“АРД ТҮМЭН” БОЛ НОХОЙД БАРЬДАГ МОД

ТҮҮХИЙН УТГААР

Уул нь монгол хэлэнд “ард түмэн” гэсэн үг байгаагүй, энэ нь хэл шинжлэлийн нэршлээр неологизм юм. Язгууртныг эртнээс “цагаан ястан” гэдэг байсан ба Цэндийн Дамдинсүрэнгийн тайлбарласнаар язгуур угсаагүй хүмүүсийг үүнтэй эсрэгцүүлэн “хар ястан” гэдэг байжээ. Эндээс хар – харад (олон тоон дээр) – арад гэж товчлогдон хувирчээ. Хэдийгээр энэ нь зөвхөн гарал угшлаас хамаатуулсан нийгмийн давхрага авч нийгмийг ялгаварласан анги биш. Цагаан ястан ба ард хоёрын хоорон дахь хөрөнгийн ялгаварлал үгүй. Угсаатнууд ч ядуу байж болно, жишээ нь ядуу тайжийг хохь тайж гэх. Мөн ард гаралтай боловч баян чинээлэг нь ч бий.

Түмэн гэдэг нь математик утгаараа 10 мянга гэсэн тоо заах ч сүүлдээ олон, их гэсэн утга заах болжээ. Эндээс олон хүнийг “олон түмэн”, “түмэн олон” гэх мэтээр хэлдэг.

1919 онд Хятадын цэрэг халдан Монголын автономын устгахад үүнийг эсэргүүцсэн гурван тусдаа бүлэг үүссэн нь ноёдын (язгууртны), түшмэдийн (төрийн алба хашигсадын), ардын (язгуур угсаа үгүй хүмүүс) гэж өөрсдийгөө нэрлэж байсан. 1920 онд түшмэдийн ба ардын бүлэг хамтарч хуралдахад үүнийг зохион байгуулсан Оросын большевик И. Сороковиковт “Ардын” гэсэн нэр ихэд таалагджээ. Учир нь ард гэдгийг тэрээр ихэс дээдэс болон төрдөө дарлагдсан ядуу зүдүү, голдуу малчин хүмүүс гэж ойлгосон бололтой, иймээс түүний ятгалгаар хоёр бүлгийг нийлүүлж Монгол ардын нам гэж нэрлэх болсон юм. Зөвлөлт Оросоос тусламж гуйхаар явсан намын төлөөлөгчид аль нэрээр тусламж хүсэх талаар маргаан болж түнжин хагарч байсан. Түшмэд нь нэгэнт төрийн төлөөлөгчид учир Багд хааны бичгийг чухалчилж байхад, ард гаралтнууд “МАН-ын намын нэрээр тусламж хүснэ гэж зөрүүдлэв.

1921 онд байгуулагдсан Засгийн газрыг юутай ч Ардын засаг гэж нэрэлсэн, үнэндээ ноёдын, түшмэдийн, ардын гурван нам нийлсэн эвслийн засаг байсан ба Засгийн газрын бүрэлдэхүүнд ардын бүлгийг Еранхий сайд ба Гадаад яамны сайдыг давхар эрхэлж байсан Бодоо ганцаар төлөөлж байлаа.

Ард гэсэн үгийг тэр үеэс одоо хүртэл орос хэлээр “арат” гэх ба үүнийгээ “хөрөнгө чинээгүй ядуу монгол малчин” гэж тайлбар тольд бичдэг. 1924 онд баталсан Үндсэн хуулиар нийгмийг анги давхрагаар нь хувааж язгуур угсаатнууд болон баян чинээлэг хүмүүсийг нийгмээс гадуурхах, улмаар устган алга болгох зорилт тавьсан ба шинэ хувьсгалт Монгол улс нь гагцхүү мөнөөх ард ангиас бүрэлдэхийг ёсчлон тунхаглажээ. Ийнхүү ард нь ангийн шинж чанараар тодорхойлогдох болсон юм. Эндээс “ард түмэн” гэсэн ухагдахуун бий болов. Өөрөөр хэлбэл олон түмэн нь үүнээс хойш зөвхөн ард ангиас л бүрдэнэ гэсэн санаа. Олон түмэнд харъяалагдах боловч ард биш хүмүүсийг нийгмээс тусгаарлах, улмаар устган сөнөөх ажиллагаа 1940 он хүртэл үргэлжилсэн. Тэр үеийн анкетанд бие хүнийг тодорхойлох асуулгад “ард”, “тайж” гэсэн сонголттой асуулт заавал зоолттой байдаг байлаа. Нэг үгэндээ хүн болгоноос ард уу, тайж уу гэдгийг заавал асууж хөтлөнө гэж буй. 

1924 онд Монгол улс бүгд найрамдах засаглалтай болсон ба улсын албан ёсны нэр нь Бүгд найрамдах Монгол ард улс. Зөвхөн ард ангиас бүрэлдэх улс гэсэн утгатай. Харин үүнийг орос хэлнээ “народ” гэж орчуулсан нь хожим англи хэлнээ “peоple`s”, хятад хэлнээ “жэнь минь” гэх болжээ. Улмаар Монголоос гарсан энэ нэршил социалист гэгдэх коммунист баримжаатай бараг бүх улсын албан тодотгол болжээ. Зүүн Герман, Хойд Солонгос зэрэг орнууд үүн дээрээ “ардчилсан” гэх тодотгол нэмэх болсон. Орчин үеийн хожуу үеэс хэрэглэж ирсэн Бүгд Найрамдах Ард Улс гэдэг нэр томъёо нь үндсэн хуулиараа социализмын гэгдэх улс орнуудын онцлох нэр юм.

Нэгэнт ард биш давхрагынхныг хуугаар нь устгаж дууссаны дараагаас “ард түмэн” гэх нэршил нь урьдын олон түмэн гэх утгыг агуулах болсон юм. Энэ нь дээрх англи хэлний “peоple”,орос хэлний “народ” гэсэн үгтэй утга шууд мөргөнө. Гэхдээ “ард түмэн” нь албан маягийн, эсвэл хэнхэг нэршил бол ердийн ахуйд “олон түмэн”. “хүн амьтан”, “хүмүүс” гэж ярьдаг. 

УГСААТНЫ УТГААР

Одоо монгол хэлэнд ойлгогдож байгаа "Ард түмэн" буюу олон түмэн (peоple, народ) гэсэн нэршил анхандаа "овог аймаг" гэж нэрлэгддэг хоорондоо нягт холбоотой бүлгүүдийг тодорхойлдог байжээ. Хожим нь төр болон улс гүрэн үүссэнээс болоод энэ үг илүү тодорхой бус утгатай болж эхлэв. Нэг буюу ойрын холбоотой бүлгүүд байгуулагдан эртний мужууд бий болсноор үндэстний нутаг дэвсгэрийн холбоог ард түмний нэрээр нэрлэх хандлага гарч ирэв. Цаг хугацаа өнгөрөхөд хөрш зэргэлдээ газар нутгийг булаан авч, оршин суудаг ард түмнүүдийг эрхшээлдээ оруулах явцад уг холбоог байлдан дагуулагч ард түмний нэрээр нэрлэх практик бий болжээ. Жишээлбэл, дорноос довтолсон түрэмгийлэгчдийг зүүн славяны түүхэнд "Татарууд" гэж нэрлэдэг. Дараа нь энэ нэрийг эрх баригч ард түмний нэрээр "Монгол" гэж сольсон ба хосолсон "Монгол-Татарууд" буюу "Татар-Монголчууд" гэх болж.

Тийм учраас:

1. "Эртний Герегчүүд" гэж нэрлэх нь олон тооны ард түмнийг угсаатны цусан ураг төрлийн холбоогоор биш, харин эллинист соёл, хэлээр нэгтгэсэн гэж ойлгох хэрэгтэй. 

2. Өнөөдрийг хүртэл "Британий нэгдсэн хаант улс"-ын бүх иргэдийг "Англи" гэж нэрлэдэг боловч Британийн арлуудад амьдардаг Шотланд, Вэльс, Ирланд болон бусад ард түмэн англичууд биш юм. Германы иргэд өөрсдийгөө Deutsch гэж дууддаг боловч ихэнх нь өөрсдийгөө бавари, саксон, түрэг гэх мэт хүмүүс гэдгийг санаж, бусад оронд байхдаа өөрсдийгөө таниулах зорилгоор энэ үгийг ашигладаг. Францын олон иргэд өөрсдийгөө Норман, Бретон, Валлон гэх мэт болохыг сайтар мэддэг ч францчууд гэдгээ давхар зөвшөөрдөг.

3. Оросын эзэнт гүрэнд харъяаллагддаг маш олон үндэстнийг гадаадынхан бүгдийг нь нийлүүлэн оросууд, Оросын ард түмэнгэж нэрэлдэг. Энэ нь ЗХУ-д уламжлагдан үлдсэн тул гадаадынхан тэнд амьдардаг олон зуун үндэстэн ард түмний нэр, нэршлийг төдийлөн сонирхдоггүй.

4. Мөн өмчлөл, нийгмийн хуваагдалтай холбоотойгоор ард түмэн гэдэг үг дээрх онцлог шинжээс өөр утга олж авсан. Жишээлбэл, Энэтхэг улсын иргэд олон үндэстэн, хэл, кастуудад хуваагддаг тул өрснөө тэднийгээ нийлүүлээд "ард түмэн" гэж нь буруу гэж үздэг.

УТГА АГУУЛГЫН УТГААР

Ард түмэн гэдэг нь бүхэл бүтэн гэж үздэг аливаа олон тооны хүмүүс (олон түмэн, peоple, народ) юм. Улс төр, хууль эрх зүйд энэ нь угсаатны бүлэг, үндэстний нэгдэл, хамт олон, улс төрийн олон нийт эсвэл нийтлэг массыг илэрхийлэх нэр томъёо юм. Энэ нь хүний эрхийн хууль, олон улсын эрх зүй, түүнчлэн үндсэн хуулийн эрх зүйн ойлголт бөгөөд ялангуяа ард түмний бүрэн эрхт байдлын нэхэмжлэлд ашиглагддаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд "ард түмэн" өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. 

Ард түмэн гэдгийг үндсэндээ гурван өөр ухагдахуунаар хэрэглэх нь элбэг. 

  1. Угсаатны утгаар. Тодорхой газар нутаг, зан заншил, уламжлал, хэлний хувьд нэгдмэл тогтвортой бүлгийг ард түмэн гэх. "Монголын      ард түмэн", "Америкийн ард түмэн" гэх мэт.
  2. Нийгмийн тодорхой анги давхарга, социал бүлэглэлээр нь ард түмэн гэж нэрлэх нь бий. "Нутгийн ард түмэн", "Малчин  тариачин ард түмэн" гэх мэт.
  3. Улс төрийн утгаар. Тодорхой үйл явдлыг эсэргүүцэж буюу дэмжиж буй олон түмний хөдөлгөөн уухай, сэтгэл санааг бас ард түмэн гэж нэрлэх нь бий. "Энхтайваны төлөө жагсаал", “Хар арьстнууд ч бас  чухал” хөдөлгөөн гэх мэт нь ард түмэн гэсэн далбаанд нэгдсэн.

Юутай ч ард түмэн гэдэг нь “хүн ам” гэсэн ойлголттой утга нэг биш. Монгол улсын хүн ам гэдэг нь үзэл бодол нийгмийн идэвхи, анги давхрагаас үл хамаараад бүгдийг хамруулсан статистик тодорхойлолт .

ХУУЛЬ, ШҮҮХИЙН УТГААР

Эрүүгийн хуульд, тодорхой эрх мэдлийн хүрээнд Ард түмний нэрээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг явдал бий. АНУ-ын хэд хэдэн муж энэ нэршлийг ашигладаг. Гэхдээ зөвхөн тухайн муж улсын нэрийг "ард түмэн" гэсэн үгээр орлуулдаг гэдгээ хатуу тайлбарласан байдаг. Үүнээс гадна Ирланд, Филиппинд эрүүгийн шүүх хурлыг тус тусын муж улсын иргэдийн өмнөөс “ард түмний нэрийн өмнөөс” гэж нэрлэн шүүдэг. Энэ форматын үндэс болсон улс төрийн онол нь тусгаар тогтнолын нэрээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадагт оршино. "Ард түмэн" гэдэг нь улс төрийн эрх мэдлээр хөрөнгө оруулалт хийсэн эсвэл улс төрийн зорилгоор цугларсан харьяаллын иргэдийн биеийг бүхэлд нь тодорхойлдог.

Социалист Монголын үед шүүхийн шийдвэрийг Бүгд найрамдах Монгол ард улсын нэрийн өмнөөс гаргадаг байсан нь дээрхтэй утга нэг. Гэхдээ энэ нь Монголын ард түмний биш, Монголын төрийн нэрийн өмнөөс учир утга нь илүү ойлгомжтой.

ҮНДСЭН ХУУЛИЙН УТГААР

Ромын Бүгд Найрамдах Улс ба Ромын эзэнт гүрэн хоёулаа Сенатус Популуск Романус (Сенат ба Ромын ард түмэн) гэсэн латин нэр томъёо ашигладаг байв. Энэ нэр томьёо нь Ромын легионерийн стандартад товчилсон (SPQR) гэсэн үгээр тогтоогдсон бөгөөд Ромын эзэн хаад бүрэн хувийн дарангуйлалд хүрсэний дараа ч тэд Сенат болон Ромын ард түмний нэрээр эрх мэдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байв.

Орчин үеийн ихэнх Үндсэн хуулиудад ард түмнийг төрийн эрх мэдлийн эх сурвалж, бүрэн эрхт байдлын эзэн гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үндсэн хууль, эрх зүйн шинжлэх ухаанд энэ нэр томъёоны нэгдмэл нэг утга бүхий ойлголт байдаггүй. Үзэл бодлын хүрээ нь ард түмнийг сонгуулийн корпустай адилтган тодорхойлохоос эхлээд өнгөрсөн, одоо, ирээдүй хойч үеийнхний цогцыг хүлээн зөвшөөрөх хүртэл өргөн хүрээтэй. Үндсэн хуулиудад "ард түмэн" гэсэн нэр томъёог 1) Эрх мэдлийн эх үүсвэр, 2) Үндсэн хуулиар олгогдсон эрхийн субьект гэсэн хоёр өөр утгаар ашигладаг.

УЛС ТӨРИЙН УТГААР

Бүх түүхэнд төр нийгмийн удирдлагад гарсан хаан, султан, пап, богд, удирдагч бивангарьд төдийгүй босогч, тэмцэгч, нураагч, чөлөөлөгч бүгд өөрийн байгаа статус зорилгооард түмний нэрээртодорхойлж байсан. Мэдээж Бурханаас, дээд тэнгэрээс тушаал даалгавар авсан байж таараа. Харин ардчилсан нийгэм үүссэнээс эхлээд тэд ард түмний төлөө зүрх сэтгэлийн дуудлагаараа ирж ард түмэндээ үйлчлэх, тэднийгээ жаргаах, шударга ёсыг дээдлэх зорилготойгоо тунхаглах болов. Тэд бүгд ард түмэн гэдгийг угсаатны утгаар хэрэглэнэ. 

Орчин үеийн улс төрийн популизмд ард түмэн гэх нэршлийг ихэс дээдэс, баян чинээлэгчүүд, эрх баригчид, нийгмийн элит хэсгийхнийг сөргүүлэн “энгийн ардууд”, “масс”, “хүн амын улны хэсэг” гэсэн ойлголт болгон хэрэглэдэг. “Ардын хүүхэд” гэвэл нийгмийн элит бус гаралтан гэсэн шууд утгатай болоод явчихана. 

Дээр дурьдсанчлан “ард түмэн” гэсэн нэр томъёо нь хаана, юунд, ямар зорилготой ашиглаж байгаагаасаа хамаарч маш олон утгатай болох нь харагдаж байна. Чухам ийм учраас л улс төрийн популизмд маш идэвхитэй ашиглагддаг нэршил болой. Нэг л үгэндээ популист улс төрд “ард түмэн” гэх нэршил нь нохойд барьдаг мод юм.

ЛОГИК УТГААР

Монгол улсын Үндсэн хуулийн гуравпугаар бүлэгт “Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Энэ бол хуулийн хувьд ч, логикийн хувьд ч буруу томъёолол юм. Мэдэл буюу эрх мэдэл нь социологи, улстөрийн утгаар хувь хүн, эсвэл бүлэг хүмүүсийн бусдыг захирах эрх мэдэл юм. Иргэний нийгэмд энэ нь шүүн таслах, гүйцэтгэн захирах, нийгмийн баялагийг захиран зарцуулах эрх мэдэл болой. Эрх мэдэл гэдэг нэр томъёо нь дагаж мөрдөх эсвэл дуулгавартай байлгах замаар эрх бүхий зорилгодоо хүрэх чадварыг тодорхойлдог. Иймээс эрх мэдэл гэдэг нь шийдвэр гаргах мэдэл юм. Энэ нь хууль тогтоох, шүүн таслах, өмч эзэмших, өмчийг захиран зарцуулах бүрэн эрх.

Ард түмэн буюу аль ч ойлголтоор нийт хүмүүс эрх мэдэл эзэмших огт бололцоогүй. Монголын 3 сая хүн, Америкийн 300 сая хүн нийлж байгаад алхам тутамдаа байнга шийдвэр гаргах бололцоогүй нь хэнд ч ойлгомжтой. Маш тодорхой асуудлаар зөвхөн “тийм”, “үгүй” гэсэн хариултаар нийт ард түмэн саналаа хэлж шийдвэр гаргах арга бий. Үүнийг олонх аль талд байгаагаар эцэслэн шийддэг. Үүнийг референдум, плебисцит гэх мэтээр нэрлэнэ. Улс орны өмнө шийдвэрлэх ёстой хариулт шаардсан мянга түмэн асуулт байнга гарч байдаг тул үүнийг үргэлж рефрендумаар шийдэх бас л огт бололцоогүй. Ийм учраас төлөөлөх эрх мэдэл гэсэн ухагдахуун бий болжээ. Энэ нь нэгэнт ард түмэн шийдвэр гаргах бололцоогүй учраас ардчилсан тогтолцоот нийгэмд өөрсдийгөө төлөөлөх багийг шударга (энэ бас тодорхой биш ухагдахуун шүү!) сонгуулиар тодорхой хугацаа заан сонгон бүрэлдүүлдэг. Тэр баг заагдсан хугацаанд асуудлыг хуульчлах, шүүн таслах, захиран зарцуулах бүрэн эрх эдлэнэ. Ард түмэнд сонголт эс таалагдвал хугацаа дуусангуут түрүүний сонголтоосоо татгалзаж болно. Ингэхээр ард түмэн бол шийдвэр гаргах эрх мэдэл бүхий субъект биш, харин эрх мэдлийн эх сурвалж юм.

Ард түмэн нийтийн өмчийн эрх мэдэлтэй байх бас бололцоогүй. Өмчийн эрх гэдэг нь захиран зарцуулах бүрэн эрх. Ард түмэн дундаа өмчтэй болоод тэрийгээ 3 саяулаа хэлэлцэн захиран зарцуулах бололцоотой юу? Ийм учраас захиран зарцуулах эрх мөн л заагдсан хугацаан дотор ард түмнийг төлөөлөх эрх бүхий бүлэгт ноогдоно. 

“Ард түмэн” гэх ухагдахуун нь дэндүү олон янз утгатай, тухайн тохиолдолд аль утгыг нь авч үзэж байгаа нь тодорхой биш, сайн муу аль ч зорилгож ашиглаж болдог хийсвэо ойлголт юм. “Ард түмнээр шийдүүлнэ”, “Төрийн эрх зөвхөн ард түмэнд байх ёстой”, “Нийгмийн баялагийг ард түмний мэдэлд өгнө” гэх мэт нь амьдрал дээр огт бололцоогүй хоосон яриа төдийгүй энэ зальхай хуурамч үг нь жинхэнэ эрх мэдэл сэжиг бүхий хувь хүн болоод бүлэглэлд хууль бусаар очих шургаа мөн. 

2023.01.26.