Ардчилагчдын цуглааныг даган баясав


“Ард түмний захиалгат 5 хүү” гэх сүржин алдрыг ард олон тэдэнд өгөөгүй. Өөрсдөө тараасан. УИХ-ын танхимд 5-уул эгнэж жагсаад гүтгэж эхлэснээр МАН-ын бүлэг 32-33-аар, АН С.Эрдэнэ Л.Болдоор хагарч, сонгуульт хугацаанд ажил бус хэрүүл гаарч Монгол дампуурахдаа тулсан. Эрх мэдэлд хүргэдэг үнэт зүйл “Гүтгэх менежмент” болсноор таван балиус ялсан билээ. Дөлгөөн авиртай М.Энхболд Ж.Эрдэнэбатаа шахамдуулаад эв эеэр мөлхсөн бол ажил арай ахих байсан бус уу? М.Энхболдын үйлдсэн гэмт хэрэг нотлогдоогүй учир шоронд орсонгүй гэж ойлгосон. Шоронд орсон Ж.Эрдэнэбатыг Олон улсын парламентын холбоо өмөөрч эсэргүүцлээ дэлхийд цацаж байв даа. ОУПХ-ны эсэргүүцэлд МАН эгдүүцсэн ч яваандаа хулчийсан уу яасан юутай ч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат цагаадаж Их хуралдаа суусан ч хэн ч буруудаагүй.

Ард түмний захиалгат 5 хүүгийн тэмцэл мөн ч цогтой бадарсан даа. Мартах аргагүй хувьсгал болсон: Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр туулаа. (Өнөөдөр нэг ард ингэж гүтгэвэл Х.Нямбаатар сайд яах бол?) Спикерийгээ чирээд гаргадаг цоо шинэ туршлага гадаадад гарч гээд тэр үед Х.Нямбаатар мал төхөөрөгч шиг ханцуй шамлан дайрлаж байв. Хэн нэгнээс хутаг ч гялалзсан. Т.Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад “Манан-мафын загалмайлсан эцэг оргочихлоо” гэж шөнөжин дамжуулсан. Завсар чөлөөгөөр нь “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж буйг үе үе тодотгов. Харьшгүй Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад, нотлооч гэхээр зугтсан. Хожим С.Баярцогтын Швецарийн банканд нуусан хэн ч олшгүй оффшор дансыг би ганц явалтаараа олоод ирлээ гэж цэнхэр дэлгэцээр ханхалзав. Тэр гүтгэхгүй сууж чаддаггүй хүн. 

Харилцагчийнхаа нууцыг хадгалах талаар алдартай Швецарийн банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл Аюурсайханы авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт аль эрт хуулийн байгуулагад өгөөд шалгуулчихсан байжээ. Ясны гүжирдэгч тэр бээр 2,4-4,5 саяын цалинтай шүүгчдийг 7-8 саяыг авдаг гэж гүтгээд суудал дээрээ Дээд шүүхийн шүүгч Ц.Цогтоос няцаалт авсан ч нийтийн сүлжээгээр гүжрээ цацав. Худал мэдээ тараах хуультайг хамдаа Х.Нямбаатар сайд сануулаач. Ард түмний захиалгат 5-ын 2 нь биз дээ та хоёр.

“Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Мөнхбат гишүүн бэлтчихээд байна” гэж Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат “30 тэрбумын хэрэг” гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул “Уучлалт гуйхгүй, 200 алуурч 30 тэрбум яг үнэн” гээд дахин уралцав. Иймэрхүү гүтгэлгүүдийг одоо бол Х.Нямбаатарын хуулиар худал мэдээ тараасан гээд алж өгөх байлгүй. Сануулахад гүтгэлэгт эрх баригчдын, сэтгүүлчдийн гээд ялгаатай хандах нууцыг Х.Нямбаатар сайдын улалзах нүүрнээс уншихад түвэггүй.

Идэр есийн тэсгим жаварт жанжны талбайд 20-30 мянгуулаа УИХ-ынхаа даргын (гашуудлын хар улаан туузтай) том хөргийн толгойг уруу харуулж бариад орилолдсон. Тэнд голдуу хонжоо хайж нохойтогчид цугларсан байх: ханцуй дотроосоо тарааж буй төгрөгнөөс хэдийг сэм атгах, талбайд эгнүүлсэн гэрүүдээс сиймхий таарвал ачих. 

Харин цуглааныг зохион байгуулагчдын зорилго том. У.Хүрэлсүх Ерөнхий сайдад, Ц.Нямдорж УИХ-ын даргад, таван гишүүн-балиус сайдад санаархаж буйгаа мэдээж зарлаагүй. Гэвч андашгүй байв. Тэд өндөр индрээс албан ёсоор гүжирдэж гарсан. Журамлаг оронд бол гүжирдэх ноцтой гэмт хэрэг. Монголд гүтгэхийг эмзэглэх бүү хэл эх оронч үзэл гэж өргөмжилж, оргүй гүжирдэгч Оюун-Эрдэнэ, Энх-Амгалан нар сайд болсон. “Мишээл экспо”-гоо цулайлгаж, Дарханы замыг бантагнуулж, олон хүний амь, эд хөрөнгө сүйтгэсэн Энх-Амгалан Говь-Алтайчуудад ариун бүрэлбаа гэгдэн дахин сонгогдов.

Гүтгэлэг улстөрд далдын давшгүй хүч болсонд эмзэглэсэндээ бичих юм. Хийрхүү жагсагчдын хараал цус харавмаар. Миний цус харвах-юу ч биш. Ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдийг уухайлдаг харанхуй масс гол буруутан гэдгийг эцэст нь онцолъё.

УИХ-ын дарга огцрох хуулийн дөрвөн заалттай аж. Тэр дөрвийн аль нэгийг ч атугай зөрчсөнийг нотлоод намайг огцруул. Эс тэгвээс УИХ-ын дарга хууль зөрчиж огцорсон болчих гээд байна гэж М.Энхболд олон хоног тайлбарлав. Хууль зөрчиж огцрох гэмт хэрэг гэсэн М.Энхболдыг, журам дагаж сураагүй нүүдэлчид ойлгоогүй. М.Энхболд аргаа барахдаа УИХ-ын даргыг огцруулах шинэ хууль зохиож өөрийгөө огцруулахыг санал болгосноор Ерөнхийлөгч уухайн тас шинэ хууль өргөн барьж, М.Энхболд өөрийгөө огцруулах төслийг УИХ-аар батлуулсан. Хуулиа зөрчөөгүй энэ гаргалгаанаас С.Эрдэнэ Ц.Туваан нар сургамж авч асуудлаа маргаанаар бус дүрмээрээ шийдэхийг зөвлөе.

Манангийн таглааг авч хаях хамгийн аюултай торгон мөч ирлээ. Ард түмээн, өнөө шөнө нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн ч нөгөө дайсан өөрийг нь огцруулахад зориулж шинээр зохиосон инээдэмтэй хууль дэгээр захих үгээ хэлээд намдуухан буув. Анхааруулаад байсан дайн дажин зодоон нүдээн гарсангүй. Ард түмнийг нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн Оюун-Эрдэнэ яаж дуугүй байхав “Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдсан нь үнэн байна гэхэд Батзандан “Зэс”-ийн удирдлага шөнө дундуур М.Энхболдтой нууцаар уулзсан нь туйлын үнэн гэж онголзлоо. Худал хэлэхэд байтугай хувьсгал хийхэд ч хуульгүй гэж Батзандан онолдов. Төр засгийн эрхэнд ичгүүргүй улайрсан зодоонд ёс зүй яаж байхав. Хожоо нь: дүрэмгүй зодоонд гарамгай хулигаанууд шунасан эрх мэдлээ авч Чингисийн цус буцалсан харанхуй масс алга нижигнүүлэв. Хохирол нь ёс зүй хог дээр хаягдаж, гүтгэлгээр өрсөлдөх улстөр уламжлал болж, дараагийн баг гүжирдэх бэлтгэлдээ гарсан.

Өнгөрснийг яагаад сануулав гэвэл сургамж ав гэсэн юм. Хуулиа нулимах, гүтгэж гүжирдэх бузрыг Төрд бүү ойртуул. Ёс зүй, мэдлэгтэй МАН-ын Б.Энхбаяр, Сүхбаатар, АН-ын Тулгат, Өнөрбаяр, Отгочулуу, ХҮН-ын Х.Доржханд, Б.Найдалаа мэт залуус манлайлтал бичнэ. Өөрийгөө тагнасан нь нотлогдоод, улайм цайм гүжирдлэгүүд нь илрэв ч эмзэглэх амьтан алга. Жидүчид сонгуульд бөөнөөрөө ялав. Тэднээр бахархагч-сонгогч үй түм. Нэр дэвшүүлэлгүй гомдоосон ждүчдээсээ Я.Содбаатарыг шадар сайдаар, Л.Энхболдыг хумслахад тохиромжтой төрийн өмчит том компаний дэдээр шагнав. Ийм Төр засгийг шударга гэх үү? 

Худал мэдэгдлээ та тав ганц нэг хүний чихэнд шивэгнээгүй телевизээр гурван сая хүн амд цацсан. Гүтгэлэг чинь тэр дороо цэнхэр дэлгэцээр баригдахад та тав гурван сая хүн амаасаа ичээгүй. Дүүрчихсэн улайрагч-ичгүүрийг мэдрэхээ болиод цайрчихдаг. Эрх мэдлийн улангасал чинь бэртэгчин хүсэл болохоос ард түмнээ гэсэн хайр биш. Баяжихыг шорддог ад зэтгэр бол шунал. Яс чанарыг чинь яваандаа таньсан иргэд та хэдэд нэг юм үзүүлнэ ээ гайгүй. Та хэдийн эрх мэдлийн тачаангуй, та хэдийн гүтгэлэг нийтэд жигшигдэж удахгүй дүнгээ тавиулна. Одоо юу дараа юу гэхээс. Эрх мэдлийн төлөө нэр нүүрээ барахыг монголчууд цээрлэдэг. Та хэдийн амины улстөр-чадвал тавуулаа эс чадвал нэг нь сэм мөнх шүтэгдэх шунал. Уг нь улс баяжвал бүгд баяжих учиртай. 

Буруу гарын бузар олзоор хагартал баяжаад мөнхрөхгүй. Ходоодны багтаамж хэмжээтэй, амьд явах хугацаа охор. Үхэл нэг өдөр чамайг багалзуурдна. Чиний эрх мэдэл эд хөрөнгө үхлээс аврахгүй. Энэ агшинд олонд тусалсан ач буянаа чамлаж, эх орон, анд нөхрөө хорлосон мунхаг тархиа шаасаар нүд аньдаг. Шунал-хамгийн ужиг нүгэл. Нүглийн цоож-тэвчээр. Би нүгэл гэх ганц хуультай харанхуй амьтан. Төр Засгийн сэнтий хууль бусаар авах нүгэл. Худлаа хэлэх нүгэл, хулгай хийх нүгэл. Хүн гүжирдэх нүгэл. Би ердөө иймхэн боловсрол хүмүүжилтэй өчүүхэн зохиолч. Нүгэлгүй орлогоор гэдэс муруйлгүй мөр бүтэн ная хүрлээ. Өөр юу хэрэгтэй юм бэ, хуурамч хорвоод.

Өдгөө Оюун-Эрдэнэгүй, Нямбаатаргүй юм алга. Томорч даналзах дур нь ид буцалж байх шиг. Буруу зөвийг ялгахдаа хаа очиж торох ч үгүй хоёр аж. Шинжлэх ухаан ч зөв бурууг тэгж эрс ялгаж дөнгөөгүй л явна. Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоосон гавъяа Л.Оюун-Эрдэнийх. 49 хувийг нийгэмчилснээр саалийнхаа 51 үнээг 100 болгоод, 51 үнээний сүүнээс 100 үнээний сүү 2 дахин их болсон нь онц дэглэмийн ач гэж Оюун-Эрдэнэ сайд дарцаглав. Малчин-монголчууд 100 үнээний сүү, 51 үнээний сүүнээс их байх нь онц дэглэмийх биш гэдгийг мэдэх ч тэдэнд дээдсийг өөлөх зориг алга. Татвар төлөгчдийн олон тэрбумаар эзгүй хээр-өвөөгийнхөө гэрийн буйран дээр сүндэрлүүлэх харш нь 200 сая жуулчин татах юм гэл үү? Мөн хуцаж байгаа жаал шүү. Элэг бариулаад байвал юу ч гэж хуцаж мэдэх-тархитай Ерөнхий сайд гээд бодчих. 

Худал мэдээ тараавал эрүү үүсгэнэ гэж Нямбаатар сайд өөрсдийгөө өөлөгчдийн амыг барихаар шийджээ. Энэ бол дарангуйлагч гэдгээ мэдрүүлэх далд сүрдүүлэг. Туршилтын туулайгаар сэтгүүлч хүүхнүүдийг зөөлчилтөл нөгөөдүүл нь шаагилдав. Ардчилал хүний эрх-дураараа дургигчдад гай аж. Нямбаатар сайд хуульч логикоороо дээрэлхэх хорхойтой. Тэр өөрийгөө их цайлган гэж тодотгоод, Тэмүүжин маш зуумтгай-өөрийгөө өмхийртөл бусдад өс санаж явдаг. Оюун-Эрдэнэ багадаа дээд ангийнхаа сурагчид хусуулчихаад гэрийнх нь гадаа тоосго бариад 24 цаг отсон. Түүний шазруун чанар одоо ч улс төрд хэвээрээ гэж бахархсан өнгөөр ярьжээ. Зуумтгай, шазруун хоёрыг хар цагааны туйл гэж ялгасан Нямбаатар сайд бусдад сайрхдаг хуульч логикоороо зөрчлийн, хөөн хэлэлцэх гэх мэт ойлгох аргагүй гүн хуулиа магтаж маргаан үүсгэв. Түүний хуулинд мань байтугай хуульчид хүртэл төөрч орхижээ. Ухаалаг шүүмжилсэн Б.Энхбаяр гишүүнийг өөрийнхөө суудлыг авах гэлээ гэж өчүүхнээ харуулав.

Эрдэнэтэд сүр бадруулж тогтоосон онц дэглэмийн үед зөвхөн удирдлагын зардал 30 гаруй тэрбумаар хэтрээд 154 сая долларын хулхи бараа шахсан мэдээ тарж АТГ-т очлоо гэх сураг гараад замхарсан. Ц.Нямдоржийн хатгаасаар Л.Оюун-Эрдэний онц дэглэм тогтоосон Эрдэнэтэд одоо юу юу болоод байна аа? Жастын Батхүүгийн замаар баялгаа барьцаалж олон зуун сая доллар авсан ч гэх шиг. 150 саяын шинэ шахам машинаа онцгой дэглэмээр сул авдаг жишиг тогтсон ч гэх шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та одоо Эрдэнэтэд онц байдал тогтоодоггүй юм гэхэд шуугиад буй дуулианд ганц үг ганхийхгүй юм уу. Овилгогүй “гар”-уудын сагсуурал хаалтгүй ялах-бидний доройнх. 2008 оны 7-р сарын 1-нд МАХН-ын цагаан ордон шатаж, 5 залуу амь алдсан. Энэ аймшигт хэргийн гол турхирагч Батзандан АН-ын босгоор хошуу дэвсэж ороод мэнд мултарсан. Гэвч Батзандан толгой хорогдсон АН-аа тас цавчиж хаяад Австральд тансаглав. Л.Болд Швецарьд бүрэн эрхт элчин сайд базарваань. Ард түмний захиалгат 5 иймэрхүү. Өтгөс минь ёс зүйд мөргөж, төрдөө буртаг ойртуулахгүй гэж дээжээ өргөж ариулсаар өдгөөтэй золгуулсан билээ. Юун гүтгэх гүжирдээд бурхан болох. 

2020-21