"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"
Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, бүх чадамжаа шавхчихсан нам байна.
Өнгөрөгч бямба гаригт “Элийрэгч” Ц.Уянгын зохион байгуулсан “Медиа салбарын хиамрал ба хямрал” нэртэй чөлөөт хэлэлцүүлгээр манай хиамрагчдын дэлгэсэн дуулиан соошилд намжаагүй байх цаг дор өчигдөр ЭЦА-наас зохион байгуулсан “Баян Базараагийн баривчилгаа” гэдэг тавилттай жүжиг манай Засгийн газар, МАН-ын даргын жинхэнэ “өмдийг нь тайлж” харуулав.
Өглөөнөөс хойш “Базарааг нэгжих гэж байна, нэгжиж байна, за бариад явчихлаа шүү” хэмээн хэрэгт дуртай нөхдийг баахан хошгоруулсан. Яс юман дээр хошгороод байсан нь тийм ч олон биш л дээ. Нэгдүгээрт “Баян” Базараа гэж хэн болохыг одоогийн залуус мэдэх ч үгүй, таних ч үгүй. Хоёрдугаарт, иймэрхүү “Бадамжунай стайлын” баривчилгаанд манайхан бүр дөжирчихсөн. “Мөнгө угаасан, сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй” хэмээн сэжиглэсэн гэлүү. Гэтэл нөгөө сэжиг таамаг нь ч батлагдаагүй байхад манай Засгийн газраас санхүүжиж соошилд тархи угаадгаа нийгэмд зарласан шилмэл баг нь үсэрч гарч ирээд “Баян Базараа өөрөө баяжаагүй, Баярцогт, Сайханбилэг нартай хэтэвч нэгтэй. “Оффшор дансны холбоотнууд” гэж нэрлэгдсэн гурван хүний нэг нь Баян Базар. Хүн үхдэг алтны уурхай “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар”...
Хүүхний тэнгэртэй Баян Базараа хэдэн улс дамжин мөнгө угаадаг. Үүгээрээ хэдэн сонгуульд нэр дэвшигчид спорсорлосон нь виночин Гантөмөр, Баярцогт, зайгаа тавьж өгдөггүй зөнөг өвгөн Ц.Элбэгдорж, Номтойбаяр нар холбогдож магадгүй байна” гэх мэтчилэн баахан халжээ. Базараа баян явсан нь хэдэн он ч юм, хүүхний тэнгэр нь хаана ч хаясан юм бүү мэд. Лав сүүлийн 20 жил энэ хүний нэрийг сонсоогүй юм байна. Харин “Бид Засгийн газартай гэрээ хийж, жиргээ пост хийдэг. Бидэнд үнэн мөн чухал биш, мөнгө чухал” гэдэг үгийг Монгол даяараа сонссон шүү.
За тэгээд хэдэн сонгууль дараалан нэр дэвшигчийг спорсорлосон нь үнэн юм бол яагаад гэнэт өнөөдөр ухаан сэхээ оров гэх мэтчилэн. “Сонгуульд зориулж 20 сая долларыг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас гулсуулаад Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэн оросуудаар дамжуулж Монголд оруулж ирсэн” гэсэн байна. Бүр нөгөө 20 сая доллар нь хаагуур явж Монголд орж ирсэн газрын зургийг нь зурчихаж. Бодоход 2020 оны сонгуулийн өмнө “ҮАБЗ-ийн ажлын албаны нөхөд Алтанбулагийн боомтоор 20 сая доллар оруулж ирлээ” гэдэг рүү хөтөлж байх шиг байна л даа.
Уг нь тэр дуулиан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байсан. Тэр үед ч хуулийнхан ийм тодорхой газрын зураг гаргаж ирээгүй дээ. Тэгэхээр нөгөө С.Баярын 7 байшин нүүгээд Элбэгдоржийн гадаа очжээ гэдэг шиг л юм болж байна. Тэгээд ч "Баян" Базарааг хэрвээ улс төртэй, улстөрчидтэй холбоё гэвэл 20 жилийн өмнө засаг барьж байсан МАН-ын ах нартай очиж холбогдох ёстой. Тэр үеэс түүний баян болсон түүх намтар эхэлсэн.
Тэгэхээр Засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа АН-ынхны эсрэг энэ пиар, ймэрхүү яриа жаахан ч гэсэн юм уншдаггүй, мэдээллийг боловсруулдаггүй, харьцуулдаггүй, шил архины мөнгөөр явчихдаг харанхуй масст бол болдог л байх л даа. Гэхдээ бас монголчууд чинь нийтээрээ тийм биш шүү дээ. Тиймээс сонгууль хаяанд ирчихээд байхад, бүхэл бүтэн найман жил засагласан, авилгын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр улсаа адагт аваачсан эрх баригч нам иргэд рүүгээ ийм мэдээллийн түрэмгийлэл хийнэ гэдэг бол нэгдүгээрт, үнэхээр аргаа барж, амь тэмцсэний илрэл. Хоёрдугаарт гэвэл, ёс суртахууны хувьд маш доройтсоны шинж.
Найман жил засагласан нам “Бид ийм юм хийлээ, ингэж ингэж хөгжилд хөтөллөө, одоо дараагийнх нь ингэх гэж байна” гэж сонгуульд ордог болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэг нэгээр нь барьж, хорьж, гүтгэж гүжирдэж сонгогчдоос оноо авдаггүй.
Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан, хутгах гэж зүтгэсэн бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ л хамгийн зөв сонголт. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, бүх чадамжаа бүрэн шавхчихсан нам байна.
Зочин
ООЖ
Зочин
Зочин
Өлзий
Уншигч
Irgen
Бат