АН-ын "том толгой" ба МАН дарга
Түүний тухай сайн, муу мэдээний дор “Элбэгдоржийн тэжээсэн гөлөг” гэх комментыг хэн нэг нь заавал үлдээдэг. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн гадарлана.
Орон нутгийн ээлжит сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдэв. Энэ сонгуулийн үр дүнгээс 2024 онд улс төрийн хүчний хуваарилалт хаашаа шилжих вэ гэдэг шалтгаална. Харин одоо болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь УИХ дахь цөөнх буюу АН буюу сөрөг хүчин, тэдний улс төрийн идэвхи, оролцооноос илүү их хамаарах болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадалгүй унтаж өнгөрүүлсэн АН-ын хувьд одоо УИХ-д сууж байгаа 11 гишүүн илүү их хариуцлага үүрнэ гэсэн үг.
Өчигдөр /2020.09.09/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж төгрөгийн ханшны уналт, мөнгөний бодлогын талаар нэлээд нухацтай асуулга тавьсан байна лээ. Сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганыг хийж, Засгийн газрын бүтцийг хэлэлцсэн тэр үеэс хойш Ерөнхий сайдын чихэнд хамгийн их хонх уясан хүн нь гишүүн Б.Пүрэвдорж. Энэ удаагийн асуулгын хариуг өгөх нь ч гэсэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Ерөнхий сайдад хатуухан тусах болов уу.
Сануулахад, өнгөрөгч долдугаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүн Б.Пүрэвдорж У.Хүрэлсүхийн танхимд өмнө ажилласан сайд нарыг нэг бүрчлэн цохож “Гадаад харилцааны сайд чинь жолоочоороо хар тамхи зөөлгөсөн. Зам тээврийн сайд чинь ЖДҮ авсан” /одоо Шадар сайд болоод дэвшчихсэн/ гэж байгаад хариуцлага нэхсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгууль дууссан Пүрэвдорж оо” гээд микрофоныг нь хаахад У.Хүрэлсүх хажуунаас нь “Томоотой байгаарай, бацаан аа” хэмээн томорчээ.
Ясны заргач юм болохоор Б.Пүрэвдорж нь мөчөөгөө өгөлгүй “Чи өөрийгөө хэн гэж бодов? Хаан, заан юм уу? Чи өөрийн хүчээр Ерөнхий сайд болоо юу? Энэ 61 хүн /МАН-ын бүлгийн гишүүд/ зовж зүдэрч, мөнгө хөрөнгөө шатааж байж чамайг Ерөнхий сайд болгосон. Ерөнхий сайд болонгуутаа чи тэдэнд бөгсөө харуулаа биз дээ. Одоо та нар бүгдээрээ хог болно. Зүгээр кноп дарагчид болсон, заа” хэмээн хоёр салаа хэрэлдэж, У.Хүрэлсүх нь уурандаа багтран гарч одсон билээ. Б.Пүрэвдоржийн У.Хүрэлсүхэд хэлсэн энэ үг чуулганы танхимаас гараагүй ч мань хүн зорилгодоо хүрсэн. У.Хүрэлсүхэд өгөөш тавиад, нөгөөх нь дэгээг үмхчихсэн. Харин МАН-ын бүлгийн 61 гишүүн намын даргынхаа талаар ямархуу бодолтой үлдсэнийг таашгүй.
Сая Т.Аюурсайхан сая ээлжит бус чуулган дээр мань хүний микрфоныг хааж, үг хэлэх эрхийг нь хасаад юунд хүрснийг бүгд мэднэ. Ц.Нямдорж дууриаж "хатуу самар" болох намаа алах шахсан Т.Аюурсайхан тэр өдөртөө багтаж үг хэлэх эрхийг нь нээсэн ч энэ сэдэв лав долоо хоног хэвлэл, соошлаар давалгаалсан юм даг.
АН-ын бүлгийн хурал дээр Ж.Батсуурь гишүүн “Пүрэвдорж өөрөө буруу үйлдэл хийсэн учраас өмөөрөх боломж байсангүй” гэхэд нөгөөх нь “Чи намайг өмөөрөх шаардлагагүй. Чи зүгээр л өөрийнхөө улс төрийг хий" хэмээн адарсан аж. АН-ын бүлгийн 11 гишүүн өөр өөрийнхөө улс төрийг хийж, нэг фронтоор "давшиж байж" МАН-аас ялгарах АН-ын ялгарал харагдана л даа. Б.Пүрэвдорж ганцаараа ноцоод үр дүнд хүрэхгүй нь үнэн.
Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд АН-ын МАН-аас ялгарах ялгаа огтхон ч харагдсангүй. Ялагдал хүлээгээд тойргийн гадна үлдсэнүүд нь эс юм гэхэд УИХ-д сонгогдсон 11 гишүүн лав МАН-ын 61-ээс ялгарч харагдахгүй байгаа. Шүүгчийн алх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орчихоод байхад У.Хүрэлсүхэд алга ташаад сууж байгаа АН-ын гишүүдтэй юу ч ярих вэ. Улс төрийг яаж хийх, юугаар улс төр хийхээ ч мэдэхгүй. Ийм нэг хүндхэн парламент дотор өөрийнхөөрөө, өөртөө зөв улс төр хийгээд яваа нь Б.Пүрэвдорж.
Б.Пүрэвдорж Ц.Элбэгдоржийн хүн мөн үү?
Түүний тухай сайн, муу мэдээний дор “Элбэгдоржийн тэжээсэн гөлөг” гэх комментыг заавал нэг нь үлдээдэг. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг улс төрийн хүрээнд бол гадарлана. Хэрвээ Ц.Элбэгдоржийн хүн байгаад, Элбэгдорж нь М.Энхболдыгоо дэмжиж байсан нь үнэн бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын эсрэг тэгтлээ улайрахгүй байсан биз. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд УИХ-ын дарга болсноос хойш нэг жилийн дотор цөөнхийн бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржийн УИХ-ын индэр дээрээс нийтдээ 21 удаа МАН-ын дарга М.Энхболдыг шүүмжилсэн байдаг. Үр дүн нь ч гарсан байх.
Улс төрд орж ирсэн замнал нь бол Х.Тэмүүжин, Л.Гантөмөр хоёртой холбоотой. Тухайн үед АН дотор Алтангадасын дараа орж байсан "Нэг Ардчилал" клубынх. Найзууд, намынхан нь "Том толгой", "Дээгүүр толгойт" гэж хочилдог. Бусдын амыг нэг их хараад байхааргүй, хувийн бодолтой, ерөнхийдөө л "том толгой" нөхөр дөө.
2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа нөгөө "Том толгой" ХХАА-н сайд Х.Баттулгын дэд болчихно гэсэн хувийн тооцоотой /тухайн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 23 гишүүний зургаа нь "Нэг Ардчилал"-ынхан/ Ц.Элбэгдорж дээр нэг удаа орсон гэдэг юм. Жилийн дараа сонгуульд орох гэж байгаа, сонгуулийнхаа мөнгийг босгох гээд тэнгэр, газраа мэдэхгүй явсан хүнд яасан ийсэн Пүрэвдорж... Ёстой "дунд хуруу" биз дээ.
Тэгээд мань хүн нөгөө зургаагаа дагуулаад Хууль зүйн сайдаар томилогдоод удаагүй байсан Х.Тэмүүжин дээр орсон. Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдсон түүх нь ийм. Элбэгээ энэ тэртэй ямар ч холбоогүй юм, уг нь.
Сонирхуулахад, Харьяатын газар 2011 онд улсын төсөвт 5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байв. Харин Б.Пүрэвдорж 2015 онд Х.Тэмүүжинтэй хамт буухдаа 13 тэрбум төгрөгийн орлоготой хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш жил тутам буурсаар 2019 онд 3 тэрбум болсон байна.
Б.Пүрэвдоржийн тэнд хийсэн ганц зүйл нь тэнд дагаж мөрддөг 86 журмыг 34 болгож цөөлсөн. Тэдгээр дүрэм журмуудад байсан албаныхны бүх эрхийг авч хаяад дан үүргүүдийг нь үлдээсэн. Ажлаа авсан эхний өдөр нь мань хүний ширээн дээр суугаа хүн харагдахааргүй олон бичиг цаас авчирч тавьсан байдаг юм. Бүгд визний хүсэлт. Тэр хүртэл бүх зөвшөөрлийг Харьяатын дарга Д.Мөрөн ганцаараа зурдаг байж. Б.Пүрэвдорж ажлаа аваад бүх визийг боомтууд дээр шууд олгодог болсон. Угаасаа хуулиндаа тийм байсныг дотоод журмаар зохицуулаад Харьяатын даргад өгчихсөн байсан хэрэг.
Ганц жишээ хэлэхэд, Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомт 2012 онд 23 хүнд виз дарсан. Гэтэл Харьяатаас тэнд ажиллаж байгаа хүний тоо долоо. Нэг хүний цалинг сая төгрөгөөр тооцвол 80-90 сая төгрөгийн цалингийн зардалтай. Дээр нь үйл ажиллагааны бусад зардал бий. Аливаа төсөвт байгууллагын зардлын 40 хувь нь цалин, үлдсэн 60 хувь үйл ажиллагааны бусад зардал байх ёстой. Гэтэл тэнд 70 хувь нь цалин, 30 хувь нь үйл ажиллагааны зардал. /Бусад боомтууд дээр ч мөн ялгаагүй байх л даа/ Тэгээд энэ 70 хувийг 40 хувь руу буулгахын тулд хилийн боомтууд шууд виз олгох эрхийг нь нээж өгсөн. 2014 онд Зөвхөн Ярантын боомтоор 6000 жуулчин орж ирсэн, Ховд аймгийн төсөвт 600 сая төгрөг оруулсан. Өмнө жилдээ 20 сая төгрөг л байсан, 30 дахин өссөн гэсэн үг. Төрийн байгууллагуудын хүн суртлыг байхгүй болгочихоор төсөвт орох орлого ингэж нэмэгддэг.
Дагаад мэдээж визний зөрчил, хугацаа хэтэрсэн энэ тэр гээд өчнөөн асуудал гарна л даа. Үүн дээр жишээлэхэд 1990-2012 он хүртэл Монгол Улс 4000 орчим хятад иргэнийг албадан гаргасан юм байна. Харин 2012-2016 онд 6000-ыг гаргасан. Онд нь хуваагаад үзвэл дахиад 30 дахин өссөн үзүүлэлт.
Ховд аймгийн хувьд онцлогтой л доо. Захчин, торгууд, өөлд гээд олон монгол ястнууд хилийн наана цаана, ах дүү, төрөл саднаасаа салчихсан байж байдаг. Шинжан Уйгарын 380 мянган монгол хилийн цаана байна. Энэ хүмүүс Монголд ирж ах, дүүтэйгээ уулзахын тулд Шинжаанаас Бээжин, Хөх хот, Эрээн орж виз гаргуулаад, тэндээсээ Улаанбаатараар дайрч Ховдод очдог байсан. Үүнийг л өөрчилсөн хэрэг.
иргэн
зочин
зочин
Ванчаа
Bat
zochin
Зочин
Доржбат
Зочин
Зочин
Пүрэвдорж
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
дэмжигч