УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа. Тэрбэр олон улсын зах зээл дээр манай “Гэрэгэ” бонд амжилттай арилжаалагдсан мэдээллийг хамгийн түрүүнд сэтгүүлчидтэй хуваалцсан юм.

-Монгол Улс олон улсын зах зээл дээр “Гэрэгэ” бондыг амжилттай арилжлаа. УИХ-ын дарга, гишүүд ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр баяр хүргэлээ. Та Сангийн сайдын ажлаа өгсөн ч гэсэн энэ бондыг босгох, арилжаалах үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажилласны хувьд гол үүрэг гүйцэтгэлээ, баяр хүргэе.

-Баярлалаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-нд бүрэн бүрэлдэхүүнээрээбайгуулагдсан. Би арай өмнө буюу 2016 оны долдугаар сарын 21-нд Сангийнсайдаар томилогдсон. Сая 2017 оны аравдугаар сарын 21-нд ажлаа хүлээлгэж өглөө. 15 сар ажилласан байна. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар олон шийдвэр гаргасан. Үүнээс Сангийн сайдын хувиар миний санаачилж гаргасан хоёр томоохон шийдвэр байдаг. Эхнийх нь ОУВС-тай өргөтгөсөн хөтөлбөр тохирсон. Нөгөө нь зах зээлийг нэмэгдүүлэх. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газартай бүх түвшинд нь тохирсны үр дүнд нүүрс, төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлэх тохиролцоо хийж чадсан. Энэ оны эний хагас жилд 19.8 сая тонн нүүрс экспортолсон. Харьцуулбал, хамгийн өндөр нүүрс экспортолсон 2011 онд Монгол Улс бүтэн жилдээ 23.4 сая тонн экспортолж байсан. Тэгэхээр хагас жилд 19.8 сая тонн гэдэг бол түүхэндээ анх удаа үзүүлсэн өндөр үзүүлэлт. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт бий болсон. Та санаж байгаа бол 2016 онд эдийн засаг -1.6 хувь буюу агшилттай байсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг авсны дүнд эдийн засгийн өсөлт 1.3 хувь буюу Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд ганцхан улирлын дотор 2.9 хувиарөсгөж чадсан. Эдийн засгийн өсөлт энэ онд нэгдүгээр улиралд 4.2 хувь, хоёрдугаар улиралд 5.3 хувьтай гарлаа. Гуравдугаар улиралд манай Засгийн газар ажиллаж байсан, ямар өсөлттэй гарсныг ҮСХ-ноос удахгүй албан ёсоор зарлах байх. 

-Таны төсөөллөөр?

-Зургаан хувиас дээш үзүүлэлттэй гарах болов уу гэж бодож байна. 

-Оны эцэст эдийн засгийн өсөлт ямар байх бол. Хэрэв танай Засгийн газар хэвээр ажиллаж байсан бол ямар байх тооцоотой ажиллаж байв?

-Оны эцэст ямар гүйцэтгэлтэй байх нь энэ Засгийн газар яаж ажиллахаас шалтгаална. Хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллаж байсан бол бид таван хувиас дээш гарна гэсэн төсөөлөлтэй ажиллаж байлаа.

-“Гэрэгэ” бондын арилжааны талаар та хамгийн түрүүнд мэдээлэл авсан, магадгүй хамгийн их санаа зовниж байсан байх?

-Нуулгүй хэлэхэд санаа зовинож байсан. Амжилттай арилжаалагдсанд маш их баяртай байна. Чингис бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлж дуусгах , Димсам бонд 1 тэрбум юанийн эргэн төлөлтийг 2018 оны зургадугаар сарын эхээр хийх ёстой байсан. Чингис бонд, Димсам бондуудыг солих ажилд өнгөрсөн зургадугаар эхнээс хэд хэдэн хувилбар боловсруулаад явж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад хойшлуулсан. Дараа нь долоо, наймдугаар сард олон улсын санхүүгийн зах зээл дээр идэвхжил буурдаг учраас есдүгээр сард өргөн барихаар төлөвлөж байтал Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Тиймээс дахин хойшлуулж шинэ Ерөнхий сайдыг томилогдохыг хүлээсэн. Энэ хооронд бид бэлтгэлээ базааж, олон улсын санхүүгийн байгууллагууд, санхүүгийн болон хуулийн шинжээч компаниудтайгаа гэрээ байгуулаадажиллаж байлаа. Ингээд энэ оны аравдугаар сарын 16-нд Засгийн газар байгуулагдаагүй байхад зах зээлд гаргаад 2017 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 00 цагт арилжаа амжилттай дууслаа. Энэ бондын хүү 5.5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 5.625 хувийн хүүтэй. 

-Саяхан л манай бонд 10.9 хувийн хүүтэй арилжаалагдаж байсантай харьцуулахад үнэхээр сайн тоглолт хийлээ гэж хэлж болох байх, тийм үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сард гаргасан “Мазаалай” бонд 10.9 хувийн хүүтэй байсан. Энэ бондыг авахад бид 670 сая ам.долларын бонд шинээр гаргахаар төлөвлөж байлаа. Шинэ Засгийн газар гарч ирээд 800 сая ам.долларын бонд гаргаж байгаа юм байна. Манай “Гэрэгэ” бондыг авах хүсэлт 5.8 тэрбум ам.доллараас давсан. Энэ бол аравдугаар сарын 25-ны шөнө авсан мэдээлэл. Түүнээс хойш хөрөнгө оруулагчдын хандлага нэмэгдсэн байж магадгүй. Сүүлийн мэдээллийг аваагүй байна.

-Валютын нөөц ямар хэмжээнд хүрч байж бондыг бондоор солих ажиллагаа дуусах бол?

-“Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын 400 сая орчмыг нь шууд Чингис бонд, Димсам бондын хувьцаа эзэмшигчдэд нь солиод өгчихсөн. Сангийн яамны дансанд 400 сая орчим ам.доллар орж ирнэ. Ирэх зургадугаар сард өр төлөхөд 170 сая ам.доллар, 2018 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын үлдэгдлийг гэхчлэн төлөлтүүд хийгдэнэ. Одоохондоо бондыг бондоор л төлж байна. Харамсалтай нь 15 сарын хугацаанд бид хараахан амжсангүй. Уг нь ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөр амжилттай үргэлжилж, эдийн засгийн өсөлт дээрээ Засгийн газар зөв, тогтвортой ажилласнаар 2019 оны төгсгөл гэхэд валютын нөөцийг 4 тэрбум ам.доллараас дээш байлгана гэсэн тооцоололтой байсан. Энэ тохиолдолд бид бондоо төлж эхлэх боломжтой болох юм. Намайг ажил хүлээж авахад 1 тэрбум ам.долларын нөөцтэй байсан, ажил хүлээлгэж өгөхөд 1.6 тэрбум ам.доллар болсон.

-Энэ зорилгодоо өөрийн гараар хүрч чадаагүйд та харамсч байна уу. Та нар байтугай гадныхан хүртэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцорчихно гэж бодоогүй байх?

-Бид 65-ын бүлэгтэй учраас тогтвортой ажиллана гэдэгтээ дэндүү итгэлтэй байжээ гэдгийг нуугаад яах вэ. Урдах ажлаа хийж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайсаар Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүдтэйгээ гар, хөлөө нийлүүлж, тулж ажиллах талаар цалгардсанаас ийм явдал боллоо гэж боддог. Харамсах ч юм байх вэ. УИХ-ын гишүүний хувиар хийх ажил их байна. 

-Сангийн сайд Д.Хаянхярваа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг амжилттай арилжаад зарцуулж амжилгүй дараагийн Засгийн газарт хүлээлгэн өгч байлаа. Таны хувьд 10.9 хувь хүртэл өсчихсөн байсан хүүг 5.625 хувь хүртэл буулгана гэдэг чамгүй амжилт. Гэхдээ мөн л дараагийн Засгийн газарт шилжиж таарлаа. Энэ талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Би хийх ёстой ажлаа л хийсэн. УИХ-ын гишүүний хувиар ч, Сангийн сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсний хувиар ч тэр энэхүү амжилтын мэдээгээ яаран зарлалаа. Энэ бол нэг өдөр хийчихдэг ажил биш. Олон удаагийн хэлэлцээрт орж, бэлтгэл ажилд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцууллаа. 

-Засгийн газрын зарим сайд маш хэцүү нөхцөл байдал дээр ирээд алдаа засах гээд сууж байна гэж ярих боллоо. Нэг намаас дахин сэлбэгдсэн Засгийн газрын онцлог ийм байх сонин байна. Сангийн сайдын хувьд бүр нэг намын төдийгүй, нэг нутгийн хоёр, ажил байдлын дүнгийн

-Ч.Хүрэлбаатар сайд энэ талаар ямар бодолтой явааг мэдэхгүй юм. Миний хувьд эв эетэйгээр төрийн төлөө зүтгэнэ гэсэн л бодолтой явдаг. Би Сангийн сайдаар 15 сар ажиллалаа. Биднийг Засгийн газарт орж ажиллах тэр үе 1990 оноос хойших эдийн засгийн хамгийн хүнд үе ч байж магадгүй. Монголын эдийн засгийн нөхцөл монголчуудаас ч үл хамаарах байдлаар хяналтгүйгээр уруудаж байв. Энэ уналтыг зогсоож, эдийн засгийн өсөлтийн эх суурийг тавьсан ажлыг хийж чадсан гэж би өөрийгөө дүгнэдэг. Олон нийт, эдийн засагчид өөр, өөрсдийнхөөрөө үнэлнэ биз ээ. 

-Хөрөнгө оруулагчидтай уулзахад танайд мөнгө чухал биш. Тогтолцоо, тогтвортой байдал л чухал байна гэж байна. Засгийн газар хэр тогтвортой байхаас шалтгаалан эдийн засагт эерэг үр дүн гарна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өөрсдөөс нь хамаарна. Эдийн засгийн зургаан хувийн өсөлттэйгээр ажлаа өглөө. Чамлалттай байна гээд Засгийн газрыг огцруулсан. Тиймээс үүнээс өндөр үзүүлэлттэй, өсөлттэйгээр ажиллах болов уу гэж найдаж байна. Олон нийт ч тийм хүлээлттэй байгаа болов уу. Ж.Эрдэнэбатын болон У.Хүрэлсүхийн Засгийн газрын үеийн эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал нь хоорондоо өдөр, шөнө шиг ялгаатай шүү дээ. Бид хяналтгүй уруудаж байсан уналтыг зогсоож, өсөлтийн суурийг нь тавьж, хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг нь сэргээгээд ажлаа хүлээлгэж өглөө. Хамгийн сүүлийн жишээ нь сая 670 сая ам.долларын бонд гаргая гэхэд 5.8 тэрбум ам.доллараас дээш санал ирж байна гэдэг бол хөрөнгө оруулагчид Монголыг эергээр харж байгаагийн жишээ юм. 

-Одоогийн Засгийн газарт 2.5 жилийн хугацаа байна. Тийм ч их хугацаа биш. Зургаагаас дээш хувийн өсөлттэй ажиллах амаргүй байх?

-Гэхдээ 2.5 жилийн хугацаа 15 сарын хугацаанаас их биз дээ. Би бол боломж хангалттай бий л гэж хэлнэ.

-Дараагийн УИХ-ын сонгууль хүртэл хөрвөхгүй байх гэж төсөөлж байсан Засгийн газар солигдчихоод байхад “Гэрэгэ” бондоо ийм боломжийн нөхцлөөр арилжсан үр дүнг үнэлэхгүй байхын аргагүй. Харин яагаад улс төрийн ийм тогтворгүй байдлыг харуулчихаад байхад бондоо ингэж арилжиж чадав аа гэдэг талаар ямар тайлбар өгөх вэ?

- Энэ бол ОУВС-ийн хөтөлбөр нөлөөлснөөс гадна бидний хүчин чармайлт, овсгоо, ур чадварын үр дүн гэж хэлэх нь зүйтэй болов уу. “Гэрэгэ”бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах ажлыг эхэлсэн хүн нь би. Гардан ажилласан нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, багийн бүрэлдэхүүнд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ө.Баттулга, миний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Жаргалсайхан, Санхүүгийн газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н. Мандуул, Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх Л.Сонор, Монголбанкны ерөнхий эдийн засагч бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Ганбаатар нартаа өмнөх Засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлмээр байна. Улсынхаа өмнө энэ хүмүүс гавьяа байгуулж чадлаа. Мэргэжлийн өндөр ур чадвараа харуулж, төрийн хүмүүсийн ёсоор ажлаа тасралтгүй, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэн арилжааг амжилттай хийсэнд нь удирдлагаар хангаж ажилласан хүний хувьд би хүндэтгэж талархах ёстой. 

-Та бүхний хийсэн энэ ажилд олон хүн талархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дараагийн асуулт жаахан таагүй санагдаж магадгүй. УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан 72.5 тэрбум төгрөгийг гишүүдэд хуваарилсан эсэх асуудлаар маргах боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол гүтгэлгийн чанартай гэж үзэж байна. Би бодитой тайлбар хийе. 2010 оноос хойш анх удаа төсвийн орлогыг 1 их наяд төгрөгөөр давуулж биелүүллээ. Олсон орлогын 50 хувийг тодотгол хийж 498.5 тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдүүлэхээр болсон. Үүнээс 72.550 тэрбум төгрөгийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгох, 21х100 хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын үүднээс тусгасан. Энэ үед багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж байсан нь үнэн. Бид ямар бодлого баримталсан бэ гэвэл ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж тохирсон. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн тэтгэлэг бол нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ. Мөн 72.550 тэрбум төгрөгийг жишээ нь нэг өрхийн жижиг бизнест жилийн долоо орчим, түүнээс бага хүүтэй, нэг өрхөд 10 сая төгрөгийн зээл өгөхөд 3-4 жилийн дараа тухайн өрхийн жилийн орлого жил тутам 30-40 сая төгрөг болох боломжтой. Ингэснээр 7000 гаруй өрх, 40 мянга орчим хүн тогтмол ажлын байртай болох тооцоололтой байсан. Төрийн албан хаагч 180 мянга орчим хүнд заавал 300 гэлтгүй 400, 500 мянгаар ч нэг удаагийн шинж чанартай тэтгэлэг олгохоор тооцож судалж байсан. Хэрэв 300 мянгыг олговол одоогийн яриад байгаа 55.4 тэрбум, 400 мянгыг олговол 72 тэрбум, 500 мянгыг олговол 90 орчим тэрбум гэхчлэн хувилбаруудыг ярьж байсан ч олон хүн ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих нь ядуурлыг бууруулах талдаа илүү үр дүнтэй гэж үзсэн. Энэ нь 72.5 тэрбум төгрөг болж таарсан. Хэрэв нийт гишүүний тоогоор 76, буюу эсвэл манай бүлгийн гишүүний тоогоор 65 тэрбум төгрөг байвал хардахсан. Гэвч үгүйсгэлээр энэ хорвоог туулж болохгүй байх л даа. 

-Баярлалаа.