Бээжинд тунхагласан Ерөнхий сайдын амбийц!
Ямар ч байсан БНХАУ-ын дарга, Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын түвшинд уулзалт, албан ёсны яриа хийсэн Монголын Ерөнхий сайдын Бээжинд тунхагласан амбийц хэрхэн биеллээ олохыг харах л үлдлээ!
“Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна”...
Энэ бол Бээжин хотноо зохион байгуулсан "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг нээж хэлсэн Монголын Ерөнхий сайдын байр суурийн гол мессеж. Мөнхийн хөршдөө хоёр дахь удаагаа хийж буй айлчлалын албан ёсны төлөвлөгөөнд багтсан хуваарийн дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийж, олон жил ярьж ирсэн төслүүдийг энэ онд багтаан эцэслэн шийдвэрлэж, тохиролцсоны дараа юм.
Хажуугаар нь, “China Energy”, "Хятадын Үндэсний газрын тосны корпорац", "Power China", “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп”, “Норинко" зэрэг төрийн өмчит компаниудтай хийсэн уулзалтаар баяжсан агуулга. Ерөөсөө л Монгол Улсын дипломат бодлогын цар хүрээ, тэр дундаа урт хугацааны хөгжлийн тулгуур үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж эхэлсэн гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Бээжингээс ийн зарлалаа.
Бараг 2008 оноос хойш гацаанд орж, тэр хэрээрээ Монголын дотоодын улс төрийн уур амьсгалыг халааж, бас залуурдаж ирсэн хилийн боомтын холболтын цэгийг хоёр орны Засгийн газар хоорондын түвшинд эцэслэсэн тохиролцсон нь ердөө жил гаруйн өмнөх үйл явдал. Харин энэ удаад хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, Төв банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудлыг хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэснийг хоёр улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын Ерөнхий сайд ийнхүү зарлалаа. Аль алинд хэрэгтэй, ялангуяа Монголын урт хугацааны хөгжилд нэмэртэй асуудал. Лав 2023 ондоо багтааж шийдвэрлэхээр харилцан тохиролцжээ.
Нийтдээ БНХАУ-ын 7500 гаруй хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулж, тэр хэрээрээ төсөл, хөтөлбөр зангидаж байгаагийн хувьд урд хөршийн аж ахуйн нэгжийн төлөөлөлд хандсан Ерөнхий сайд үг, үйлдэл бүр нь мэдээж сонирхолтой, анхаарал татах сэдэв нь. Ямартай ч, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байхаа мэдэгдсэн нь айлчлалын нэг хөшүүрэг болох нь мэдээж. Эдийн засгийн хөгжлийн яамыг эргэн сэргээн байгуулж, дэргэдээ Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулах замаар тэдэнд тулгардаг асуудлыг мөн тэднээс ирэх гомдлыг цахимаар бүртгэж, шийдвэрлэж эхэлсэн нь Монгол Улс урт хугацааны хөгжил, хөрөнгө оруулалтыг чухалчлах болсны дохио. Үндсэндээ хөрөнгө оруулагчдад хамгийн найдвартай түнш байх амлалтыг Монголын Ерөнхий сайд нь Бээжингийн индрээс зарлаж буй нь өөрөө нэн шинэхэн өнцөг.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнөхөн “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзаж, олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх тухай хөндсөн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч, дулааны, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн магнат болсон компанитай удирдах шатанд тохиролцож, залгуулаад Ерөнхий сайд Ли Чян-тай хэлэлцээ хийсэн нь Л.Оюун-Эрдэнийн дипломат бодлого шинэ шатанд гарсны л илрэл.
Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалт дууссаныг БНХАУ-ын даргад дуулгаж, Засгийн газар хооронд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг хүссэний дараахан. Нэг үгээр үе үеийн Ерөнхий сайд нарын түвшинд мөнхийн хөршөөсөө ямар нэгэн гуйлттай зорьдог байсан бол энэ удаад өөрсдөөсөө шалтгаалах дотоодын асуудлаасаа шийдвэрлэснээсээ, биднээс бус тэднээс хамаарах ажил үлдсэнийг хэлдэг, хэрэгжүүлэх замаар урт хугацааны найдвартай түншлэгч байх саналыг тавьж эхэлсэн нь дэвшил мөн үү? мэдээж мөн! Ямар ч байсан БНХАУ-ын дарга, Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын түвшинд уулзалт, албан ёсны яриа хийсэн Монголын Ерөнхий сайдын Бээжинд тунхагласан амбийц хэрхэн биеллээ олохыг харах л үлдлээ!
UZEG.INFO