ДҮҮРЭН ЖАРГАЛЫН 10 НУУЦ          

  Ямар ч хүнээс амьдралаас хамгийн их хүсэн хүлээдэг зүйл нь юу вэ гэж асуувал хамгийн түгээмэл хариулт нь “Би зүгээр л аз жаргалтай байхыг хүснэ” гэсэн үг сонсогдоно. Тэгвэл яагаад аз жаргалтай хүн ийм цөөн байдаг юм бэ? Эмийн үйлдвэрлэлийн хамгийн түргэн өсөж буй салбар нь яагаад сэтгэл гутралын эсрэг эм болоо вэ? Яагаад ийм цөөхөн хүн өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна вэ? Магадгүй бид аз жаргалыг олдох газраас нь өөр газарт хайгаад байна уу? 

Бид хэдий мөнгө олдог, юу хийдэг, хаана амьдардгаас үл хамааран бүгдээрээ аз жаргалтай байх чадвартай гэдэгт би итгэдэг. Одоогийн мөчид амьдралын нөхцөл маань ямар байлаа ч аз жаргалтай байгаад зогсохгүй түүнийг бүрэн хэмжээгээр амсах чадвартай юм. 

Жинхэнэ Аз жаргал бол сэтгэл дарамт, гай зовлонгоос ангид байх явдал төдий бус харин амьдралаас хэдий хэмжээний баяр баясгалан, сэтгэл ханамж эдэлж буйд оршино. Эцсийн эцэст, бидний амьдралд хувийн эмгэнэл, гарз хохиролтой тулгарах мөч тохиолддог агаад тэдгээр нь зүй ёсоор уй гашуу, гуниг, цөхрөл авчирдаг. Гэхдээ энэ бүх уйтгар гунигийг зайлуулахад тусалдаг хэрэглүүрүүд байдаг ба бид олонх тохиолдолд амьдралын энэхүү бэрхшээл сорилт, гай зовлонг ялалт болгон хувиргаж чадна. 

Олонх сургаал үлгэрээс ялгаатай нь энэ номын баатруудын түүх (Миний таньдаг ухаалтай цэцэн хэд хэдэн хүний нийлмэл дүр болох өвгөн хятадыг эс тооцвол) бодитой болсон явдалд суурилсан. Өгүүлэмжийг илүү сонирхолтой болгох үүднээс би хүмүүсийн нэр ба амьдралын тодорхой нөхцөл байдлыг өөрчилсөн нь мэдээж. Эдгээр бүх хүн үнэхээр хувийн хямралаас ялалт байгуулан гарч чадсан бөгөөд бүлэг бүрд өгүүлсэнчлэн тус бүрдээ хувийн аз жаргалаа олсон юм. Тэдний түүх танд урам зориг өгч, санаа сэтгэлийг чинь дээш өргөн та тэдний үлгэр дуурайллыг дагаснаар амьдралдаа Жинхэнэ Аз жаргалын ерөөлийг хүртэнэ гэдэгт найдаж байна.

ЭЛБЭРЭЛ ХАЙРЫН 10 ЦУУЦ

Бид энэ дэлхийгээс хайр болон хайраар дүүрэн харилцааг хамгийн ихээр, үнэн сэтгэлээс хүсдэг байж магадгүй агаад тийм харилцаа руу тэмүүлдэг. Яагаад ийм олон хүн эрж хайх авч хүссэнээ үл олон ганцаардал дунд амьдарна вэ? Хэрэв бид хайрыг хамгийн ихээр хүсдэг юм бол яагаад тоогүй олон гэр бүл салж, хагацаж байна вэ? Яагаад ийм олон ганц бие эцэх эх хүүхдээ ганцаар өсгөхийг оролдож байна? Хүнээр дүүрэн мөртөө хотуудад яагаад ийм олон хүн ганцаардлыг мэдэрч, тусгаарлагдаж байна вэ? Бид хайрыг зохих газраас нь хайхгүй байгаа юм болов уу?

Ихэд түгсэн төсөөллөөс ялгаатай нь хайр бол хувь тавилан буюу аз тохиолын үр дүн бус, “ирээд явдаг зүй ч биш” харин бид түүнийг бүтээдэг... агаад хүн бүр хайрыг бүтээх чадвартай. Бид бүгдээр хайрлах ба хайрлагдах боломжтой агаад хүн бүрд хайр төвтэй харилцаа бүтээх чадвар бий. Бид одоо яаж амьдарч буйгаас буюу ганцаардал эсвэл азгүй, унтарсан харьцааны золиос болсон эсэхээс үл шалтгаалан амьдрал өөрчлөгдөж болох агаад бид өөрсдөө үүнийг хийж чадна. 

Бусад олон сургаалаас ялгаатай нь энэхүү номын баатрууд бодит хүмүүсийн төлөөлөл бөгөөд тэдний нэрийг мэдээж өөрчилсөн. Тэдний яриа таныг урамшуулж, амьдрал баяр хөөр, гайхамшиг, хайраар дүүрэн, ер нь ямар л байх ёстой тийм байж чадна гэдгийг сануулна гэж найдаж байна.

ЭРҮҮЛ ОРШИХУЙН 10 НУУЦ

Бид бүгдээр эрүүл байхыг хүсдэг атал яагаад маш цөөн хүн эрүүл мэндээр бахархаж чаддаг вэ?

Эмийн борлуулалт өсөж, янз бүрийн хүнсний зүйл гарч ирсээр атал яагаад жил ирэх тусам чихрийн шижин, багтраа, сэтгэцийн эмгэг, зүрх судасны өвчин гэх мэт зовлон нэмэгдсээр байна вэ? 

Магадгүй, бид эрүүл мэндийг хайх ёсгүй газраас хайгаад байна уу?

Бид бүгдээр өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлага хүлээгээд зогсохгүй амьдралдаа зүгээр нэг эрүүл мэнд бус Жинхэнэ Эрүүл мэндэд хүрэх чадвар бидний гарт бий гэдэгт би итгэдэг. 

Жинхэнэ Эрүүл мэнд гэдэг бол танд ямар ч өвчлөл илрээгүй байгаа зүгээр нэг төлөв бус. Өвчний ямар ч онош хэзээ ч тавьж байгаагүй олон хүн байнга ядаргаа, доройтол мэдэрч байдаг. Иймээс эрүүл мэнд гэдэг нь бүрэн дүүрэн, баяр хөөртэй, сэтгэл хангалуун амьдрах боломж олгодог эрч хүч, амьдралын хүчний нөөцийг элбэг дэлбэгээр мэдэрч буй төлөв юм. 

Бусад ном зохиолоос ялгаатай нь энэ номыг баатрууд бодит хүмүүс (амьдралдаа миний уулзаж учирсан мэргэн цэцэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийтлэг дүр болох өвгөн хятадаас бусад нь) юм. 

Мэдээж тэдний нэрийг өөрчилсөн боловч эдгээр хүмүүс бүгдээр өвчин зовлонгоо даван туулж, энэхүү номын бүлэг бүрд өгүүлсэнчлэн эрүүл мэндийг олж чадсан билээ.

Эдгээр түүх та бүхнийг урамшуулж, номын баатруудын адилаар үйлдсэнээр амьдралдаа Жинхэнэ Эрүүл мэндэд хүрнэ гэдэгт найдаж байна.

ДУНДАРШГҮЙ БАЯЛГИЙН 10 НУУЦ

Баялаг нааш урсаж эхлэхдээ маш арвинаар түргэн ирдэг тул миний ядуу зүдүү байсан урт он жилүүдийн туршид хаана нуугдсан юм болоо хэмээн хүмүүс удтал гайхдаг. (Наполеон Хилл, “Бод, баяж”).

Бид 65 насыг зооглоход 90 гаруй хувь нь нэг бол юунд ч хэрэггүй, эсвэл бүрэн хоосорсон байдаг! Эрэгтэйчүүдийн дөнгөж найман хувь, эмэгтэйчүүдийн ердөө хоёр хувийг санхүүгийн хувьд бие даасан, хүн амын нэг хүрэхгүй хувь нь баян гэж хэлж болно. Яагаад энэ вэ? Бусдын мэдэхгүй ямар зүйл тэрхүү нэг хувьд мэдэгдэж байна вэ? Тэд бусдаас ухаантай юу? 

Илүү боловсролтой юу? Илүү ажилладаг уу? эсвэл тэд амьдралд эрхэлсэн азтанууд юм болов уу? 

Эдгээр асуулт он удаан хугацаанд миний санааг зовоосон билээ. Хэрэв баялаг гэдэг маань хүн бүрийн тэмүүлдэг зүйл юм бол яагаад нэг хүрэхгүй хувьд нь ногддог юм бэ? Мөрөөдлөө биелүүлэх хүчгүй атлаа хүмүүс яагаад үүнд ийм их эрч хүч, сэтгэлээ зориулдаг юм бол? Ингээд нэг удаа би ямар ч хүн мөрдлөг болговол энгийн баялаг төдийгүй бүрэн элбэг дэлбэгийг олох 10 зарчмын нууцыг надад нээж өгсөн ер бусын ахмад хүнтэй уулзсан юм. 

Жинхэнэ Баялаг бол таны банкин дахь мөнгөний тоо бус эсвэл эзэмшиж буй зүйлсийн үнэ цэнэ ч биш, харин өөрийн хүслээр амьдралаа зохиоход хангалттай өмч хөрөнгө юм. Бид бүгдээр баян болоход хангалттай хүч чадалтай гэдгийг би олж мэдэв. Бидний нөхцөл байдал, хөгшин залуу, гэр бүлтэй эсвэл ганц бие, хар буюу цагаан арьстай байх нь ач холбогдолгүй. Бидний амьдралыг цаг агаар эсвэл улс төр гэх мэтийн гадаад нөхцөл байдал үл удирдах ба бид үүнийг өөрсдөө хийдэг! Иймээс бид амьдралаа өөрсдөө удирдаж, хариуцлагыг өөртөө авсан цагт л бид энэ амьдралыг өөрчлөх болон мөрөөдлөө хэрэгжүүлэх дотоод хүчээ мэдэрнэ. 

Олонх домог сургаалын баатруудын адилаар энэ номд бидний уулзах хүмүүс маань бодит боловч би тэдний нэрийг өөрчилсөн нь мэдээж. Тэдний түүх танд үлгэр дуурайл болж, өөрийн амьдралд Жинхэнэ Баялагт хүрэхдээ тэдний баатруудын жишээг дагах хүсэл төрнө гэдэгт асар ихээр найдаж байна.