Ардчилагдсан нь (I)
МАХН-ын удирдлага 1988 онд ардчиллыг дээрээс нь эхлүүлсэн билээ. Улс төрийн сэтгэхүй, ардчиллын талаарх ойлголт төсөөлөл нь хуучин үзэл сурталд баригдсан хэвээрээ байсан болохоор тэр алхмыг тэд хянуур болгоомжтой хийсэн юм. ЗХУ тэднийг гаднын үзэл бодлоос ямагт хол байлгаж ирсэн болохоор өөр яалтай ч билээ?!
МАХН-ын удирдлага 1988 онд ардчиллыг дээрээс нь эхлүүлсэн билээ. Улс төрийн сэтгэхүй, ардчиллын талаарх ойлголт төсөөлөл нь хуучин үзэл сурталд баригдсан хэвээрээ байсан болохоор тэр алхмыг тэд хянуур болгоомжтой хийсэн юм. ЗХУ тэднийг гаднын үзэл бодлоос ямагт хол байлгаж ирсэн болохоор өөр яалтай ч билээ?! Зориглон хөдөлсөндөө өөрсдөө ч айж байсан нь улс төрийн эрс өөрчлөлт хийхэд нь багагүй нөлөө үзүүлсэн. Улс орондоо улс төрийн хяналт алдах аюул их байх шиг байжээ. Тэгэх аваас эрх мэдлээ бүрмөсөн алдсанаас өөрцгүй хэрэг болох байв. Гэхдээ улс төрийн (удирдан чиглүүлэгч) анги эрх мэдлээ тавьж өгөх бодолгүй байсан. Тэд өөрчлөлт хийхэд бэлэн байсан ч эрх мэдлээ орхиход бэлэн биш байлаа. Эрх мэдлээ алдах аваас урьд нь эдэлж ирсэн эдийн засгийн онцгой эрх дархаа бүрмөсөн алдахаар байв. Зарим төлөөлөгчид нь бодож тооцоолохын аргагүй нөхцөл байдал улс төрийн аюултай хоосон орон зай үүсгэж болзошгүй хэмээн байн байн сэрэмжлүүлж байсан юм. Төр, нийгэмд МАХН-ын байр суурийг үнэхээр эзэлчих чадвартай улс төрийн хүчин тэр үед Монголд байгаагүй болохоор тэр нь ч буруу байгаагүй.
Дээрээсээ ардчилагдсан нь
Тиймээс Улс Төрийн Товчооны гишүүд замнах боломжтой зам, бодит зорилго зорилтуудын талаар дотроо ширүүн маргаан өрнүүлэх болжээ. Гэхдээ тэд 1989 оны 2-р сарын эхээр намын „Үнэн“ сонинд „Хүний эрхийн түгээмэл тунхаглал“-ыг бүрэн эхээр нь нийтлэхийг зөвшөөрсөн байна. Олон арван жил хэвшин тогтсон дотоод улс төрийн бодит нөхцөл байдалтай тунхаглалын бараг өгүүлбэр бүр нь зөрчилдөж байсан болохоор уг шийдвэрийг гаргасан нь аз туршсан хэрэг байлаа. Хүмүүс уг нийтлэлд харин ч нааштай ханджээ. Нийтлэл олон нийтийн маргаан мэтгэлцээнийг өдөөв. Нийгмийн уур амьсгал хөөрч догдолсон хүлээлтийн байдалд орж эхэлсэн байна. 1989 оны 2-р сарын дундуур „Үнэн“ сонинытэргүүн өгүүлэл „Ардчилал уу? Анархизм уу?“ гэсэн гарчгийн дор нийтлэгдэв. Улс орны улс төрийн удирдлагын дотор газар авсан уур бухимдал уг өгүүлэлд тодорхой тусгалаа олсон байв.[1] Ер нь бол тийм тэргүүн өгүүллүүдийн зохиогчид нь Төв Хорооны өөрийнх нь хэлтсийн дарга нар байдаг байсан. Дээрх өгүүллийн зохиогч нь „Бүлэглэлүүдийн хувийн явцуу ашиг сонирхол, өрөөсгөл буруу бодол санаа дэврэх“, түүний улмаас нийгэм эмх замбараагүй байдалд гулсан орох аюулаас сэрэмжлүүлсэн буй. Намын удирдлага шинэ замыг улайран эрэлхийлж байв. Зөвлөлтийн загвар ирээдүйгүй гэдэг нь тодорхой болсны улмаас тэд „Хятадын зам“-ыг ч бас нарийвчлан ажиглаж эхлэв. ЗХУ-тай хэрэгжүүлж байсан хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан нь эдийн засгийнхаа асуудалд санаа зовниход хүргэжээ. Зөвлөлтийн тал техникийн мэргэжилтнүүдийнхээ нэлээд хэсгийг Монголоос татаад зогссонгүй. Бас Монголын эдийн засгийн ашиг багатай болон ашиггүй салбаруудад тусламж үзүүлэхээ болив. Ингээд тухайн үйлдвэрийн газруудад татан буугдах, ажиллагсдад нь ажилгүй болох аюул нүүрлэжээ.
Зөвлөлтийн тал Монголын хүн амын дунд сэтгэл санааны эрс өөрчлөлт гарч буйг мэдэрсэн байна. Монгол дахь ЗСБНХУ-ын иргэд хууль зөрчиж байгаа талаар Улаанбаатар дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд монголчуудын гомдол мэдүүлэх нь ихсэв. ЗХУ-ын элчин сайд маш их найрсаг хэмээн үзэж ирсэн харилцаанд нь ан цав сууж эхэлсэн талаар Монголын хэвлэлд ярив. Хоёр талын харилцааны түүхийн „хар“, „саарал“ талуудын тухай шүүн хэлэлцдэг монголчууд олширсон нь түүний сэтгэлийг түгшээх болсон аж.
Хятадын зам уу?
Зөвлөлтийн тал 1989 оны 3-р сард Монголын удирдлага Хятадын эдийн засгийн хөгжлийг ихэд сонирхох болсныг ажиглан хар авчээ. Тэр зуур Монгол, Хятад хоёр улс харилцаагаа хэвийн болгохоор бэлтгэл ажлыг нь эрчимтэй хийж байв. Хятад Улсын дарга Ян Шанкунь 1989 оны 3-р сарын сүүлчээр Монгол Улсын гадаад харилцааны сайдыг анх удаа хүлээн авчээ. Ян Шанкунь Хятад Улс „БНМАУ-ын бүрэн эрхт, тусгаар тогтносон байдал“-ыг хүлээн зөвшөөрч байгааг түүндбатлан илэрхийлсэнбайна.
1989 оны 4-р сард Тяньаньмэний талбайд 100 000 хүн эрх чөлөө, ардчиллыг хэрэгжүүлэх шаардлага тавин жагсахад МАХН-ын удирдлага гайхшран Бээжин тийш хараа тавив. Эсэргүүцлийн хөдөлгөөн Монгол Улсыг өмнөд талаар нь бараг тэр чигээр нь хааж халхалж байдаг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (БНХАУ)-ы нийслэл тийш ч бас тэлж өргөжихөд тэдний сэтгэл ихэд түгшив. МонголУлсын Улс Төрийн Товчооны дүгнэснээр „Хувьсгалын эсэргүү тэмцэл“ хаяанд нь тулж ирсэн байлаа. Удирдлага хэвлэл мэдээллийн байгууллагуудад зохих зааврыг өгөв. Тэд ч Хятадын үйл явдлын талаар мэдээлэлгүй таг чиг байлаа. Дотоод бодлогын асуудал дээр тэд харзанасан байдалтай байдаг байв. Тэгтэл төвийн „Үнэн“ сонин „Өөрчлөлт, шинэчлэлтийн үеийн гадаад бодлого“ гэх мэтийн сэдвийг хөндөн, Япон Улсын элчин сайдыг дэлгэрэнгүй яриулж, хүн амын бодлогынцаашдын ирээдүй, Сталины үед буриадуудыг хэлмэгдүүлсэн тухай бичих болов. M. С. Горбачевийн Бээжинд хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын талаар тус сонин дэлгэрэнгүй мэдээлж байлаа. 5-р сарын 15-наас эхлэн Зөвлөлтийн 50.000 орчим цэргийн албахаагч, 850 танк, 1.500 хуягт болон тээврийн машин, 820 их буу, 190 байлдааны онгоц болон нисдэг тэргийг Монголоос гаргасан талаар нэгбүрчлэн тодорхой бичсэн. Харин Горбачевийн Бээжинд хийсэн албан ёсны айлчлалын тухай мэдээ сурвалжлагаас хүмүүс Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч буй талаарх мэдээ эрээд ч олохгүй байсан юм.
Хоёр алхам урагшлаад, наанадаж нэг алхам хойшилсон уу?
МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүд Хятадын нийслэлийн байр байдлын талаарх мэдээг Бээжин дэх Элчин сайдын яамнаасаа байнга авдаг байв. „Үнэн“ сонинд гарсан нэг бүтэн нүүр өгүүлэлд 1920, 1930-аад оны үед хуучин Коминтерн Монголд хэрхэн далд явуулга хийдэг байсан талаар бичжээ. Намын удирдлага „Монгол Ардын Хувьсгалын 68 жилийн ойн уриалга“-д Монгол Улс „МАХН-ын удирдлага болон Марксизм-Ленинизмийн тугийн дор“ хөгжсөний ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэх болсныг мэдэгдэв. Байдал логик зөрчилдөөнтэй гэхээр байв. МАХН 1988 онд хуралдсан V бүгд хурлаараа хоёр алхам эрчтэй урагшилсан бол одоо харин наанадаж нэг алхам хойшлох гэж байх шиг байлаа. Дараа нь үйл явдлын өрнөл үүнийг баталсан. Бээжинд Хятадын Коммунист Намын Төв Хороо ардчилсан хөдөлгөөнийг дарахыг зөвшөөрсөн 1989 оны 6-р сарын 23-ны өдөр Улаанбаатарт МАХН-ын Төв Хорооны VI Бүгд хурал эхэлж байв. Хурлаар юуны өмнө эдийн засаг, нэн ялангуяа БНМАУ-ын хөрөнгө оруулалтын бодлогын асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Дотоод бодлогын асуудлыг бүрмөсөн орхижээ. Байдаг л албаны модон хэллэгтэй залхмаар эцэс төгсгөлгүй илтгэлүүдээ тавьсаар хурлын өдрүүдийг баржээ. Төв Хорооны бүгд хурлын дараа хуралдсан Парламентын чуулганаар 1989 оны 6-р сарын 24-ний өдөр „Хоршооллын тухай хууль“-ийг баталсан байна. (Энэ хуулийн талаар мөн „1985-1989 оны Монголын ‚перестройка‘-гаас уншина уу“)
Монгол Ардын Хувьсгалын 68 жилийн ойн баярын арга хэмжээ 1989 оны 7-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо болов. Гаднаас нь харахад өмнөх жилүүдийнхээсээ ялгарах юм бараг байсангүй. Намын удирдагчид хотын төвд орших Сүхбаатарын талбай дахь Засгийн газрын ордны өмнөд этгээдэд хувьсгалын баатруудынхаа бунхан дээр гараараа даллан зогсоно. Гэхдээ нэг нарийн ялгаа байсан нь тэдний дунд Зөвлөлтийнцэргийн дүрэмт хувцастай хүмүүс үзэгдэхгүй байсан явдал юм. Улаан туг намируулж, Маркс, Энгельс, Лениний том хөрөг барьсан бөөн хүмүүс тэргүүнд нь алхсан жагсаал бунханы өмнүүр явж өнгөрнө. Араас нь Монголын Цэргийн парад явна. Бүх юм байдгаараа л байх шиг байв.
МАХН, ХКН-ын харилцаа хэвийн болсон нь
Түүнээс нэг өдрийн өмнө Засгийн газрын ордонд намуудын харилцааг хэвийн болгох түүхэн ач холбогдол бүхий хэлэлцээ МАХН, ХКН-ын төлөөлөгчдийн хооронд явагджээ. Хятад Улсын дарга, ХКН-ын дарга Ян Шанкунь баярын өдрийг тохиолдуулан ирүүлсэн баярын цахилгаандаа Монголын ард түмний „социалист бүтээн байгуулалт, шинэчлэлтийн үйлсэд амжилт“ хүссэнбайв. Түүнээс нэг долоо хоногийн дараа намын „Үнэн“ сонин МАХН, ХКН-ууд харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон тухай мэдээлэв. Монгол-Хятадын намуудын харилцааг дахин сэргээсэн нь тэр үеийн ойлголтоор хоёр улсын харилцааг хэвийн болгох угтвар нөхцөл болж байсан тул асар их ач холбогдолтой байлаа. 1989 оны 8-р сарын сүүлчээр Хятадын гадаад хэргийн сайд Цянь Цичэнь БНМАУ-д анхны айлчлалаа хийв. Тэрээр зоог барих үеэр хундага өргөж хэлсэн үгэндээ: „БНХАУ-ын засгийн газар саяхан Бээжин хотноо ХКН-ын удирдлагыг түлхэн унагааж, социалист байгууллыг устгахыг оролдсон ялимгүй өчүүхэн бүлэг хүмүүсийн үүсгэж дэгдээсэн хувьсгалын эсэргүү үймээнийг ялалттайгаар даран намжаасан билээ. Энэ бол Хятад улсын бүрэн эрхийн хүрээнд хамрагдах хэрэг мөн гэж бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталдаг аливаа улс үзэж байна... “Хүний сайныг ханилж мэддэг. Агтны сайныг унаж мэддэг” гэдэг сэцэн үг Хятадад ч, Монголд ч бий. Хятадын ирээдүй, хувь заяаг шийдвэрлэх энэ чухал цаг үед БНМАУ-ын засгийн газар, монголын ард түмний зүгээс ойлгож, дэмжлэг үзүүлсэнд бид чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.“[2] гэжээ. Намынхэвлэлд нийтлэгдсэн Хятадын гадаад хэргийн сайдын энэ мэдэгдэл МАХН-ын удирдлагыг эвгүй байдалд оруулав. Энэ нөхцөлд Хятадын удирдлагын талд илт орсон намын ардчилал, шинэчлэлт хийнэ гэсэн үгэндитгэж болно гэж үү?!
Гэвч МАХН-ын удирдлага аливааг бодитоор харж ажиллах прагматик ёсыг аль хэдийн бодлогынхоо үндсэн зарчим болгосон байлаа. Зөвлөлтийн эдийн засаг хямарсны улмаас Хятадтай харилцаагаа хэвийн болгож, хурдан хөгжүүлэн сайжруулах явдал тэсч үлдэхэд нь зайлшгүй амин чухал зорилт болоод байв. Үүний тулд удирдлага таагүй буулт хийн зохицоход ч бэлэн байв. Тэд аль хэдийн нууцаар бас АНУ-ын зарим төлөөлөгчтэй Монголын ирээдүйн хөгжлийн асуудлуудаар ярьж хэлэлцэх болсны нэгжишээ нь 1989 оны зун АНУ-ын элчин сайд Вермон А. Вальтерсыг тэр үеийн CIA Тагнуулын Төв Газрын дарга Стансфильд Тернерийг дагалдуулан Улаанбаатарт ирсэн явдал юм.[3]
Улс төрийн дангаар захирах эрхээ үргэлж хэвээр нь хадгалаад байж чадахгүй, тэр бүү хэл өөрт нь улс төрийн сөрөг хүчин хэрэгтэй гэдгийг МАХН-ын удирдлага ойлгожээ. Тэд цаг хожиж, юуны өмнө шилжилтийн үед Монгол Улсыг улс төрийн замаар залж жолоодож чадах хэмжээнд хүртэл нь намынхаа нэр хүндийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байв. Үүнд нь өөрсдийнх нь эхлүүлсэн 1930-аад оны үеийн Сталинист хэлмэгдүүлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажил тус болох ёстой байв. 1930-аад оны үед Зөвлөлт төрийн террор ажиллагаанд хэлмэгдсэн хуучин нам, төрийн зүтгэлтэн 40 хүний талаарх мэдээллийг 1989 оны 9-рсард „Үнэн“ сонинд нийтлэв.[4] Тэдний дотор 1 намын дарга, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн 13, 2 парламентын дарга, 3 ерөнхий сайд, 1 ерөнхий сайдын орлогч, 11 сайд зэрэг хүмүүс байжээ. МАХН аятайхан арга эвий нь олж байгаад хэлмэгдсэн намын дүрд оров. Үүнийг нь гэнэт асар их хүчээ авсан намтар судлалын үр дүнд тулгуурлан МАХН-д ойр түүхчид улам бататгаж өгсөн. Нам 1930-аад онд хэрэг үйлдэгч, хэлмэгдэгчийн аль аль нь байсныг эдгээр хэлэлцүүлгээр авч үзэхээс эвтэйхэн зайлсхийсэн байна.
Хүч хэрэглэлгүй ардчилагдах уу?
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Батмөнх 1989 оны 10-р сарын эхээр Зүүн Берлинд болсон БНАГУ-ын 40 жилийн ойн баярын арга хэмжээндоролцов. Баярын арга хэмжээ болж байсан Зүүн Берлиний төвд орших Бүгд Найрамдах Улсын ордныг чиглэн жагсагчдыг алхахад социалист ертөнцийн удирдагчид Зүүн Германы намын тэргүүний баярын ширээг хэрхэн санд мэнд орхин одохыг тэр харжээ. Баярын ширээний голын тэргүүн суудалд ганцаараа торойн үлдсэн Германы Нэгдмэл Социалист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрих Хонеккер эсрэг этгээддээ сууж байсан Батмөнхийг дэргэдээ ирж суухыг урьсан байна. Түүний дараахан цагдаа болон улсыг аюулаас хамгаалах байгууллагын анги нэгтгэлүүд жагсагчдыг ордны өмнө хэрхэн бороохойдож дарсныг Батмөнхөд элчин сайд Р. Жамц мэдээлсэн буй. Батмөнх цочирджээ. Тэр цаг үеийг хүртэл БНАГУ-ыг хамгийн тогтвортой социалист улс, Монголд үлгэр дуурайл болсон орон гэж тэр үздэг байв. Ард түмнийхээ эсрэг хүч үл хэрэглэж, тайван замаар шилжилт хийх боломж олгохуйц замаар нам нь тууштай замнах ёстой гэдэг нь Монгол руу буцаж нисэх үед түүний хувьд нэгэнт тодорхой болсон байлаа. Гэхдээ Монголд улс төрийн шилжилт ямар ч тохиолдолд хуулийн хүрээнээс хальж гарахёсгүй гэж тэр үзэж байсан юм. Зүүн Европын орнууд дахь үйл явдлын өрнөл, юуны өмнө Румынд болсон явдал түүний энэ ухаарлыг улам лавшруулсан буй заа.
Улс төрийн сөрөг хүчин бүрэлдсэн нь
Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) 12-р сард байгуулагдсанаар улс төрийн сөрөг хүчин бүрэлдэж эхлэв. Удирдагчдынх нь нэг нь нам төрийн дээгүүр албаны хүний хүүхэд байсан. Анхны жагсаалууд болов. „Үнэн“ сонин 1989 оны 12-р сарын 9-нд„Хүний эрхийн баталгаа“ гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлж, хүний эрхийг баталгаажуулахад нам бэлэн байгааг дохиолов. „Үнэн“ сонины мөн дугаарт „Ардын Их Хурлын депутатуудын сонгуулийн тухай“ шинэ хуулийн төслийг нийтэлсэн байна. Уг сонгуулийн эрх зүйн үндсийг шинэчлэхэд бэлэн байгаагаа МАХН ийн мэдэгдсэн ажээ. Тэр үндсэн дээр улс төрийн бусад хүчин ч гэсэн сонгуульд тэгш эрхтэй оролцох боломжтой болох юм. Нэг хоногийн дараа МоАХ олон улсын хүний эрхийн өдөр анхныхаа томоохон цуглааныг зохион байгуулж хэд хэдэн шаардлага тавьлаа. Тэдгээр шаардлагад „Хүний эрхийн түгээмэл тунхаглал“-ыг мөрдөх, намуудын тухай хуулийг батлан гаргах, олон намын тогтолцоог бий болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн асуудлууд оржээ.
МАХН тэр дор нь хариу барив. Дараа өдөр нь зарлан хуралдуулсан Төв Хорооны Бүгд хурал намын шинэ программыг боловсруулан, үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын XX их хурлын товыг наашлуулах найдвар төрүүлэв. Дан ганц сөрөг хүчнээс ч болсонгүй, намынх нь байгууллагуудад эсрэг тэсрэг хандлагатай маргаан мэтгэлцээн өрнөх болсны улмаас намын удирдлага шахаанд оржээ. Удирдлага нь тэр хүртэл зөвхөн сахилгажуулж, нааш цааш нь залж болдог „борчууд“ мэт үзэн харьцаж ирсэн намын жирийн гишүүдийнх нь зарим улам хүчээ авах болсон олон нийтийн эсэргүүцлийн нөлөөгөөр өөрсдийг нь дагахаа болих янзтай болсон аж. Зөвхөн дээрээс доош хэрэгжиж ирсэн „Ардчилсан төвлөн удирдах зарчим“-ыг баримтлан дагах нь багасав. Гишүүд нь улам бүр хүлээзнэсэн байдалтай, үлбэгэр дорой болсон нь намын зарим нарийн бичгийн дарга нарт ажиглагдах болжээ. Гэтэл сөрөг хүчин улам идэвхжиж байлаа. Тэд 1-р сарын 14-нд Улаанбаатар хотын Лениний талбайд 10.000 орчим хүнийг цуглуулсан байна. Энэ нөхцөлд зэвсэгт хүчин хяналтаас гарахаас намын удирдлагын зарим гишүүн айж байсан. 1990 оны 1-р сард нийтлэгдсэн МАХН-ын шинэ программын төсөлд марксизм-ленинизмийг баримталж, намын удирдан чиглүүлэх эрхийг хэвээр хадгалахаар тусгасан нь эсэргүүцлийн давалгаа даруй өндөр авахад хүргэв.
МоАХ „төрийн эрх мэдлийг дангаар барих болсон“ (удирдлага) намындоторхи бүлэглэлүүдийг л улс төрийн дайснаа гэж үзнэ гэдгээ тодорхой илэрхийлэв. МоАХ-ны улс төрийн тактик МАХН-ын удирдлага болон байгууллагуудыг өөд өөдөөс нь турхирахад чиглэж байх мэт байв. МоАХ-ны удирдлага нийт намын эсрэг биш гэдгээ, намын гишүүдийн 98.9 хувийг „нам доторхи эрүүл хүчин“ хэмээн үздэгээ байн байн илэрхийлж байв. 20.000-30.000 хүн оролцсон томоохон жагсаалууд МАХН-ыг улс төрийн шахаанд лавхан оруулж, сөрөг хүчин олон нийтийн талархал дэмжлэгийг улам хүлээх болов. Харин нэг зүйл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн юм. Сөрөг хүчин 1990 оны 1-3-р саруудад сөрөг хүчний шинэ хөдөлгөөнүүдийг үүсгэн бий болгоод зогссонгүй, тэдгээрийн дотроос улс төрийн таван намыг бүрдүүлэн байгуулсан нь Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Социал-Демократ Нам, Монголын Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам,Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам байлаа. Тэр богинохон хугацаанд зүсэн зүйлийн хүмүүсийг нэгтгэсэн иргэний хөдөлгөөнөөс эвсэл холбоод, эвсэл холбоодоос улс төрийн намуудыг үүсгэн байгуулж үнэхээр чадсан юм. Гэхдээ тэдгээр намууд хуулиар зохицуулаагүй нөхцөлд ажиллаж байсан. Тавьж байсан шаардлагууд нь даруй тодорхой хэлбэрийг олсон агаад тэд ардчилсан, эв нэгдэлтэй, хүмүүнлэг нийгэм байгуулахыг хүсч байв. Өмчийн олон янзын хэлбэр бүхий төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засгийг уг нийгмийн үндэс суурь болгохыг зорьж байв. Улмаар бүх нийтээрээ, эрх тэгш, шууд сонгох эрх, хүний болон иргэний эрх, улс төрийн эрх чөлөө, олон ургальч үзэл, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл, мэдээллийн эрх чөлөө гэсэн асуудлууд шаардлагуудынх нь жагсаалтад оржээ. Тэр үеийн нэг онцлог нь МАХН-ын доторх шинэчлэлийн жигүүр сөрөг хүчнийг дэмжиж байсан явдал болно. МАХН өөрөө шинэчлэгдсэн тохиолдолд л улс төрийн санаачлагыг авч үлдэнэ гэдгийг тус жигүүрийнхэн анхааруулж байсан.
„Гудамжнаас үзүүлсэн шахалт“
Гэвч МАХН-ын удирдлага алгуурласаар байсан агаад тэд нам дотроо шинэчлэл хийх үзэл баримтлалгүй л байсан болов уу. Тийнхүү алгуурласных нь хариудсөрөг хүчин „гудамжнаас шахалт“ үзүүлэв. Тэгэхдээ тэд ямар их хүчийг дайчилж чаддаг болсноо харуулсан юм. Сөрөг хүчин шаардлагаа өөрчлөв. Тэд нам, төрийг тусгаарлах,Төв Хороог тараах, намын онц их хурлыг хуралдуулах, парламентыг орлох Ардын Түр Хурлыг зарлан хуралдуулахыг шаардав. Сүүлчийнх нь шаардлага юуны өмнө сөрөг хүчний доторх радикал үзэлтнүүдийн зүгээс гарчээ. Энэ шаардлагын онцлог нь мөрдөгдөж буй хуулийн хүрээнээс гадуур дараагийнх нь үйл явцыг тулган хэрэгжүүлэх гэж оролдсонд буй. „Хувьсгалч ёсоор яльгүй цус урсгах“ сонирхол үнэндээ энэ санааг өвөрлөгчдийн заримд байсан. МАХН-ын удирдлага энэ шаардлагыг үндсэн хууль зөрчсөн явдал болно хэмээн үзэж хүлээн авахаас эрс татгалзсан юм. Улс төрийн шаардлага тавьж зарласан сөрөг хүчний өлсгөлөн байдлыг бүр хурцатгах шиг болов. Тэр нөхцөлд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Батмөнх шийдвэртэй алхам хийхээр шийджээ. Монголын Үндэсний телевизээр хэлсэн үгэндээ тэр Төв Хорооны дараагийн бүгд хурлаар Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын онц их хурлыг зарлан хуралдуулах болсныг мэдэгдэв. Ардын Түр Хурал байгуулахаас тэр урьдын адил эрс татгалзав. Тэрээр бүхий л бэрхшээлтэй асуудлыг үндсэн хуулийн үзэл санааны дагуу шийдэхийг шаардсан юм. Ийнхүү цаашдын чиг хандлага тодорхой болов. Дараа дараачийнх нь үйл явдал нэг зүйлийг харуулсан. Ж. Батмөнх улс төрийн дараагийн алхмуудыг МАХН-ын дүрмэнд заасан журам болон үндсэн хуулийн хүрээнд хийлгэж чадсан юм. МАХН болон сөрөг хүчний хамтран баталсан „Монголын Ард Түмний Сонорт Хүргэх Улс Төрийн Тунхаглал“-д талууд „хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, Монгол улсынхаа тусгаар түгтнол, үндэсний эрх ашигт ямар нэг хохирол учруулахгүй... зарчим баримтална.“[5] хэмээн заасан буй. МАХН-ын удирдлага амласнаа биелүүлэв. Тус намын удирдлага 1990 оны 3-р сарын 12-14-нд хуралдсан Төв Хорооны VIII бүгд хурлаар Улс Төрийн Товчоог огцруулж, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, үндсэн хуульд заасан МАХН-ын удирдан чиглүүлэх үүргээс сайн дураараа татгалзав. Улмаар намынонц их хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, намыншинэ удирдлагыг сонгосон байна.
Тэр завсар Монголд МАХН, сөрөг хүчин гэсэн хоёр тэс өөр улс төрийн тоглогч бий болсныг үйл явдал тодорхой харуулав. Гэсэн ч хоёуланд нь нэг чухал нийтлэг тал байсан. Тэд улс төрийн алхам хийхдээ туйлшралын аливаа хэлбэрээс зайлсхийж байсан юм.
1990 оны 3-р сарын 23-нд болсон парламентын хуралдаанаар МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийн тухай заалтыг үндсэн хуулиас хасав. Тус хурлаар Ж. Батмөнх, Д. Содном нарыг төрийн тэргүүн болон Сайд нарын Зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. МАХН шинэ кабинетаа бүрдүүлсэн агаад гишүүд нь перестройкагийн он жилүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн эдийн засагчдын фракцад ойрын хүмүүс байв. Парламент Ардын Их Хурлын депутатуудын сонгуулийн хуулийг мөн баталсан байна. Үүгээр шинэ сонгууль явуулах зам шулуудсан ч шинэ намууд урьдын адил хуулиар зохицуулаагүй нөхцөлд ажиллаж байсныг анзаарахгүй байхын аргагүй. 1990 оны 4-р сарын 10-13-нд хуралдсан МАХН-ын онц их хурлаар намын шинэ мөрийн хөтөлбөрийг баталжээ.[6] Түүний нэг чухал заалт нь МАХН цаашдын үйл ажиллагаагаа „БНМАУ-ын үндсэн хууль, бусад хуулийнхүрээ“-нд явуулах үүрэг хүлээсэн явдалболно. Гэсэн ч „Марксизм-Ленинизм“, „Хүнлэг, ардчилсан, социалист нийгмийг бүтээн байгуулах“ зарчмыг баримталсаар байсан нь улс төрийн тооцоонд нь нийцсэн хэрэг биз ээ. Тэгснээрээ намын дотоод эрх мэдлийн сорилт, улс төрийн нэр хүндээ алдах аливаа хэлбэрээс зайлсхийж чадсан. Тус нам улс төрийн шаардлагатай хэмжээнд итгэл төрүүлсэн хэвээр байв. Өмнөө тулж ирсэн замыг ухаарч ойлгох удирдах ажилтнуудынх нь чадвар ирээдүйгээ явцуу хүрээнд харахад хүргэж байсан нь энд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Гэсэн ч тус нам ойрын зорилтуудаа тодорхойлсон нэгэн тогтоолдоо „Байнгын ажиллагаатай ардын төлөөлөгчдийн байгууллага, төрийн дээд албан тушаалтан-ерөнхийлөгч бүхий төрийн байгуулалтын шинэ тогтолцоог бүх нийтийн чөлөөт сонгуулиар байгуулахыг дэмжих“.[7] үүрэг хүлээжээ. Энэ нь тодорхой хэмжээгээр ирээдүйгээ харсан хэрэг байв. Тэгсэн ч МАХН-ын удирдлага мэдээж цаг хожихыг оролдсоор л байсан.
Ардчиллыг ухаалаг мэдрэмжтэй хэрэгжүүлсэн нь
Ардын Их Хурал 1990 оны 4-р сард 8 яам, 3 улсын хороог татан буулгаж, 5 яам, нэг улсын хороог шинээр байгуулав. Ард олонд айдас хүйдэс төрүүлдэг Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамыг ч бас татан буулгасан нь нийгмийн уур амьсгалыг зөөллөх гэснийх байсан нь лав. Тэгсэн ч сөрөг хүчин шахалтаа чангатгав. Тэд нам, төрийн удирдлагад буй гэм зэмтэй этгээдүүдийг тусгай комиссоор шүүлгэн шийтгэл хүлээлгэх, МАХН-ыг Засгийн газрын ордон болон бусад байрнаас нь гаргаж, тэдгээр байрыг улс төрийн сөрөг хүчинд ашиглуулах шаардлага тавив. Ингээд намууд телевизээр шууд дамжуулсан дугуй ширээний яриа хэлэлцээнд оролцохоор уулзав. Түүний хамтаар сөрөг хүчин „гудамжнаас үзүүлэх шахалт“-аа чангатгаж, 90.000 хүн оролцсон томоохон жагсаал зохион байгуулав. Байдал бүүр даамжраагүй нь юуны өмнө тэдний өөрсдийн удирдлага болон МАХН-ын удирдлагын эрүүл ухаанаар асуудалд хандсаны ач юм. Гэсэн ч улс төрийн тогтолцоонд хийх өөрчлөлтийг гагцхүү парламентаар оруулж шийдвэр гаргуулсан нөхцөлд л зөвшөөрнө гэдгээ МАХН-ын удирдлага тодорхой ойлгуулав. Өөртөө юуг ч „гудамж“-наас хүчээр тулгуулахгүй гэсэн аж. Энэ шаардлага нь шууд бус утгаараа өөртөө үүрэг хариуцлага хүлээх боллоо гэсэнтэй агаар нэг юм. Ингээд тэд „Гудамжны шахалт“ аль хэр байхыг өөрсдийн үйл ажиллагаагаар өөрсдөө тодорхойлох болов.
Ардын Их Хурал 1990 оны 5-р сарын 10-нд „Улс төрийн намуудын тухай хууль“, „БНМАУ-ын үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль“-иудыг батлав. Намуудын тухай хууль тэр өдөртөө хүчин төгөлдөр болж, Дээд шүүх бүртгүүлэхийг нь зөвшөөрсөн бүх намыг хуулиар хамгаалжээ. Уг хууль намуудад гадаадын нам, иргэдээс хандив авахыг зөвшөөрснөөрөө онцлог. Ингээд МАХН болон сөрөг хүчний 5 нам, түүний дотор гишүүдийнхээ тоогоор хамгийн том нь болох МоАН улс төрийн намаар бүртгүүлжээ. Хожим „Бага үндсэн хууль“ хэмээн түүхэнд орсон „Үндсэн хуулийннэмэлт“-эд Ардын Их Хурлыг “БНМАУ-ын Ардын Их Хурал бол Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн.”), Улсын Бага Хурлыг “БНМАУ-ын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн.”, ерөнхийлөгчийг „БНМАУ-ын Ерөнхийлөгч бол Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа мөн“.[8] хэмээн тодорхойлсон буй. Ерөнхийлөгч нь Ардын Их Хурлын санал болгосноор депутатуудын олонхийнсаналаар 5 жилийн хугацаатай, дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн саналаар Ардын Их Хурлаас сонгогдох болжээ.
МАХН болон сөрөг хүчин бүхий л үйл ажиллагаагаа харилцан буулт хийж улс төрийн зөвшилцөлд хүрэх замаар үнэхээр хуулийн хүрээнд явуулах болсон билээ. МАХН зонхилсон парламент холбогдох хуулиудыг батлан гаргах боломжийг олгож байсан нь МАХН-ын түүхэн гавъяа болох нь дамжиггүй.
Анхны ардчилсан сонгууль
Ингээд Монгол Улсын түүхэн дэх анхны чөлөөт, бүх нийтийн, ардчилсан сонгуулийг явуулах зам шулуудав. Ардын Их Хурлаас сонгуулийг 1990 оны 7-р сарын 29-ний өдөр явуулахаар товлов. Материаллаг болон бусад угтвар нөхцөлийн хувьд МАХН хийгээд шинэ ардчилсан намууд хоорондоо түүнээс илүү ялгаатай яаж байхав гэмээр байсан чсонгуулийн дүн анхаарал татахуйц байв. Сонгогчдын 98.0 хувь нь саналаа өгсөн байна. МАХН61.74 хувь, (харин5 нам болж хуваагдсан) сөрөг хүчин 38.26 хувийн санал авчээ. Үүсч бий болоод дөнгөж хагас жил, нам болж үйл ажиллагаа явуулаад хоёрхон сар болсон сөрөг хүчин юутай ч сонгогчдын саналын бараг 40 хувийг авсан байв. Гэтэл тэр үед мөрдөгдөж байсан сонгуулийн хуулиарМАХН парламентын357 мандат, сөрөг хүчин25 мандатыг авсан нь гол гонсойлгом явдал болсон. Сонгогчдын саналын 40 орчим хувийг 25 мандат төлөөлөх болсон хэрэг! МАХН-ын шинэ удирдлага эвгүй юм болсныг ойлгосон байх учиртай. Парламент сөрөг хүчний Л. Дашням, Ц. Адъяасүрэн нарыг орлогч даргаараа сонгов. Дараа нь Ардын Их Хурлаас П. Очирбат (МАХН/Эдийн засагчдын фракцын гишүүн)-ыг ерөнхийлөгчөөр, залуу социал демократ Р. Гончигдоржийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Сөрөг хүчний улс төрч Дa. Ганболд, Д. Дорлигжав нар Д. Бямбасүрэн (МАХН/Эдийн засгийн фракцын гишүүн)-гийн кабинетэд шадар сайд болсон юм. Дэд ерөнхийлөгч Р. Гочигдоржийг Улсын Бага Хурал (УБХ)-ын даргаар томилсон ньонцгой ач холбогдолтой. Сөрөг хүчний улс төрч „хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий“ байнгын парламентын танхимын дарга болсон хэрэг![9] Тэр бол үнэхээрийн шинэлэг зүйл байсан. Түүнээс хоёр сарын өмнө хэн ч тэгнэ чинээ санаж зүрхлэхгүй байсан биз ээ. Улсын Бага Хурлын нийт 50 гишүүний 19 нь сөрөг хүчнийх байв. Тэгэхдээ парламентын 357 МАХН-ын гишүүний дийлэнх олонхи болон МАХН-ын удирдлага зөвшөөрөөгүй бол ийм үр дүнд хүрнэ гэж санахын ч аргагүй байсныг анзаарахгүй байж болохгүй.
Ардын Их Хурал„Улс төрийн намуудын тухай хууль“ (1990 оны 5-р сарын 10), „Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль“ (1991 оны 8-р сарын 28)-иудаар ардчилсан тогтолцоог хурдан тогтворжуулах гол үндсийг тавьсан юм.[10] Намууд гагцхүү нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдах тухай заалт эхний хуулинд ньмөн орсон буй. Үүгээр МАХН үйлдвэрийн газар, арми, аюулаас хамгаалах болон хуулийн байгууллагуудад намын үүргүй болж, нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдахаас өөр аргагүй болсон байна. Гүйцэтгэх засаглалд алба хашиж буй албан тушаалтнуудыг улс төрийн намын эрх ашгийг удирдлага болгон ажиллахыг хоригложээ. Хоёр дахь хуулинд нь зааснаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, бүх шатны шүүхийн дарга, орлогч дарга, гишүүд, бүх шатны прокурор, мөрдөн байцаагчид, зэвсэгт хүчин, цагдаа, улсыг аюулаас хамгаалах, шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх алба хаагчид, бүх дипломат ажилтнууд, улсын хэвлэл мэдээллийн байгууллагын бүх дарга, гишүүд намын гишүүнээс түдгэлзэх ёстой болжээ. Гагцхүү энэ хоёр хуулийн бодит үр дагаварыг харилцан уялдаа холбоонд нь ойлгож чадсан хүн л түүний хэмжээ далайц ач холбогдлыг ухаарсан буй.
МАХН гуужсан нь
Зохистой мөрийн хөтөлбөртэй болж, шинээр зохион байгуулагдан, тогтворжих томоохон зорилт улс төрийн бүх намд тавигдав. МАХН шинэ дарга, гүн ухаантан Б. Даш-Ёндонгийн удирдлагын дор үлэмж өөрчлөгдөв. Үзэл баримтлалын хувьд өөрийгөө „шинжлэх ухааны социализмыг баримталсан ардын ардчилсан нам“ хэмээн үздэг байсан тус нам 1991, 1992 онуудад хуралдсан намын их хурлуудын үр дүнд „алс дорнын гүн ухаанаас үүдэлтэй төв ёсны номлол бүхий үндэсний ардчилсан нам“ гэх болжээ.
Харин МАХН марксизм-ленинизмээс ямар түргэн, ямар эвтэйхэн салсныг үймээн бужигнаан ихтэй тэр цаг үед олж мэдсэн хүн үнэндээ бараг байхгүй дээ. МАХН шинэчлэгдэж, намындоторхи жигүүрийн үйл ажиллагааг хүртэл дүрмээрээ зөвшөөрсөн байна. Жигүүр нь нэгтэйгүүр намын дотоод ардчиллын нэг чухал шинж хэдий ч нөгөөтэйгүүр намын дотоод эрх мэдэлд томоохон сорилт болдгийг 1991 оны сүүлчээр „Монгол Ардын Намын уламжлал, шинэчлэлийн төлөө жигүүр“-ийн жишээ харуулсан. МАХН шинэчлэгдэх ямар ч чадваргүй гэх үндэслэлээр уг жигүүрийн нэр хүндтэй 40 гишүүн намаасаа гарч, „Монголын Сэргэн Мандлын Нам“-ыг байгуулсан билээ.
Гэлээ ч гэсэн МАХН аливаа асуудлыг шийдэхээр барьж авахдаа сөрөг хүчний намуудаас хамаагүй илүүрхдэг байсан юм. Тус нам чанд зохион байгуулалттай хэвээрээ байсан тул нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд ч гэсэн харьцангуй төвөг чирэгдэл багатай ажиллаж байсан билээ. Сөрөг хүчин улс төрийн туршлага, засаг захиргааны ажил хариуцах чадвараараа үнэндээ тус намтай өрсөлдөж чадахгүй шахам байсан. Гэхдээ тэрүед эхлээд өөрийгөө бэхжүүлэх нь сөрөг хүчний хувьд илүү чухал байсан юм. Юутай ч 5 нам болж хуваагдсаны улмаас улс төрийн гол гол асуудлаар үйл ажиллагаа явуулах чадваргүй болоод байсныг нь 1990 оны анхны парламентын сонгууль тэдэнд харуулсан. Үүнийг ойлгож ухаарсан нь сөрөг хүчний хувьд чухал байсан агаад түүнийгээ харин даруй засч залруулах шаардлагатай болсон байлаа.
Ардчилсан үндсэн хуулиа баталсан нь
Монголын ард түмнийг 1991 онд шинэ үндсэн хуулиа өргөнөөр хэлэлцэж, 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаар батлуулж ахуйд ирээдүйгээ туйлын өөдрөгөөр харсан хүсэл тэмүүлэл, эх оронч-үндсэрхэг утга агуулгатай маргаан мэтгэлцээн нийгмийн уур амьсгалыг тодорхойлж байв.[11] 1992 оны 2-р сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон Шинэ үндсэн хуулийг баталсан нь шийдвэрлэх эргэлтийг авчирсан юм.
Монгол Улс „хүнлэг, ардчилсан иргэний нийгмийг хөгжүүлж“, „ардчилал, шудрага ёс, эрх чөлөө, тэгш эрхийг ханган баталгаажуулах“ болсноо зарлав. Үндсэн хуулиар „нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг“ зөвшөөрч, өмчийн эздийн эрхийг хуулиар хамгаалав. Үндсэн хуулинд 76 мандат бүхий нэг танхимтай парламент, үлэмж эрх бүхий Ардын Их Хурал, нэлээд их эрхтэй ерөнхийлөгч, их төлөв парламентын саналаас хамааралтайгаар стратегийн шийдвэр гаргадаг гүйцэтгэх засаг байхаар заажээ. Үндэсний аюулгүй байдлаа хадгалан хамгаалах үүднээс зориуд ийм механизмийг сонгон авсан байна. Шинэ үндсэн хууль нь ерөнхийдөө „Барууны маягийн үндсэн хууль“ болсон гэж үндсэн хуулийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан Германы хуульч T. Штайн хэлсэн буй.[12] МАХН ч, улс төрийн шинэ намууд ч шинэ үндсэн хуулийг ямар ч цааргалах юмгүй хүлээн зөвшөөрсөн билээ. Тэд үндсэн хуулийг баталснаар сонгож авсан хөгжлийнхөө замыг гадаадад ч, дотоодод ч эргэлт буцалтгүй болгох эрмэлзэлтэй байв.
Шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор элитүүд бий болох шинэ механизм ажиллаж эхэлсэнд уг хуулийн нэг онцлог ач холбогдол оршиж байсан нь эргэлзээгүй. Улс төрийн нам эрх зүй, ардчиллын хүрээнд хөдөлж, олон нийтийн дунд нэлээд ил тодүйлажиллагаа явуулах шаардлагатай болж, ихээхэн өрсөлдөөний дарамтанд байх болжээ. Дотоод бодлогыг Улс Төрийн Товчооны заавраар зохицуулж байсан социализмын үетэй харьцуулахад Улсын Их Хурлын ач холбогдол асар их болов. УИХ-д зохих мандатыг авч чадсан нь л гүйцэтгэх эрх мэдлийг авах боллоо. Үндсэн хуульд хууль тогтоох засаглалын эрх мэдлийг гүйцэтгэх засаглалынхыг бодвол нэлээд өргөн хүрээтэй тогтоож өгсөн тул улс төрийн эрх мэдлийн талаарх ойлголт илүү өргөжин, шинэ эрх зүйн хүрээнд улс төрийн тоглолт хийж сурах ёстой болсон байна. МАХН ажил хариуцах чадвар, дадлаараа илүүрхүү ч хуучин сэтгэлгээндээ ихэд баригддаг байсан бол улс төрийн шинэ намууд, ялангуяа удирдагчид нь залуу хүмүүс байсан болохоор шинэ тогтолцоонд төвөггүй амархан дасч дадсан юм.
Ардчилсан тогтолцоонд шилжээд хийсэн анхны сонгууль
Шинэ үндсэн хуулийн хүрээнд парламентын шинэ сонгууль хийх шаардлагатай болжээ. Тиймээс Улсын Бага Хурал 1992 оны 4-р сарын 2-нд „Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль“-ийг батлав. 1992 оны 6-р сарын 28-нд болох сонгуулийг хүртэл ердөө гурав арай хүрэхгүй сар үлдсэн байлаа. Сөрөг хүчин сонгуульд амжилттай оролцоно гэж төсөөлж ч чадахгүй шахам байв. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглах боломж нь хязгаарлагдмал, санхүүгийн хөрөнгө муутай, өндөр нэр хүндтэй нэр дэвшигч цөөтэй байсан юм. Цөм нь болсон Монголын Ардчилсан Нам,Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам ядаж хагарал бутралаа даван туулах гэж 1992 оны 4-р сард сонгуулийн „Ардчилсан Холбоо“ (АХ) эвсэлийг байгуулахад Монголын Социал Демократ Нам(МСДН) түүнд нь оролцсонгүй.
Сонгуулийн дүн сөрөг хүчнийхний урмыг хугалжээ. МАХН сонгогчдын 57.1 хувь, АХ 17.5 хувь, МСДН 10.1 хувь, бусад нам болон бие даагчид 15.3 хувийн саналыг тус тус авсан байв. Тухайн үед мөрдөгдөж байсан сонгуулийн мажоритар тогтолцооны дагуу МАХН 70 мандат, АХ 4 мандат, МСДН 1 мандат (+1 бие даагч) авсан байна. Гэхдээ сонгогчдын 47.1 хувь нь МАХН-ыг сонгоогүй бөгөөд энэ нь тус сонгуулийн нэг чухал онцлог байсныг тэр бүр анзааргүй юм. Тэгэхлээр МАХН-д саналаа өгөөгүй сонгогчид 1990 оны анхны сонгуулийн үеийнхээс цөөрөөгүй, харин ч үл ялиг олширсон гэсэн үг. Эдийн засаг сүйрлийн байдалд орсон, сөрөг хүчнийхний засаг захиргаа, удирдлагын ажил хариуцах чадвар сул байсан ч энэ нь ямар ч гэсэн ер бусын гайхалтай дохио байсан. Улсын Их Хурлын анх дугаар хуралдаанаар сонгуулийн дүнг баталжээ. УИХ-ын гишүүд шинэ үндсэн хуулиа дээдлэн сахих тангараг өргөв. Олон хүн төдийлөн анзаараагүй ч тэрхүү ёслолын ажиллагаа үнэхээр шинэ цаг үе эхэлсний бэлгэ тэмдэг болсон юм.
МАХН дахиад Засгийн газраа байгууллаа. Ерөнхийлөгч П. Очирбат ерөнхий сайдын албан тушаалд П. Жасрайн нэрийг дэвшүүлэх санал гаргав. Хоёулаа 1990 оноос өмнө Монголын удирдлага дахь „эдийн засгийн фракц“-ын гишүүд байсан. Намын удирдлагад энэ фракц нөлөөгөө тусгахаа больсон мэт байдаг. Гэхдээ улс төрийн бий болсон нөхцөл байдалд, ямар ч гэсэн гүйцэтгэх засаглалд нөлөө нь мэдрэгдэж байсан. Бүр өмнө нь бие биетэйгээ сүлжээгээр холбогдсон байсан нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдийн бүлэг намын удирдлагад зонхилох болсон агаад тэд намыг ардчилсан нийгмийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх л үүрэгтэй байсан байх. Тэр үед ар талд нь тоглолт хийж байсан намын жинхэнэ удирдагчид хандивлагчдын хүсэлтийг харгалзан ямар ч тохиолдолд нам, төрийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байна гэсэн ойлголтыг гаднаа төрүүлэхээс зайлсхийхийг эрмэлзэж байсан.
1993 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хараандаа авсан сөрөг хүчин сонгуулийн үр дүнгээс харьцангуй хурдан дүгнэлт гаргажээ. Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Ногоон Намууд 1992 оны сүүлчээр нэгдэж, Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулсан агаад өөрсдийнх нь мэдээлснээр бүр тэгэхэд 41.500 гишүүнтэй болсон байв. 1993 оны эхээр Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) Ц. Элбэгдоржийн удирдлагын дор „Дөрвөн холбоо“ эвсэлд нэгдэв. Харин МҮДН, МСДН ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажиллахаар тохиролцсон байна.
Үргэлжлэл бий
Холбогдол бүхий ном, хэвлэл
[1] Ардчилал уу, анархизм уу?, Үнэн, 1989 оны 02-р сарын 16.
[2] Зоог барив, Үнэн, 1989 оны 09-р сарын 01; Ишлэл: Udo B. Barkmann, Die Beziehungen zwischen der Mongolei und der VR China (1952-1996), =Mitteilungen des Instituts für Asienkunde Hamburg 338, Hamburg 2001, 105 дахь тал.
[3] Alicia Campi and R. Baasan, The Impact of China and Russia on United States-Mongolian Political Relations in the Twentieth Century, New York 20098 зүүлт тайлбар 1129, 547 дахь тал.
[4] МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны комисст, Үнэн, 1989 оны 09-р сарын 20; Udo B. Barkmann, Erste Anmerkungen zu einem traurigen Kapitel mongolischer Geschichte, die dreißiger Jahre, in asien, afrika, lateinamerika 20(1993), 1043-1062 дахь тал.
[5] Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал, Үнэн, 1990 оны 03-р сарын 08.Уудын
[6] Монгол Ардын Хувьсгалт Намын Мөрийн Хөтөлбөр, МАХН Онц Их Хурал, Улаанбаатар 1990, 59-73 дахь тал.
[7] МАХН-ын Онц Их Хурлын Тогтоол, МАХН Онц Их Хурал, Улаанбаатар 1990, 52 дахь тал.
[8] БНМАУ-ын Үндсэн Хуулийн Нэмэлтийн Тухай Хууль, Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Долдугаар боть 1985 V сар-1992 он, Улаанбаатар 2010, 308-311.
[9] Мөн тэнд, 309 дэх тал.
[10] Улс Төрийн Намуудын Тухай, Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Долдугаар боть 1985 V сар-1992 он, Улаанбаатар 2010, 312-313 дахь тал; Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан ТушаалынТухай, Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Долдугаар боть 1985 V сар-1992 он, Улаанбаатар 2010, 483-484.
[11] Монгол Ардын Хувьсгалт Намын Их, Бүгд, Бага Хурлууд, Онцлох Үйл Явдлууд 1990-2010, Улаанбаатар 2010, 312 дахь тал; Udo B. Barkmann, Zum politischen Selbstverständnis der Mongolischen Revolutionären Volkspartei, in Asien, Afrika, Lateinamerika, vol. 24(1996), 475-496 дахь тал.
[12] Асуулт: … Та 1992 оны Монгол Улсын үндсэн хуулийг боловсруулахад зөвлөхөөр нь ажилласан. 1992 оны үндсэн хуулийн юу нь сайн, юу нь арай тийм сайн болоогүй вэ, өнөөдөр хараад Та юу хэлэхсэн бол?
Штайн: Үндсэндээ бол Барууны маягийн үндсэн хууль болсон. Барууны бусад үндсэн хуулиудтай маш сайн жишиж үзэж болно. Жишээ нь үндсэн эрхийг хамгаалах асуудлаар, наанадаж л олон улсын гэрээгээр үүрэг хүлээх замаар баримтлах ёстой болдог тэр түвшинд хүргэх гэж бид тэгэхэд хичээсэн. Бид эдийн засгийн салбарт гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн төсөл боловсруулах гэж чармайсан. Үндсэн хэрэгцээндээ бас жаахан тааруулах хэрэгтэй юм л даа. Гэхдээ бас үнэхээрийн ажиллагаатай улс төрийн тогтолцоо бий болгоход анхаарсан. Тэгтэл АНУ, Францынх шиг ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр үү, аль эсвэл үндсэндээ бэлгэдлийн юмуу жинхэнэ үндсэн хуулийн үүрэг бүхий ерөнхийлөгчтэй парламентын засаглал байх нь дээр үү гэсэн асуулт тавигдсан. Хэрэв тэгвэл жишээ нь Герман шиг хэдэн долоо хоног, сараар парламент нь санал нэгдэн Засгийн газраа бүрдүүлж чадаагүй нөхцөлд парламентыг тараах асуудлыг тавих гэх мэт ноцтой асуудал дээр л ерөнхийлөгч нь оролцож зохицуулдаг байх юм. Тэгээд жинхэнэ парламентын засаглалтайболохыг хүссэн. Харин улсын ерөнхийлөгчид хууль санаачлах зэрэг хэд хэдэн эрхийг олгохоор болсон юм. Тэрнь олигтой бүтэлтэй болоогүйг хурдан олж харсан, ингээд одоогийн өөрчлөлтийг хийж байгаа нь зүйн хэрэг. (Проф. др. Торстен Штайнтай хийсэн ярилцлага, Германы радио, Улаанбаатар, Долоо хоногийн мэдээ, Nr. 41, 2015 оны 11-р сарын 20)
DR. ADITYA
maria
Батсүх
rseqz
Зочин
Зочин
Зочин
Оноч
Зочин
Зочин
dsdsds