Ардчилсан нам ба Н.Алтанхуяг... 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө news.mn дээр ингэж бичиж байж. Намаасаа том намын дарга байдаггүй ээ гэж. Харин намынхаа эв нэгдлийг хангадаг, менеж хийдэг хүнийг намын дарга гэдэг юм. АН байхгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүн байхгүй гэж. Н.Алтанхуяг бол тийм л хүн.

Түүнээс хойш 12 жил өнгөрч. Одоо ч Н.Алтанхуяг гэдэг том улстөрч АН-ыг мөрлөж, нөмөрлөж яваа цөөхөн, ясны ардчилагчдын нэг. Өнгөрсөн зууны жараад оныхноос, ардчилсан хувьсгалын анхдагчдаас улс төрийн тавцанд торж үлдсэн ганц тоглогч, чөмөгтэй улстөрч. Учир нь түүний улс төрийн замнал нам, бүлгийн амбиц, хувийн эрх ашиг бус, нийтийн эрх ашиг, нийтийн зорилгод суурилсан, түүнийхээ төлөө тууштай зүтгэсэн учраас явсан мөр нь цагаан, бүтээсэн зүйл нь гэгээн байж ирэв.

Одоо хийх гэж байгаа пропорциональ, мажоритари хосолсон сонгуулийг Монгол Улс 2012 онд нэг удаа туршсан юм. Үр дүнд нь АН анх удаа хамгийн олон буюу 31 суудал авч, МАН-ын өмнө гишгэж байлаа. Гэвч Засгийн газар байгуулахад мандатын 50 хувь буюу дахиад 8 суудал хэрэгтэй учир тухайн үеийн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа төвхнүүлсэн. 

АН-ын дарга Н.Алтанхуяг 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо “АН ялбал Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Л.Гантөмөр Боловсролын сайд, Э.Бат-Үүл хотын дарга болно” (тэр жил анх удаа УИХ, орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулсан) гэж зарлаад сонгуульдаа орж байлаа. Н.Алтанхуяг хэлсэндээ хүрсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрхон жилийн дотор өмнөх хорин жилд хийгдээгүй шинэчлэлийг хуулийн салбарт хийсэн, 2016 онд МАН гарч ирээд бүгдийг нь нураагаад буцаагаад явснаас биш. Л.Гантөмөр мөн боловсролын салбарт урьд хожид болоогүй өөрчлөлтийг хийсэн. Багшид, самбарт суурилсан биш, хүүхдэдээ суурилсан сургалтын системийг боловсруулсан, хэрэгжүүлсэн. Ялгаатай нь Х.Тэмүүжингээс хоёр жилээр илүү ажилласан. 

Н.Алтанхуягийн Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан МАХН-ын Ч.Улаан чухамдаа МАХН-ын биш, АН-ын сайд шиг нэг баг болж ажилласан. Энэ бол Засгийн газрын тэргүүн нь танхимаа, бодлогоо зангидаж чадсаны үр дүн юм. Бодлого тодорхой, явах зам тодорхой, хийх ажил тодорхой байсан учраас тэр. Түүнээс биш 2-3 нам хамтарчихсан Засгийн газар хэрвээ хэн нэг нь хувийн эрх ашиг, амбицдаа түүртсэн бол Засгийн газар хаашаа тарж, нурж болохоор байлаа.

 Хоёрхон жил ажиллахдаа Н.Алтанхуягийн Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр “Чингис бонд”-ыг босгож, бондоос орж ирсэн орлогоор Монгол Улсад социализмын 70 жилд тавиагүй урт замыг тавьсан. Бүх аймгуудаа хар замаар холбосон. Ховд, Говь Алтай, Увс аймгуудын хооронд эхлүүлээд дуусаагүй цөөхөн км үлдэж байсан. “Гудамж” хөтөлбөрийг эхлүүлж, Улаанбаатарын бүх гудамж, уулзваруудыг шинэчилсэн, өргөтгөсөн. Үйлдвэрийн цагаан хаалгыг тэр үед буулгасан. Нисэх-Яармагийн зам, Туулын гүүрийг мөн тэр үед шинэчилж, эсрэг урсгалтай гурван эгнээ зам тавьсан. Тэрнээс хойш 10  жил өнгөрсөн ч Монгол Улсад ийм хэмжээний бүтээн байгуулалт болоогүй. МАН-ын зургаан жил бариад одоо ч дуусаагүй байгаа Дарханы замыг эс тооцвол шүү дээ. Гэр хорооллын барилгажилтыг эхлүүлж, Улаанбаатарчууд анх удаа нүхэн жорлонгоосоо салж, цөөлж эхэлсэн байдаг юм. Мэдээж МАН 2016 онд засгийн эрх аваад бүгдийг зогсоосон. 

Тэр жилүүдэд Улаанбаатар хот урьд хожид байгаагүйгээр өнгөө зассан. Хотын дарга Э.Бат-Үүл Засгийн газрын хуралдаанд ажлаа тайлагнадаг байлаа. Өмнөх болох хойдох дарга нар шиг "төсөв байхгүй" гээд гараа эвхэж суугаагүй. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дөрөвхөн жилийн дотор 100 мянган айлыг бага хүүтэй зээлээр орон сууцтай болгосон. Аймгуудад мах, сүүний анхны үйлдвэрүүдийг барьж эхэлсэн. Товчхондоо сүүлийн 24 жилийн түүхэнд хамгийн бүтээгч Засгийн газар байлаа. 

Харамсалтай нь, хоёрхон жил ажилласан Засгийн газрыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татаж унагаад, намын даргын суудлыг нь хүртэл З.Энхболдолд шилжүүлсэн. Түүнээс хойш Элбэг Ерөнхийлөгчийн амин найз Х.Баттулга, АН-ын дарга З.Энхболд хоёр АН-ыг юу болгосныг бүгд мэднэ. 

Гэвч энэ бүхнийг Н.Алтанхуяг гэдэг хүн зүв зүгээр тавиад өгчихөөгүй юм. Охиныг нь хэрэгт холбож, АТГ-т саатуулж, анд нөхрийг нь нүүрсний хулгайд гүтгэн, орон шоронд явуулж байгаад Н.Алтанхуягийг дээлийг тайлуулсан. Тэр үед Н.Алтанхуяг “Ц.Элбэгдоржийн угсарсан хонгил”-ын тухай төрийн ордон цуурайттал зарлаж байгаад ажлаа өгсөн. Гэвч эрт, орой хэзээ боловч үнэн үргэлж ялдаг жамтай. Хаан байсан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй нуугдаж, зугтаж явахад Н.Алтанхуяг гэдэг хүн улс төрийн карьераа үргэлжлүүлсээр байна. Ц.Элбэгдорж гэдэг хүний “үхсэн карьер” (өөрийнх нь хэлсэнчлэн) АН-ыг сүүдэрлэж байхад Н.Алтанхуяг намаа нөмөрлөөд явж байна.

Түүнд АН-аас хөөгдөж, туугдаж явсан үе бий. 2020 оны сонгуулийн өмнө түүнийг АН-аас хассан шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж, Н.Алтанхуяг хаа байсан Эрдэнэтийн тойрогт бие дааж өрсөлдөөд ялалт байгуулж, УИХ-д орж ирсэн хойноо намынхаа гишүүнчлэлийг сэргээлгэж байлаа. Бие даагчаар орж ирсэн Н.Алтанхуяг АН-ын бүлгийн 11 гишүүнээс илүү хүчтэй сөрж чадсан юм шүү, эрх баригчдын дур зоргыг. Харин түүнийг АН-аас хассан АН-ын дарга өөрөө 20 жил үзсэн тойрогтоо өвдөг шороодоод үлдсэн. Юм гэдэг учиртай.

Л.Гантөмөр гэдэг хүн 12 жилийн өмнө Н.Алтанхуяг гэдэг даргаас томилолт аваад Сүхийн тойрогт өрсөлдөн ялалт байгуулж, Боловсролын сайдаар томилогдож байлаа. Өнөөдөр Н.Алтанхуяг нь Л.Гантөмөр гэдэг даргаас томилолт аваад Сонгинын тойрогт өрсөлдөж байна. Үе солигдоно гэж үүнийг хэлдэг. Бас намын, боловсон хүчний залгамж чанар гэж үүнийг хэлдэг. Түүнээс биш үе насаар заазлаад, хөөж гаргаад хаалгаа хаахыг хэлдэггүй. Н.Алтанхуяг шиг улстөрч Сонгиноос лав ганцаараа гарч ирэхгүй. Хажуудаа хоёр залуу хүнийг өлхөн хөтлөөд УИХ-д орж ирнэ. Ардчиллын түүчээ Алтанхуяг Танд амжилт хүсье.

inews.mn