Татвар эмийн хүүрнэл

II

Арвангуравдугаар бүлэг

ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ


Сэтгэл санаа тавгүйтсэнд идэж уух ч дагаад багасч, дуртай дургүй хооллож байгаа тул сайтар шингээж чадахгүй байлаа. Нөгөө хаврын уулыг дүрсэлсэн хатгамалаа үргэлжлүүлэхээр суусан боловч хэдхэн зүү хатгаад л дургүй хүрэхээр нь орхичихоод хэвтээд өглөө. 

Шөнө дунд хүйтэн бороо цонх товшоод, бухимдал төрүүлмээр, олигтой ч унтаж амарсангүй. Өглөө босоход бие нэг л өөдтэй биш, нэг юм л цээжин дээр тээглэчихсэн юм шиг эвгүй оргино. 

Хуаньби миний хувцсыг сольж байхдаа, цочсон бололтой:

Эзэгтэй, отчийг дуудаж үзүүлэх үү, царай чинь нэг л базаахгүй харагдаж байна гэлээ. Би хүчлэн байж биеэ цэхлээд:

Хэрэггүй, энэ хэдэн өдөр нэг халаад, нэг хүйтрээд байсан энэ тэнгэр, тэгээд л жаахан даараа биз. Өдийд отчийг дуудаж үзүүлнэ гэвэл хатантанд очиж амрыг нь эрж амжихаа байна. Хүмүүс тэгэхээр юу гэх ч юм билээ? Аягүй бол намайг хоосон сүр гаргаж байна ч гэж мэднэ. Хатанд бараалхаж ирээд цагаан гаатай халуун шөл уучихъя. Гайгүй болно биз гэж хэлэв. 

Хуаньби санаа зовон намайг харснаа:

Тэгвэл боол би хоёр хүнийг дагалт болгон тантай явуулъя гэв. 

Тэгээд хатны өргөөнд очиж амгаланг айлтгахдаа, тэнд санаандгүй хаантай таардаг юм байна. Амгаланг эрэх ёслол дуусаж, олноороо сууцгаагаад энэ тэрийг хүүрнэн байх зуур хаан бүгд цугларсан байхыг хараад Хуафэйг заан:

Ордонд дэгдсэн тахлыг дарж зогсооход Хуафэйн зүтгэл багагүй байлаа. Тийм болохоор өнөөдрөөс түүний хатдын ордонг зохицуулах эрхийг нь сэргээж байна гэлээ. Энэ үг миний чихэнд, сэтгэлд ямар бэрх сонсогдов оо. Аргагүйн эрхэд барьсан цайны аягаа чанга атгаад, өөртөө болохгүй шүү, мэдэгдэж хэрхэвч болохгүй гэж сэм хэлж суулаа. 

Хуафэй босож ирээд:

Хаан эзэнд талархая гэлээ. 

Түүний царай зүс нь гэрэлтэж гийгээд, өнгөлөг гэж жигтэйхэн, бараг л Сюаньлин эрх ямбыг сэргээж өгөхийг мэдэж байсан юм шиг дүртэй байх аж. Хувцас хунар, гоёж гоодсон нь ч гэж уулга алдуулмаар гял цал бууж байна. 

Хаан:

Хуафэй чи цол эрэмбийн ёсыг сахиж, хатантанд сайтар тусалж байгтун гэлээ. 

Ай хөөрхий, энэ үг сэтгэлийг минь чулуу мэт цохилоо доо. Уруулаа тас зуугаад харахыг хүсээгүй зүйл ингээд ирдэг юм байж гэж бодлоо. 

Хичээсэн бүх зүйл маань ингээд талаар өнгөрдөг байж. Гээд яах вэ, уур хорслоо хүчээр бариад олонтой нийлж, Хуафэйд баярыг ерөөв. Хатан ч гэсэн янзгүйхэн:

Хуафэй дүүд баяр дэвшүүлье гэж байх юм. 

Хуафэй баярлаж хөөрсөндөө барагтай бол нисэх нь ээ. Хатан ахайтныг тэгж хэлж дуусаагүй шахам байхад хаан Фэн Шүиг инээмсэглэн хараад:

Шүи ч гэсэн ордонд ирээд тав зургаан жил болж байгаа байх аа? Шүи цолт Фэн чиний зан ааш эелдэг сайн, хүлээцтэй, хянамгай тул чамд хоёрдугаар зэргийн хатан фэй цол олгож, Зин хэргэмээр шагная гэлээ. 

Гэнэтхэн ийм зэрэгтэй болсондоо мэлэрч орхисон Фэн Шүи хэсэгтээ л мэлэрч орхилоо. 

Хаан:

Чи яав? Баярласандаа дүйнгэ болж орхив уу, гялайж талархасанаа хүртэл хэлэхээ мартчихлаа гэлээ. Тэгж хэлэхийг нь сонсоод цаадах нь сая сэхээ орсон бололтой, яаран сөхөрч хишигт талархан баясав гэж байна. - Зэрэг дэв хүлээн авах ёслолыг энэ сарын хорин зургаанд хийхээр тогтоё. Зинфэй чи Хуафэйтэй нэг жил ордонд ирээд, одоо бас эндхийн ахмад настай хүнд тооцогдох болж, чи Хуафэйд сайтар тусалж, хамтаар хатдын ордонг тохинуулан, хатан ахайтны ажлыг хөнгөлж байсугай гэж хэлэв. 

Фэн Шүи ер нь тэгж хааны хайрт нь болж хайрлагдаж байсан нь бага байх, тэр талаараа бол Хуафэйтэй ёстой зүйрлүүлж ярих юм биш. Өнөөдөр ч гэсэн зэрэг цол нэмээд, их эрх мэдэлтэй болж байгаадаа баяр хөөр нь бялхаж байгаа байх. Гэхдээ тэр нөгөө л байгаа янзаараа, төлөв сайхан дүрээрээ, зөөлөн инээмсэглээд л талархан сууж байна. 

Харин Хуафэй түүнийг ингэж зэрэг дэв ахиж байгаад нэг их дуртайгүй янзтай. Тэрхэн зуур би бараг бүгдийг нь ойлгочих шиг боллоо, юу гэвэл би ордонд ирээд тэгтлээ удаагүй болохоор цол нэмүүлж аваад Хуафэйтэй үзэлцээд байж болохгүй, хаан болохоор Хуафэйн эрх сүр гаарч өгөх байх гэж дотроо эмээгээд, зориуд Фэн Шүиг дэвшүүлэн Хуафэйн эрх мэдлийг хуваалцуулж, Арын ордонд тэнцвэртэй байдал үүсгэж буй биз ээ. 

Тийм байж, ямартаа ч би нүүр дүүрэн инээмсэглээд:

Зинфэй ахайтанд баяр хүсье гэлээ. Энэ ерөөл Хуафэйд хэлсэн үгнээс хамаагүй илүү үнэн сэтгэлийнх байлаа. 

Баяр ерөөж дуусмагц Сюаньлин гарч явав, олон ч бас тарж эхэллээ. Хуафэйг эрх мэдлээ сэргээж авсан болохоор цөөнгүй хүн түүнд хүндэтгэн зам тавьж өгч байгаа харагдана. 

Би зөөлөн жуузандаа суухад, жуузыг өргөж явдаг тайганууд нэг эгнээ болон жигдрэв. Миний дотор баяр түгшүүр, бухимдал аль аль нь багтаж байлаа. Баяртай нь Фэн Шүи Фэй хэргэмтэй болсонд, нөгөө нь яах вэ Хуафэйн л тухайд юм. Муу тал нь л жаахан их байх вий гэж эмээх юм, учир юу хэмээвээс Фэн Шүи түүнийг хазаарлаад байж чадахгүй л болов уу. 

Ийнхүү элдвийн зүйлийг бодоход бухимдах бөлгөө. Хавар цагийн шувуудын дуу хүртэл тээртэй санагдана. 

Тэгээд:

Хасын өргөөнд очиж Чэнь Рунхуатай уулзана гэлээ. 

Сяо Юньзы намайг тэгж хэлэхийг сонсоод, цочиж айсан байх, бушуухан ам нээн:

Боол би илүү үглэж байж магад, гэхдээ Рунхуагийн өвчин бүрэн илааршаагүй байгаа, бид тийшээ очихгүй байвал сайнсан. Тэгээд ч таны бие өглөө баахан тавгүй байсан, ордондоо эртхэн буцаж амарвал дээргүй юу гэж хэллээ. 

Би:

Би зүгээр ээ. Ер нь юунаас нь айх вэ, ахиухан агь уугиулж байгаад л утчихвал болох биз. Тэнд чинь тийм юм хийгээд байж байгаа зарц нар бас бий биш үү? гэвэл Сяо Юньзы инээгээд:

Уг нь ч тийм л дээ, гэвч авхай та бие хаагаа… гэснээ намайг янзгүй байгааг хараад үргэлжлүүлж зүрхэлсэнгүй, толгой гудайлгаад Хасын өргөөг зүглэхээс өөр аргагүй боллоо. 

Фэн Шүи, Зинфэй цолтой болж байгааг тунхагласан зарлиг хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа ч, нэгэнт л хаан амаараа хэлчихсэн тул Арын ордны хатад тэдний өргөөнд цуглаад хөөр болж, харин хажууд нь байгаа Мэйжуаны өргөө жигтэйхэн эл хуль оргино. Хашаанд нь явж орвол чимээ аниргүй атлаа эмх цэгцтэй аж. Хуучин байснаасаа хамаагүй өөр цэв цэвэрхэн. Хэдэн зарц хүүхнүүд пийшин дээр эмийн ургамал уур савсуулан буцалгана. Тэд намайг хараад яаран босон ёсолж байна. 

Дотогш орвол Фан Рүо үйлчилж, Байлин, Цайюэ хоёр түүнд туслах аж. 

Би инээмсэглэн:

Хаантан таныг тусгайлан энд байлгаж Мэй эгчийг асруулж байгаа гэж сонссон. Гүүгүү та ядарч байгаа байх даа гэлээ. 

Фан Рүо инээд алдан:

Авхай таны энэ үг боол надад хүнддэнэ шүү гээд ор руу заан, - Рунхуа эзэгтэй овоо л болж байна. Та харин яг сайхан таарч ирлээ гэв. 

Би:

Өө тийм үү? гэж хэлээд Сяо Юньзыгийн нүд амаа сонин сонин болгохыг анзаараагүй дүр үзүүлээд, шууд л явж очин орных нь өмнө суугаад, - Эгч өнөөдөр их сайхан харагдаж байна гэв. 

Мэйжуаны царай зүс үнэхээр сайжирчээ. Нүдээ хагас нээж, намайг харж хүчлэн инээмсэглэв. Түүнийг уурлах байх гэж эмээгээд Хуафэйн тухай зүхэлсэнгүй, баяртай мэдээгээ л дуулгалаа. Мэйжуан чимээгүй л сонсох аж. Би инээмсэглээд:

Фэн Шүи маань Зинфэй болсон. Та бас сайжирч байна. Рунхуа цолоо бас эргүүлээд авчихлаа гэвэл Мэйжуан ядарч туйлдсан царайндаа муухан инээмсэглэл тодруулж, хуруугаараа дэрэн дээр тавьсан цэцгийн дэлбээг зөөлөн имрээд:

Рунхуа боллоо... гээд, - Авхай байснаас ямар ялгаа байхав, ердөө л нэр төдий зүйл биш үү. Би үнэхээр ядарч байна… гэлээ. 

Би түүнийг өвчин нь сайн илаарь болоогүй, дээрээс нь хорионд өчнөөн зовлон амссан болохоор гунигтай үг хэлэх нь арга ч үгүй юм гэж бодоод, зориуд түүнийг аргадан:

Эгчийн царай зүс сайхан болж байна, хааяа нэг босоод жаахан жаахан явж байвал сайн санж. Гадаа одоо урин цаг ирээд их сайхан байгаа, агаар ч тунгалаг шинэ байна гэв. Мэйжуан харин залхуурч төвөгшөөсөн шинжтэй:

Би гадаа гарахаас төвөгшөөнө. Хүн амьтантай тааралдвал яршиг зүгээр. Эндээ л цэвэрхэн, анир чимээгүй хэвтэж байвал болно гэж хэллээ. 

Ингэж ярилцаж байтал Вэнь Шичү түүний судсыг чагнаж үзэхээр орж ирсэнээ, намайг сууж байхыг олж үзээд, эвгүй санагдсан бололтой, буцаж гарах гэлээ. 


НЭПКО хэвлэлийн газар