АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ
Ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг... Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй.
Өнөөдөр АН хоёр хуваагдчихсан хэцүү л байна. Сумын төвд бороо орсны дараа, шалбааг дотор хоёр согтуу юм салахгүй зодоон хийж, амьтны шившиг болдогтой л адилхан харагдах юм. Эцэстээ ийм л хөгийн зүйрлэл орж ирэх боллоо шүү дээ. Ийм болчихсон энэ намд хоёр зүйл маш их дутагдаж байна. Нэгдүгээрт, шинэ зарчим. Хоёрдугаарт, шинэ үе.
Өнөөдөр АН-ын зүгээс энэ улс орон, ард түмний төлөө хийх ажил маш их байна. Гэвч арга хэмжээ болгон дээр 30 жилийн өмнө жагсаж, тэмцэж явсан өнөө хэд нь гараад ирчихсэн зогсож байгаа нь ардчиллыг, ардчилсан үзэл баримтлалыг улиг харагдуулж байна. Бат-Үүлийн, Со-гийн ерэн онд байгуулсан гавьяаг өнөөдөр хэн ч үгүйсгэх боломжгүй. Харин одоо бол тэд биш, дараагийн үе нь ардчиллын үнэт зүйлийн төлөө, ардчилсан үзэл санааны төлөө төв талбай дээр үсдүүлж, чихдүүлж, гурил цацуулан зогсохыг ард түмэн хүсч байна.
Гэтэл АН-ын залуу үе хаана явна вэ. Хэвлэлийн хурлаараа үзэгддэг ганц нэг залуусаар ойлгомооргүй байна. Сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг төдий залуус баймааргүй байна. Цаг үедээ ил гарч ирж, золиос шаардах зөв үйлдлийг ардчилсан үзэл санааны төлөө хийдэг залуусыг хармаар байна. Үсээ тосолж, үнэтэй костюм өмсөж, хальт мульт англиар ярьсан, хэлбэртэй АН-ын залуу үе биш шүү. Хоёр талд гарсан томчуудынхаа биет төлөөлөгч маягаар дуугарч бүр ч болохгүй. Дуугарахаараа заавал хэн нэгнийг доош нь хийж, хэн нэгэнд бурууг тохож, өөрсдийгөө хэн ч биш харагдуулж болохгүй. Шулуухан хэлэхэд, өнөөдөр та нарын улс төрд “том ах” нарын чинь хэн нь ч хэрэггүй. Тэдэнгүйгээр улс төр хийж сур гэж хэлье, энэ үгийг төгсгөлд ч бас давтана. Тэднийг зүгээр л хүндэл. Таарсан газраа заавал түрүүлж мэндэл, суудал тавьж өг. Шаардлагатай гэж үзвэл тэднийг фон болго. Харин та нар өөрсдөө нүүрний эгнээнд сууж, нүүрний эгнээнд зогсоцгооно шүү. Ардчилсан үзэл санааг тэд биш, та нар эхэлж ярь, ярьсаар дуусга...
Өнөөдрийн хамгийн том шүдний өвчин бол мэдээж АН доторх хоёр хуваагдал. Дайныг дэмжиж нэг хэсэг нь жагсахад, дайныг эсэргүүцэж нөгөө тал нь жагсаж байгаа чинь л онигоо юм. Энэ л АН-ыг, улмаар ардчилсан үзэл санааг ард түмний дунд доог тохуу болгож, үнэгүйдүүлж, үл тоож, хүүхэд нохойн тоглоом болгож байна. Үүний гол дүрд ах нар чинь тоглосоор дуусах биз. Тэднийг тэнд нь орхи. Харин залуу үеийн та бүгд “Хүн бүр сайхан амьдрах үзэл санаа бол ардчиллын үзэл санаа юм аа, энэ үзэл санааг хамгаалах нь ардчиллыг хамгаалж буй үйл хэрэг юм” гэдэг зарчмыг зогсолтгүй ярьж, тунхаглаж гарч ирцгээ. Энэ тухайгаа ах нараасаа битгий асуу. Тэдний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүн байсан нь одоо та нарт ямар ч хамаагүй. Хамаатай л гэж бодож байгаа бол та нар гарч ирж чадахгүй, ардчиллын нүүр царай болж бүр ч чадахгүй. Тэд ардчиллыг авчирсан нь үнэн, харин ардчиллыг аврагчид биш гэдгийг нийгэм ойлгочихлоо.
Бас нэг үнэнийг нийгэмд маш сайн ойлгуулъя, АН-ын залуус аа. Ардчилсан үзэл санааг гутаах нь аав ээжийгээ, эхнэр хүүхдээ гутааж байгаа хэрэг, Монголын ирээдүйг доромжилж буй хэрэг гэдгийг. Та нарын эхний удаад хийх хамгийн том ажил бол ард түмэнд үүнийг ойлгуулах. Тэгэхгүй бол мөнгөнөөс өөрийг бодохгүй болсон монголчууд ардчилсан үзэл санааг алхам алхмаар, чимх чимхээр хороож байна. Эцэстээ мөнгө ч үгүй, ардчилал ч үгүй сөнөцгөөх нь.
Ардчилсан үзэл санаа гэдэг тийм хямдхан зүйл ерөөсөө биш. Ардчилсан нийгэм гэдэг тийм хямдхан олддог эрх чөлөө бүр ч биш. Маш хямдханаар олддог зүйл гэдэгт гүн бат итгэсэн бүхэл бүтэн үе гарч ирж байна, тэдэнд маш хурдан зөвөөр ойлгуул. Ардчилал гэдэг бол асар их үнээр олддог нийгмийн хувьсгал юм шүү. Олон ургальч үзэл ардчилсан нийгэмд байх ёстой. Гэхдээ энэ үзлийг хэт их гүрний үзэл сурталд ашиглаж болохгүй. Үүний нэг тод илрэл бол сая Со руу гурил цацсан үйлдэл. Залуус ийм гэнэн байж болохгүй. Хэрсүү байх цаг үе. Гурил цацаж байхынхаа оронд “Хэрэвзээ бид ардчилсан, тусгаар Монгол Улсын иргэд биш байсан бол өнөөдрийн Буриад, Тува, Халимагийн залуус шиг Украины дайнд ачигдах байлаа...” гэдгийг ярих ёстой юм. Наад захын ийм түүхэн үнэ цэнийг мэддэг, ойлгодог, ярьдаг байх нь АН-ын залуу үеийн үүрэг хариуцлага байх ёстой. Гэтэл 30 жилийн өмнө үүнийг ойлгосон Со гарч ирээд ярих нь улиг болчихоод, оронд нь АН-ын залуу үе нь зогсоод ярьж байгаасай гэж нийгэм хүсч байгаа юм.
АН-ын залуу үеийнхэн түүх унш. Өнөөдөртэйгөө харьцуулж хар. Лавтай Монгол Улсын сүүлийн 200 жилийн түүх, түүхэн хувьсгалын удирдагчдын эцсийн ганц хүсэл бол “Энэхүү хоёр том хөршөө давж, цаана нь байдаг Америктай, Японтой, Германтай, Францтай харьцаж, хамтарч, нөхөрлөж үзэх юмсан” гэдэг туйлын хүсэл, тэмцэл л байсан юм. Маш товчхондоо энэ. “Манай Монгол Улс нь Швейцарь лугаа хөгжих ёстой” гэсэн 100 жилийн өмнөх алдарт үг бол өөрөө ардчилсан үзэл санаа байсан юм. Өнөөдөр гуравдагч хөршийн бодлого гэдэг нь энэ. Гуравдагч хөрш гэдэг нь өөрөө ардчилал юм, ардчилсан үзэл санаа юм гэдгийг АН-ын залуу үеийнхэн нийгэмд ойлгуулах ажлыг эрчимтэй хийцгээ. Үүнийг бүр нийгмийн шинжтэй үзэл санааны хувьсал болгооч. Энэ үйл хэргийн төлөө 30 жилийн өмнөх Сосорбарамыг, Бат-Үүлийг одоо битгий зовоогооч. Энэ хэдэн хувьсгалчдын оронд та нар нулимуулж, цохиулан, доромжлуулан, бас дахин доромжлуулан зогсооч. Өөрийгөө энэ хэмжээнд золиослох эр зоригтой залуу үеийг АН-ын эгнээнээс хайж байна. Байхгүй байгаа бол Монгол Улсад ардчилал сөнөхөд бэлэн байна. Нэг намын тогтолцоо 2016 оноос хойш улам бэхжиж байна. Цаашид ч засаглалын хувьд нэг намын хяналт улам дархлаажих нь. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ц.Лоохууз гуай нас барахынхаа өмнө нэг үг хэлсэн нь, “Залуус коммунизм санагалзан ардчиллыг зүхэж эхэллээ. Бузартай үе рүү буцаж болохгүй шүү” гэж. Үхэхээс бусдыг үзэж туулсан энэхүү буурал сэхээтний үг үнэ цэнэтэй.
Энд бүр онолын хэнхэг гэмээр тунхагийг ч бичмээр байна. Жишээ нь “Улс төрийн идэвх угаасаа дэмжигдэх ёстой зүйл, ардчиллыг хамгаалах гол баталгаа болно” гэж. Гэтэл өнөөдөр улс төрийн идэвх бүрийг ийнхүү гурилаар будах явуулга хүчтэй байна. Энэ бол коммунистуудын, дарангуйлагчдын арга. Өнөөдрийн Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдрал, ард түмний сэтгэл зүй цаанаасаа ийм үсдсэн, гурилдсан удирдлага, заавартай явж байна. Ардчилсан үзэл санааг мохоож байна.
Холын бурханаас хонхорын чөтгөр гээд л таньдаг юмнуудаа өөд нь татдаг буруу зүй тогтол АН-ыг сүүлийн 20 жил дуусгалаа. Өнөөдрийн намын залуу үеийг харж байхад заавал нэг гишүүн, сайд, дарга даамал байсан хүмүүсийн үүдээр байсан нөхдүүд байгаа нь бусдад, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна. АН-ын залуу үе гэх сортоотой аавын хүү, ээжийн охин гарч ирэхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Эхний шалтгаан ер нь энэ шүү. Заавал хэн нэг ахын хараат байх шалтгаанаар дүүрэн залуус АН-аар дүүрчихсэн, шинэ үеийнхэн нь болох гэж зүдэрцгээж байна. Энэ тохиолдолд МАН-ын залуу үеийг харах нь зөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Миеэгээ будаа болгоод гарч ирсэн. Т.Аюурсайханы хувьд цайг нь зөөж хөлд орсон Н.Багабандийгаа “Оюу толгой ТУЗ-өөс зайлаач” гэж хашгирч өөрийнхөө имижийг бүрдүүлсэн. Гишүүн Б.Энхбаяр өөрийн сайд байсан Ц.Нямдоржийг “Хуулийн салбараас зайл” гэж олонтой орилдог. МАН-ын залуусын хэн нь өвгөдөө өмнөө барьж, ард нь нуугдаж гарч ирсэн юм бэ. Өвгөдөө золиослон өөрсдийн нүүр царайг улс төрд бий болгож, МАН-д шинэ үе түрэн гарч ирлээ гэдгийг тунхагласан. Өрсөлдөгч намын чинь залуу үе ингэж л улс орныг удирдах эрхийг олж авч байхад та нар өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа. МАН-ын залуучуудын үе солигдох хамгийн том порцесс юу болсон гэхээр хөхөө өвлийн хүйтнээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар сөрөг хүчнийхэнтэйгээ нийлэн, намынхаа ах нарын эсрэг жагсаж тэмцсэн акц шүү дээ. Өнөөдөр тэр тавыг зүхэх хүмүүс байдаг, үнэндээ тийм биш ээ, цаадахыг харсан, өнөөдөр улс орныг удирдах хувь заяаны зургаа зурсан том улс төр байсан юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Хуулийн сайд, УИХ-ын дэд дарга хийцгээж байна шүү дээ.
Ийм хэмжээнд сэтгэж, алсыг харж, ах нараа золиослон улс төр хийх зориг, зүрхгүй байгаагаа АН-ын залуу үеийнхэн шударгаар хүлээн зөвшөөрцгөө. Том ах нар нь гэж бүгдээрээ бусдад зааж зөвлөж, захирч зандрах санаатай. Энэ хандлага нь намд муугаар нөлөөлөөстэй. “АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ” гэдэг үг бол хэн нэгний үг биш, нийгмээс хэлж байгаа үг. Эцэст нь ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг... Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгоцгоо, залуус аа. Ардчилсан үзэл санааны дууч шувуухайнууд болцгоо, ард түмэн та нарыг хүлээж байна...