Атмаан
Манай ангид хөдөөнөөс нэг банди шилжиж ирлээ. Чөргөр туранхай, хавчиг мөртэй, багинохон хөлөн дээрээ хоёр дахин урт цээжтэй, хавчиг толгойтой түүний цаашаа шигдчихсэн налчгар хамраас нь уруулыг нь давсан нус үргэлж унжаастай.
Энэ явдал анх дунд сургуулиас эхэлсэн юм. Манай ангид хөдөөнөөс нэг банди шилжиж ирлээ. Чөргөр туранхай, хавчиг мөртэй, багинохон хөлөн дээрээ хоёр дахин урт цээжтэй, хавчиг толгойтой түүний цаашаа шигдчихсэн налчгар хамраас нь уруулыг нь давсан нус үргэлж унжаастай. Тэрээр нусаа арчихын оронд учиргүй чимээтэйгээр дотогш сорох нь шууд л огиудас хүргэнэ. Харсаар байтал доожоогүй нэгэн.
Хамгийн түрүүн түүн руу охид довтолж эхэллээ. “Ямар заваан юм, наад нусаа арчаач”, ”Май энэ шалны алчуур, нусаа арч”, ”Хөдөөний мангар” гэх зэргээр нүүрэн дээр нь доромжлон цаагуураа бол нэлээд гүтгэлгийн чанартай “хошногоо арчдаггүй учраас жорлон ханхлуулж явдаг”, “толгой нь цул хуурс, ойртоод хараарай хяруу уначихсан юм шиг цайрч харагдана билээ” “нүд нь хялар юм билээ”, “үгүй, долир гээч”, “хялман гэдэг юмаа” гэх мэтээр маргаж ярилцан шоолно. Би ойртож байгаад үнэртэж ч үзсэн, сууж байхад нь халимгийг нь ч сайн харсан, шал худлаа. Нүд нь зүв зүгээр, яахаараа ч хэвийн нүд охидод тэгэж харагддаг юм? Гэхдээ цэвэрч биш л дээ, захны даавуу нь нэлээд хиртэй, гутал нь бөөн тоос.
Сургуульд тогтсон заншлаар ангийн хүүхдүүд атмаанаа шалгаруулж дугаар өгдөг. Анги маань 15 эрэгтэй хүүхэдтэй учир 1-15 хүртэл дугаартай атмаантай. Атмааныг зодолдож шалгаруулна, бүгдийг дийлдэг нь 1 дугаартай, бүгдэд дийлдэгт хамгийн сүүлчийн дугаар ноогдоно. Гаднаас шилжиж ирсэн хүүхэд автоматаар шууд сүүлчийн дугаар авах боловч ихэнхдээ тэр хүүхэд хэд хэд зодоон хийсний дараа дэвшин явдаг. Манай ангид нэг шинэ хүүхэд ирснийхээ маргааш ангийн нэгдүгээр атмааныг зодоод шууд анги ахалж байсан тохиолдол ч бий. Ангийн атмаан болох бас бага хэрэг, сургуулийн атмаан болж байж хавь ойрдоо овгорт тооцогдож хүлээн зөвшөөрөгдөнө. Хараад байхад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдүгээр атмаан тун айдастай болдог. Учир нь хүүхэд болгон түүний хөдөлгөөн бүрийг ажиглан эв нь таарвал гэнэдүүлж байгаад ч болтугай зодон дийлж титмийг нь булаах эрсдэлтэй.
Мөнөөх хөдөөнөөс ирсэн хүүхдийн хувьд лав л эхний хэдэн долоо хоногт түүнийг тоож өдсөн эрэгтэй хүүхэд гарсангүй. Тэртэй тэргүй хамгийн сүүлчийн атмаан. Түүнд ядахнаа хүний сонирхол татах булаагаад авчихмаар үзэг цүнх ч байсангүй. Тэгтэл нэг өдөр манай ангийн хоёр атмаан юунаас ч юм болж зодолдов оо. Тэр хоёр дараалсан дугаартай атмаан байсан болохоор хэн нь хэнийхээ урд гарахыг тогтоох шийдвэрлэх тулаан. Явцын дунд өнөөх хөдөөний хүүхэд унагасан үзгээ авах гээд шалан дээр дөрвөн хөллөчихсөн байхад нь тулалдагч хоёрын нэг нь ухарч яваад түүнийг дайран дамналдаж ар гэдэргээрээ саван унав. Унаж явахад нь нөгөө нь амжиж нүүрэнд нь цохисон учир хэн ялсныг тогтооход ямар ч маргаан байсангүй. Ялагдагчийн хамраас цус гоожих нь хөндөлсөж хэвтсэн жаалын биш нүүрэнд нь амжиж дэлссэн атмааны нударгын үр дүн гэдэг нь хэнд ч илэрхий. Харин ялагдагч уурссандаа босч ирээд өнөө мууг өшигчиж гарав. Нэгнийх нь хамраас цус, нөгөөгийнхөөс нь нус ямар ч хориогүй урсана. Хэрэв энэ үеэр гаднаас багш орж ирээгүй бол хөөрхийг алчих ч байсан юм билүү!
Маргааш нь манай ангийн нэгдүгээр атмаан хөх няц болсон хөөрхийг зүгээр сууж байхад нь ууцан дээр нь тоос манартал алгадаж аваад толгойг нь зориуд ширүүн илж:
- Чи хөө, тэрнээс хариугаа аваач. Чи бол ялна даа. Өчигдөр гэнэдчихсэн байх тээ? гэж өдөөд хоржжонтойгоор инээд алдан охид руу харан нүд ирмэв.
- Үгүй ээ. Би эхлээд сургуулийн нэг хоёр дугаар атмааныг зодно. Өчигдрийн хулгайчийг хамгийн сүүлд бялбана – гэж авдаг байгаа.
Нэгдүгээр атмааныг ярьж байхад бүгд анхааралтай чагнан дуугаа хураадаг заншлаар дүнсийж байсан танхимд түүний энэ аймаар үгийг бүгд сонслоо. Цэлмэг тэнгэрт аянга нүргэлэх шиг болсон хэрэг. Анир чимээгүй хэдэн агшин үргэлжилснээ ангиар нэг нүргэлээн дагалдсан нь аадар орох шиг. Хүүхэд бүр авиа гаргана. Зарим нь инээнэ, зарим нь гайхсандаа орилно. Охид илүү адтайяа чангаар тас тас хөхрөнө.
-Эхлээд намайг зодчих- хэмээн ангийн нэгдүгээр нэр төртэйгээр дуун алдав.
-Тэр хоёрыг нялгадчихаад дараа нь чамайг нүдье!
Нэгдүгээр түүнийг цохих гэж нударгаа далайснаа гэнэт болиод:
-Сургуулийн атмаануудыг зодчихоод над дээр хүрээд ирээрэй! – хэмээн шоолонгуй өгүүлсэн ч хоолой нь цахиртаад нэг л хачин буй нь мэдрэгдэв.
Сургуулийн нэгдүгээр атмаан болох гэсэн мань хүний яриа манай байтугай хотын бүх сургуулиар дорхноо тархав. Манай сургуулийнхан энэхүү зууны тулалдаан хэзээ болохыг хүлээн дор бүрнээ үзмэрт яарах боллоо. “Хэн нь эхэлж өдөх бол?”, “Мань эрийн яаж зодолддогийг хэн ч үзээгүй болохоор юу болох бол?”, “Хоёулантай нь зэрэг зодолдох болов уу, дараалах болов уу?” гэх мэтчилэн бид өглөө оройгүй маргалдан тааварласаар хичээлээ хэн ч сонирхохыг болив. “Нууц бэлтгэгдсэн аймаар зодооч гэнэ”, “Нутагтаа эзгүй хээр газар бэлтгэл хийж байхыг нь харсан хүн байна, цаана чинь”, “Бэлтгэлээ чоно, баавгай дээр хийж нүцгэн гараараа алж байж дуусгадаг гэнэ” гэх мэтийн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа тархлаа. Мань хүний нэр хүнд ч дээшээ гозойлоо. Охид түүн рүү илэрхий хандрах болов. Харин мань эр аль ч охиныг хяламхийн харахгүй нустай хамраа дээш өргөн пээдийж тэдний гижгийг улам хүргэнэ. Тэрээр ангийн бидний эрчүүдийг ч тоож дугарахгүй, хажуугаар зөрөхдөө зориуд мөрөөрөө шүргэн өнгөрөхөд бид зай тавьж өгнө.
Нэг өдөр тэрээр бидэнд хандаж байгаа ч юм шиг нэлээд чангаар:
-Сургуулийн нэгдүгээр атмаан гэгдээд байгаа эр нэг аятайхан батэрфлай цохиуртай юм аа? – хэмээн асуух хүүрнэхийн хооронд юм хэлсэн болов. Маргааш нь хүүхэд болгоны барьж тоглох юмсан гэж мөрөөддөг теннисний цохиураа барьсаар сургуулийн нэгдүгээр атмаан маань завсарлагаанаар манай ангид ороод ирдэг юм байна.
-Хоёулаа энэ цохиураар наймаа хийе. Чи миний батэрфлайг ав, оронд нь би энэ энгрийн тэмдгийг чинь авъя- гээд цохиураа сарвайлаа.
Манай хүн цохиурыг аван эргүүлж тойруулж үзэж байснаа үнэртэхэд нус нь өнөө гоё цохиурын торгон хаймарт наалдлаа.
Санал болгосон энгэрийн тэмдэг бол сохор зоосны үнэгүй хогийн паалантай төмөр шүү дээ.
-Би зөвшөөрч болох юм. Гэхдээ бодож байгаад хариу хэлье. Хэд хоногийн дараа асуугаарай – гээд цохиурыг шууд өөрийн цүнхэндээ хийчих нь тэр.
Сургуулийн атмааныг гарч явсны дараа бид анги хамт олноороо алгаа хорстол ташин түүнд баяр хүргэв. Тэр манай сургуулийн нэгдүгээр атмааны цомыг тулаангүйгээр булаан авлаа.
…Үүнээс хойш олон жил өнгөрлөө дөө. Мөнөөх хөдөөний ноомой хүү маань удалгүй хотын нэгдүгээр атмаан болсон. Дараа нь цэрэгт явж армийн атмаан болсон төдийгүй генерал болтол дэвшсэн. Удалгүй улсын нэгдүгээр атмаан болж төр нийгмээ толгойлох болсныг өдөр бүр зурагтаар үзүүлнэ. Хөрш орнууд дараалан түүний атмааныг зөвшөөрч манай оронд ээлж дараалан дагаар орох боллоо. Хэдхэн жилийн өмнө түүнтэй өрсөлдөх атмаан дэлхийд үгүй болж тэрээр гаригийн атмаан болчихоод байгаа. Сургуулийн нэгдүгээр атмаан болсноос хойш тэрээр зогсолтгүй дэвшин, байж болох бүх юмны оройд гаран гаригийн нэгдүгээр атмаан болсон авч нэг ч тулалдаанд биеэр ороогүй. Бүх дэлхий даяар түүнээс айдаг ч хязгааргүй ихээр хүндэлдэг. Өдий болтол түүнд зодуулсан нэг ч хүн хорвоо дээр үгүй. Тэр зөвхөн зодно гэдгээ л хэлдэг юм. Түүний зодолдохыг харсан хүн үгүй ч тэрсэлдэхийг хэн ч хүсдэггүй. “Хохь чинь шүү, бялба авна шүү, гомдол байвал нөгөө ертөнцөд очиж хэлээрэй” л гэдэг юм.
Тэрээр одоо амьд амьтантай өөр гариг судлуулахаар олон мянган эрдэмтдийг ажиллуулж байгаа. Манай нарны аймагт амьдралтай гариг байхгүйг түүний эрдэмтэд нотолчихоод байгаа. Харин саяхнаас зурагтаар ярьж буйгаас үзэхүл манай дэлхийгээс дөрвөн нарны гэрлийн жилийн зайтай хүн оршин суудаг нэг гариг олдсон гэх юм билээ.
Би ангийнхаа хүүхдээр ихэд бахархдаг. Түүнээс өдий болтол үлдсэн ганц юм нь уруул давсан нус нь. Тэрээр нусаа арчдаггүй, асар их чимээ гарган дотогш сордог нь хэвээрээ. “Нусаа арч” гэж загнадаг байсан ангийн охид маань бүгд нас барсан гэнэлээ. Аль дээр үед гэсэн. Ангийнхнаасаа нэгэнтэй нь ч тааралдаагүй болохоор яаж яваад өнгөрцгөөснийг нь ёстой мэдэхгүй. Ер нь амьдаас гэвэл ангиасаа би л ганцаараа үлдэж дээ. Би чинь ангийнхаа 14 дүгээр атмаан явлаа шүү дээ.
2017.11.11