АЖ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав: ИХ УРЛАГ БОДЛОГООР ХӨГЖИХ УЧИРТАЙ
Миний уран бүтээл бол тоотой. Найман дуурь байна. Хоёр нь бэсрэг хошин дуурь юм. Хориод киноны хөгжим бичсэн. Янз бүрийн дуу нийлээд 500 гаруй бий. Хөгжимт драмын жүжиг хориод байгаа. “Маамуу нааш ир”-ээс эхлээд хүүхдийн дуу зуу гаруй бичсэн.
2007 оны 7 сарын эхээр, Наадмын дараахан хийсэн уулзалт ярилцлага
Вашингтон Ди Си хотноо “Хар хорин” хэмээх Talk Club байгуулагдсанаасаа хойш олон хүнтэй уулзалт-ярилцлага зохиосон билээ. Энэ удаад Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуай “Хар Хорин”-ы хойморт уригдлаа. Лувсаншарав гуай 1926 онд мэндэлсэн, Монголд их урлагийг анхлан оруулж ирсэн хүмүүсийн нэг. Уламжлал ёсоор хөтлөгч зочноо танилцуулсны дараагаар Лувсаншарав гуай товч яриа хийв. “Нэг их лекц хийгээд яахав, гол нь асуусан асуултад чинь л хариулахыг зорьё” гэсээр Лувсаншарав гуай яриагаа эхэллээ.
БАГА СУРГУУЛЬД Ч СУРЖ ҮЗЭЭГҮЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
“Би ер нь бага, дунд ямар ч сургууль төгсөөгүй, 13 наснаасаа эхлээд л шууд ажилласан хүн. Сүүлд 54 оноос Москвад Чайковскийн консерваторид сурснаа эс тооцвол нэг ч сургууль дамжаагүй. Дан ажиллаж явсаар, 2003 онд 77 настайдаа тэтгэвэртээ гарлаа. Тэтгэврээ гэхдээ эрт тогтоолгосон л доо. Тэгээд АНУ-д та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа их баяртай байна. Сонирхох зүйл байвал хариулъя даа”
Жаажаа хэмээх Санждорж: Та сая сургуулиар дамжаагүй гэлээ. Тэгэхээр энэ олон сайхан дуу хөгжим яаж бичсэн юм бэ? Угаас удмын авьяастай айл байсан юм уу? Хөгжимд хэрхэн боловсорсон бэ?
Миний эцэг эх, төрөл садан дотор дуулдаг хуурддаг хүн бол байхгүй. Ээж, аав маань хөдөөний малчин улс. Багадаа, 5 наснаасаа би харин хийдэд суусан юм. Тэр үед чинь хүмүүс хүү төрвөл толгойн дээрээ маань мэгзэмтэй байхаа бодож, лам л болгохыг хүсдэг байлаа шүү дээ. Тэгээд 1938 оныг хүртэл хийдэд суулаа. Манай Хэнтийн хийд бол Эрдэнэзуу болон Хүрээний хийдээс их өөр, өвөрмөц цамтай. Цамд хүүхдүүдийг 21 Дарь эхэд тоглуулдаг байсан юм. Тэнд тоглож бүжиглэдэг байлаа. Мэдээж цам бол бүрээ бишгүүр гээд олон хөгжимтэй. Дээр нь лам нарын уншлага гэдэг чинь их сайн хэмнэл, ая дантай байдаг. Энэ нэг чухал нөлөө байсан байх. Хоёрт гэвэл манай Монгол ардын найр наадам гэдэг чинь ерөөсөө л хөгжим, аялгуу шүү дээ. Хүүхдийн сэвлэг үргээх, цагаан сар, жасаа уншуулах гээд л тэр үеийн баяр наадам дуу хуураар тасарна гэж үгүй. Энэ бас их нөлөөлсөн болов уу даа?
13 наснаасаа ажил хийсэн гэсэн, тийм хүүхэд хийх ямар ажил байх вэ? Ер нь хаа хаана ажиллав?
Би ер нь хөгжмийн хүн болно гэж ер бодож яваагүй. 13 наснаасаа анх багшийн ажил хийсэн юм. Тэр үед, 38, 39 онд, бүх нийтээр бичиг үсэгтэй болох зорилтыг тавьж байсан цаг. Хөгшин залуу бүхий л улсыг дугуйлан маягаар, гурван сараар, дөрвөн сараар хичээллүүлж, Монгол бичигт сургадаг байв. Би чинь 6 настайгаасаа, хийд дээр байхдаа Монгол бичиг заалгачихсан хүн. Сайхан Монгол бичигтэй лам хүнээр заалгасан юм. 38 онд 12 настайдаа хар болоод бичиг мэддэг байсан болохоор шууд л бичиг үсгийн багшаар томилогдож билээ. Аймгийн намын хорооны мэдлийн ажил. Дараа нь тэр ажлаа болиод жолооч хийсэн. Хэд гурван төгрөг олж, аав ижийдээ нэмэр болох санаатай, Хэнтий аймгийн Зам барилгад жолооч болсон юм. 42 он хүртэл, туслах жолоочоор ажиллалаа. Насанд хүрээгүй байсан учраас Орос жолоочийн туслах болж байсан. Арван тав, зургаатай байсан юм уу даа. Жолоочийн ажил их хүнд, голд их сууна, голцуу хөвчөөс хүнд мод, чулуу их зөөнө. Тэгээд ээж маань чамд зохихгүй, хэцүү ажил байна гээд болиулсан юм. Манай Орос жолооч ч бас дайн эхлээд цэрэгт татагдаад яваад өгсөн. Тэгээд нэг хэсэг ажилгүй болов. Тэр үед аймгийн хөлөөвт их сонин сонин арга хэмжээ зохиогддог байлаа. Төвөөс ирсэн цэргийн ансамбль тоглоно, кино гарна, хэрэг тасална. Тэгэхдээ их чанга, насанд хүрээгүй бол кино мино огт үзүүлэхгүй. Хөлөөвт ажилд орчихвол л харин нэг үзэх боломжтой. Тэгээд тийм л зорилгоор өргөдөл гаргаж анх хөлөөвт буюу урлагийн газар ажилд орсон. 42 он. Тэр зундаа гуанзанд нь ус мус зөөгөөд л, жижүүр хийгээд. Тоглолт болохоор хөшиг мөшгийг нь татаж өгнө. Намар нь хөлөөвийнхэн бригадаар яваад өгсөн, би жижүүрээр үлдээд нөгөө хөгжмийг нь цохиж барьж үзээд л. Тэгээд өвлөөс нь мандолин заалгаж эхэлсэн. Ингэж л урлагтай анх золгож байгаа юм даа. 45 онд тэндээсээ Төв театрт (Бөмбөгөр ногоон) ирж байлаа. Тэнд ажиллаж байгаад 52 онд Ховд аймгийн театрт томилогдож хоёр жил ажиллаад 54 онд хойшоо сургуульд явсан. Москвад сураад, эргэж ирж 60 оноос Төв театр – одоогийн энэ Дуурийн театрт ажиллаад, дараа нь 1975 оноос 2003 он хүртэл Ардын Дуу Бүжгийн Театрт эхлээд уран сайхны удирдагч, сүүлдээ зөвлөхөөр ажиллаж байгаадтэтгэвэртээ гарсаар өдийг хүрч байна. Одоо гэрээрээ уран бүтээлээ туурвиж сууна.
Мандолин заалгаад л шууд том театрт хөгжим бичиж эхэлсэн юм уу?
Та бүхэн Гончигийн Бирваа гэж сайн мэднэ. 1943 онд Бирваа багш морин бригадтай Хэнтийд ирсэн юм. 6-р морин бригад бил үү дээ, тэдний хөгжмийн багшаар нь Бирваа очлоо. Хөлөөвийн дарга Бирвааг уриад бидэнд ноот заалгасан юм. 43 оноос 45 он хүртэл ноот овоо заалгаж, мандолинаасаа баян энэ тэр тоглодог боллоо. 45 онд Бирваа багш ч Ховд руу морин маршаар шилжиж, би ч хот руу ирсэн. Тэгээд 48 оноос, одоогоос нэг жараад жилийн өмнөөс анх ардын дуу найруулж эхэлсэн юм. Тэр дуу найруулдаг ч бас сайндаа биш. Манай дууны багш орос мэргэжилтэн байлаа. Хөдөөнөөс ноот мэддэг хүүхэд ирлээ гэхээр их олзуурхаад надаар инспектор гэж, самбар шохойг нь бэлдэж, арчиж өгдөг, ангиудыг завсарлуулдаг, оруулдаг ажил хийлгэдэг байв. 48 оны намар орос багш маань Сонгинод амарч байх хооронд ажил цуглачихдаг юм байна. Багш байхгүй болохоор дөч тавиад дуучин ажил, хичээлгүй. Тэгтэл Э.Оюун багш намайг “Чи инспектор юм бол наадуулаа ажил хийлгэ. Дуучид чинь ажилгүй театрт дэмий суугаад байна” гэж байна. “Би юугаа заах билээ? Чадахгүй” гэтэл “Юу чадалгүй яадаг юм. Юм хум найруул. Наадуулаараа ажил хийлгэ. Багш чинь иртэл ахиад хагас сар байна” гэж шууд тулгадаг юм байна. Оюун багш ч ширүүн шүү. Тэгээд ардын дуунууд, Хандармаа зэргийг нөгөөдүүлтэйгээ сууж байгаад найруулах юм боллоо. Хүмүүс ч овоо болж байна гээд л. Ингэж л анх өөрөө юм хийж эхэлснээс хойш жараад жил өнгөрч дээ.
Санждорж: Сонсоод байх нь ээ, та ямар ч сургууль төгсөөгүй хэрнээ багшийн дэмжлэг, өөрийн хөдөлмөрөөр бичиг үсэг ч сурсан, ноот хөгжим ч сурсан байх юм. Үүнтэй холбогдуулан асуухад уран бүтээл гаргахад авьяас, хөдөлмөр хоёрын аль нь чухал тухай их яригддаг. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
Хүн ер нь өөрийгөө хөгжүүлэх л чухал юм. Авьяас арван хувь, хөдөлмөр 90 хувь гэж ярьдаг, энэ ч үнэний хувьтай. Хөгжүүлж л чадах юм бол хүнд бүх төрлийн авьяас байдаг. Аль нь юманд хүрэх вэ гэдэг нь харин орчин, эцэг эх зэргээс шалтгаална. Олон талын авьяастай атлаа эцэг эх нь оёдолчин, эмч бол мөн оёдолчин, эмч болоод явчхаж байна. Түүнээс биш заавал тэр хүн тийм байх ёстой гэж юм байхгүй л болов уу. Алийгаа илүү хөгжүүлж чадсанаараа л болж байгаа юм.
Таныг анхлан урлагт хөтөлсөн багш тань Бирваа гуай гэж хэлж болох нь ээ.
Тэгэлгүй яахав. Их хүндэтгэдэг, цагаан сараар байнга очиж золгодог байлаа. Их өндөр наслаад ноднин 90 насан дээрээ бурхан болсон.
ЯВУУ БИД ХОЁР ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРЖ ЯВСАН АНДУУД, ХАМТДАА ГУЧААД ДУУ ХИЙСЭН
Дуучин Саран: Та “Би чамд хайртай” дууныхаа бүтсэн түүхийг хуучлахгүй юу? 80-аад оны сүүлээр энэ дууг хэн сайн дуулах вэ гэдэг тэмцээн болж, хүн болгон их өөр өөр маягаар дуулж байлаа. Нэг л дууг дуулаад байгаа мөртлөө бүгд өөр, уйдахааргүй байсан. Сүүлд нь би өөрөө ч бас дуулж байсан. Тийм болохоор энэ дууны түүхийг их сонирхож байна.
Энэ дууны тухай яривал нэлээн урт түүх болно. Өмнө хэлсэн дээ, би Ховд аймагт байсан гэж. 54 онд Ховд аймгийн Соёл урлагийн арав хоног гэж юм хийгээд би сургуульд явсан юм. Өмнө нь ч Урлаг Эрхлэх Хороо сургуульд явна шүү чи гэж хэлж л байсан. Би өөрөө надаар тоглоом хийж байна л гэж боддог байлаа. Тэгтэл 9 сард Ховдын декат (10 хоног) дууссаны дараа Намын Төв Хорооноос дуудаад Галсан гэж боловсон хүчин “ЗХУ-д сургуульд явна шүү” гэж байна. Би орос хэл ч мэдэхгүй, өмнө нь дунд сургуульд ч сурч байгаагүй. Яаж гадаадад сурах билээ?” гэтэл “Тийм юм ярихгүй. Ард түмний даалгавар, биелүүлж ир. Одоо Урлагийн хороон дээрээ оч. Билетийг чинь авчихсан байгаа” гээд л шууд сургуульд явах болчихдог юм байна. Тэгээд 9 сарын сүүлээр Москвад яваад очсон чинь бүх хичээл 9 сарын нэгэнд эхэлчихсэн байна. Сургуульдаа орох гээд очсон чинь дэлхийд алдартай Чайковскийн нэрэмжит тэр том сургууль чинь ямар ч сургууль дүүргээгүй над шиг хүнийг яаж авах вэ дээ. Соёлын яам, Боловсролын яам гэж хоёр яам байх. ЭСЯ дээр Вандан гэж хурандаа байсан, намайг дагуулаад л явна. Хоёр яамны хэлтэсүүд дээр очихлоор аль аль нь авахгүй. “Огт сургууль төгсөөгүй, ямар ч боловсрол эзэмшээгүй хүнийг их сургуульд оруулна гэж байхгүй” гээд л байна. Вандан гуай намайг удаан ажилласан, сурч чадна гээд л ярина. Би чинь уг нь арваад жил мэргэжлээрээ ажиллачихсан, 51 онд гавьяат цол хүртчихсэн, 54 онд Алтан гадас авчихсан, нутагтаа бол том л амьтан байсан юм. Тэгээд ч нэмэр байдаггүй. Сайд нь Ленинград яв гэж хэлж байна. Би өмнө нь Ленинград явж үзсэн, нар үздэггүй, манантай, усан бороотой хот л доо. “Үгүй би явахгүй, Москвад л сурна” гээд л. Тэгсээр дахиад нэг сар боллоо. ЭСЯ-ны дээр, чердакан дээр амьдардаг. Мөнгө ч байхгүй боллоо. Хүмүүст санаа зовоод хэлэхээр тоохгүй, гавьяатыг авалгүй яадаг юм, цаадуул чинь маяглаж байгаа юм гэх. Тэгсэн нэг хүн направление гэж юм байдаг юм. Тэрийг аваад очвол сургуульд авдаг юм гэж байна. Вандан гуайдаа үүнийг хэллээ. Яаман дээр очсон нэг түшмэл “тэртээ тэргүй авахгүй. За яахав” гээд хийж өгч байгаа бололтой. Тэрийг нь аваад их сургуулийн ректор дээр очлоо. Тэгсэн шалгалт авч байна. Нэлээд хэдэн шалгалт, олон өдрийн зайтай өгөөд, эрхбиш арав гаруй жил ажилласан хүн байна, тэнцэж сургуульд орсон юм. Тэгж будилж явахад Москвад нэг их усан бороо ороод л. Би шалгалт өгч байхдаа хүртэл “Яадаг юм, буцна аа” гэж боддог байлаа. Тэгж байхдаа харин Явуухуланг сурахаар ирснийгсонсов. Тэр борооноор чердак мердакаар явахдаа нэг дууны санаа олсноо Явуутай уулзаж хэлсэн юм. Нутаг орон, эхнэр хүүхэд их санагдаж байлаа. Буцах л санаатай. Тэгээд:
Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай
гэж бичээд Явууд өгч “За чи нэг ийм л дуу бичээд орхи” гэв. Тэгээд Явуу дэлгэрүүлэн зохиож, 54 онд төрсөн дуу. Тэгж л анх гэрээ санаж байхдаа бичсэн дуу юм даа. Анхны дуулсан хүн нь одоо энэ Вашингтон хотод амьдарч байгаа, ардын жүжигчин Загдсүрэн. Бид нар Москвад хамт сурч байсан юм. 54 онд оюутны үдэшлэг дээр анх дуулсан. Өчигдөр Загдсүрэнгийнхээр очсон, тэрийгээ дуулж л байна лээ.Хоолой нь сайхан хэвээрээ л байна.
Дуучин Саран: “Хархорин” дуурийнхаа талаар?
Хархорины тухай дуурь хийе гэж Пүрэвдорж зохиолчтой анх ярьснаас хойш арав гаруй жил болсон юм шүү. Пүрэвдорж өөрөө Бээжинд хэдэн жил суусан, бас 90 оноос хойш театр өртөг мөнгөгүй нэг хэсэг болсон. Тэгж байтал манайхан хаадаа ч их ярьж эхэлсэн, Хорхориныг нийслэл болгох ч яриа гарч эхэллээ. Нөгөө ярьж байсан дууриа сэргээх сайхан боломж гарч ирсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө байдаггүй. Тэгсэн, АПУ-гийн захирал байсан, Отгонбаатар гэж хүүхэд ивээн тэтгэхээр боллоо. Отгонбаатарын аав нь манай театрт морин хуурч, удирдаач Санжмятав гэж хүн байсан юм. Эх нь Сэржмядаг гэж шанзчин, бас Хөгжмийн сургуульд багшилж байсан хүн. Отгонбаатар бидэнтэй танилцаж, аав ээжийнхээ дурсгалд зориулж, энэ дуурийг бүрэн ивээн тэтгэж 45 сая төгрөг гаргасан юм. Театраас нэг ч төгрөг гараагүй. Уран бүтээлийг ингэж санхүүжүүлэх компани одоо тэр бүр байхгүй. Би Отгонбаатарт их баярлаж явдаг юм. Уг дуурь бол их ярвигтай. Хархрины Мөнгөн модыг барихад Франц, Монгол, Орос, Хятад дархчуул шөргөөцөлдөж байгаа явдал. Тэгэхээр Франц хүн дуулахад Франц маягтай, лалынхан гарахаараа лалын маягтай дуулж байх ёстой. Христ, Лал бүхий л шашныхан тэр үед Хархоринд цугласан байсан. Дээр нь Карпини болон Бушьен, Кузьмин зэрэг дархчуул дүрээрээ гарна. Энэ бүгд дээр бас хайр сэтгэл нэмж өгнө гээд хөгжмийн талаасаа нэлээд хүнд ажил болсон. Баярламаар сайхан юм нь юу болов гэхээр ноднин дэлхийн Монголч эрдэмтдийн хурлын төлөөлөгчид Хар хоринд очиход тэнд ил задгай тоглосон. Опер гадаа тоглож байгаагаараа бараг анхны юм. Бас нэг сонин тохиолдол та нарт ярьж өгье. Би 1934 онд 8 настай, 35 онд 9 настай хоёр удаа аав ээж, лам багшийгаа дагаж мөргөлд явсан юм. Өндөрхаанаас Хүрээнд ирсэн. Тэр үед Цам Майдар хоёр зэрэг болдог байлаа. Тэндээсээ Эрдэнэзуу ордог, тэндээсээ Амарбаясгалант хүрдэг, Амарбаясгалантаас Булганы төвд Ханд вангийн хүрээ ордог, тэгээд эргээд Хараа, Ерөөгөөр дамжин буцдаг байв. Тэр мөргөлд би явж байлаа. Автай сайн хааны гэрийн буйр гэж Эрдэнэзууд байдаг, тэрэн дээр цам гардаг байсан юм. Эрдэнэзуугийн цам чинь өглөө эхлээд орой нар жаргахаас арай өмнө л сороо залж дуусдаг их том цам л даа. Найман настай би тэнд цам үзээд гүйж явлаа. Тэгсэн ноднин наян насан дээр маань Хар хорин дуурь яг тэр Автай сайн хааны цам гардаг буйран дээр тоглодог юм. Их сонин тохиол шүү. Мөргөж явахдаа хачирхан харж байсан хөлгүй нохой, Гомбо Гүр бурхан гээд л ёсоороо байж л байна лээ.
Явуухулан гуайтай та хамтарч олон сайхан дуу хийсэн байх юм. “Би чамд хайртай”-гаас гадна “Шөнийн танго” гэж тухайн үедээ бол их өвөрмөц дуу бий.
Тийм, Москвад таван жил болоход ёстой нөгөө өвөр түрийдээ орно гэдэг шиг хамгийн ойр дотно байсан анд маань Явуухулан юм. Тэгээд ч бид хоёр гучаад дуу хамтарч хийсэн. Тэр үед чинь Явуу Монголын утга зохиолд дотоод сэтгэлгээний, голцуу хайр дурлалын чиглэлээр эргэлт хийсэн хүн шүү дээ. Урд нь бол хоосон гаднаас нь харсан цагаан магтаал их байлаа. Тэр үедээ бол зоригтой ажил юм. Тэр үед Москвад сурч байсан оюутнууд эстрадын хэлбэрийг их сонирхож байсан. Тавиад онд чинь айхтар хориотой эд байлаа шүү дээ. Соц орноос ирсэн барууны соёлд дуртай оюутнуудтай хамт дотуур байрныхаа үүдийг түгжиж, харуул тавьж байгаад Америкийн дуу хоолой энэ тэрийг Орос хэлээр сонсоно. Поп рок сонсоно. Баригдвал хөөгдөх аюултай, хөөгдсөн тохиолдол ч байгаа. Гэхдээ л бас дуртай. Тэгээд Явухулан бид хоёр энийг Монголд хөгжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг байсан юм. Тэр үед бас нэг Орос пянз гарсан, “Ночной танго” гэж. Тэгээд л хоёулаа эстрад маягаар “Шөнийн танго” зохиоё гэж яриад хийсэн. Монголд ирээд радиод бичүүлсэн юм. Очирбал гэж дарга байлаа. “Шөнийн танго” гэхээр л улаан харандаагаар дараад хаячихна. “Хөдөө цас зуд болоод мал үрэгдэж байхад Явуухулан, Лувсаншарав хоёр дулаан хөнжилдөө хэвтэж байх, гайгүй байлгүй” гээд л хасаад байна. Аргагүй олон хүсэлт ирж байсан байгаа юм. Шоронгийн хоригдлууд хүртэл их сонсдог байсан гэж дараа нь надад нэг хүн ярьж байсан.
НУУХ ЮМ БАЙХГҮЙ, МИНИЙ ҮЕИЙН ОЮУТНУУД ИДЭЖ УУДАГ Л БАЙСАН
Дэлгэрцогт (ВХОМХ): Ная гарсан гэхэд та их ануухан сайхан харагдаж байна. Хоолны тусгай дэглэм барьдаг байсан уу? Дасгал хийдэг байв уу? Хөгжмийнхөн бас нийлэхээрээ ганц хоёр зуу татах уу? Та татдаг байв уу?
Хэлмэгдэл, дайн хоёрын үед Монголчууд нэлээд ядраад, тавиад оноос хойш арай сэргэв дээ. Та нараас нуух юм алга. Тэр үеийн оюутнууд ч идэж ууна шүү дээ. Явуухулан, Чойжилын Чимэд, Эрдэнэ баавай, Лхамсүрэн, Мөрдөрж, Дамдинсүрэн гээд л. Архиа ч уудаг, юмаа ч хийдэг байж. Би бас шавь нартайгаа уудаг л юм. Гэхдээ нэг зарчимтай, өнөөдөр хамт ууна, маргааш би багш, чи дуучин. Тэрнээс биш наргих барих юмнаас буцдаггүй л байлаа. Хоол ундны режим гэж барьсангүй. Багаасаа унтаж байгаад л гэнэт босож ажилдаа гүйсээр байгаад өглөө их юм идэж чаддаггүй болчихсон. Хамгийн гол нь хүн сэтгэлээрээ л залуу байх ёстой юм. Биеийн тамир, дасгалаас бас л хол байлаа. Багадаа харин мөргөлд явахдаа маш их алхдаг байсан. Сэтгэлээр залуу явах л их сайн даа. Ханилсан хань, орчин бас их нөлөөтэй. Дээр нь хувь заяаны зураг гэж юм байдаг байлгүй. Хувь заяа гэж боддог болсон. Залууд ер шашин шүтлэг тоосонгүй явлаа. Нас ахихаар, бүр багын хийдэд байсан нөлөөлдөг юм уу, дуган, сүмээр орохоор их сайхан байдаг болох юм.
Санждорж: Уран бүтээлчид онгод орно гэж ярьдаг. Таны онгод хэрхэн яаж ордог вэ?
Хүмүүс онгод гэж их асуудаг юм аа. Зарим улс нэг шил архи хувааж уугаад дуу зохиолоо гэх. Зарим нь их хөөрүү, тийм хүүхэнд тэгж дурлаад дараа нь хаягдаад дуу зохиолоо ч гэх шиг. Тэрэнд уур хүрээд, тэгж баярлаад онгод ороод биччихлээ ч гэх шиг. Миний хувьд бол лав тийм биш. Хүн бол амьдралаас судалсан материал ихтэй байх хэрэгтэй. Жүжигчин хүн л гэхэд чавганц ямар байх, хараа муутай хүн ямар байх гээд л амьдралыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Цагааны Цэгмид багш хэлдэг байсан: “Уран бүтээлч хүн амьдралаас цуглуулсан материал ихтэй, халаасандаа юмтай байх ёстой” гэж. Би бол архи уусан үедээ нэг ч хөгжим зохиогоогүй. Харин амьдралаас цуглуулсан юман дээрээ л тулгуурлаж хөгжмөө бичдэг.
БИ ЕР НЬ ҮХНЭ ГЭЖ БОДДОГГҮЙ, 2011 ОНД ДУУРИА ТОГЛУУЛНА
Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үг танд яг зохих үг. Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? Хойшид юу хийхээр төлөвлөж байна вэ?
“Хархорин” дууриас хойш ноднин “Их хааны хатад” гэж дуурь бичсэн. Хааны дөрвөн хатны тухай. Монголын Нууц Товчоон дээр хатдын тухай их тодорхой биш байдаг. Пунцагийн Бадарчтай хамтарч хийсэн. Дарханы театрын захиалгаар хийсэн юм. Орон нутгийн театр дуурь захиалж хийлгэнэ гэдэг их сайхан юм шүү. Ноднин тэр дуурийг Казах хэлээр орчуулж, Баян-Өлгийд тоглосон, их сайхан болсон. Анх удаа Монгол дуурь Казахаар орчуулагдаж дуулагдсан байх. Дарханы театр миний насны ойгоор нийслэлд очиж бас тоглосон. Түүнээс гадна Галдан бошиготын тухай нэг дуурь бичсэн, хөрөнгө мөнгөнөөс болоод тоглоогүй л байгаа. Сая Америкт ирэхээсээ өмнө “Андгайл” гэж Боорч, Тэмүжин хоёрын найман шарга морио эрж явдаг түүхийг задалж, хөгжимт жүжиг хийж эхэллээ. Дуу бол хийхгүй байгаа. Одоо дуу бичдэг хүн шөнийн од шиг олон болчхож. Тиймээс томхон юм л барьж авсан нь дээр гэж бодох юм. Ер нь миний таньдаг зохиолч нараас Пүрэвдорж л үлдэж байгаа юм даа, сүүлд харин Бадарчтай танилцсан, энэ хоёртой л нийлж юм хийж байна. Бадарчтай Гоож-Нанайгийн тухай хошин хөгжимт жүжиг бичиж байгаа. Гоож Нанай гээд дуу байдаг чинь түүхт хүн байгаа юм. Гиваапил гэж Хөвсгөлөөс гарсан, жараад онд нас барсан хүн. Тэр дууг өөрөө зохиож дуулсан, бас хуурддаг, ардын билигзүйч, сэргэлэн хүн байж. Би хүүтэй нь, хүргэнтэй нь уулзсан. Гоож нанай гэдэг чинь уг нь “гооч” гэж хүнийг “гоочилдог, шоглодог” гэсэн утгаар өгөгдсөн нэр байгаа юм. “Нанай” гэдэг нь угаасаа ардын дуудлага, Ай-нанай хөө гээд дуулдаг биз дээ. Тэгээд сунжирсаар Гоож нанай болсон байгаа юм. Иймэрхүү юмнууд хийхээр төлөвлөж байна. 2011 онд их том ой болно шүү дээ. Автономит Монгол улсыг тунхагласны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Би бол тэр болтол юмаа хийгээд л байж л байна гэж боддог. Би ер нь үхнэ мүхнэ гэж боддоггүй хүн шд. Тэр хоёр дууриа нэгий нь 2009 онд, нэгий нь 2011 онд ойгоор тоглуулна гэж бодож байгаа. Би тэр үед 85 настай байна (алга ташив).
Америк ямар санагдав, танд?
Хүүхдүүдийн буянаар Америкт сайхан л амарлаа. Хүмүүсийн ярьдаг үнэн байна. Америк гэж сайхан орон юм. Нам дор, агаар сайтай, манайханд тохирох нутаг байна. Хүмүүс нь бас их сайхан юм. Ер нь энд дэлхий дээр байдаг бүх нүүр байна. Тэрийгээ ч тоодоггүй болтой юм. Би ч дэлхийн олон орноор явж, олон янзын хүнтэй уулзаж байлаа. Тэр бүх нүүр бүгд энэ улсад байна.
Хөгжмийн зохиолч, ая зохиогч хоёрын ялгаа юу байна вэ?
Энэ тухай яриад л байгаа юм., Хөгжмийн зохиолч - композитор гэдэг бол их сургуулийн хэмжээнд хөгжмийн боловсрол эзэмшсэн, жинхэнэ мэргэжлийн хүн хүн байх ёстой. Манайд бол хорь хүрэхгүй л хүн байгаа шүү дээ. Дамдинсүрэн, Мөрдорж, Чойдог, Гончигсумлаа… тэгээд залуучуудаас Жанцанноров гээд тоолчиход болно. Сургууль төгсөөгүй боловч аргагүй өөрөө мэргэжсэн хэдэн хүнийг бүтээлээр нь бас оруулах ёстой. Бирваа, Цэрэндорж гээд. Ая зохиогч гэдэг бол зарим нь бүр ноот ч мэдэхгүй хүн байгаа. Любитель юм даа.
Зураач Цолмон: Таныг оюутан байхад зураач нараас хэн хэн сурч байсан бэ? Хэн хэнтэй нь ойр дотно байв?
Тэр үеийн том зураач нар Одон, Цэвэгжав, Чойдог бүгдийг нь таньдаг байсан. Ер нь би өөрөө ч сүүлийн үеийн хүн, миний өмнөх үеийн томчуул бол жинхэнэ урлагийг зохион байгуулж өгсөн ачтанууд байгаа юм. Жанцанноровыг Соёлын яамны орлогч сайд байхад би хэлж байлаа. Жанцанноров намайг багш аа гэдэг юм. Өмнө нь Пүрэвдорж хөдөлмөрийн баатар болсон байв. Тэгээд би “Урлагийнханд хөдөлмөрийн баатар олгож эхлэх нь шиг байна. Нэн тэргүүнд өгөх гурван хүн байгаа шүү. Манайдаа хөгжмийг үндэслэсэн Гончигсумлаа, театрыг эхлүүлсэн Оюун, уран зургийг гаргаж ирсэн Цүлтэм нарт хамгийн эхэнд олгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Манайд одоо уран зураг бүх төрлөөр их сайн хөгжиж байгаа. Ялангуяа 90 оноос хойш. Би өөрөө бас зураг их сонирхдог. Сая наашаа ирж явахдаа “Гялбаа” гэж сэтгүүл дээр нэг эхнэр хүний сайхан зураг байхыг харлаа. Мөнхцэцэг гэж зураачийн зураг юм байна. Тэгээд тэрийг дууриалгаж, том болгон зурснаа нэг хувилаад Ронок хотод ачийндаа дурсгал болгон өгчихсөн, эхний хувийг нь Монголд очоод Мөнхцэцэгт өөрт нь өгөх санаатай. Би өөрөө тэр охиныг танихгүй л дээ. Хүний зургийг хамаагүй хуулж зурж болохгүй, уучлаарай гэж хэлээд л өгнө.
Таны урын санд хэчнээн бүтээл байна вэ?
Миний уран бүтээл бол тоотой. Найман дуурь байна. Хоёр нь бэсрэг хошин дуурь юм. Хориод киноны хөгжим бичсэн. Янз бүрийн дуу нийлээд 500 гаруй бий. Хөгжимт драмын жүжиг хориод байгаа. “Маамуу нааш ир”-ээс эхлээд хүүхдийн дуу зуу гаруй бичсэн.
ДУУНААС ТОМ УРАН БҮТЭЭЛ ХӨГЖИХГҮЙ БАЙНА
Хөгжмийн зохиолчид та бүхний залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?
Миний л бодлоор бол тун тааруу, зогсонги байдалтай болчихлоо. Бидний үеийг залгамжлах Жанцанноров, Хангал, Шарав, Билэгжаргал, Нацагдорж, Алтанхуяг гээд нэг үе гарсан юм. Ахмад үеийнхнээс хойш энэ хэд гарч иртэл нэг хориод жилийн завсар гарсан байдаг. Их сайн залуус. Гэтэл залуус гээд байгаа эд маань одоо тавь гарчихлаа. Эдний залгамж гэж юм л харагдаж өгөхгүй байгаа юм даа. Та нар одоо хэн хэнийг сургаж байна гэхээр олигтой хэлэх юм байхгүй байна. Сайн дурын ая зохиогч, хөгжим оролддог хүмүүс бол олон л байна. Яг хөгжмийн зохиолч бэлтгэх анги СУИС-т байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Нацагдорж нэг шавьтай, гэрээрээ заадаг юм шиг байгаа юм. Алтанхуяг нэг хоёр шавьтай бололтой. Гадагшаа гаргаад төрөөс албан ёсоор сургаж байгаа юм байхгүй. Өөрсдөө гадагшаа гарч сурсан сайн улс бол байна. Тэр Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх бол маш сайн сурсан залуу байна лээ. Хөгжмийг нь бол манайд тоглож чадахгүй байх. Сайн бүжигчид, удирдаачид ч бас гадагшаа гараад байна. Манайхан тэгээд олигтой томхон юм хийхгүй, дуу л зохиогоод байх юм. Би загнадаг юм, “Алтан намар”, “Морин хуур” гэж хоёрхон юман дээрээ та нар жоом шиг шаваад гэж. Бодвол тэр нь мөнгө төгрөгтэй юм байгаа биз. Дэлхийд тоглох симфони хаа байна? Лондон, Нью-Йоркт тоглохуйц балет, дуурь хаа байна? Шаравын юмыг бол Америкчууд сонирхоод тоглодог юм. Хангалын төгөлдөр хуурыг бас Америкчууд сонирхдог юм. Энэ тал дээр л манай хөгжим хоцрогдоод байна.
Их урлагийг хөгжүүлье гэвэл яах ёстой вэ?
Төрөөс хөрөнгө л сайн хаях ёстой юм. Хуучин хүмүүс шагнал, магтаал зэрэгт сэтгэл нь хөдлөөд юм хийдэг байсан байх. Одоо бол тэр цаг өнгөрсөн, хөрөнгө л сайн гаргах хэрэгтэй. Төрөөс одоо театрын халаалтыг өгч байна, жүжигчдийн цалинг нэг дуртай, дургүй өгч байна, ингээд л болоо. Хуучин гэтэл ханш чанга байхад дөрөв таван мянган төгрөг өгөөд дуурь бич хэмээн гэрээ хийж, захиалга өгдөг байлаа шүү дээ. Одоо тийм юм байхгүй, миний хийсэн “Галдан бошигот” дуурь гэхэд хэвтэж л байна. Том урлаг бол бодлогоор хөгжих учиртай юм. Алт зэсээ зараад мөнгө олж байгаа юм бол нэг сайхан театр барьчих хэрэгтэй юм даа. Поп рок бол сайхан урсгал, гэхдээ ийшээ бүх юм урсчих хэцүү. Рок концертийг таван мянган хүн үзэж байхад дуурийг тавин хүн л үзнэ. Ийм тохиолдолд их урлагт төрийн дэмжлэг хэрэгтэй.
Уулзалтыг хөтөлж, ярилцлагыг буулгасан М. Саруул-Эрдэнэ
batartuya
Уншигч
Энхжаргал
Ajaa taij.
ман
dd
Зочин
Enkhmurun