн эрх баригчидгагцхүү “ашиг олох үйлдвэрлэл” хэрхэн явуулж ирснийг сана! Дэндүү гомдолтой, басхүү өсрөхмөөр...байгаа биз. Утаатай тэмцсэн түүх маань 750 тэрбум төгрөг!!!
Тэгэхээр ийм хэрийн өртгөөр монгол хүн улам л хордож иржээ гэсэн үг.
Тайландад яваад ирсэн монгол хүн тэндхийн утаа бол бидэнд цэвэр агаар гэсэн үг гэж ярьж байгааг сонсоод бүр хөшчихлөө.
Тэгэхээр бид юунд, ямар нөхцөл дунд амьдарч байна вэ? гэдгээ эрхгүй эргэцүүлэхэд хүрэв. Бидэнд тайчууд шиг судалгаа, сэрэмж байхгүй ээ, бас өөрсдөдөө огт санаа тавьдаггүй, бас яг тийм төр, засагтай болохоор хэд мааньцусаар ханиаж, хэдэн хүн дотор эрхтэнгүй болж эндэж байгаагаа мэдэх юм алга. Гай зовлондэнэлсэн нэгнээрээ л дуусаж байна гэж боддог ард түмэн. Яагаад ч юм, Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллийн утга энэ өдрүүдэд шууд утгаараа бууж байгаа. Худлаа гэвэл гараад хараарай! Тэгээд Улаанбаатарынхаа хортой саарал тэнгэрийг ЦАГААН САРЫН- ын ХАРАНХУЙутаан дороос олж харахыг хичээгээд үзээрэй!
үргэлжлэл бий