АРГАЛЬ УГАЛЗ- ХОВОРДСОН ЭРДЭНЭ


“...Алтайн угалз бол дэлхийн хамаг угалзын Хаан юм…”.

 Жеймс Л.Кларк (АНУ-ын нэрт аялагч, амьтан судлаач)

Аргаль угалз бол Монгол орны ховордсон зэрлэг амьтдын ертөнцөд онцгой байр эзлэхүйц хувь тавилан, үнэ цэнтэй эрдэнэ.  

Гэвч манай улсын байгаль орчин хийгээд амьд байгалийн өвийг хамгаалах үүрэгтэй байгууллагуудын анхаарлын төвд хараахан орж  чадахгүй эдүгээ хүрээд буй нь харамсалтай. Түүнийг хамгаалахтай холбогдсон ойр, дунд хугацааны төлөвлөгөө болоод хэтийн стратеги зорилт бараг байхгүй гэхэд эс хилсэднэ.  

Хэрэв манай оронд олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хамгийн их татдаг зэрлэг амьтдыг шалгаруулах санал  хураавал цоохор ирвэс түрүүлэх нь мэдээж. Тэрбээр гайхалтай гоё чамин агаад нууцлаг амьдралтай амьтан. Тахь удаах байранд, түүний араас саарал чоно, цагаан зээр, мазаалай тус тус дараалж  орно. Харин аргаль угалзыг тэр болгон ойшоож үзэхгүй өнгөрөөнө. 

Аргаль угалз нь үзэсгэлэн төгөлдөр заяасан зүс төрх, бие цогцос, мөн ховордсон амьтныхаа хувьд ч дээрх жагсаалтад орох ёстой туурайтан гэж өчүүхэн миний бие муйхарлаж явдаг. Угалз бээр үзэсгэлэнтэй, хүч чадал, авхаалж самбаа, эрэмгий зоригтой бөгөөд  ухаалаг, өөртөө итгэлтэй амьтан.

Намар цагийн Алтайн шаазгай алаг угалз (12-13 настай) бол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, бас нэн сүрлэг харагдана. Түүний гоо царай зүс, зангаргатай төрх, сэргэг араншинг сонгодог монгол хэлээр бүрэн буулгахад ядруухан тал бичээч миний үгсийн сан дутах. 

Ийм өвгөн аварга болбоос 270 гаруй кг бие хаатай, бараг 35 кг лухгар эвэртэй байж мэднэ. Эврийн урт нь 150 гаруй см, угийн тойрог нь 50 гаруй см тус тус хүрнэ. Гэхдээ цоохор ирвэс, эсвэл шилүүсний отолт, гэнэтийн дайралтад гэнэдэж өртвөл хором зуур үсэрч ханан хадны оройгоор давж одох тэнхээ, чадвар, шөрмөстэй нь гайхалтай. 

Тэр бас өлчир амьтан. Идэр есийн тэсгим хүйтэнд ч өндөр уулын цаст ар, өвөрт нутаглах агаад аюул нөмөрвөл царам өөд мацаж хойлог, ахуунын сүрэгтэй хөршилнө. Царам бээр өвөл, зунгүй цасанд орших уулсын тэргүүн, жигүүртэн, угалз хоёр л эзэмших ариун дагшин орчин. 

Угалз үндсэндээ нохой сарын хуучдаар ороонд орох бөгөөд аргаль гол төлөв могой сарын дундаас төрж эхэлдэг. Аргалийн хурга эхээс дөнгөж 3.5-4.0 кг жинтэй мэндлэх боловч чамбай шөрмөслөг аж. Нялх турьхан хөл дээрээ дорхноо чадмаг босож эхээ дагаж унаж тусан алхах нь өхөөрдөм. Тэгээд хоёрхон долоо хоногийн дотор чангарч хад чулуу дамжин наадаж эхлэх үедээ сүргээ дагаж зуны бэлчээр рүү хол нүүдэг. Бараг зургаан сар хүртлээ эхээ хөхөж, аажмаар өвс ногооны амтанд ордог. 

Аргалийн хурганы үнэр авсан,  бараа харсан  ирвэс, шилүүс, чоно, бүргэдийн арааны шүлс асгардаг. Эдгээр дайснаас ертөнцийн нүгэл, буяныг эс ялгах гэнэн цайлган үрсээ эх нь сэргэг хамгаалж гурван ой хүртэл нь дагуулна.

Манай эриний өмнөх XIII-III зууны үеийн археологийн цөөнгүй олдвор,  баримт нь өнөөгийн Монгол, Орос, Хятад, Казахстаны нутаг дэвсгэрийн хилийн уулзвар дахь  Алтайн нурууны хэсэг газарт аргаль угалз амьдарч асан ул мөрийг нотолдог.Тиймээс Монгол бол аргаль угалзын өлгий нутаг юм.

Манай орны аргаль угалз нь энэ цаг үед байгалийн унаган төрхөөрөө оршиж буй жинхэнэ зэрлэг хонь гэдгийг олзуурхан тэмдэглэе. Гэвч тэдний тоо толгой жилээс жилд буурч цөөрсөөр байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, дэлхийн стандартад нийцсэн  тооллого хийгддэг эсэх нь эргэлзээтэй. 

Хүмүүний хүчин зүйлс, байгалийн гамшиг, малын хөлийн түйвээн зэрэгт аргаль угалзын ус, бэлчээр хумигдсаар буй нь тэднийг тархан нүүхэд хүргэдэг. Тэд амьдрахын эрхэнд Орос, Хятад руу “цагаачлан” нүүж оддог. Ийм эмгэнэлтэй байдал нь аргаль угалзыг төрөлх нутагтаа ойрын ирээдүйд мөхлийн ирмэгт хүрэх эрсдэлд оруулж байгаа нь харамсаад баршгүй. 

Миний бие  эх орныхоо  Алтай, Хангай, Говь цөлийн уул нуруудаар нутагладаг аргаль угалзын сүргийг бараадаж олон өдөр, шөнийг өнгөрөөсөн нэгэн. Зураг дарах гэж л зүтгэж буй хэрэг. 

Жинхэнэ зэрлэг  аргаль угалзыг гэрэл зургийн хальснаа буулгахад аз хийморийн тохиолдолд  найдах боломжгүй. Учир нь тэд хурц соргог нүд хараатай, мэргэн үнэрч хамартай, содон сонор чихтэй агаад урт шандаслаг хөлтэй хурдан амьтад. Үүнээс гадна өөр хоорондоо хүүрнэдэг дуу авиа, чимээ, дохио, зангаатай. Тэд сүргийн тэргүүн, мөн харуул манааны хатуу зохион байгуулалтай нь гайхалтай. Ганц хургатай аргальд ч, сүрэг хураасан атгар хар гулзад ч дөхөж очих боломж нэн ховор тохионо.

Тэд зураг авхуулах гэж ганц ч агшин  зогсохгүй,  эсвэл нар, салхины эв тааруулах гэж нэг хором ч саатахгүй арилж оддог шидтэй. Эднийг зурагт буулгах “тамын ажил” болбоос амьдралынх нь хэв маяг, зан араншин, дасал жаяг, идэш ундаа, нүүдэл суудлын талаар үргэлж судалж, суралцахыг шаардана. 

Молхи би зэрлэг амьтны биологич, мэргэжлийн судлаач биш, зүгээр л гэрэл зураг  сонирхогч бөгөөд хөрст дэлхий, амьд байгалийн өвд элэгтэй эгэл нэгэн. Тэгээд л эх орныхоо уул нурууд, гол мөрний шугуй, нуур цөөрмийн эрэг хөвөөгөөр явган, морь, тэмээ, сарлагтай бэдэрч амьтан, жигүүртний зураг буулгахыг оролдож, түүндээ жаргаж явдаг. Чингэхийн нэг учир гэхүл аргаль угалз ховордож, улмаар устах ирмэгт ойртож буй  өдгөө цагийн эгзэгтэй байдлыг гэрэл зургийн урлагаар дамжуулж олон нийтэд таниулах гэсэн эрмэлзэлтэй минь холбоотой бөлгөө. 

Г. Батсүх 

2024.10.10