Улс төрчид худлаа хэлдэггүй (Харин ард түмэн буруу ойлгодог)
Хүмүүс нэг үгийг олон утгаар хэрэглэх аж. Ухаандаа нэг хар юм аахилчихсан орж ирээд “би баасан” гэлээ гэж бодъе.
Хүмүүс нэг үгийг олон утгаар хэрэглэх аж. Ухаандаа нэг хар юм аахилчихсан орж ирээд “би баасан” гэлээ гэж бодъе. Юуны өмнө тэр нөхөр нойлын өрөөнөөс гарч ирсэн байж болно. Эсвэл зүгээр л өөрийгээ танилцуулсан ч байж мэднэ. Гэх мэт, гэх мэт.Ялангуяа сонгуульд нэр дэвшигчид ч нэг үгийг олон утгаар хэрэглэх нь түгээмэл. Тээр жил МАХН “түмэнээ ядуурлаас гаргана” гээд сонгогдов доо. Манайхан болохоор “ард түмнээ” хэлж байна гэж бодоод байсан. Хэрэг дээрээ МАХН-ын өөрийн удирдлага болон тэдэнд ойр дөт байдаг нэг түм буюу арван мянга орчим хүнийг ядуурлаас гаргасан төдийгүй нүдэн дээр баяжуулж билээ. МАХН-ыг худлаа хэлсэн гэх аргагүй.
Зарим үгийн утга нэлээд хожим тодорхой болох нь ч байдаг. Тухайлбал тээр жилийн сонгуулиар одоо энэ Н. Энхбаяр “гоё сонгууль болох болно” гэж хэлүүлээд л бид нар гоё нь хаанаа байх юм бол гэж гайхаад л байсан. Тэгсэн чинь сонгуулийн шөнө орон даяар санал тоолох бүх байрын гэрэл тасраад эх адгаа алдаагүй юу. Хачин юм шүү, тогтой газар чийдэн унтрахын зэрэгцээ тоггүй газрын бүх лаа жигд унтарсан байдаг нь. Тэгж тэгж тог ирсэн чинь мань хүн “би ялчихсан юм байна” гээд малииж байсан даа. Тэрийгээ л мань хүн гоё гээд байсан юм билээ.
Тэхээр сонгогч олон түмэн улс төрчдийг үгээ ямар утгаар хэрэглэж байгааг урьдчилж харах чухалтай. Ер нь бол “Улс төрчид худлаа хэлдэггүй. Харин үгийг өөр утгаар нь хэрэглэсэн байдаг” гэж Владимир Ильич Кейнс “марксизм ба зэвсэгт сонгууль” зохиолдоо сургасан билээ.Өдгөөгийг сонгогч бидний хамгийн чухал зорилго бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ хоёр хүний үгний цаад санааг урьчилан харууштай... Ингээд олон жилийн туршлагаа санагалзан хамтдаа тунгаах гээд үзье, тэдний үгийг.
Уул нь бол хоюулаа л “шударга өрсөлдөнө” гэж яриад байгаа юм.
Ер нь сонгууль гэдгийг Ардчилсан нам, МАХН хоёр ондоо ондоо утгаар ойлгодог. Ардчилсан нам “иргэдийг саналыг авах явдлыг сонгууль гэнэ” гэсэн ойлголттой байхад, МАХН-чууд “санал тоолохыг сонгууль гэж тооцно” гээд зүтгэдэг.
Ардчилсан нам “Сонгогчдын олонхи нь дэмжсэн санал өгөхийг ялалт гэнэ” гэдэгт эргэлзэхгүй байхад МАХН-ынхан “Сонгогчдын санал чухал биш харин сонгуулийн дүн манай талд гарах нь чухал” гэж үхширтэл итгэдэг байх жишээтэй.
Ардчилсан нам болохоор саналаа өгдөг сонгогчдын итгэлийг олоход хамаг хүчээ зарцуулдаг. Харин МАХН-ынхан болохоор сонгогч чухал биш гэж үзээд сонгогчдын саналыг тоолдог сонгуулийн хорооны итгэлийг олоход хамаг мөнгөө зарцуулах жишээний.Ардчилсан нам “зөв тоолсон саналын хуудас хүчинтэй” гэсэн ойлголттой байхад МАХН-ынхан “зөвхөн өөрийн хүнийг ялуулсан хуудас л хүчинтэй” гэж зааварчилна. Хоёр өөр хэмжээстэй огторгуй байгаа биз.
Эндээс үүдээд нэр дэвшигчид нь хүртэл нэг юмыг ондоо ондоо утгаар ярина.
Одоо энэ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Элбэгдорж, Энхбаяр хоёр хоюулаа л “шударга өрсөлдөнө” “ шударга сонгууль”, “гүтгэхгүй” гэж нэг үг хэлж байгаа боловч цаад санаа нь үнэхээр ондоо.
Элбэгдоржийн хувьд шударга өрсөлдөнө гэдгийг сонгогчийн саналыг худалдаж авахгүй гэсэн утгаар ойлгож байна. Харин нөгөөх нь “сонгогчийн саналыг худалдаж авахад минь садаа хиихгүй байх” гэсэн утгаар тольдож байгаа.
Элбэгдорж нь шударга сонгууль гэдгийг саналаа шударгаар тоолохыг хэлнэ гэж бодож байгаа. Харин Энхбаяр бол өөртөө ашигтай тоолохыг л хэлж буй.
Элбэгдоржийн хувьд гүтгэхгүй гэдгийг “хийгээгүй юмыг минь ярихгүй” гэж ухаарч байгаа. Энхбаяр нь болохоор гүтгэхгүй гэдэг нь “хиисэн юмыг минь ярихгүй байх явдал” гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Ингэхэд би эх орны минь төрийг тэргүүлэх гэж өрсөлдсөн энэ хоёр сайхан хүнийг хэнийг нь худалч гээгүйг уншигч та анзаарна биз. Удирдагч хэзээ ч худал хэлдэггүй, харин ард түмэн буруу ойлгох явдал гардаг гэж хэлээ биз дээ.
Одоо энэ Энхбаяр “дээд боловсролыг үнэгүй болгоно” гэж хэлж байна. Чадна цаадах чинь... шударга ёсыг үнэгүй болгосон, хууль цаазыг үнэгүй болгосон, төрийн албыг үнэгүй болгосон, шударга сонгуулийг үнэгүй болгосон. Тэрэн шигээ нэг л өглөө эрдэм боловсролыг үнэгүй болгож бас л чадна...тэр хэрээр бид мөн ч хямдарч байна аа.