АРСЛАН
“Өндөр эрх мэдэлт эзэнт төр байг, толгойлогчийг нь жанжин, шүүгч, консул гэж нэрэлдэг байг, тэр нь шүүх болон зөвлөмж дагадаг байг, дайны үед тэд хэнд ч үл захирагддаг хязгааргүй эрх мэдэлтэй байг, гэхдээ тэдний хувьд [Salus rei publicae summa lex tibi est] хуулийн дээдийн дээд зорилго нь ард түмний сайн сайхны төлөө л байх ёстой”. Марк Тулли ЦЭЦЭРОН
Франц-польшийн жүжгийн зохиолч Славомир Мрожэкийн 1957 онд бичсэн “Арслан” хэмээх ёгт өгүүллэгийг би олон жилийн өмнө монгол хэлнээ орчуулсан ба 2002 онд хэвлэгдсэн “Дараа нь чиний ээлж” орчуулгын түүвэр номд мөн хавсран орж байсан. Абсурд жүжгийн зохиолоор дэлхийд нэрд гарсан Мрожэкийн “Азтай учрал” жүжиг 1997 онд миний орчуулгаар Монголын тайзнаа бас тавигдаж байв. Мрожэкийн “Арслан” өгүүллэг өнөөгийн Монголын улс төрийн уур амьсгалд ёгтлол сургамж сануулга маягтай сонсогдох тул үүнийг уншигчдад сонирхуулж байна.
Славомир МРОЖЭК
АРСЛАН
Цэзарь хаан дохио өглөө. Төмөр сараалж өргөгдөхөд харанхуй хонгилын чанадаас нүржигнэх чимээ улам наашлан чангарах шиг. Цэнгэлдэх хүрээлэнгийн голд зогсох загалмайн шашинтнууд тэрүүхэндээ бөөгнөрөлдөн атгасан шагай шиг болов. Үзэгчид илүү сайн харах гэж суудлаасаа өндөлзөнө. Уулын хад чулуу нурах аятай нүргээн, хөөрч догдолсон хүмүүсийн чарлаан, айсан загалмайтнуудын орилоон. Эхний арслан хөл дээрээ хөнгөхөн үсэрсээр хонгилоос дүүлэн гарч ирлээ. Ийнхүү наадам эхлэв.
Урт шургааг зэвсэг болгон барьсан арслан хариуцагч Бондани Каяас бүх арслан энэ аймшигт зугаанд бүрэн оролцож байгаа эсэхийг бүртгэнэ. Тайвшраад эргэж харвал яг хаалганы дэргэд нэгэн арслан цэнгэлдэхийн талбайн төв рүү явахын оронд юу ч болоогүй юм шиг лууван идээд байж байх юм. Ганц ч арсланг цэнгэлдэх дотор дэмий сэлгүүцүүлэхгүй байх үүрэгтэй учир Каяас хараал талбив. Ингээд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэмд заасан хэмжээний зайд ойртоод уул арсланг цочоох санаатай шургаагаараа өгзөг рүү нь чичлээ. Гэтэл цаадах нь эргэж харснаа хариуд нь ердөө л сүүлээ шарвах нь тэр. Каяас ахин арай чангахан хатгав.
-Зайл - гэж арслан уурсав.
Каяас толгойгоо маажлаа. Үгэнд нь орохгүй гэдгээ арслан ойлгогдохуйц илэрхийлжээ. Каяас хэдийгээр өөдгүй хүн биш авч үүрэгт ажлаа гүйцэтгэсэнгүй хэмээн эзэн нь эргээд өөрийг нь үхэлд заагдсан хөөрхий загалмайтнуудын дунд суургачих вий гэж айв. Гээд нөгөө талаас арслантай муудалцах хүсэл байсангүй. Иймээс түүнийг ятгаж сэнхрүүлэхээр шийдэв.
- Ядаж намайг бодож хөдлөөч дээ- гэж гуйв.
- Тийм тэнэг амьтан алга – хэмээн арслан луувангаа идэнгээ өчив.
Бондани Каяас дуугаа намсган:
-Чамайг гүйж очоод хэн нэгнийг ноцон зулгаагаад уна гээгүй шүү дээ. Энэ дундуур явахнаа тойрч гүйгээд, хэд хүрхрээдэхэд л болоо шүү дээ. Тэрийг чинь харсан гэрч нар байхад л хангалттай.
Арслан сүүлээ шарван:
- Тийм тэнэг амьтан алга гэж би чамд хэлээ биз дээ. Намайг тэр дунд явааг улсууд хараад нүдлээд авчихана. Хэнийг ч барьж идээгүй гэдэгт минь хожим хэн ч үнэмшихгүй.
Арслан хариуцагч санаа алдаад:
-Ингэхэд чи яагаад дургүйцээд байгаа юм бэ? – хэмээн арга барагдсан өнгөөр асуулаа.
Арслан Каяасыг анхааралтай ширтэн:
-Чи сая “гэрч” гэж хэллээ. Энэ ихэс язгууртнууд яагаад арслан бидний орноос өөрснөө цэнгэлдэх дундуур гүйлдэн загалмайн шашинтнуудыг барьж тасчихгүй байгаа юм бэ? Энэ талаар чи бодож үзсэн үү?
-Мэдэхгүй… Ер нь тэдний ихэнх нь хөгширсөн… бас багтраатай, мэнгэртэй…
-Хөгширсөөн…? – хэмээн арслан доогтой гиншин лавлаад – Чи улс төрийн бодлого мэдэхгүй юмаа даа. Цаад ихэд дээдэс чинь ердөө л гэрчтэй үлдэхийг хүсэж байгаа юм.
-Хэний өмнө тэр вэ?
-Өдгөө соёолж буй шинэ хүчний өмнө. Ургаж буй шинэчүүлийн нүдээр түүхийг харж сурах хэрэгтэй. Загалмайн шашинтнууд хэзээ нэг цагт төрийн эрхэнд гарч болох юм гэж бодогдохгүй байна уу?
-Эд төрийн эрхэнд үү?
-Юмны далд санааг эртхэнээс гадарлаж байх хэрэгтэй. Их Константин хаан эрт орой алин боловч загалмайтнуудтай эвлэрэх байх гэж би бодож байна. Тэгвэл яах вэ? Загалмай шашинтнууд цагаадана. Чухам чингэх үед л энд суугаа үзэгчид “Бид биш ээ. Арслангууд л тэгсэн шүү дээ” гэж огт түгдрэлгүй хэлцгээх болно доо.
-Нээрэн тийм юм байна. Энэ талаар огт санаанд орсонгүй.
-За тэр! Энэ ч бас яахав.Миний хувьд хар толгойгоо авч үлдэх нь гол. Хэрэв тийм цаг ирвэл намайг лууван идэж байсныг бүгд санана. Энүүхэндээ гэхэд лууван гэдэг чинь бөөлжис цутгам заваан эд юм гээч.
-Гэсэн ч чиний найз нөхөд загалмайтан нарыг дуртай нь аргагүй барьж идэж байна - хэмээн Каяас өдөнгүй хэллээ.
Арслан толгойгоо дальжийлган:
-Болхи амьтас. Тулга тойрсон бодолтнууд… Зарчимгүй шаарнууд. Юунд л бол юунд хууртана. Тактик стратегийн бодлогогүй махан голнууд. Харанхуй бүдүүлэг тэнэгүүд.
-Хүүш! – гэж Каяас гэнэт дуу алдлаа.
-Юу гэж?
-Хэрвээ энэ загалмайтнууд… ойлгож байна уу…?
-Загалмайтнууд юу гэж?
-Яахав дээ… Тэд төрийн эрхэнд гарвал…
-За…?
-Тэр үед би чамайг ийм юманд албадаагүй гэдгийг чи гэрчилж өгөх үү?
-Salus rei publicae summa lex tibi est* - хэмээн арслан сургамжилсан маягтай өгүүлээд, луувангаа үргэлжлүүлэн идэж гарав.
* Эртний Ромын аугаа философич, хуульч Цэцэроны (МЭӨ 106-МЭӨ 43) “Хууль” бүтээлд байдаг “Хуулийн дээдийн дээд зорилго нь ард түмний сайн сайхны төлөө байх ёстой” гэсэн зарчим. Утгачилбал “Төрийн эрх мэдлийн үндсэн суурь нь ард түмний хүсэл эрмэлзлэл юм”.
“Өндөр эрх мэдэлт эзэнт төр байг, толгойлогчийг нь жанжин, шүүгч, консул гэж нэрэлдэг байг, тэр нь шүүх болон зөвлөмж дагадаг байг, дайны үед тэд хэнд ч үл захирагддаг хязгааргүй эрх мэдэлтэй байг, гэхдээ тэдний хувьд [Salus rei publicae summa lex tibi est] хуулийн дээдийн дээд зорилго нь ард түмний сайн сайхны төлөө л байх ёстой”.
Марк Тулли ЦЭЦЭРОН