Арилжааны банкны захирлуудын цалинг ил болгоё!
Монголд аливаа ашиг орлогын гарал үүслийг “шилэн” болгох чимээгүй “дажин” өрнөж, урьд нь нууц байсан бүхэн ил болж олон нийт ч үүнийг талархалтай хүлээн авах болов.
Монголд аливаа ашиг орлогын гарал үүслийг “шилэн” болгох чимээгүй “дажин” өрнөж, урьд нь нууц байсан бүхэн ил болж олон нийт ч үүнийг талархалтай хүлээн авах болов. Харин хамгийн гол зүйл буюу өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан дотор эд эс болон нуугдаж буй арилжааныбанкны захирлуудын цалинг “мартсан” бололтой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой нууц биш. Дэлхийн олон оронд банкны захирлууд цалингаа зарладаг. Гэтэл манайд хав дарсан нууц болдог. Тиймдээ ч захирлын чинь цалинтийм байна, танайх үйл ажиллагааны зардлаа хумих боломжтой гэдэг шаардлага, саналыг хэн ч хэзээ ч тавьж үзээгүй хаалттай бүс болчихсон байдаг. Ямар сайндаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын цалин жилд 160 сая төгрөг байдгийг тухайн үед Байнгын хорооны хуралдаан дээр Үндэсний аудитын газраас мэдээлэхэд хэсэгтээ шаагилдаж байх вэ. Асуудлын гол нь тэдний цалин өндөр гэдэгтээ биш, нууц гэдэгтээ байсан хэрэгл дээ.
Тэр үед "Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журмуудыг шинэчлэх шаардлагатай байна" гэх хэсгийнхээ 1.56 дахь хэсэгтээ "Тухайлбал, гүйцэтгэх захирал сарын цалин 10 сая төгрөг дээр нэмж улирал тутам 10.0 сая төгрөг, газрын захирал сарын 6.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 6.0 сая төгрөг, хэлтсийн захирал сарын цалин 3.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 3.0 сая төгрөг авч байсныг" аудитын шалгалтаар тогтоож байв. Тэгвэл арилжааны банкныхны цалинд аудит хийдэг үү, олон нийтэд мэдээлдэг үү. Үүнтэй уялдуулж зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг тодорхойлох тогтоох байгууллага байна уу. Ингэж асуудал тавихын учир нь гэвэл арилжааны банк гэдэг нь олон нийтээс мөнгө татаж, олон нийтэд мөнгө хүүтэй зээлдэг гэдэг утгаараа тэнд болж байгаа бүхий л үйл явдал та бидний халаасыг тэмтэрдэг учраас энэ асуудлыг бид заавал хөндөх ёстой.
Мөн өнгөрсөн намар “Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. Эндээс харвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайхан захирлын сарын цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа. Бас УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна” гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Дээрх хоёр банк бол төрийн өмчит гэдгээрээ арилжааны банкнаас өөр. Гэхдээхэвлэлийнхнийэрэн сурвалжилж олсон энэ мэдээлэл тухайн банкнаас эсвэл төрийн байгууллагаас өгдөг мэдээллээс үнийн дүнгээр хавьгүй илүү байгаа биз. Энэ бол тухайн байгууллага дотроос өгсөн бодитой мэдээллээр гарч ирсэн цалингийн хэмжээ юм.Тэгвэл арилжааны банкны захирлын цалинг хэрхэн мэдэх вэ.
Жишээ нь, гурван жилийн өмнө “Хас”-ын Ч.Ганхуягтай ярилцлага хийж байхдаа цалинг нь хэлүүлэх гэж оролдсоор тус банкны гүйцэтгэх захирал сард 50 сая төгрөгний цалин, нэмж улирал тутамд 50 сая төгрөг, ТУЗ-ийн дарга нь сард 30 сая төгрөгний цалин, нэмж улирал тутамд 30 сая төгрөгийн цалин авдаг гэж хэлүүлсэн ч байгууллагын дотоод нууц гээд ярилцлагаас хасуулж байв. Одоо хэрхэн нэмэгдсэн нь тодорхойгүй.Тэгэхээр арилжааны банкны ядахдаа удирдлагын багийнхны цалин тус банкны харилцагчдад, олон нийтэд огт хүртээлгүй өндөр зэрэглэлтэй нууц мөн үү. Хэрэв үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой байсан ч тас нууцлаад хадгаламжийн хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал хоёр өндөр хэвээрээ гээд зээлийн хүүгээ буулгахгүй байвал хэн ч олж мэдэх боломжгүй гэсэн үг үү. Цаашилбал хэрэв арилжааны аль нэг банкны захирал “мөнгө угаасан байж болзошгүй” хэрэг үйлдээд явж байвал, эсвэл “бохир мөнгө”-ийгцалин, урамшуулал гээд нуусан тохиолдолд хэн ч шалгах эрхгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ.
Төрийн банк, Хөгжлийн банкны тухайд тэд төрийн өмчит компанийн хэлбэрээр ажилладаг учраас шалгуулж байна. Харин арилжааны банкуудын захирлуудыг шалгах эрх, шалгасан тохиолдолд үнэн зөвөөр мэдээллээ өгнө гэдэгт итгэхэд бэрх. Тиймээс “хүү залгигчид”-аа шалгаж байж зээлийн хүүг бууруулах боломж тэдэнд өөрсдөд нь байсан эсэхийг тогтоож олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Үүнийг ч Банкны тухай хууль хэлэлцэж, зээлийн хүүг бууруулах боломжийг зах зээлийн бус хуулийн арга замаар эрэлхийлж буй энэ өдрүүдэд арилжааны банкуудын захиралууд цалингаа ил тод мэдээлдэг байх тухай боломжит хэмжээнд шаардлага болгон тавих нь чухал гэдгийг сануулъя.