Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (1)
Орос дэлхийн эрчим хүчний бага тоглогч болсонтой давхцаад Европт Оросоос хамааралгүй эрчим хүч буй болгох асуудал хурцаар босч ирсэн ба тэр зорилгодоо ч аажмаар, зовиур багатай хүрэх хөдөлгөөн өрнөжээ.
Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо. Орон нутагт ураны хайгуулын нөхөн сэргээлт хийсэнтэй танилцлаа. Гадаад түнш орнуудаасаа (тэр дотор Монгол хүндтэй байр эзэлж байна лээ) олборлодог ураны хүдрийн боловсруулалт, шинжилгээ, лабораторийн явцтай танилцлаа. Эцэст нь Өмнөд Францадцөмийн эрчим хүчний түлшний үйлдвэрлэлтэй танилцлаа.
Францын цөмийн эрчим хүчний тухай өгүүлэхээсээ өмнө Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын ярьснаас хөрвүүлж сонирхуулъя:–Оросоос Украины эсрэг өдүүлсэн дайн дэлхийн эрчим хүчний үнэд шууд нөлөөлсөн, цэвэр эрчим хүч ашиглахад хүргэх нэг ёсны глобал хямралыг өдөөж байна, тэглээ гээд олон улс орон эрчим хүчний өөр эх сурвалж эрэлхийлж байна, эрчим хүчний энэ хямрал түүхнээ шинэ эргэлтийг эхлүүлнэ, Орос нь “2022.02.24”-ний өмнө олборлосон түлш–нефть, хий, нүүрсний дэлхийн тэргүүлэх экспортлогч байсан бол одоо хамгийн чухал гол худалдан авагч–Европоо алдлаа. Европ нь “2022.02.24”-ний өмнө Оросын байгалийн хийн 75 хувь, нефтийн 55 хувийг худалдан авдаг байсан бол одоо тэгдэг нь өнгөрлөө. Орос эдүгээ шинэ клиент олох гэж тун их зовно, Европын зах зээлийг алдсаныхаа нөхвөрийг хийж чадахгүй, цаг хугацаа их шаардана, энэ нь эдийн засгийн хувьд ч, технологийн хувьд ч, улс төрийн хувьд ч тун хүнд байх болно. Газрын тос, хийн үйлдвэрлэл, экспорт Орост ойрын жилүүдэд унана. Үр дүнд нь Орос дэлхийн эрчим хүчинд багахан үүрэгтэй тоглогч болно. Бүр эрс багасна гэдгийг би хэлэх ёстой–ноён Ф.Биролын хэлсэн үгс.
Орос дэлхийн эрчим хүчний бага тоглогч болсонтой давхцаад Европт Оросоос хамааралгүй эрчим хүч буй болгох асуудал хурцаар босч ирсэн ба тэр зорилгодоо ч аажмаар, зовиур багатай хүрэх хөдөлгөөн өрнөжээ.
Европын эрчим хүчинд Франц том тоглогч болоод гараад ирлээ. “2022.02.24”-ний өмнө Францыг нэг их анзаардаггүй байсан бол одоо Европ байтугай дэлхий даяар “Франц”, “Франц” гэх болжээ. Учир нь энэ улс нутаг дэвсгэр бага, хүн ам шигүү, эрчим хүчний хэрэглээ өндөр, өөртөө урантай, түүгээрээ атомын цахилгаан үйлдвэрлэж байснаа нөөцөө барсан, дэлхийд ураны худалдан авалт хийсэн, гадаад харилцаа-түншлэл нь цөмийн цахилгаанаар суурилах болсон гээд түүх бий юм билээ.
“Эзэгнэнхэн төрлөө” гэсэн дууны шад шүлэг шиг Франц улс цөмийн эрчим хүч, ураны боловсруулалт, цөмийн түлшийг ёстой нэг эзэгнэнхэн төржээ. “Уран” гэхлээр цөмийн цөмийн зэвсэг, цөмийн дайн, Хирошиматай шууд холбон үздэг байх. Уран олборлоно гэхлээр л Чернобыль, Фүкүшима нүднээ буудаг бол тэр айдсаас аль хэдийнэ салах цаг нь болсон байна. Мэдээж ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэх нь маш төвөгтэй процесс, олоншат дамжлагатай. Гэхдээ XXI зуунд францчууд энэ хэргийг аль хэдийнэ гартаа оруулаад авсан ажээ.
Ураны салбарт цөмийн зэвсгийн мэргэжилтэн, цөмийн физикч тэгтлээ хэрэг болдоггүй, иргэний салбарынхан, тухайлбал уул уурхайн инженер, химич, гидрогеологич, аюулгүй ажиллагаа, засварын мэргэжилтэн хэрэгтэй гэдгийг тэндээс л олж мэдлээ. Олон хүнтэй ч уулзлаа. Хайгуул, олборлолт, уурхайн дизайн, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, олон нийттэй харилцах, цөмийн мэдээлэл зүй гээд шал өөр өнцөг нүднээ бууж байлаа. Маш том бизнес, бүтээн байгуулалт, асар их валютын орлого юм байна. Цацраг идэвхт бодисын экспортын худалдааны мэргэжилтнүүд, дэлхийн цар дээр ажиллах сайн менежерүүд Францад ярайж байна. Тэд мэргэжлээрээ бахархсан, цаанаа л нэг аз жаргалтай мэт. Ажил мэргэжил, чадвар, мөнгөн орлогодоо сэтгэл ханасан мэт төсөөлөл буулаа. Айдас мартагдлаа.
Дэлхий рүү хандуулсан Францын мэссэж бол “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар маш ноцтой асуудал боллоо”, “Нүүрсхүчлийн хий аль болох бага ялгаруулах тийм эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй”, “Ухаалаг цөм-атом-уран-түлш”, “Түүнийг дэлхий даяар бүтээх” явдал юм байна, товчхондоо. Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч зовлонгүй үйлдвэрлэх–болхиор зүйрлүүлбэл. Тэгж ч чадаж байна.
Францын Төрийн бодлого нь ердөө л ураны бизнес, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарыг сайтар хөгжүүлэх дээр суурилжээ. Францад XXI зууны шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт онц ач холбогдол өгч байна. Эл шийдэл дэлхийн олон орны сонирхол татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр Франц толгой цохиж, Францтай түншлэе гэсэн гадаад орнуудын бодлого энэ салбарт төвлөрч байдаг гэж байна.
Иймэрхүү жижиг, дунд хэмжээний реактор өргөн уудам газар нутагтай, эрчим хүчний дэд бүтцээ орон даяар бүрэн байгуулж амжаагүй Монгол Улсад гуравдагч хөршийн бодитой, баттай хөрөнгө оруулалт болж орж ирээсэй гэсэн хүсэл надад төрж явав. Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарын хүндтэй тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын түвшинд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар бодитой бөгөөд томхон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийг би сэтгэл огшин бодож явлаа. Одоо тэгж бичиж сурталчилж байна.
Монголын тэмцэгчдээс болоод бидний франц түнш нь компанийнхаа “Арева” гэдэг нэрийг “Орано” гэдгээр сольчихсон гэдэг тэнэгрэлийг хэргээр няцаах гээд л би бичээд буй хэрэг. Биднийг урьж зочлуулсан “Орано” групп бол цөмийн бизнесээр мэргэшсэн, энэ салбарт маш өргөн, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулдаг, Францын эртний түүхтэй энтэрпрайз юм байна. Орано бол ураны мөчлөг дагасан цогц бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани. Ураны уурхай, байгалийн уран боловсруулж, баяжуулахаас гадна ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг. Цөмийн хог шаар бараг гаргахгүйгээр төгс төгөлдөр рүү чиглэж яваа юм байна.
Ораногийн үндсэн цөмийн байгууламжууд Францдаа байдаг хэдий ч Ази, Европ, Хойд Америкт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, дэлхий даяар харилцагчиддаа хариу үйлчилдэг гэж байна. Яг уурхайн бизнес талдаа бол Казахстан, Канад, Нигерт үйл ажиллагаа эрхэлдэг бол манай Монгол, мөн Узбекистан, Намибид төслүүд дээрээ ажиллаж байна.
Ураны тухайд юу болох, ямар учиртай материал, яаж боловсруулдаг талаар Баабар тодорхой бичсэн. Үндсэндээ цөмийн салбарын үндсэн түүхий эд. Цөмийн эрчим хүчний хэрэглээ болон үйлдвэрлэлээрээ Франц улс дэлхийд тэргүүлдэгийнхээ хэрээр уран нь тус улсад “хүндтэй” байр эзэлж байна. Тус улс газрын тос болон эрчим хүчний бусад эх үүсвэрийн нөөцгүй, тэгэхлээр эрчим хүчний түүхий эдээр гадаад улсуудаас хараат болох магадлалтай гэсэн үг. Харин хараат байдал нь улс төрийн агуулгаар энэ улсын үндэсний эрх ашигт харшлах тул “ухаалаг ураны салбар”-аа хөгжүүлж, цөмийн эрчим хүч дээр төвлөрсөн нь тэр юм билээ.
-Үргэлжлэл бий