“Засгийн газрын мэдээ” сонины редакцийн зөвшөөрлөөр хэвлэв – baabar.mn

Украины хямрал гэдэг сэдвийг даян дэлхий бүтэн нэг жил залхатлаа сонсож байна. Сонирхохоо болих нь уу гэхлээр шинэ шинэ үйл явдал нэмэгдээд сэдэв өргөжөөд байх шиг. Тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк саяхан мэдэгдээдэхлээ. Тэрээр Брюссельд Европын Холбоо-Украины ассоциацын зөвлөлийн анхдугаар хуралдаанд очихдоо “Оросын түрэмгийлэл” гэгчийг илчлэх шиг боллоо. “Оросын цорын ганц зорилго бол Украиныг эзлэн авч, дайны талбар болгох явдал мөн” гээд шууд хэлээдэхлээ. Ингэж айлгах байдлаар тэрээр “Украиныг Европын Холбоонд элсүүлнэ” гэж хэлээд авлаа. Оросын түрэмгийллийн дор орсон Украинд гадаад санхүүгийн тусламж Европын Холбоо, ОУВС, АНУ, G-7 бүлгийн орнуудаас хэрэгтэй байна, 2015 онд тэсээдэхвэл 2016 онд тогтворжоод эдийн засгийн өсөлт хангагдаж эхэлнэ гэж тэрээр ярилаа. Эвсэлд нэгдэхгүй гэсэн бодлогоосоо Украин татгалзаж, “Хэрэв ард түмэн нь олонхиороо НАТО-д элсэе гээд санал өгсөн л бол НАТО-г ав гэж бид шаардана” хэмээн Яценюк бас хэлээдхэв.



Эвсэлд нэгдэхгүй гэсэн бодлогоосоо Украин татгалзах нь украины улс төрчид ба элитүүдийг ОХУ өөрөөсөө хэрхэн түлхэж холдуулав аа гэдгийн л нотолгоо болно. Нутаг дэвсгэрээ хэрчүүлж тасдуулаад гурав хуваагдчихаад байгаа украинчуудын хувьд нутаг дэвсгэрээ эргүүлж нэгтгэх, дараагийн аюулаас сэргийлэх гол арга зам гэж үзнэ. Гэхдээ эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий реформ хийж байж л тэр замд хүрнэ.

Яценюк ба Украины бусад удирдагчдын ярианаас нэг л өнгө цухалзаад байна. Тэд аашилж загнахын наагуур тунирхах, гоморхох, айлгах, бачимдах бүхий л аягаар Европын Холбоо, НАТО-г хүсэмжлэх аж. Тэд 1991 онд СССР-ийг бардам тараалцаж байхдаа хэтийн тэр Европын ирээдүйгээ ерөөсөө л олж хараагүй, ингээд 23 жилийг ор тас хаячихсан, сох алдчихсан юм байна. Тэр алдагдлыг нөхөхөөр 2014 оны хоёр сонгуулиар аврагч төр-засаг нь анх удаа гараад иржээ гэсэн ганц логик дүгнэлт дээр бууж байна.

2015 он бол тэсч үлдэх жил хэмээн шинэ Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрийн толгойд бичээстэй байх юм. Засгийн газрын үйл ажиллагааны 5 тэргүүлэх чиглэл гээчийг санал болгожээ. Батлан хамгаалах салбарын реформ, эдийн засгийн реформ, авилгатай тэмцэх хуулийн хэрэгжилт, эрчим хүчний системийн шинэчлэл, төрийн удирдлагын реформ, энэ 5-ыг дотор нь задалбал татварын тогтолцооны реформ, хөдөө аж ахуйн газрыг нээлттэй арилжаалах, цэрэг-аюулаас хамгаалахын төсвөө ДНБ-ийхээ 5 хувиас буулгахгүй байх гэхчлэн ярайж байна.

2018 он гэхэд Оростой залгаа хилээ “Европын хана хэрэм” болгоно гэсэн заалт байна. Одоо хилийн хэдэн постоос өөр юу ч үгүй хүн амьтан чөлөөтэй холхиж байдаг хил нь  траншей, өргөст тор, хагалсан газар, манааны иж бүрэн шовгор бүхий, Киевт төсөөлөгдөж байгаагаар Европын Холбооны дорнод хил болох юм байна. 2020 он гэхэд украины зэвсэгт хүчин нь жинхэнэ “Европын арми” болох ба Оросын (зөвлөлтийн) цэргийн байгуулалт, цэргийн номлолыг бүрэн хаясан байна, тооцоолбол тэр үед тус улс эвслийн гадуур байх статусаа гээж НАТО-гийн гишүүн болчихсон байх  бололтой.

1991 онд СССР-ийг тарааж, тоталитари нийгмээ халж байсан энэ орон 23 жил шилжилт хийгээд дордсон ба харин энэ Засгийн газрын өнгөн дээр (шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко) коммунист арга барил бүхий эдийн засгийн тогтолцоогоо нураах нь уу гэмээр мөрүүд цааш дурайх аж. Санхүү эдийн засагт оролцдог хянадаг төрийн байгууллагын тоо 56 байгааг 26 болгож, тэдний хяналтын 1032 төрлийн үүрэгт үйл ажиллагаа байгааг 680 болгоно гэсэн нь манайд ч үлгэр жишээ болмоор үйлс аж. Цаашдаа Украин нь үндэсний 1500 стандартаа Европын Холбооны стандарттай нийцүүлж хэвшүүлнэ гэсэн нь хуучин  СССР-ийн стандартыг бүрэн хална гэсэн үг болох нь. Төр засгийн албаны төсөв идэж суудаг түшмэдийг 10 хувиар цомхотгоно гэсэн үгс байна.  2017 он гэхэд эрчим хүчний стандартдаа оросын загварыг халсан байх нь. Өмнөх социалист нийгмийг санагалзуулсан нийгмийн элдэв халамж хөнгөлөлтийг үгүй хийнэ гэх мэт цааш нь эшлэж болно.

Хамгийн гол зүйл, ялангуяа Москвад ихэд эмзэг хүлээн авч буй өөр нэг сэдвийг энд хөндөх нь зүйтэй. Шинэ засгийн өнгөн дээр Украины Боловсрол шинжлэх ухааны яам нь айхтар шийдвэр гаргаадахлаа. Аугаа их эх орны дайныг “Дэлхийн II дайн” гэж нэрлэж бүх сурах бичигтээ засч оруулахаар болжээ. Зөвлөлт төр гэж байх үед “Эх орны” гэх тодотгол байсан бол, энэ нь хэрэг дээрээ эх орны дайн байсангүй, Украин нь тоталитари улсуудын хуйвалдааны золиос болсон, тэдгээрийн нэг тоталитари улс нь эдүгээ хүртэл оршин байсаар, Путин бол Сталин, Лениний хойд дүрээр бараг тодорлоо гэх маягийн үгс Киевээс гэнэт цууриатах нь тэр. Ингээд эх орны дайн гэх ойлголтыг 2014 оноос авч ярих, тэгэх тусмаа тус улсын дорнод хоёр муж– Донбасст өрнөж буй байлдааны түүх бичлэг дээр авч ярих болжээ. Украиныг фашистын зандалчдаас чөлөөлсөн 70 жилийн ойг энэ оны намар тэмдэглэх үеэр Петр Порошенко энэ тухай анхлан ам нээв. “2014 оны эх орны дайныхаа ялалтад би хатуу итгэж байна” гэсэн цогтой үгс мань хүнээс гарчээ. Дайн энэ удаа өрнөөс бус дорноос ирлээ гэсэн нь фашистын булаан эзлэгчдээс Украиныг чөлөөлсний 70 жилийн ойгоор Путины дэвшүүлсэн мэндчилгээний өөдөөс ус цацсан үйл явдал болов. Залгаад Украины телевиз, радиогийн улсын хороо нь хэвлэл мэдээллийн бүх байгууллагадаа хандаж, “Фашистын булаан эзлэгчдээс Украиныг чөлөөлсөн” гэх нэр томъёог хэрэглэхгүй байх тухай уриалга гаргав. “Украинаас нацистын булаан эзлэгчдийг хөөж гаргасан” гэсэн үгээр орлуулахыг санал болгов. “Фашист” ба “нацист”; “чөлөөлөх” ба “хөөж гаргах” гэсэн хоёр өмнөө ухагдахууныг тодруулав уу гэтэл шал өөр тайлбар гаргаад ирэв. Украинаас нацистын булаан эзлэгчдийг хөөж гаргасан ч украины ард түмэн эрх чөлөөгөө эдлээгүй, өөр дарангуйллын дор орсон, үр дагавар нь бөөнөөр хэлмэгдсэн, нутаг заагдсан явдал байлаа гэжээ. Украинаас нацистын булаан эзлэгчдийг хөөж гаргахад Улаан армид олуулаа бөөнөөрөө байлдаж явсан украинчуудаас гадна орон нутгийн чөлөөлөх хөдөлгөөнд оролцож явсан босогчдын армийн (ОУН, УПА) украинчуудыг магтан дуулах хэрэгтэй гэсэн зөвлөлгөө бас дагалдав. Дэлхийн II дайнд холбоотон армиудад тулалдаж явсан украинчуудыг түлхүү сурталчлах хэрэгтэй гэсэн үгс ч бас байна. Энэ уриа дуудлагатай зэрэгцээд украины телевизийн бүх суваг, бүх кино театруудад эх орны дайны сэдэвт дайн байлдаантай орос кинонуудыг хориглов.

Энэ бүхнийг Орос сөрсөөр, өөрийгөө СССР-ийн залгамжлагч гэдгийг сурталчилсаар байгаа нь элдэв далим шалтаг цаадуул нь гаргаад ирэх нөхцлийг бүрдүүлсээр байх шиг. Оросын кабелийн телевизүүдээр эх орны дайны сэдэвт дайн байлдаантай орос кинонуудыг үзүүлэх нь бүр ч ихэссэн мэт. Олон янз жанр, сэдвээр бүр ч ихээр үйлдвэрлэж байх ба германы талаархи орос хүний мөнхийн сэтгэлгээг тэр хэвээр нь авч үлдэх гэсэн мэт. Германыг жигшүүлэх, тэгснээрээ Европын Холбоо, НАТО-г жигшүүлэх, сэрэмжлүүлэх  гэсэн гео-соёл, гео-сэтгэхүйн албан бус томхон кампани Орост явагдаж байж бас болно.

Төсөөлбөөс шал өмнөө логик гарч ирж байна. Украин дахь ийм сурталчилгаа, ялангуяа сургуулийн түүхийн сурах бичгүүд ийм зохиомжоор бичигдэн, тэр нь нийгмийн дараа дараагийн үеийг хүмүүжүүлбэл украинчуудын ой санамжинд орос гэж шал өөр, бүр эсрэгээр харгис догшин, балмад, эзлэн түрэмгийлэгч дүрээр бууж үлдэх юм байна. Эдүгээгийн Балтийн гурван улсын замнасан замаар Украин эргэлтгүй орлоо гэж дүгнэж ч  болж байна. Тэнд бүр “перестройка”-гийн үед л “Зөвлөлтийн оккупац” гэдгийг ил далд ярьсаар 1991 он гэхэд зөвлөлтийн эзлэн түрэмгийлэгч гэх шошго зөвлөлтийн армид нааж авсан, түүнийхээ эсрэг тэмцсээр, хөөж гарган тусгаар тогтнолоо эгүүлж олж авсан гэж үздэг. Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг гутаан доромжилсон, зөрүүлээд германы нацистуудад алба хашсан легионуудыг алдаршуулсан, ахмад дайчдыг нь мандуулсан, 1950-иад оны дунд үе хүртэл байлдсаар байсан партизануудыг үндэсний баатрууд болгосон, оросыг жигшүүлэх тэр кампанит ажил нь тэдгээр улс НАТО, Европын Холбоонд элсэх үйл явцтай яг зэрэгцсэн, тэр л сценар Украин дээр тулж ирэх юм байна.   

Оросын зэвсэгт хүчин, оросын геополитик оролцож байж улс орноо гурав хуваалгачихсан Гүрж, Европын зүг сонголт хийж буй, нутагт нь Оросын тал баримталсан салан тусгаарлах улс үүсээд 22 жилийг үдсэн Молдова хоёрт Украины энэ үйл явдал ил далд явагдаж буйг бас анхаарах хэрэгтэй. Хэрэв Нагорно-Карабахаа эгүүлэн авч чадахгүй бол азеруудаас ямар ч ааш аяг гараад ирэх юм билээ, бүү мэд?